Хайр дурлал, секс, гоо сайхан нэгдсэн цагт төгс төгөлдрийг олно

Олны танил хүмүүсийн амьдрал, уран бүтээл хэрхэн өрнөж ард түмэнд авьяас билэгээрээ танигдах болсон нь одоо хэнд ч сонин биш болжээ. Энэ удаад тэдгээр хүмүүсийн нууцлаг ертөнцөөр аялаж тэднийг арай өөр өнцгөөс харахыг хүссэн юм. Ингээд манай Оддын нууцлаг ертөнцөөр булангийн анхны зочноороо Хар сарнай хамтлагийн ахлагч дуучин С.Амарааг урьж хөөрөлдсөн юм.

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе?
-Баярлалаа. Чамд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе.

-Энэ удаад бид сонирхолтой сэдвээр халуун яриа өрнүүлэхээр болоод байна. Өөрийн тань уран бүтээл аль эсвэл таныг тойрсон сенсааци огтхон ч биш?
-Бурхан минь тэгээд юу ярих болж байна аа. Энэ чинь ёстой сонирхолтой юм байна даа.

-Тэр мэдээж хүн бүрийн амьдралын нэг хэсэг болон таны нууцлаг ертөнцөөр аялах болно. Тэгээд та аялахад бэлэн байна уу?
-Нэгэнт яриа өгөхөөр зөвшөөрсөн учир аялаад үзэх үү дээ. Ер нь байлдааны бэлэн байдалд байхгүй бол тонгорч ч мэдэх юм биш биз.

-За тэгэхээр хоёулаа халуун яриандаа оръё. Өөрийг тань ажаад байхад эхнэр авахыг нэлээд хойш тавьдаг хүн юм. Ингэхэд хайр дурлал, секс, гоо сайхны талаар ямар бодолтой явдаг хүн бэ?
-Эхнэр авах бодолгүй хүн гэж огт хэлж болохгүй шүү. Мэдээж хүн л юм хойно нас явах тусам эхнэр авах талаар илүү их бодох болдог юм билээ. Надад нэг нууц бүсгүй бий. Яваандаа гэрлэх нь тодорхой.
Миний бодлоор хайр гэдэг хэн нэгнийг халамжлан бие биедээ итгэх итгэлийг хэлдэг болов уу. Харин дурлал гэдэг бол хоёр зүрх хослон жаргах учиртай. Секс бол хайр дурлал хоёроос үүдэн гардаг ч тэс өөр зүйл. Хэдийгээр дурлалцан хайрлаж байж сая секс гэдгийг мэдэрдэг гэж хүн бүр нэгэн дуугаар дуу алдан хэлдэг ч миний бодлоор секс гэдэг яах аргагүй хүн бүрт тэгш заяасан бурхны хишиг.
Гоо сайхны хувьд дээр өгүүлсэн болгон дээр илрэх ёстой зүйл ч гэлээ түүнийг тухайн хувь хүн хэрхэн илэрхийлж байгаагаас тэр гоо сайхан гэдэг юм бүрэлдэн бий болдог. Ер нь хайр дурлал гоо сайхан нэгдсэн цагт жинхэнэ төгс төгөлдөрийг олно шүү гэж хэлмээр байна.

-Зарим хүмүүс сайхан хайр байдаг болов уу гэж ярьдаг. Үнэхээр тэр хайр гэдэг чинь ном зохиолд л гардаг юм болов уу аль эсвэл цаг ямагт амьдрал дээр байдаг зүйл үү. Таны бодлоор?
-Ном зохиол дээр байна гэдэг чинь амьдралд байна гэдгийг нотлож байгаа хэрэг. Харин цаг ямагт гэдэг дээр анхаарч үзэж болох л юм. Хүн төрөлхтөн утга зохиолоороо өөрөө өөрийгөө дэлгэн тавьж түүхийг бичдэг. Энэ нь огтхон ч зөгнөлт зохиол биш гэдгийг баттай хэлж чадах юм байна. Үнэнчээр дурласан сайхан хайр зөндөө л байдаг ш дээ. Магадгүй сайхан хайр байдаг болов уу гэж асууж байгаа та өөрөө одоохондоо тэр хайртайгаа учирч амжаагүй яваа юм шиг санагдлаа.

-Та өөрөө хайр дурлалтайгаа учирч үзсэн нь тодорхой. Анхны хайрыг хэзээ амталсан бэ. Тэр хайр амттай байв уу. Аль эсвэл гашуун байсан уу?
-Ойрмогхон л жинхэнэ хайртайгаа учирсан болов уу гэж бодож байна.
Би дээр гэрлэх бүсгүйн талаар дурдсан шүү дээ. Мэдээж, өнөөг хүртэл ор тас дурлаж, хайрлаж үзээгүй юм уу гэхээр бас үгүй олон дурлаж байсны хувьд тэдэн дунд хайр явж л байсан байлгүй. Анхны хайраа хөгжим бүжгийн дунд сургуульд байхдаа нэг хөөрхөн охинд өгч билээ.

