Ц.Элбэгдорж Худалдаж болохгүй эрх ашиг гэж байдаг. Энэ бол эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө…

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

МАХН- ын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу МАХН- аас Засгийн газарт ажиллаж байгаа 10 гишүүн огцрох өргөдлөө өгчээ. Энэ байдлыг Их хурлын гишүүдийн хэлж ярьж байгаа зүйлээс, мөн ард иргэдийн хэлж ярьж байгаа зүйлээс харахад нухацтай ярих шаардлагатай зүйл байна. Хамтарсан засгийн газар байгуулагдаж, хуулийн хүрээнд улс орны тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө зүтгэж ажиллаж ирсэн.
Эх орон ардчилсан эвсэл МАХН-ын мөрийн хөтөлбөрүүдээс УИХ-аар оруулж шаардлагатай зүйлийг нь батлуулж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн.
Өнгөрөгч оны төгсгөлөөр засгийн газрын гишүүд тус тусынхаа чиглэлээр хийсэн ажлаа ард иргэдэд тайлагнаж ярьсан байгаа. Саяхан аймгийн засаг дарга нар ирээд явсан, сайд нар тэдэнд ажлаа тайлагнаад , уулзаад явсан. Тэр улсуудын ярьж хэлж байгаагаас харахад салбар салбарт олон ажил хийгджээ, Аймгийн хүрээнд ч адилхан.Цаашдаа хамтарч ажиллаж болох юм байна. Мэдээж ерөнхий сайдын хувьд тодорхой хугацаа байгаа. Бид хамтарч ажиллахын тулд хэлсэндээ хүрэхийн тулд анх удаа хамтарсан засгийн газар байгуулсан. Бүх боломжийг шавхан ярилцсан. Їүний үр дүнд хийх, хэрэгжүүлэх арга хэмжээ олон бий. Энэ хамтарсан засгийн газрыг байгуулахын тулд бид 40 хоног ярилцсан. Бүх боломжийг шавхан ярилцсан.. Шавхан ярилцсаны үр дүнд хамтарсан засгийн газрын зүгээс хийсэн зүйл, хэрэгжүүлсэн зүйл олон бий. Би энэ бүхнийг цааш нь дурдах хэрэггүй байх аа гэж бодож байна. Мэдээж хамтарч ажилласан засгийн газрын гишүүддээ талархал илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэдний хийсэн сайн зүйлийг санаж явах болно. МАХНамын улс төрийн шийдвэр гарч, гарын үсэг зурахад хүргэсэн явдал хортой муу үйлдэл боллоо гэж бодож байна. Хэдий МАХН-ын гишүүн ч гэсэн энэ хүмүүст нэр төр гэж бий, цаашид төр түмний төлөө зүтгэх хүсэл зориг байсан гэж бодож байна. Цаашид юм хийх гэсэн хүсэл зоригтой хүмүүсийн цааш явах гэсэн хүсэлд хар тамга дарсан хорлонтой үйлдэл боллоо. Тэдний зүтгэлд хар тамга дарсан төдийгүй монгол түмний хөгжихөд, ардчилал эрх чөлөөг улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд тааруу үйлдэл болж байна.
