МАХН-аа хамгаалах хөдөлгөөн жагсаж эхэллээ

Тэдний төлөөлөл эхлээд Улаанбаатар хотын захирагчид шаардлага тавьж зорилгоо биелүүлээд, Засгийн газар луу дайрахыг оролдсон. Ордон луу орж чадаагүй цугласан олон МАХН-ын байран дээр ирээд хүч хэрэглэн дайрч орлоо. Цугласан олон дайрч орохдоо тус намын байрны цонх хаалгыг эвдэн сүтгэсэн байна. Yүний хариу болгон Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо өнөөдөр цуглаан зохион байгуулж байна.
Цуглааныг Хөгжлийн төлөө иргэдийг хөдөлгөөн, МАСЗХ, МАХН-ыг хамгаалах хөдөлгөөн, Монголын ахмадын хөдөлгөөн хамтран зохион байгуулж байна. Дээр дурьдсан иргэний хөдөлгөөн, холбоо хамтран өчигдөр Намаа хамгаалах хөдөлгөөн-ийг шинээр байгуулсан байна. Тус хөдөлгөөний зүгээс хийж буй анхны алхам нь МАХН-ын гишүүд, дэмжигчдийг хамарсан цуглаан.

Энд дарж бичлэг үзнэ үү

Хөдөлгөөнийхэн эхлээд МАХН-ын төв байрны хурлын зааланд мэдэгдэл хийгээд одоо талбай дээр жагсаал зохион байгуулж байгаа юм.
Энд дарж бичлэг үзнэ үү

Тус хөдөлгөөнөөс гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл
Монгол улсад өрнөж буй өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд МАСЗХ-ны гишүүн мянга мянган залуучууд бид Монголын нийт ард иргэдийн адил сэтгэл нэн зовниж байна.
МАХН бол УИХ-д хамгийн олон гишүүнтэй улс төрийн хүчний хувьд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг ажиллуулж, ард түмний амжиргааг сайжруулна гэж бусдын адил итгэж байсан. Гэтэл улс орны хөгжилд эрс ахиц гаргаж болохуйц нэн тааламжтай орчин бүрдээд буй энэ үед ард түмнийг ядуурлаас баттай гаргах ганц гарц болох эдийн засгийн өсөлтийн хурдац эрс саармагжиж, ядуурал ажилгүйдэл үл буурч, хоосон амлалт, хөөрүү сурталчилгаа ард иргэдийг согтууруулан хуурах болсон. Ганц жилийн дотор 50 хувиар буурсан эдийн засгийн өсөлт, дараа жил улам буурахыг МАХН хүлцэнгүй хүлээх эрхгүйгээ ухамсарлаж, улс төрийн зориг гарган Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь ард түмнийхээ төлөө Монгол Улсыг хөгжлийн гацаанаас гаргахад чиглэсэн үйлдэл болно.
Ядууралтай тэмцсэн дайны үр дүн хаана байна? Үнийн өсөлт ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох бодит ажил бидэнд хэрэгтэй байна. Ил тод байдлыг хангах, авилгалын хуулийг гаргаж авилгалтай тэмцэх тогтолцоог бий болгох, төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж нийгмийн баталгааг ханган авилгальтай жинхэнээсээ тэмцэхийг бид эрхэмлэж байна. Энэ ажлыг ярих биш хийх Засгийн газар бидэнд хэрэгтэй. Засгийн Газрыг ийнхүү огцруулах үйл ажиллагаа нь Монгол Улсын бүх ард түмнээрээ баталсан Үндсэн хууль болон бусал хуулийн хүрээнд хийгдэж байна. Мөн дээрх шийдвэр нь ардчилсан хэм хэмжээний хүрээнд гаргагдаж, хэлэлцэгдэж буй болно. Гэтэл энэхүү ардчилсан үйл явцыг үл ойшоож МАХН-ын байрыг Эрс шинэчлэл, Эрүүл нийгэм хөдөлгөөнийнхөн коммунист хувьсгалчдын маягаар эзлэн түйвээв. Чингэхдээ тэдгээр нь намын байран дахь эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, туг сүлдийг галдан шатааж, энгийн ажилтан, ажилчдынх нь эрх чөлөөнд бүдүүлгээр халдан зодсон балмад хэрэг үйлдэв.
Ийнхүү монгол хүн монгол хүндээ зандалчилж, Монгол Улсын тусгаар тогтнолыг байлдан хамгаалж, ардчиллыг эхнээс нь дэмжин хөгжүүлсэн Монгол Улсын ууган намд хууль бус дээрэнгүй халдлага хийв.
Үүнийг эгнээндээ 60 гаруй мянган залуусыг нэгтгэсэн манай МАСЗХолбоо эре эсэргүүцэж байна. МАСЗХолбоо Монголын ардчилал хөгжлийн төлөө бодлого үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлдэг байгууллагын хувьд ард иргэд, залуус оюутнууд, мянга мянган дэмжш чиддээ эв эеийг хичээж ардчилсан үйл явц, хууль ёсыг дээдлэн дэмжиж, хамгаалан тэмцэх болно гэдгийг зориуд онцлон мэдэгдэж байна. Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, ардчилалын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө эд хөрөнгөд халдлан довтолсон нийгмийн эмх замбараагүй байдалд турхирсан энэхүү бусармаг үйл ажиллагааг эре эсэргүүцэж байна. Ардчилалаа хамгаалцгаая. Ард иргэдээ, залуучуудаа.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