-Хэн гэдэг ямархан охин байсан бэ. Одоо хаана юу хийж яваа талаар сураг ажиг тавьдаг биз дээ?
-Одоогоор түүнийг нууцалж болно биз дээ. Хаана юу хийж явааг зөвхөн өөртөө үлдээж болно гэж бодож байна.

-Хайр дурлалын талаар багагүй хөөрөлдлөө. Одоо хоёул таны нууцлаг ертөнцийн талаарх яриандаа орох уу. Шууд утгаар нь хэлбэл таны сексийн хувийн нууц руу өнгийнө гэсэн үг. Хэр сэрэл мэдрэмжтэй, ямар үнсэлт таалагддаг, таны амьдралд секс хэдэн хувь эзэлдэг гэх мэт асуултанд хариулахгүй юу?
-Хааяа нэг ам халсан үедээ найз нөхөдтэйгээ сексийн талаар халуун яриа өрнүүлж байсан. Ер нь сексийн амьдрал нууц гэдэг утгаараа тэр бүр олонд дэлгэж яриад байх зүйл биш юмсан. Чи ч ёстой халаадаг бүсгүй юм аа. Сэрэл мэдрэмжийн хувьд хүн л юм хойно зургаан мэдрэхүйн нэг болох хүртэл мэдрэхүйтэй байлгүй яахав.
Тэр дундаа энэ мэдрэмж секс дээр илүү түлхүү илэрдэг гэж би бодож байна. Хүн өөрийн авч байгаа бүхий л сэрэл мэдрэмжээс сексийн мэдрэмжийг илүүд чухалчилж үздэг шүү дээ. Би ч мөн адил энэ тал дээр их нарийн нандин ханддаг. Үнсэлтийн хувьд хайрын нандин бөгөөд бие биенээ татахуйц нэг тийм эд шидийн үнсэлтэнд дуртай. Хүний амьдралыг сексээр хувилж лав болохгүй. Сексгүй амьдрал гэж байдаг хэрэг үү гэж асуух л байх.
Энэ утгаар нь амьдралыг сексээр хувилж болохгүй гэж хэлээд байна л даа. Секс гэдэг бол өөрийн гэсэн амьдралтай тэр амьдрал дундаа байнгын 100 хувь байж чаддаг. Магадгүй хүн бүр адилгүй учир тийм байлгаж чадахгүй хүн байж болно. Өөрийн амьдралаа секстэйгээ хольж хутгах ч юм уу. Аль эсвэл сексийн жинхэнэ амьдрал байдаг гэдгийг ухамсарладаг нь цөөхөн болоод тэр. Миний хувьд амьдралд секс хэдэн хувь эзэлдэг вэ гэхээсээ илүү сексийн амьдралынхаа 100 хувийг бүрэн алдахгүй авч явна уу үгүй юу гэдэг л сонин.

-Эрчүүд ямар тохиолдолд хөнжил дотроо учиргүй их гомдох бол?
-Чи мөн халааж байнаа. Гомдлын талаар дүрсэлж хэлбэл Антрактид тивд гал дүрэлзэж байхад түүнийг анзаарахгүй хүйтэн хөндий ганцаар суух юм болов уу?

-Аливаа хүнд сексийн хүсэл тачаал хүчтэй илэрдэг шиг бусад зүйл дээр мөн адил байдаг бол яах бол?
-Энэ нь хоёр талтай. Яагаад гэвэл хүсэл тачаал бусдаас илүүг маш түргэн хугацаанд мэдэрдэг учраас нэг бол бүх юм маш хурдан хөгжинө. Үгүй бол бүх зүйл эмх журмаа алдана.

-Зарим нэг хүмүүс сайхан сексийн дараа заавал сайхан үг тээдэг гэж боддог. Таны хувьд хайртдаа илгээх тэр үг?
-Ямар нэг үг илгээхгүй үйл хөдлөлөөрөө илэрхийлж болно. Гэвч хайртдаа нандин, баярласан, жаргалтай үгээ илгээхгүй бол алдас болно биз дээ. Олон сайхан чихэнд чимэгтэй үг хэлж болно тэр дундаа би чамд хайртай гэдэг үгийг л мартаж болохгүй гэж эрчүүддээ захимаар байна.

-Хамгийн сүүлчийн асуулт. Асуулт ч гэж дээ гуйх хүсэлт байна. Сексийн оргил үеийг нэг үгээр гоё дүрсэлж өгөхгүй юу?
-Сүүлийн асуулт юм байна гээд хариулахыг оролдоё. За байз юу гэж хэлмээр юм бэ дээ. Оргилуун дарсны ёслолын буудлага болж байна уу. /инээв/

Нууцлаг ертөнцөө бидэнтэй хуваалцсанд баярлалаа.

(өнөөдрийн монгол 2006-01-13 179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button