Хамтарсан засгийн газар хийсэн бүтээсэн зүйл байсан, хийх боломж байсан. Хамтарсан засгийн газрын хийсэн бүхнийг хийх боломжийг нэгэн зэрэг оршуулж болохгүй. Улс үндэстнээ гэж зүтгэж байгаа, ажиллаж байгаа хүмүүсийн зүтгэлийг тодорхой хувь хүмүүсийн хувиа бодсон үйлдэл тэр алхамтай нэг шонгийн модонд өлгөж болохгүй. Өнөөдөр улс төрийн алба хашиж байгаа хүмүүсийг намаар нь авч үзэх юм бол 90 хувь нь МАХН-ын гишүүд байна. Төрийн захиргаанд алба хашиж байгаа хүмүүсийн 80 хувь нь МАХНамын гишүүд байна..Энэ бүх хүмүүсийн хичээл зүтгэл бүтээсэн зүйл рүү бас ус цацаж болохгүй. Бид хамтарч ажиллаад нэг юм ойлгосон. Өмнө нь бид нэг нь дайсан, нэг нЬ нөхөр, нэг нь сөнөөдөг, нэг нь бүтээдэг юм шиг боддог байсан. Хамтарч ажиллаад бие биеэ ойлгосон. Адилхан хүмүүс юм байна. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө бас санаа зовдог юм байна. Хийе бүтээе гэж боддог юм байна гэж ойлгосон. Ийм хүмүүс олон байна. Засгийн газрын гишүүдээр гарын үсэг зуруулахгүй байх боломж МАХН- д байсан. Їнэхээр УИХ МАХН аас олонхи нь бүрдсэн. УИХ засгийн газарт итгэл үзүүлж чадахгүй байгаа бол тэр асуудлаа тэр 19 гишүүнээрээ зуруулаад тавих боломжтой байсан. 19 гишүүнээрээ . Засгийн газрын гишүүдээрээ биш, Засгийн газрын гишүүдээр гэдэг бол Їндсэн хуулийн цэц, ард түмэн шүүх боломжийг хааж өгч байна. Одоо та нар хар. Засгийн газрын олонх нь зурсан учраас огцорсон, батлах гэж байна гэж та нар ярьж байна. Ингэж ярих гэж тэднээр та нар зуруулсан биз Их хурлын гишүүд засгийн газартайгаа хариуцлага тооцох гэж байгаа бол энийг хийх боломж бүрэн байсан. Та нар зугатсан. Ард түмнээс сонгогдсон юм бол, Ард түмнээс гарч ирж, тэднээр сонгуулсан бол та бүхэн өөрсдөө үүнийг ярих байсан. Ингэж засгийн газрын гишүүдээр зуруулсан нь дахиад чи зурах уу гэж гарын үсэг зурснаас асууна.
Нэг нь орж ирээд зүтгэ гэдэг, нөгөө нь орж ирээд гарын үсэг зур гэдэг ийм юм байхгүй. Бид монгол төрийн 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа. Бид 800 жилийн түүхтэй агуу их түүхтэй төрийн албатай улс.
Ажилласан. нэлээн зүйл бүтээсэн их зүйл бүтээх боломж байсан. Энэ оронд Ядуурал авилгал нийгмийн хурц асуудал болсныг энэ засгийн газар та бүхний өмнө энэ ширээн дээр тавьсан. Өмнө нь авилгалын тухай ярихаар бидний юм биш, авилгал бусдын юм шиг монголын биш юм шиг ярьдаг байсан, бидний юм биш ээ, тэр бол гадны юм, манай эдийн засаг өсч байна гэж ярьдаг байсан. Би та нарт хэлье, авилгал бол Монголын асуудал. Ардчилал Монголыг 21-р зуунд аваачсан, авилгал Монголыг эргээд 20 он руу буцааж татсан байна. Авилгал байгаа учраас монголын ардчиллын эрүүл мэнд муу байна. Та нар мэдэхгүй байж магадгүй, Ерөнхийлөгч, ИХ-ын дарга гарын үсэг зурсан та нар мэдэхгүй байж магадгүй. Авилгал монгол улсад ямар хэмжээнд очсоныг мэдэхгүй байж магадгүй. Би хэлж өгье. Авилгалын тор Аалзны тор мэт болсон байна. Дээрээ албан тушаалтанд мөнгөө төлсөн, хийх дээрээ харамч, доороо ард иргэдийг дээрэмдэж болдог, ард иргэдийг чирэгдүүлж болдог энэ систем тогтсон байна.
Харин энэ засгийн газар байгуулагдахдаа нэг ч дэд сайдаас, нэг ч агентлагийн даргаас мөнгө нэхээгүй. Энийг бид зогсоосон.
