Хайрын цэцэрлэгт

Yлгэр болсон гэж шулганалдаж байна
Хангарьдын өд хатгасан
Хачин том хар шар шувууд
Хахир дуугаар уран дуугаар жиргэж
Хамаг жигүүртнийг тайвшруулж бас
Айлгаж байна
Амлаж байна
Ганцхан бид л
Хайрын цэцэрлэгт
Хаан байсан
Хаан байна
Харин та нар
Биднийг үг дуугүй дага гэж
Тушааж
Тулгаж
Турхирч
Том байна
Хайрын цэцэрлэгт
Хар цагаан өнгө сүлэлдэж
Хэн нь хэн болохоо мэдэхгүй байна
Хар хэрээ цагаан хун болж жүжиглэж байна
Тоть хаа сайгүй нисэж
Түмэн жигүүртний хэлэлцэхийг
Давтан давтан хүргэхийг хүсэвч
Даан ч замдаа өөр шивнээ сонсож байна
Давтах үгс нь дандаа нэг ижил болж
Дуу нь гарахаа больж байна
Дэндүү хувь заяанд гутарч байна
Дахин дахин ичиж байна ичиж байна
Тоть тоть биш болж
Тоть үнэн үгийг давтаж чадахаа больж
Тоть тоть биш болж
Тоть үлгэр зохион яригч болж
Хайрын цэцэрлэгт
Болжмор тагтаанууд
Босон суун босон суун байна
Зүсэм талхны булан
Зүүдэлж сэрээд
Уйлж чадахгүйдээ бухимдан
Уртаар санаа алдаж чадахгүй дээ гуниж
Шулганаж байна
Бөөн бөөнөөр нийлэн шулганаж байна
Бүгд л нэгэн дуугаар шулганаж байна
Бүр дээр нь бүх жигүүртнүүд нэмэгдсээр
Бүхэл бүтэн хайрын цэцэрлэг оволзож байна
Хангарьдын нэр зүүгч
Хааны суудлыг зуун зуунаар эзлэхийг хүсэгч
Зарим нэгэн жигүүртний
Зарлиг юуг эсэргүүцэж
Бөөн бөөнөөрөө энд тэнд
Бөөгнөрөн нисэлдэж
Шулганалдаж байна
Шувууд хүртэл
Хайрын цэцэрлэгтээ
Хосууд зугаалж
Хайрын үгс шивнэж
Сарнай дэлбээлж
Сайхан үгс шивнэж
Өвгөд хөгшид нарлаж
Өхөөрдөм жаалууд тоглохыг хүсэж
Шулганаж байна
Шулганаж байна
Шар хар шувуудаас айн
Чимээгүйхэн шулганаж байсанаа
Чимээ өндөрсөж
Ганцхан том тэнгэр лугаа болон бүрхэж
Газарт буух гэж байна
Хайрын цэцэрлэгт
Хамгийн эцэст жаргал ирнэ гэж
Хамаг жигүүртнүүд
Хүслээ нийлүүлэн дуулж байна
Хайрын цэцэрлэгт…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button