Жагсаал зохион байгуулагчдын эгдүүцлийг хүргэх болсон гол шалтгаан нь өчигдөр Эрс шинэчлэл, Эрүүл нийгэм хөдөлгөөнийнхөн МАХН-ын төв байр луу халдаад зогсохгүй эд хөрөнгөнд нь халдаж, ажилчидыг нь зодож гэмтэл учруулан, хэл амаар доромжилсон байна. Тэд энэ тухай хэлэхдээ энэ байр бол хэн дуртай нь халдаад нэвтэрээд байдаг эзэнгүй байр биш. Энэ бол Монголын ард түмнийг өнөөгийн байдалтай хүргэсэн их түүхтэй байгууллага гэсэн юм.

Энд дарж бичлэг үзнэ үү

Мөн тэдний зүгээс дараах уриалгыг гаргасан байна.

МОНГОЛЧУУДАА, МАХН-ЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧДЭЭ
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хөлс цусаараа хамгаалж, эх орны хөгжил дэвшил хувь заяаг үүрч ирсэн МАХН, түүний төв байранд Ардчилагч дүрээр баг хийж, ард түмний нэр барьсан хутган үймүүлэгчид бүдүүлэг хэрцгийгээр халдлаа.
Эх оронч өвөг дээдсийн маань цусаараа тамгалсан намын тугийг шатааж, намын ажилчдыг зодож, эд хогшлыг эвдэж, гал голомтыг минь доромжиллоо.
МАХН-ыг булшлах гэж санаархсан жинхэнэ авилгач Элбэгдорж, түүний гар хөл бологч Ганбаатар, Батзандан нартай хариуцлага тооцож тэмцэх цаг нэгэнт болжээ.
Бид эвийг эрхэмлэж байхад тэд эвдрэлийг хүсч байна.
МАХН-ын нийт гишүүд дэмжигчдийг 1- р сарын 13.14.15-ны өдөр 10.00 цагт болох Намаа хамгаалах хөдөлгөөний жагсаал цуглаанд нэгдэхийг уриалж байна. МАХН эзэнтэй, гишүүдтэй, хүчтэй гэдгээ харуулж үндсэн хуулиа, ардчилалаа, намаа хамгаалцгаая. Өнөөдөр МАХН-ын байрыг, маргааш таны гэрийг, нөгөөдөр Монголын төрийг сүйтгэх гэж байна. Үндсэн хуулийг уландаа гишгэж, ардчилалын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдан довтолсон анархизмыг устгая, авилгачдыг цээрлүүлье.
Атгасан гар шиг нэгдэцгээе, босоцгооё, тэмцэцгээе. Та бидийг төрийн сүлд өршөөг.

МАХН-АА ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button