Авилгал өнөөдөр МУ- ыг 1921 онд аваачсан байна Би мэднэ., МАХН өнөөдөр Монгол улсыг 20 онд өвчин, ядуурлаас аварсан гэж ярих дуртай , гэтэл авилгал байгаа учраас буцааж тэр үе рүүгээ аваачсан байна., тэр феодалын ёс руу аваачсан байна. Зөвхөн нийтийн тээвэр гэхэд, тагийг нь сөхөөд харахад хүн ойртохын аргагүй юм байгаа. Хэдэн дарга нар нь хулгайн тээврээ оруулдаг, хэдэн ашигтай буудлаа хувааж авдаг, тийм биш бол цагдаа оруулж зогсоодог, орой мөнгийг нь хурааж авдаг. Та нар авилгал том газар байдаг гэж бодсон байх л даа. Тэр Улаанбаатар сангаа хараарай. Тэр рүү ор. Тэр газар өгсөн байдлаа хараарай. Тэр гааль дээр байгаа байдлаа хар. Гаалийн дарга байтугай, газрын дарга нь байтугай, гаалийн сургуулийн оюутан нь өнөөдөр авилгал авч байна. Юу болж байна.
АНУ-ын ерөнхийлөгч, тэр эрх чөлөөний орны ерөнхийлөгч нь хүртэл хүрч ирээд, энэ авилгал энэ эрх чөлөөнд чинь учирч байгаа хамгийн том аюул шүү . Энийгээ хараарай гэж зүгээр ч нэг хэлээгүй байх шүү. Авилгал бол монголчуудын сайн сайхан амьдрах гэсэн, эрх чөлөөтэй байх гэсэн тэр хүслийг чоно мэт мэрж байна. Ядуурал бол зуд мэт хамаг юмыг баллаж арчиж байна.
Иймээс энэ асуудлыг засгийн газрын анхаарах асуудлын хүрээнд оруулж тавьсан юм. Ингэхгүй бол болохгүй. Ард түмний засаг юм бол, ард түмний ихэнх нь ингэж ярьж байгаа бол үүнийг ярих ёстой гэж бодсон. Энэний төлөө зүтгэсэн Эцсийн үр дүнд хүмүүс ажиллаж болдог юм байна, бүртгүүлж болдог юм байна, сурч болдог юм байна, ажилтай болж болдгийм байна гэсэн ийм итгэл төрсөн. 2004 онтой харьцуулахад, та бүхний харьцуулах дуртай онтой харьцуулбал, хамгийн олон хүн ажилтай болсон шүү.Хүмүүс ажилтай болбол, зээл авч болдог юм байна гэсэн итгэлтэй болсон. Хамгийн олон хүн зээл авсан. 2004, 2005 оны хооронд тоог нь хар. Зарим тоог нь сонс. Зээл авсан хүний тоо 30 хувиар нэмэгдсэн байна. Энэ хамтарсан засгийн газрын хийсэн зүйл ээ, энэ хамтарч бүтээсэн зүйл.
Энэ бүх хийсэн зүйл рүүгээ ийм байдлаар , одоо л нэг хийх нь гэсэн хүмүүсийн сэтгэл рүү, одоо л нэг болох нь гэж бодож байгаа ард түмний сэтгэл рүү ингэж ус цацаж болохгүй.
Бидний хооронд арга барилын зөрүү бий. Арга барилын зөрүү байна гэж хэлж байна. Тиймээ. Бид болохгүй ажлыг барьж авч шийдэх гэж гүйдэг юм, МАХН ыг засгийг толгойлж байхад , бид цөөнх байхад би тэр бүлгийг толгойлж суудаг байсан. Бид юу гэж шаарддаг байсан. Бид та нарыг юм шийдээч ээ гэж шаарддаг байсан. Гэтэл биднийг та нар юу гэж шүүмжилж байна. Юм хийлээ гэж, асуудал шийдлээ гэж шүүмжилж байна, ажил хийлээ гэж шүүмжилж байна. нэг л их дарга байх дуртай та нар, Энд байгаа хүмүүс загнуулаад , зодуулаад юм хийх гэдэг байсан юм. Тийм зөрүү бий.
