Элбэгдорж болон Засгийн газрын тухай

2004 оны 12 дугаар сард Эх орон-Ардчилал эвсэл задарч сонгуульд оролцсон субъектгүй болсон юм. Эх орон-Ардчилал эвслийн УИХ дахь бүлэг тарсан нь Монгол Улсын Yндсэн хууль, Их Хурлын тухай хуулиар өнөөгийн Засгийн газар оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсон. МАХН, Эвслийн хооронд байгуулсан зөвшилцлийн гэрээнүүд хэрэгжихэд боломжгүй болжээ.

Эрх зүйн чадамжгүй болсон Ц.Элбэгдоржийн Засгийн газар нийгмийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж бүтээн байгуулах ажил өрнүүлэхээсээ илүү хоосон амлалт, уран цэцэн үгээр ард түмнийг хуурч, олон нийтийн бухимдлыг дэвэргэж байна.

Ядууралтай дайн зарлах, бүх айл өрхийг компьютержүүлэх, ядуу өрхийг олон мянган орон сууцаар хангах зэрэг сүржин мэдэгдэл, даржин хөтөлбөрүүд нь ард түмний амьдралд бодит үр өгөөжөө өгсөнгүй. Ард түмний эрх ашгийн төлөө мэт яриад буй хэрнээ, үнэн хэрэгтээ зөвхөн цөөн хэдэн хүний бизнесийг дэмжин ажиллаж байгаа нь тодорхой боллоо.

Нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч ядуурал, ажилгүйдэл, төрийн үйлчилгээний хүнд суртал, боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны гажуудал, удирдлагын төвлөрөл, авилга, төсвийн зарлагын үрэлгэн байдал зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх бодит санаачлага, үр дүн гарахгүй байна.
Цалин, тэтэврийг нэмэгдүүлэх талаар авсан арга хэмжээ нь үнийн өсөлтөөс хоцорч, иргэдийн бодит орлого амьжиргааны түвшин доошилж байна. Өнгөрсөн онд хэрэглээний үнийн өсөлт 10 хувиас их байхад цалин, тэтгэвэр дөнгөж 7.5 хувиар нэмэгджээ. Цалин, тэтгэврийн өсөлт нь мах, сүүний үнийн өсөлтийн 20-30 хувийг нөхөх хэмжээнд л байна.

Сүүлийн нэг жилд өргөн хэрэглээний үнэд гарсан өөрчлөлт

Бараа 2004.12.31-ний байдлаар /төг/ 2005.12.31-ний байдлаар /төг/ Өөрчлөлт /хувиар/
1. Хонины мах 1500 2000 133.3
2. Yхрийн мах 1733 2263 130.7
3. Төмс 330 463 14.3
4. Байцаа 380 600 157.9
5. Лууван 435 452 103.9
6. А76 бензин 600 736 122.6
7. А93 бензин 673 800 118.7

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах үндэс гэж ярьж буй хэдий ч түүнийгээ хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Улсын төсвийн орлогын 0.3 хувьтай тэнцэх хэмжээний орлого төвлөрүүлэх хуулийн заалт байсаар атал 2005 онд нэг ч төгрөгийг төсвөөс гаргаагүй нь үүнийг нотолж байгаа.

Улс орон даяар сахилга, хариуцлага суларч төрийн үйлчилгээний хүнд суртал даамжирлаа. Төр, засгийн нэр хүнд буурч, олон нийтийн бухимдал, эмх замбараагүй байдал газар авлаа.
Банк, санхүүгийн системийн тогтворгүй байдал ч үүсч болзошгүй боллоо. Солонгосын томоохон корпорациудаас авсан 72.8 сая долларын зээл эргэн төлөгдөхгүй байгаа нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд унагаж эхэллээ.

Ц.Элбэгдорж төрийн банкыг үнэгүйдүүлэн дампууруулж хуйвалдаад 1997 онд огцорч байсан дутагдлаа давтаж, төрийн өмчийн Хадгаламж банкыг өөрийн төлөөний хүмүүст хувьчлах ажлыг эхлүүлэх гэж улайран хөөцөлдөж байна. Энэ нь төрийн өмчийн Хадгаламжийн банкин дээр хийгдэж буй эргэлзээтэй гүйлгээнүүд, боловсон хүчний халаа сэлгээ, Засгийн газрын тэргүүн энэ банкийг хууль бусаар хувьчлахыг удаа дараа зүтгүүлж буй зэрэг үйлдлээс харагдаж байна.

Иймд энэ засгийн газрыг огцруулж шинэ хий дэмий ярьдаг биш ажил хийдэг засгийн газрыг шинээр бүрдүүлэх нь зүйтэй юм.

Монгол орон, Монголчуудыг хөх тэнгэр ивээх болтугай.

Хөх монгол ТББ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button