Дэлхийн Иргэншлүүд ямар бүтэцтэй вэ

(Samuel P.Huntington. The Clash of Ciүilizations and the Remaking of World Order, Touchstone Books, London, 1997) номыг дипломатч, судлаач профессор Д.БАЯРХҮҮ эх хэлнээ зохиомжлон буулгаж, Монсудар хэвлэлийн газраас хэвлэж, Интерном номын худалдаанд борлуулж байгаа билээ. Номын III бүлгээс манай оршин буй ертөнцийн иргэншлүүдийн бүтцийн талаар хэрхэн томъёолсныг дор сийрүүлэв.

Дэлхийн улс орнууд Хүйтэн дайны үед их гүрнүүдийн холбоотон, дагуул, клиент, эсвэл төвийг сахигч, эвсэлд нэгдээгүй гэж хуваагдаж байв. Хүйтэн дайны дараахи ертөнцөд улс орнуудыг иргэншилээр нь гишүүн улс, гол цөм улс, ганцаардмал улс, хуваагдмал улс, зөрчилдсөн улс гэж хуваах болж байна. Иргэншил гэдэг нь овог аймаг, үндэстний адил өөрийн гэсэн улс төрийн бүтэцтэй. Египет нь Араб-Лалын иргэншилд, Итали нь Европын ба өрнийн иргэншилд хамаардаг жишгээр нэг иргэншлийн гишүүн улс бүгд нэг л соёлын хүрээний улсууд юм. Иргэншил гэдэг иргэншлийн нэг соёлтой улс орнууд, мөн өөр иргэншлийн улс орнуудад амьдардаг ижил соёлтой хүн ардыг хамардаг. Гишүүдийнх нь үздгээр бол иргэншил нь ихэнхдээ тухайн иргэншлийн гол эх сурвалж болох нэг, мөн хэд хэдэн газарт тархсан байдаг. Иргэншлийн эх сурвалж нь ихэвчлэн иргэншлийнхээ цөм улс, эсвэл бусад улсаас бүрдэх ба хамгийн хүчирхэг, соёлын хувьд гол, гол биш гэдгээр нь тэгж ангилж үзэж байна.

Иргэншлээс иргэншилд, түүхэн цаг хугацаанд цөм улсын тоо ба хүлээх үүрэг харилцан адилгүй байж ирсэн. Японы иргэншил гэхэд л үндсэндээ ганц Япон хэмээх цөм улстайгаа хамт явсаар өнөө хүрсэн бол хятад, ортодокс, хиндү иргэншлүүд нь тус бүр нэг зонхилох цөм улс бүхий, бусад гишүүн улс, эсвэл өөр иргэншлийнхэн давамгайлсан бусад оронд амьдардаг ижил иргэншилтэй хүн ардыг харьяалдаг.. Жишээ нь даян дэлхийгээр нэг тарсан хятадууд, ойрхи чанад дахь оросууд, Шри-ланк дахь тамилууд гэх мэт. Түүхэндээ өрнийн иргэншил нь ихэвчлэн хэд хэдэн цөм улстай байсан бол одоо АНУ, Европт Франц-Германы гэсэн хоёр цөм бүхий, тэдний завсарт хүчний нэмэлт төв Британи байна. Лалын ертөнц, Латин Америк, Африкт цөм улс үгүйлэгдэж байна. Энэ нь өрнийн империалист гүрнүүд өмнөх зуунуудад Африк, Ойрхи Дорнодыг, харьцангуй багаар Латин Америкийг хуваан захирч байснаас болсон хэрэг.

Эдүгээ хүртэл лалын цөм улс гэж байхгүй нь лалын шашинт болон лалын бус нийгмийн аль алинд томхон бэрхшээл учруулсаар иржээ. Латин Америкийн хувьд Испани нь испани хэлний хувьд төдийгүй бүр Иберийн иргэншлийн цөм улс болж болох байсан ч, тэдгээр улс зориудаар Европын иргэншлийн гишүүн улс болж, хуучин колони орнуудтайгаа соёлын харилцаагаа хадгалж байна. Хэмжээ, нөөц баялаг, хүн ам, цэрэг зэвсгийн болон эдийн засгийн хүчин чадлаараа Бразил нь Латин Америкийн лидер бөгөөд үнэхээр ийм байхаас аргагүй мэт. Гэхдээ Латин Америк дахь Бразил бол лалын ертөнц дэх Иран гэсэн үг болхоос биш яг цөм улс байхаар бүрэн сайн шалгарсан нь бас үгүй. Цөм улс байя гэхэд салбар иргэншлийн ялгаа (Ираны хувьд шашны, Бразилын хувьд хэлний) хүндрэл учруулж байна. Энэ утгаар Латин Америкт лидерийн төлөө Бразил, Мексик, Венесуэл, Аргентин зэрэг хэд хэдэн улс хамтран ажиллаж, бас өрсөлдөж байна. Түүнчлэн Мексик нь Латин Америкаасаа Умард Америк руу хандаж дүр төрхөө дахин олохоор оролдсон жишээг Чили болон бусад улс дагаж магадгүй. Чингэвэл Латин Америкт байдал улам хүндрэнэ. Эцсийн бүлэгтээ Латин Америкийн иргэншил хоорондоо эвлэлдэн нэгдээд, гурван талт өрнийн иргэншлийн нэг дэд хэлбэр болж магадгүй юм.