Авилгал бол Монгол улсын тусгаар тогтнолд, улс үндэстний аюулгүй байдалд үнэхээр аюул учруулж байгаа. Ядуурал гэдэг бол үнэхээр сайхан амьдрах гэсэн бүх хүмүүсийн тавагтай хоолыг булааж байгаа зүйл. Энэ бол миний итгэл үнэмшил. Миний итгэл үнэмшил, эрх чөлөөг бий болгохын төлөө эхнээс нь явсан, энэний төлөө бид хариуцлага хүлээсэн, энэний төлөө хариуцлага хүлээсэн монголын бүх ард түмэн байгаа. Тэр үед бид эрх чөлөөний тухай ярьж байхад хэн юу ярьж байсныг бүгд мэдэж байгаа. Магадгүй ажлын арга барилын зөрүү байсан байх, энийг би үгүйсгэхгүй.
Эрхзүйн чадамжийн тухай ярьж байна. Тэр цаасан дээр байгаа үндэслэлийн тухай би ярьж байна. Засгийн газар Энэ их хурлаас байгуулагдсан. Эрхзүйн чадамжтай байгууллагаас эрхзүйн чадамжтай байгууллага гарна гэж бодож байна Их хурал өнөөдөр сонгуулиар бий болсон уу, түүнийг ард түмэн сонгосон уу, өөрийн гэсэн хуультай юу. Өнөөдөр надад ямар ч гадаад орны төрийн тэргүүнээс захидал ирээгүй байна. Та нар эрхзүйн чадамжгүй юм байна, харьцахгүй гэж хэлээгүй байна..
Өнөөдөр ямар ч байгууллага, МАХН ын УЗ өөс өөр ямар ч байгууллага эрхзүйн чадамжгүй гэж хэлсэн тийм байгууллага алга байна. Та бүхэн эрхзүйн чадамжтай их хурал учраас эрхзүйн чадамжтай засгийн газраа огцруулах тухай ярьж байгаа байх аа гэж би бодож байна. Энэ бол хуулиар яригддаг зүйл. Энэ утгаар нь авч үзэх юм бол би та бүхний яриад байгаа зүйл ямар ч үндэслэлгүй гэж бодож байна.
Энэ Засгийн газар байгуулагдаад ажиллахдаа маш олон хүн төрийн албанд нэмэгдлээ гэж байна. Би өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Норовсамбуугаас бичиг авлаа. Төрийн алба ямар байсан юм бэ. Энхболд, Идэвхтэн, Улаан, Отгонбаяр дарга 5600-гаар нэмэгдүүлсэн гэж ярьж байна. Төрийн албаны зөвлөлийн 2006 оны 1 сарын 12-ны өдрийн надад өгсөн бичигт 2004 онд төрийн албан хаагчид 126525 хүн байжээ. Одоо 2005 онд, 2006 оны эхэнд 121760 болсон байна. Энэ тооноос харвал дөрвөн мянгаар буурсан тоо харагдаж байна. Энэ дээр бидний сэтгэлгээний зөрүү байгаа юм. Олон яам байж болно. Гэхдээ тэнд хүнд суртлын чирэгдэл битгий байгаасай гэж бодож байна. Гурван яамтай байгаад, гурван мянган авилгалын шат дамжлагатай байх юм бол төрийн алба улам ганхана. Бид тэрнийг багасгах ёстой гэж явсан. Бидний зорилго тэр, бидний байр суурь тэр. Авилга яаж эдийн засгийн хүрээнд явсныг Та бүхэн мэднэ. Ногоон гэрлээр гардаг компаниуд гэж гаргаад, тэр рүү нь хэдэн компани ороод, тэр рүү нь орохын тулд бүгд мөнгө төлж зүтгэсэн байгаа. Тэр цаасыг нь урж хаясан. Энэ бол бидний арга барилын зөрүү. Урж хаях ёстой. Ер нь эдийн засаг, аж ахуй эрхэлж байгаа, амьдралаа өөд татахын төлөө явж байгаа, энэ улсын төсөвт хийсэн цаасны хэдэн төгрөгийг татвараар өгч байгаа тэр аж ахуйн нэгжүүдийг бид тэгж дарамталж, боомилж болохгүй. Би гарч ирээд тэр шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан дараа нь урсан. Энэ бидний арга барилын зөрүү бий. Татварын албанд байсан 200 гаруй журам 50 болтлоо буурсан, гаалийн албанд байсан 260 журам 120 болтлоо буурсан. Цаашаа ч явах ёстой. Энэ дээр бид нарын ажлын арга барилын зөрүү байгаа байх гэж бодож байна.
