Үл хөдлөх хөрөнгийн газрын ХҮНД СУРТЛЫГ ЯАХ ВЭ

Гэтэл нэр шигээ хөдөлж өгдөггүй хүнд сурталтай газар юм гэж ярих хүн олон байна. Өдөрт үйлчлүүлдэг хүнийхээ тоогоор нийслэлд дээгүүрт ордог тус газрынхан ачаалал ихтэй ажилладаг нь үнэн. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очиход хашааных нь үүдээр эгнэн зогссон олон машин, яарч хөлхөлдсөн хүмүүсийн дүр зураг харагдана. Гартаа бичиг баримт барьж дугаарласан иргэд бухимдалтай байгаа нь дотор ороход мэдрэгдэнэ.
Үүнийгээ хэлчихэд яадаг юм бэ. Аль өглөөнөөс хойш энд дугаарлаж зогслоо шүү дээ. Хайран цаг минь гэж үглэсээр гарч ирэх эмэгтэйтэй шатан дээр тааралдав. Түүнээс юунаас болж ийнхүү цагаа гарздсаныг тодруулахад ганцхан бичиг дутуу байсныг мэдэхгүй энд өнжлөө. Уг нь мэргэжилтнээс нь асуух гэхээр уурлаад халгаагаагүй. Тэгээгүй бол аль хэдийн аваад ирэхгүй юу. Уг нь бүрдүүлэх материалын талаар бичсэн л байх юм. Түүнийгээ бараг таазанд шахуу өндөрт хадсан болохоор хөгшин би харахгүй юм гэж үглэсээр буулаа. Үнэхээр гэрээ, зээлийн гэрээ, хувийн болон өөрийн зардлаар бариулсан орон сууцыг үнэлүүлэх зэрэгт бүрдүүлэх материалын тухай бичиж тавьсан байна.

АЛЬ ДҮҮРГИЙНХ ВЭ

Бичиг баримт, гэрчилгээ яаралтай гаргуулж авах хэрэгцээ хүнд гаралгүй л яахав. Ялангуяа монголчууд бид цагаа тулгаж хөөцөлддөгийг хэлэх үү нийслэлийн нэлээд хэдэн үйлчилгээний байгууллагад яаралтай үйлчилгээ гэсэн нэр томьёо бий. Газрын харилцаа геодези зураг зүйн газарт яаралтай үйлчилгээ бий. Гэхдээ төлөх ёстой мөнгөн дээр 20000 төгрөг нэмж төлсөн тохиолдолд хамрагдаж болно. За яахав энэ бол зах зээлийн жам. Эднийд яаралтай гаргуулахаар мөнгөө төлсөн тохиолдолд ажлын гурав хоногт багтан гардаг. Яаралтай хэмээн мөнгөө төлчихөөд байхад тэдний ажилчид шуурхай ажилладаггүйн баримт нь ажлын наймхан цагийн дотор гаргаж өгдөг тусгай үйлчилгээ байдаг. Газрын харилцаа геодези зураг зүйн газрын үүдээр эгнэх машин дотор бачимдсан хүнийг хүлээж байгаа зуучлагч бий. Энд зуучлагч байдгийг тэндхийн жижүүр байтугай цагаан утсаараа яриулж мөнгө олдог нэгэн ч мэднэ. Зээлийн гэрээ яаралтай гаргуулах гэсэн юм. Яах вэ гээд тэнд утас барьж зогссон хүнээс асуухад Алтанцэцэгтэй уулз хэмээн 30 гаруй насны ногоон пальтотой эмэгтэйг заалаа. Тэрбээр шууд л яаралтай төлсөн дээрээ дахин 30000-ыг нэмнэ шүү гэж хэлээд
-Аль дүүргийнх вэ? гэнэ.
-Баянзүрх дүүргийн орон сууц
-Өө, тэгвэл хэцүү юм байна. Баянзүрхийнх бол чадахгүй.
-Тэгвэл би хүнтэй яриад өгье. Чи уулзаад учир байдлаа хэлээрэй. Өнөөдөр уг нь хагас ажилладаг юм. Үдээс хойшдоо дотоод ажилтай байдаг. Гэхдээ яахав гарч явахаас нь өмнө уулзаж болох байх. Энэ маягаар Үндсэн бус ажилтантай үл хөдлөхийнхөн өөрсдөө дотор нь үндсэн ажлаа хийж үндсэн бус ажилтнаа гаднаа ажиллуулдаг жишиг тогтжээ. Үүд хавиар нь жаал ажиглахад дорхноо мэдэгдэж эхэлнэ. Хувилсан бичиг цаас барьж хэд гурваараа шивнэлдэн зогсоо хүмүүс бол Үл хөдлөх хөрөнгийн газрын үндсэн бус ажилчид буюу зуучлагсад. Тэд эндхийн бага цалинтай төсвийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлж өөрсдөө ч чамлахааргүй ашиг хүртэнэ. Бусдын зовлонг тэдэн шиг ойлгодог хүн олон баймаар санагдав. Ойлгуулахын тулд нэмэлт хөлс төлөх хэрэгтэй. Нэмэлт хөлсний тал хувийг мэдээж зуучлагч авна. Үлдсэн хувь нь яаралтай ажиллаж өгөх байцаагчид очно. Бүр тариф тогтоосон байна билээ. Барьцааны зээлийн гэрээ 20.000, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ 50.000 гэхчилэн тус бүртээ өөр үнэлгээтэй.