Сахарын цөлөөс өмнөших Африк нь франц хэлтэн, англи хэлтэн гэж хуваагдсанаар энэ бүс нутагт манлайлах цөм улсын боломж хумигдав. Хэсэг хугацаанд Кот д’Ивуар нь францаар ярьдаг улсуудын цөм нь байсан. Гэхдээ өргөн утгаар авч үзвэл, тусгаар тогтносных нь дараа ч хуучин колони орнуудтайгаа эдийн засаг, цэрэг, улс төрийн нягт харилцаатайн хувьд Франц нь франкофон Африкийн цөм улс хэвээр байна. Цөм улс байх шалгуурыг давсан Африкийн хоёр улс хоёулаа англи хэлээр ярьдаг. Хэмжээ, нөөц баялаг, байршил нь Нигериаг тийм боломжит цөм улс байлгахаар. Гэтэл дотооддоо иргэншлүүд нь нэгдмэл бус, хээл хахуульд идэгдсэн, улс төр нь тогтворгүй, дарангуйлагч төртэй, эдийн засгийн бэрхшээл гээд эрхэм энэ үүргийг гүйцэтгэх чадвар хязгаарлагджээ. Гэхдээ Нигериа нь хэд хэдэн тохиолдолд оролдоод үзсэн. Апартеидаас хэлэлцээний тайван замаар салж, шилжилт хийж яваа Өмнөд Африкийн тухайд, аж үйлдвэржилт, Африкийн бусад улстай харьцуулбал өндөр түвшинд хүрсэн эдийн засаг, цэрэг зэвсгийн хүч нөөц, байгалийн баялаг, хар, цагаан арьстны улс төрийн сайн манлайлал – энэ бүхэн нь Өмнөд Африкийг Африк тивийн өмнөд хэсэг, цаашилбал англи хэлтэн Африкийн, эсвэл Сахарын цөлөөс өмнөших Африкийн лидер – улс болгож байна.

Ганцаардмал улс гэдэг нь бусад улс орон, нийгэмтэй соёлын хувьд нийтлэг шинжгүй тийм сондгой улсыг хэлдэг. Жишээ нь, Этиоп соёлын хувьд зожиг улс бөгөөд этиоп үсгээр бичигдсэн амхари хэл, зонхилох шашин нь коптик ортодокс, эзэнт улсын түүх гэхчлэн эргэн тойрныхоо лалын улсуудаас алслагдсан. Хэдийгээр Гаитийн элитүүд соёлоо Францтай холбодог боловч гаитийн креоле хэл, вүүдүү шашин, хувьсгалч боолын гарал үүсэл, харгис түүх, бүгд нийлээд энэ улсыг яалт ч үгүй ганцаардуулж байна. Сиднэй Минцийн онож хэлснээр бол, үндэстэн бүр онцлогтой боловч Гаити бол бүр өөр, анги юм. Иймээс 1994 онд Гаитийн хямралын үеэр Латин Америкийн орнууд энэ хямралыг Латин Америкийн асуудал гэж үзээгүй, Кубын дүрвэгсдийг хүлээн авч байсан хэрнээ Гаитийнхныг хүлээн авах дургүй байлаа. Панамын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэг нөхөр улайм цайм Латин Америкт Гаити нь Латин Америкийн улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй. Гаити нар өөр хэлээр ярьдаг. Тэд өөр угсаатны гарал, өөр соёлтой. Тэдний бүх юм нь өөр гэсэн байдаг. Англи хэлтэн Карибын хар арьстан улсуудаас ч Гаити мөн тусдаа. Нэгэн судлаачийн хэлснээр, Гренада, Ямайкийн хүн Айова, Монтанагийнханд үл таних зочин байхын үлгэрээр гаити нар тэдэнд мөн үл таних хүн мөн гэнэ. Хэн ч хүсэхгүй хөрш буюу гаити нь үнэхээр хэнтэй ч цусан холбоогүй.