Ингэж авч үзэхийн бол Та бүхний тавиад, хэлээд байгаа тэр үндэслэлүүдийг би харлаа.
Юмны үнэ өссөн тухай асуудал. Бензин шатахуун өсөөд байна гээд байдаг. НИК гэдэг компани хувийн өмчид оччихсон. Өмнө нь би Ерөнхий сайд байхад НИК төрийн өмчинд байсан. Төрийн өмчинд байсан учраас заримдаа үнийн өсөлтийг барьж чаддаг байсан. Хүний өмчид бид тэгж хэлж болохгүй байх. Гэхдээ өөрөөр татвар дээр ажиллаад, хөнгөлж өгье. Энэ асуудал дээр өөр байдлаар шийдвэрлэе гээд явж байгаа. Энэ дээр бол зөрүү бий. Нэг зүйлийг хэлмээр байна. МАХН-ын бага хурал дээр МАХН-ын дарга хэлсэн үгэндээ Тэтгэврийн доод хэмжээг 50 мянган төгрөг болгоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 мянга болгоно. Хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг 150 мянга болгох ёстой, болгохын төлөө ажиллацгаая гэсэн. Та бүхэнд үүнийг хийгээсэй гэж хэлмээр байна. Цалин нэмэхийг Засгийн газар шийддэггүй юм. Төсвийг Та бүхэн баталж өгдөг. Энэ УИХ олонхи буюу 38 гишүүнтэй байгаа. Та бүхэн баталж өгдөг юм. Цалин нэмэх дуртай байгаа. Ер нь хүмүүсийн орлого багасаж байгаа гэвэл Та бүхэн нэмж өгдөг юм. Тэтгэврийн нэмэгдэл орж ирэхэд нэмсэн. Цалинг нэмэх асуудлыг Та бүхэн шийдэж, ямар байдлаар яаж нэмэх вэ гэдгийг Засгийн газар шийддэг юм. Їүнийг ялгаж харья. Би Баярсайхан сайдад энэ 2 сарын 1-нээс цалин нэмэх тухай асуудлыг ярья гэж хэлсэн. Энэ 4 сарын 1-нээс 10 сарын 1 гэж тооцож байсан. Одоо энэ 2 сарын 1-нээс нэмэх хэрэгтэй. 20 хувиар нэмье. Їнэхээр ядуурал нэг удаа бий болоод гарч ирээгүй, нийгмийн бухимдал нэг өдөр гарч ирдэггүй юм байна. Хүн нэг өдөр ядуурдаггүй юм байна.