МЭДЭН БУДИЛДАГ ГЭХЭД БУРУУДАХГҮЙ

Газрын харилцаа геодези зураг зүйн газраас Улсын мөрдөн байцаах газарт явуулсан албан бичиг байна.
Тус газрын дэд дарга эрхийн улсын ерөнхий бүртгэгч Д.Долгормаагийн гарын үсэгтэй албан бичгийн утга нь БЗД-ийн хоёрдугаар хорооны Цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн хойно байршилтай дөрвөн давхар барилгыг иргэн С.Ариунаа, С.Ганбат нар 2002 оны наймдугаар сарын зургаанд эрхийн бүртгэлийн Ү-2204011556 дугаарт бүртгүүлжээ.
Гэтэл иргэн Намбарын Сэргэлэнбаатар дээрх барилгыг 2004 оны есдүгээр сарын найманд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019900 дугаарт давхардуулан бүртгүүлсэн байна. Ингээд тус газар иргэн С.Ариунаа, С.Ганбат нар нь манай байгууллагыг хууран мэхэлсэн тул хохирогчоор тогтоон эдгээр зальт этгээдийг шалган арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх юм. Харин УМБГ-аас зохих эзнийг сайтар нягтлалгүй бүртгэлийн гэрчилгээ олгосон гэж Газрын харилцаа геодези зураг зүйн газарт мэдэгдэл хүргүүлсэн байна.
Цаашид иймэрхүү хянан нягтлаагүй гэрчилгээ олгосон тохиолдолд хохирогчоор тогтоох боломжгүй болохыг ч анхааруулсан аж. Газрын харилцаа геодези зураг зүйн газраас уг мэдэгдэлд хариу ирүүлэх ёстой ч хараахан ирүүлээгүй байна. Газрын харилцаа геодези зураг зүйн газар ийнхүү мэдэн будилснаас болж Тээвэр хөгжил-ийн банк болон иргэд хохирч үлдээд байгаа аж. Н.Сэргэлэнбаатар нь уг барилгыг өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн бол С.Ариунаа, С.Ганбат нар өөр орон сууцны хамт Тээвэр хөгжил-ийн банкинд 35000000 сая төгрөгийн барьцаанд тавьсан байгаа юм.

(өнөөдрийн монгол 2006-01-11 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button