Сондгойрсон улс орны дотор хамгийн чухалд Японыг тооцож болно. Ямар ч улс тэдний өвөрмөц эрхэм соёлыг үл хуваалцах бөгөөд бусад оронд японы цагаачид тийм их биш, цагаачилсан хэд нь нөгөө улсынхаа соёлд ууссан, тухайлбал японы америкчууд байна. Японы соёл нь их өвөрмөц, бусад нийгэмд экспортолж, тэгснээр тэдгээр нийгэмд соёлын хэлхээ холбоо тогтоож болох түгээмэл шашин (христосын, лалын гэдэг шиг), эсвэл үзэл суртлыг (либерализм, коммунизм гэх мэт) агуулаагүй нь энэ улсын ганцаардмал байгаагийн гол үндэс нь.

Дэлхийн бараг бүх улс хоёр ба түүнээс олон угсаатан, арьс өнгө, шашны бүлгийг багтаасан, тэгээд ч эдгээр бүлэг хоорондын ялгаа, сөргөлдөөн тухайн улсын улс төрийн бодлогод чухал үүрэгтэй байдгаас олон улс орон хуваагдмал байна. Энэ хуваагдал түүхэн цаг хугацааны туршид гүнзгийрэн өөрчлөгдөж өнөө хүрсэн. Улс орны ноцтой хуваагдал нь нийтийг хамарсан хүчирхийлэлд хүргэж, улмаар тухайн улсын оршин тогтноход шууд заналхийлдэг. Хэрэв соёлын ялгаа нь газар зүйн байршлын ялгаатайгаа давхцвал ноцтой аюул учруулж, автономи, салан тусгаарлахын төлөө хөдөлгөөнийг дэвэргэх магадлалтай. Хэрэв соёл, газар зүй хоёр эвлэж таарахгүй бол геноцид, хүчээр нүүлгэн шилжүүлэх дээр ч тулж магадгүй.

Нэг ижил иргэншилд багтдаг мөртлөө соёлын өөр өөр бүлэгт хуваагдсан нэг улс салж, өрх тусгаарлаж болдог жишээ Чехословак байна. Тийм магадлалтайд Канадыг нэрлэж болно. Өөр өөр иргэншилд хамаардаг томхон бүлгүүд бүхий хуваагдмал улсад бол гүнзгий хуваагдал гарах магадлал илүү юм. Нэг иргэншилд багтдаг олонхи нь төрийг улс төрийн зорилгодоо ашиглан, уугуул хэл, шашин, бэлгэдэлээ төрийнх болгохыг оролдвол хуваагдал, тэмцэл зайлшгүй, хиндү, сингал, мусульманчууд Энэтхэг, Шри Ланка, Малайзид ингэхийг оролдсон жишээ сургамж бий.

Газар зүйн хувьд иргэншил хооронд дамнан нэвт оршиж буй хуваагдмал улс гэж бий. Тийм орон нэгдмэл байдлаа хангахад нэн түвэгтэй. Суданд умардын мусульманчууд, өмнөдийн загалмайн шашинтнуудын хооронд иргэний дайн хэдэн арван жил үргэлжилж байна. Үүнтэй төстэй иргэншлийн хуваагдлаас үүдэн Нигериад улс төрөө төвхнүүлэхэд ихээхэн саад учирч, тус улсыг бутаргасан дайн, төрийн эргэлт, бослого, бусад хүчирхийлэл шил даран гарсан билээ. Танзанид христос шашинт эх газрынхан, арабын лалын шашинт Занзибар гэж хоёр хуваагдан, өрх тусгаарласан. Занзибар нь Лалын Бага хурлын байгууллагад 1992 онд нууцаар элссэнийг дараа жил нь гаргахаар Танзани ятгаж дөнгөжээ. Христосын ба лалын шашны ийм хуваагдал Кенид мөн зөрчил, мөргөлдөөн дэгдээсэн. Африкийн эвэрт христосын шашинтнууд Этиопт, лалын шашинтнууд Эритреад гэхчлэн 1993 онд өрх тусгаарласан. Иргэншлийн шугамаар хуваагдсан бусад улсын тоонд Энэтхэг (лал ба хиндү), Шри Ланк (Сингалийн буддистууд ба Тамилын хиндү нэр), Малайзи болон Сингапур (хятадууд ба малайн мусульманчууд), Хятад (хань хятадууд, Түвдийн буддистууд, Туркестаны мусульманчууд), Филлиппин (Христосын ба лалын шашинтнууд), Индонези (лалын ба Тиморын христос шашинтнууд) багтана.