1999 онд байсан 200 төгрөгийг төлөх чадвартай хүн өнөөдөр Улаанбаатарт улам цөөрсөн байна шүү. Тэгээд 300 төгрөг болгосон байна. МАХН-ын удирдах зөвлөлийн шийдвэрээр санал болгоод Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажиллаж байгаа нөхөр өөрөө Засгийн газрын хурал дээр орж ирээд, энэ асуудлыг би шийднэ гээд амлаад гарсан. Одоо яаж шийдэж байна Та бүхэн харж байгаа. Їнэ гэдэг бол төлбөр, мөнгө төлж байгаа хүн буюу худалдан авагч, зах зээлээсээ хамаардаг юм. Өнөөдөр худалдан авагчийн чинь байдал хэцүү болсон байна. Автобусны үнийг 300-гаар тогтоочихоод, 3 хүүхэд нь сургуульд сурдаг, авгай, нөхөр хоёулаа ажил хийдэг бол сарын цалин нь хүрэхгүй байна. Їүнийг авч үзэх ёстой. Энийг дараа байгуулагдах гэж байгаа тэр Засгийн газар авч үзээсэй гэж бодож байна. Нийтийн тээвэр болон бусад газруудад байгаа авилгал, хүнд суртлыг арилгахгүйгээр явахгүй болсон байна. Сая зарим гишүүн Монгол Улс сөнөж байна болохгүй байна гэж байна. Їнэхээр авилгал, ядуурал, эрс шинэчлэл хийхгүй байгаагаас болоод ийм байдал руу даамжирч орж байгаа нь үнэн. Їүнийг хийх байх гэж найдаж байна. Хүн бүр тогтвортой байдлын тухай ярьж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч томилогдохдоо тогтвортой байдал гэж ярьж байсан. УИХ-ын дарга гарч ирээд хэвлэлд ярилцлага өгөхдөө тогтвортой байдал, хамтарсан Засгийн газрыг сайн ажлуулах тухай ярьж байсан. Төр засгийн өндөр албан тушаалд томилогдоод ажиллаж байгаа хүний үг бол Монгол Улсын, монголын ард түмний үг байдаг юм. Гадаадын нөхдүүд ингэж л хүлээж авдаг юм. Хоёр, хоёр жил гэсэн хугацаандаа ажиллах юм байна шүү. Юм хийхийн байна гэж итгэж харж байсан зөвхөн өөрийнхөө ард түмний бус, олон гадна, дотнын ард иргэд, төр засгийн байгууллагуудын, хамтарч ажиллаж байсан олон улсын байгууллагуудын өөдөөс ус цацаж байна. Ийм байдлаар цааш үргэлжлүүлж болохгүй. Энэ итгэлийг эргэж татахын төлөө нэлээн ажил хийх шаардлагатай болсон байх аа гэж бодож байна. Тогтворгүй байдлын үнийг хэн төлдөг юм бэ гэвэл тогтворгүй байдлыг бий болгож, албан тушаал эрж байгаа цөөхөн хүнээс бусад бүх ард түмэн төлдөг юм. Тогтворгүй байдлын үнийг ард түмэн төлдөг учраас тэд нар дургүй байдаг юм. Хүн бүхэн төлдөг. Хүн бүхэн тэрний золиос болдог юм. Тийм учраас хүмүүс дургүйцдэг байхгүй юу. Тийм учраас өнөөдөр Засгийн газар нь ямар ч ажиллаж байсан огцруулж болохгүй. Өнөөдөр явуулсан санал асуулгаар 700 хүнээс санал авахад 640 хүн нь огцруулж болохгүй гэж хэлж байгаа бол зөвхөн энэ Засгийн газрын сайн, мууд нь биш ээ. Тогтворгүй байдал бий болчих вий. Дахиад нэг албан тушаалаа хуваарилах гээд булаалдаад, тендер хооронд нь зарлагдаад тэр рүү нь гүйж ороод ингээд улс орны тогтворгүй байдал бий болох вий дээ. Дахиад бүтэн сар монголын улс төр, төр засгийн ажил саатах вий дээ. Асуудал шийдэх боломж нь орхигдох вий дээ гэж боддог учраас хүмүүс дургүй байдаг юм.
2000-2004 онд УИХ-ын гишүүдийн 90 хувийг нь эзэлж ажилласан Хувьсгалт нам амласныхаа дагуу ядуурлаас ард түмнээ аварсан бол бид өнөөдөр энэ тухай ярихгүй, өөр хөгжил дэвшлийн тухай ярих байсан л даа.
Би Та бүхнээс итгэл үзүүлээд өгөөч гэж хэлэхгүй. Хэн юу ярьж, хэн ямар байдлаар дараачийн Засгийн газраа байгуулах гэж явж байгааг мэднэ. Би М.Энхболд даргад олон удаа хэлж байсан. Энэ Засгийн газрын огцруулах тухай асуудал өнөөдөр ярьж байгаа юм биш. Байгуулагдсан цагаас нь эхэлж ярьсан. М.Энхболд даргаа гарч ирлээ, хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу, хэлж ярьж байгаа шигээ энэ улс орныг ядуурлаас гаргаж чадах уу. Авилгалыг шийдэж чадах уу. Засгийн газар чинь хурдан байгуулагдах уу. Энэ бүхнийгээ харсан юм байгаа биз. Энхболд даргатай уулзаж ярилцахад энэ ар талыг нь сайн хараагүй юм шиг байна гэж би ойлгосон.
