Т.Батбилэг Би Баянчандмань хаана байдгийг ч мэдэхгүй

Уг нийтлэлд Сайдын хүү Германд сурч байгаа.
Тэгэхдээ үе үе нутагтаа ирдэг. Тэгж байхдаа Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо байдаг аавынхаа мэдлийн Чандмань тур амралтын газарт нэлээд хэд хонохдоо Марк-II машинаараа Баянчандмань сумын иргэд болох аав, хүү хоёрыг мотоцикль дээр сундлаад явж байхад нь дайрчихсан.

Ослын тухай нууцалж, хохирогчдод 20 гаруй сая төгрөгийн төлбөр төлсөн. Тэр ч байтугай хохирогчдын хувьд багагүй гэмтэл авсан ч нэгэнт том хүний мөнгөтэй хүүхдийн террорист халдлагад өртсөн болохоор сохорсон биш завшив гэдгийн үлгэрээр хөлжихөө шахсан гэхчлэн бичсэн байх юм.

Нийтлэлийн мөрөөр буюу үнэхээр төрийн сайдын хүү хүн дайрч осол гаргасан хэргээ нуун дарагдуулж тийм их хэмжээний мөнгө атгуулаад өнгөрсөн нь үнэн эсэхийг лавлахаар Төв аймгийн Баянчандмань сумыг зорилоо. Тус сумын Цагдаагийн тасгийн дарга, хошууч Л.Сосорбарам эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч, Хөх хотод эмчлүүлж байгаа аж.

Харин болсон явдлын талаар Баянчандмань сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Л.Болдбаатараас лавлалаа. Тэрбээр Манай сумын нэртэй, бас ХХАА-н сайд Д.Тэрбишдагватай холбоотой ийм мэдээлэл Монголын нэг өдөрсонины шинэ оны анхны дугаарт нийтлэгдсэнийг олж үзсэн. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын хувьд, мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргын хувьд хууль хяналтын байгууллагын холбогдох хүмүүстэй уулзаж, энэ асуудлыг тодрууллаа. Манай сум Улаанбаатарт ойрхон, замын дагуу оршдог учраас хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Сонины мэдээлэлд Д.Тэрбишдагвын хүү аавынхаа мэдлийн амралтад нэлээд хэд хоног тухалсан мэтээр бичжээ. Ийм нэртэй амралт манай сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг нь үнэн.

Гэхдээ Ч.Найданжав гэдэг эзэнтэй аж ахуйн нэгж, Оросын орхигдсон хуучин барилгыг сэргээн засварлаж, 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүнийг босгосон. 2005 оны жилийн эцсийн ажлын дүнгээр Төв аймгийн шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжээр шалгарсан компани байгаа юм.

Энэ нь ХХАА-н сайд Д.Тэрбишдагватай ямар ч холбоогүй. Нөгөөтэйгүүр Марк II маркийн автомашинаар аав, хүү хоёрыг мотоцикл дээр сундлаад явж байхад нь дайрсан гэсэн байна. Үүнийг хэн, хаанаа, ямар эх сурвалжаас авсан нь тодожээнд сүүлийн жилүүдэд гарсан гэмт хэргийн судалгаа бүртгэлд мотоцикльтой холбоотой авто ослын хэрэг олон биш.

Харин 2004 оны зургадугаар сард дээр өгүүлсэн Чандмань тур амралтын эзэн Ч.Найданжавын хүү Ангараг тус сумын иргэнтэй маргалдсанаас болж шүргэлцсэн боловч тухайн үедээ эвлэрч зохицоод өнгөрсөн юм билээ. Гэтэл 20 сая төгрөг өгсөн тухай бас дурджээ. Ийм хэмжээний мөнгө өгч, авч байхыг нь хэн харсан юм бэ. Би хэлж мэдэхгүй байна. Хэрэв ийм асуудал үүссэн бол хуулийн хүрээнд шалгах ёстой баймаар. Ямар ч байсан гэмтэл учруулсан, эрүүл мэндээр хохирсон, эмчлүүлсэн талаар эмнэлгийн байгууллагынханд ямар ч мэдээлэл алга. Үүнийг бид гүтгэлгийн чанартай мэдээлэл гэж үзэж байна. Ийм асуудалд манай сумын нэр хүнд хүртэл холбогдоод явж байгаад эмзэглэж байна. Манай суманд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайдууд албан ажлын журмаар цөөнгүй ирдэг. Д.Тэрбишдагва сайд хүртэл гурван удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ Ерөнхийлөгчтэй хамт ирсэн. ХХАА-н сайдын хувьд ажил төрлийн ойр дотно холбоотой байдаг. Энэ хүн төрд алба хаасныхаа хувьд ингэж доромжлуулах учиргүй. Тэгэхдээ бүр өөрийг нь бус үр хүүхдийг нь ийнхүү гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Монгол хүний ёс жудгийн хувьд ч байж боломгүй юм. Хөдөөгийн бид сонин хэвлэлээс мэдээлэл авдаг. Үнэхээр ингэж ор үндэслэлгүй мэдээлэл нийтэлдэг юм бол ард иргэд хаанаас хэрхэн мэдээлэл авч, итгэж үнэмших билээ хэмээн ярьж байлаа.