Марксист-ленинист үзэл суртлаар дарангуйлж хуульчлан, коммунист авторитари дэглэмээр тогтоож байсан хуваагдмал улсуудад иргэншлээр хуваагдах магадлал Хүйтэн дайны үед илүүтэй мэдэгдэж байв. Коммунизм нуран унаснаар улс орнуудыг татах, түлхэх соронзон хүч нь байсан үзэл суртлыг соёл нь орлон гарч иржээ. Югослав, Зөвлөлт Холбоот Улс задарч, иргэншлийн шугамаараа хуваагдсаны дараа дахин шинэ бүлгүүдэд хуваагджээ. Хуучны Зөвлөлт Холбоот Улсад Балтийн (Протестант ба Католик), ортодокс болон лалын шашинт бүгд найрамдах улсууд, Югославт католик шашинт Словени ба Хорват, зарим хэсгээрээ лалын шашинт Босни-Герцеговина болон ортодокс Серби-Монтенегро, Македон гэж салсан. Югославын хуваагдлын хоёр дахь шатанд Босни-Герцеговина нь серби, лалынхны хоорондын дайнаар дахин хагарч, хорватчууд зурвасаараа зааглаж, Хорватад серби, хорватчууд хоорондоо үзэлцэж, Косовогийн албани лалынхан ба славян ортодокс сербичүүдийн хооронд учир битүүлэг, Македонийн албани цөөнхи, славян ортодокс олонхийн хоорондын тэмцэл чинээндээ тулжээ. Хэргээр хуваагдмал бүгд найрамдах улсуудыг үүсгэх зорилгоор Зөвлөлт засгийн үед хилийг нь тогтоосон учраас Зөвлөлтийн олон бүгд найрамдах улс иргэншлийн шугам дамнан оршиж байв. Оросын Крымыг Украинд, Арменийн Нагорно-Карабахыг Азербайжанд шилжүүлсэн. Оросын нутаг болох Умард Кавказ, Ижил мөрний орчим харьцангуй цөөн лалын шашинт хэд хэдэн цөөнхитэй. Зөвлөлтийн бодлогын үр дүнд Эстони, Латви, Казахстан нь үлэмж тооны орос цөөнхи бүхий болсон. Украин нь дотроо украин хэлтэн үндсэрхэг баруун, ортодокс орос хэлтэн зүүн гэж хуваагджээ.

Хуваагдмал улс дахь хоёр түүнээс олон иргэншлийн томхон бүлгүүд өөрсдийгөө Бид өөр өөр газарт хамаарах өөр хүмүүс шүү гэж нэрлэдэг. Түлхэх хүч тэднийг хэргээр хуваадаг бол тэд мөн бусад нийгэм дэх иргэншлийнхээ соронзонд татагддаг. Нэг иргэншлийн зонхилох ганц соёлтой боловч хэрэв зөрчлөө гэтэлгэж эс чадвал эрх баригчид нь эх орноо өөр иргэншилд шилжүүлэхийг хүсдэг. Тэд үүнийгээ зөвтгөж Бид нэг дор орших нэг ард түмэн боловч бид тэр газраа өөрчлөх хэрэгтэй гэдэг. Хуваагдмал улсын ард түмэнтэй нэгэн адил зөрчилтэй тэр улсын ард түмэн бид хэн бэ гэдэг дээрээ санал нэгддэг, харин аль иргэншилд очиж наалдах вэ гэдэг дээр санал нэгддэггүй. Кемалист стратегийг зөв сонголт хэмээн энд олон улс орон хүлээн зөвшөөрдөг. Кемалийн эх орон бол өрнийн бус соёл, институциас татгалзан өрнө рүү нэгдэж, орчин үежэж, өрнөжсөн сонгодог загвар юм. Орос орон өрнийн иргэншлийн нэг хэсэг үү, эсвэл Евразийн ортодокс онцгой иргэншлийн цөм улс нь уу гэдэг дээр хуваагдан Их Петрийн үеэс зөрчилдсөөр өнөө хүрчээ. Мустафа Кемалын Турк бол 1920-иод оноос орчин үежиж өрнөжин, өрнийнхний хэсэг болохоор оролдсон нь мэдээж зөрчил дагуулсан, энэ утгаар зөрчилтэй улсын сонгодог жишээнд бас орно. Мексикийг бараг хоёр зууны турш АНУ-ын эсрэг Латин Америкийн улс гэж тодорхойлж байснаа гэнэт эргэж Умард Америкийн хамтын нийгэмлэгийн нэг хэсэг гэх болсноор 1980-аад онд өөрийгөө зөрчилтэй улс болгожээ. Үүний эсрэг жишээ бол 1990-ээд онд Австралийн лидерүүд улсаа өрнийн хүрээнээс гаргаж, Азийн хэсэг болгохыг оролдсон нь өөр төрлийн зөрчилтэй улсыг бий болгожээ. Өөрсдийгөө хоёр соёлын хоорондох гүүр гэж үздэгийг судлаачид Яанус царайт гэж дүрсэлжээ. Орос Өрнө-Дорно руу зэрэг харж байна, Турк Дорно ба Өрнийн аль нь илүү вэ?, Австралийн национализм Хуваагдалаа үнэнч гэхчлэн, энэ бол зөрчилтэй улсын мөн чанарыг илтгэх бөлгөө.

(өнөөдрийн монгол 2006-01-11 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button