Ардчилсан намын байр суурийн талаар хэдэн зүйл хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Зөвшилцлийн Засгийн газрыг байгуулахдаа уг нь тусад нь хууль баталдаг юм байна лээ. Зөвшилцлийн Засгийн газраа яаж байгуулах уу гэж ярьдагтайгаа адилхан яаж огцруулах вэ гэж ярьдаг юм байна. Бат-Їүлийн хэлдгээр нэг нам орж ирээд, үндсэн хууль зөрчсөн байдлаар, ард түмний эрх ашгийн эсрэг байдлаар нэг намын шийдвэрийг тулган хүлээлгэдэггүй юм байна. Өнөөдөр монголд тийм хуульгүй өөр хууль байгаа байх тэрүүгээрээ явья. Би хувьдаа хамтарч ажиллая гэж бодсон. Энэ засгийн газрыг огцруулья. Дараа нь бүх хүнд, бүх намд санал тавьж байгаа. Ардчилсан нам өчигдөр гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гаргахдаа бид нэг л Засгийн газарт орно гэдгээ хэлсэн. Бид нэг л удаа итгэсэн. Сонгуулийн дараа энэ Засгийн газрыг байгуулж, ажиллах ёстой гэдэг нь ойлгомжтой байсан. Ардчилсан нам хамтарч ажиллана гэдэгт би итгэж байна. Ардчилсан нам бүтээлч, сөрөг хүчин байх нь хамгийн сайн хамтарч ажиллаж
байгаагийн хэлбэр болох болно. Сул оролцогч байснаас харин хүчтэй сөрөг хүчин байсан нь өнөөдрийн эрх чөлөөт Монгол, өнөөдрийн ард түмний эрх ашигт, өнөөдрийн хууртагдсан эрх ашигт хэрэгтэй юм байна. Їнэхээр 38 гишүүнтэй, ганцхан гишүүн нэмэхэд олонхи болчих гээд байгаа ийм боломжтой МАХН, хариуцлагаа хүлээе, ажиллая, шийдье гэж байгаа бол татгалзах зүйл байхгүй. Энэ Засгийн газар 17 гишүүнтэй 1 Ерөнхий сайдтай байсан. Эдгээрийн 10 МАХН-ын гишүүд шүү. Би дахиад сануулья. Эрх зүйн чадамжийн тухай хэлэхэд Ерөнхий сайд Засгийн газрын шийдвэр дээр гарын үсэг зурахад танай өргөдөл бичиж өгсөн сайд нар өөрсдөө гарын үсэг зурж байсан. Гаргасан бүх шийдвэр, УИХ-д өргөсөн бүх хууль нь эрх зүйн чадамжгүй Засгийн газраас гарсан гэж бодохгүй байна. Өөрсдөө гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Засгийн газрын нэрийн өмнөөс гэрээ, хэлэлцээр хийж явж байсан. Бусдын эрх зүйн чадамжтай Засгийн газартай монголын эрх зүйн чадамжтай Засгийн газар гэрээ хийгээд явж байсан. Энэ бүхнээс би ухрахгүй. Їнэхээр өнөөдөр муу байгаа бол дээрдүүлэхийн төлөө явах ёстой. Би энд нэг удаа Ерөнхий сайд болох гэж орж ирээгүй, энэ орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гэж орж ирсэн. Би өөрийн нөхдүүдэд Та нар олонхи болсон бол би Ерөнхий сайдаар орж ирэхгүй байсан. Ярьсан хэлэлцсэн. Ярьсаар байгаад хоёр талаас өөрөө зүтгээд үз л гэсэн. Зүтгэсэн. Энэ шийдвэрийг гаргасан намуудад, нөхдүүдэд, энэ боломжийг олгосон Та бүхэнд баярлалаа. Дахиад Монгол Улсын төлөө, монголын ард түмний сайн сайхны төлөө зүтгэх боломж гарч ирнэ гэж итгэж байна.
