Төсвийн байгууллагынхан ажил хаях тэмцлийг сонголоо

хариуцсан яамдын түшмэдэд удаа дараа мэдэгдэж, тайлбарласан ч өнөөг хүртэл засал авсангүй. Сүүлийн 15 жилд ямар нэг арга хэмжээ авах байх хэмээн хүлээсэн ч одоо тэвчээр алдарлаа гэдгээ өчигдөр Монголын эмнэлгийн ажилтнуудын ажил хаялтыг зохион байгуулах түр хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын төлөөлөгчид мэдэгдлээ.

ЭМЧ НАР ЯЛАГДАЛ ХҮЛЭЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

Монголын эмнэлгийн ажилтнуудын ажил хаялтыг зохион байгуулах түр хороонд нийслэлийн төдийгүй орон нутгийн эмнэлгийн ажилтнууд нэгдээд байгаа аж. Тэдний өчигдөр гаргасан мэдэгдэлд төрийн өмчийн эмнэлгүүдийн эмч, ажилчид тоног төхөөрөмжөө түрээслэж, хувийн практикт ашиглах, үйлчилгээг зах зээлийн жамаар үнэлгээтэй болгон, даатгалаас санхүүжүүлэх, буяны эмнэлгүүдийн хүрээг тэлэх, бүх шатны эмнэлгүүдийн 40 хувь нь даатгалаар үйлчилдэг болох. Мөн өвчтөн эмчлүүлэх эмчээ өөрөө сонгох, эмнэлгүүдийг аажмаар бие даалгаж, чадваржуулбал анагаах ухааны салбарыг аварч, хөгжүүлж, ард түмнийхээ эрүүл мэндийг найдвартай хамгаалах бололцоотой болно. Тиймээс эрх зүйн орчныг ул сууриар нь өөрчлөх ганцхан арга байна гэсэн шаардлагыг Эрүүл мэндийн яам, УИХ-д тавиад байна. Дээрх шаардлагад 14 хоногийн дотор хариу өгч, хамтарч ажиллахгүй бол бүх нийтийн ажил хаялт зохион байгуулах болно гэдгээ мэдэгдэв. Ажил хаялтыг зохион байгуулах түр хорооны тэргүүн, III эмнэлгийн Зүрх, судасны тасгийн эмч Б.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ажил хаях түр хорооны хэсэг эмч нар Эрүүл мэндийн яамны зарим түшмэдтэйгээ санал нэгдэхгүй байгаагаас ингэж тэрсэлж байна гэх яриа байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Бид хэнтэй ч сөргөлдмөөргүй байна. Удтал хүлээсний эцэст тэвчээр алдарсандаа тэмцэхэд хүрлээ. Ямар нэг ашиг хонжоо хөөгөөгүй. Бид цалин нэмэхийг шаардаж, мөнгө нэхээгүй. Төрийн эрх барьж байгаа намууд зөв бодлого гаргаж, өөрчилж чадахгүй, зүрхлэхгүй байгаа тул бид туслаж, төр, үйлчлүүлэгчид, эмч сувилагч гээд гурван талдаа ашигтай байх хувилбаруудыг санал болгож байна.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас авч буй төсвөөс хуваариласан мөнгө эмчилгээний зардлын хэдэн хувийг хангаж байна вэ?
-Төсвөөс нэг орыг мянган төгрөгөөр төсөвлөдөг. ЭМД-ын тогтолцоо анхнаасаа буруу болохоор эмчилгээний зардлын хаана ч хүрэхгүй. Тухайлбал нэг хүний эрүүл мэндийн даатгалд төлсөн зургаан мянга гаруй төгрөгийн 1200-1800 төгрөг нь эмчилгээнд зарцуулдаг. Тэгэхэд нэг удаагийн зүрхний хагалгаанд сая гаруй төгрөгийн зардал гарч байна. Ингээд л эмнэлэг, төсөв алдагдал хүлээдэг хэвээр байна. Энэ жил эрүүл мэндийн салбарт 91 тэрбум төгрөг төсөвлүүллээ гэж Т.Ганди сайд бахархангуй ярьж байна. Гэсэн хэдий ч энэ мөнгө нь хаанаа ч хүрэхгүй.

-Хэрвээ тавьсан шаардлагыг тань биелүүлэхгүй бол үхэх сэхэхийн зааг дээр ажилладаг хүмүүс ажил хаяж чадах юм уу?
-Эрүүл мэндийн салбар энэ чигээрээ явах ямар ч боломжгүй болсон учир ажил хаяхаас өөр аргагүй. Хэрэв үүнээс цааш хүлээвэл эмч сувилагч нар арчаагүй тэнэг гэдгээ хүлээн зөвшөөрч ялагдлаа гэсэн үг болно.

БАГШ НАР АЖЛАА ТАСЛАХГҮЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЭ ХОНОГ ТӨӨРҮҮЛДЭГ

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэж 300 төгрөг болсноос хойш Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар төдийгүй хүүхдүүд хичээлдээ явж чадахаа болиод байна. Төсвийн ажилтнуудын хөл залгуулдаг гол унаа болох том оврын автобусны билетийг гэнэт огцом нэмэгдүүлсэнд багш нарын сурган хүмүүжүүлэх, амьдрал ахуйгаа залгуулах нөхцөлийг алдагдуулсан. Аргаа барсан багш нар сургууль, цэцэрлэгийнхээ анги танхим, өрөө тасалгаанд хоног төөрүүлж эхэлжээ. Гэтэл тэднээр хичээл заалгуулах гэж ирдэг сурагчид нь автобусны мөнгөгүйгээс ангиуд хоосроход хүрч байгаа аж. Тэгэхээр дан ганц багш нарын эрх ашиг хөндөгсөн бус сурагч оюутнуудыг тойрсонгүй. Байдал нэгэнт хүндэрсэн тул 2006 оны төсөвт төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг дөрөвдүгээр сарын нэгэнд 10 хувь, аравдугаар сарын нэгэнд 10 хувиар нэмэгдүүлэхээр хугацааг нь урагшлуулж хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн олгохыг шаардлаа. Уг шаардлагаа нэгдүгээр сарын зургаанд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Сангийн сайд Н.Алтанхуяг, БСШУ-ны сайд П.Цагаанд хүргэжээ. Шаардлагын хариуг өнөөдөр авахаар тохиролцсон бөгөөд баасан гарагийн өглөө хүртэл хүлээх болжээ. Ямар нэг нааштай хариу өгөхгүй бол баасан гарагийн өглөө бүх сургууль, цэцэрлэгүүд үүдээ барьж багш нар ажил хаяхаар тохиролцсон байна. Нэгэнт багш сурагчидгүй сургууль, цэцэрлэгтээ ирж чадахгүй болж хүссэн хүсээгүй үүдээ барихдаа тулсан гэж багш нар ярилаа.

(өнөөдрийн монгол 2006-01-11 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button