Ингээд хохирогч гэх Борнуур сумын иргэн Занхааны Болдбаатартай уулзахаар очсон боловч гэртээ байсангүй. Харин түүний ээжийн ярьснаар 2004 оны зургадугаар сард Болдбаатар аавынхаа хамт Баянчандмань сумын дэлгүүрийн урд явж байхад нь хар өнгийн Пажеро жийп машинтай 5-6 залуу тааралдаж айл асуусан гэсэн. Өөр сумынх болохоор айлыг мэдэхгүй гэхэд нь муудалцаж, маргалдаад мотоциклийнх нь араас машинаараа мөргүүлсэн байна. Ингэхдээ хэн нэгнийг гэмтээгээгүй, төдөлгүй эвлэрч учир зүйгээ ололцоод, мотоциклийн гэрлийн шил болон зарим эд ангийг гэмтээсний төлбөрт 90 мянган төгрөг бэлнээр өгөөд салсан гэнэ. Хэн нэгний эрүүл мэндэд хохирол учраагүй учраас хэрэг зөрчил гарсан гэж бүртгээгүйг тус сумын автын цагдаа нар ч батлан хэлж байв. Хоёр жилийн өмнө шахам болсон ийм нэгэн явдлаас өөр автын осол, тэр дундаа мотоцикльтой хүмүүс осолд өртсөн гэх мэдээлэл байхгүй гэж тэд ярьцгаасан.

Сайдын хүү мотоцикльтой хүмүүсийг дайрсан гэх мэдээллийг нутгийнхан ийнхүү үгүйсгэлээ. Чандмань тур амралтын газар Д.Тэрбишдагвынх мөн эсэхийг тодруулахаар татварын байцаагчидтай уулзсан юм. Тэдний бүртгэлд байдаг баримт бичгүүдээс уг амралтын газар Ч.Найданжавынх болох нь хэнд ч ойлгомжтой харагдаж байв.

Эцэст нь Д.Тэрбишдагва сайдын хүү Т.Батбилэгтэй уулзсан юм. Түүнээс сонинд гарсан энэхүү мэдээллийн талаар лавлахад Би нэг настайгаасаа Германд амьдарсан. Одоо Бээжин хотод суралцдаг. Амралтаараа ирээд байна. Хааяа амралтаараа ирэхдээ аавтайгаа хамт хөдөө явж үзсэн. Гэхдээ одоо хүртэл ганцаараа хөдөө явж үзээгүй. Би машин жолоодож огт чадахгүй. Жолооны ард сууж ч үзээгүй. Төв аймаг гэж мэднэ. Харин Баянчандмань гэдэг сум хаана байдгийг огт мэдэхгүй, очиж үзээгүй. Энэ нийтлэлийг олж үзэж амжаагүй байтал манай найзууд шоолоод байсан. Надад маш эвгүй санагдсан, их гайхаж, цочирдсон. Гүжир гүтгэлэг гэж ямар муухай юм байдгийг анх удаа үзлээ. Хүмүүст хандаж, энэ бүхэн оргүй худал зүйл байсан гэдгийг хэлмээр байна гэсэн юм. Түүнийг хэн ч гэсэн чинээлэг айлын эрх танхи хүүхэд гэж хэлнэ. Үгүйсгэх аргагүй. Гэхдээ аав ээж нь түүнийг эрхлүүлэхдээ эд мөнгөөр бус боловсрол хүмүүжлээр, эгэл жирийн атлаа хангалуун амьдралаар л эрхлүүлжээ гэдгийг нүдээр харснаа энд хэлье. 18 нас хүрч буй энэ хөвгүүн ааваасаа автобус унааны мөнгийг хэрэгцээний хэрээр гуйж авдаг гэдгээ ч нуулгүй хэлж байсан. Тэгэхээр 20 сая төгрөг халааснаасаа гаргаж өгөөд хохирогчийн амыг барьсан гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй гүтгэлэг ажээ. Үнэндээ амьдралын хар цагааныг мэдэхгүй, гэнэн цагаахан, тэгсэн хэрнээ эрдэм мэдлэг, боловсролоор хэнээс ч дутахааргүй суралцаж яваа энэ хөвгүүнийг хар хэрэгт гүжрээр гүтгэх нь ямар зорилго агуулсных вэ. Амралтаараа ирж толгойгоо амрааж байхад нь ингэж гүжирдсэнд маш ихээр цочирдож, хямарч байгаагаа ярихдаа хоолой нь сааралтаж байсан. Гүтгэлэг гэдэг хүнийг ямар ч байдалд оруулдаг. Сум дамжин амралт хэсэх нь байтугай улсынхаа нийслэлд хаана нь юу байгааг ч сайн мэдэхгүй нь түүний буруу биш. Хар багаасаа гадаадад өсч хүмүүжсэн. Одоо ч гадаадад суралцаж байгаа. Монголоороо ч муухан ярих юм. Ингээд бичихээр эсрэг юм ярих буюу огт өөрөөр төсөөлөх хүн байх ч өөрийн биеэр уулзаад төрсөн бодол, сэтгэгдэл маань үнэндээ л ийм. Гүтгэлэг гэдэг өөрөө гэмт хэрэг. Захиалагч, уншигчдаа гүжир гүтгэлгийн худал мэдээллээр хордуулах нь ёс зүйгүй бөгөөд сэтгэлгээний хоосролын илрэл гэдгийг өнөөгийн уншигчид маш сайн ойлгож, ялгаж салгадаг болсон билээ.

(өнөөдрийн монгол 2006-01-11 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button