Гэхдээ энэ төрийг нэг удаа хариуцлагыг нь өгөөд, үүрье гэж байгаа үүргийг нь өгөөд харья. Өнөөдөр Та нар талаараа байна. Талаараа байгаад, та нар хариуцлагаа үүрээд, асуудлаа шийдэж чадахгүй бол, дараа нь ард түмний сонгуулиар бүтэн болж ирж байж, эндээс авилгачдыг алга болгож байж, асуудал шийдэж чаддаггүй улсуудыг бүгдийг нь сонгуулиар халж байж асуудал шийдэх тэр тал руугаа явах нь ойлгомжтой. Ард түмний хараа урт байдаг юм. Засгийн газар огцрохтой холбоотой энэ яригдаж байгаа зүйлийг ард түмэн олон жил санах болно. Ард түмэн хүлээлгэх хариуцлагаа хүлээлгэдэг юм. Энэ Засгийн газар байгуулаад ажиллахдаа гишүүддээ болон аймаг засаг дарга нарт нэг л зүйлийг хэлсэн. Хувь, хувьсгал хоёроо ялгаж ажиллаарай, ажил чинь хугацаатай шүү, засаг бол ард түмний төлөө үйлчлэх гэж байдаг юм, засаг бол дарангуйлах гэж байддаггүй юм, засаг бол үг хэлэх гэж байгаа хүмүүсийг амыг нь боох гэж байдаггүй юм, засаг бол гудамжинд гарч байгаа цуглааныг хянах гэж байдаггүй юм, засаг бол шүүмжилж байгаа сониныг зогсоох гэж байдаггүй юм, засаг бол ард түмний үгийг сонсох гэж байдаг юм, засгийн чих нээлттэй байх ёстой. Тиймээс хувь, хувьсгалаа ялгадаг хүмүүс энэ засагт орж ажиллах ёстой шүү, улс төрийн албан тушаалтнууд тийм байх ёстой шүү гэж хэлж байсан. Худалдаж болохгүй эрх ашиг гэж байдаг.
Энэ орны тусгаар тогтнол, эрх чөлөөг худалдаж болохгүй, хөгжил дэвшлийн эрх ашгийг худалдаж болохгүй. Яг үүнтэй адилаар хорлож болохгүй эрх ашиг гэж байдаг. Энэ эдийн засгийн өсөлт, боломж, тогтворжилт, 15 жилийн дараа арай гэж хоёр талдаа ярилцаад шийдэх гэж байгаа энэ боломжийг бас хорлож болохгүй.
Ямар шийдвэр гаргах нь Та бүхний асуудал. Битгий огцруул, итгэл үзүүлээд орхи гэж би гуйхгүй, хэлэхгүй. Аливаа парламент их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн байдаг юм. Ард түмнээ мэдрээрэй, Та бүхнийг сонгоод явуулсан ард түмэн чинь гадаа юу гэж байна, УИХ-ын эрхэм гишүүд сонгуулийн компанит ажлаа нэг удаа санаарай. Энэ индэр дээрээс олон удаа хэлж байсан. Ядууралтай тэмцэнэ гэж ярихад ганц ерөнхий сайдын асуудал болгож байсан. Та нар ярихдаа ядуурлын тухай ярьдаг байсан. Та нар гарахдаа ямар асуудал байна би шийдээд өгье гэж явсан биз. Бүх гишүүн тэгэж явсан. Та нарыг хэн ч хүчээр энэ УИХ руу оруулж ирээгүй. Тэгэхээр их ард түмний төлөөлөл болсон бага ард түмэн жинхэнэ төлөөлөл байгаарай. Тэр их ард түмний эрх ашигт туссан шийдвэрийг эндээс гаргаж байгаарай гэж хэлмээр байна.

2006 оны 1 дүгээр сарын 12

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button