УИХ-н гишүүн О.Энхсайхан Хайртай алаг морийг чинь шал танихгүй нөхөр хүнд зарна гээд явж байвал яахав?

Эмч нарт бол хамгийн анх хүний бие эрхтэн гээд л эхэлдэг биз. Харин бидэнд юу гэж заасан гээч? Цэргийн хүнд бол эх орон гэж юу болохыг хамгийн анх заадаг, эх орныхоо хилийн заагийг харуулаад үүнийг л нүд цавчилгүй манах ёстой гэдэг. Маш олон аавын хүү, ээжийн охины халуун амь бүлээн цус шингэсэн энэ л газар, өлгий нутгаа нүдний цэцгий мэт хайрлах ёстой гээд эх орноо хэрхэн хамгаалахыг л заадаг. Энэ бол цэргийнхэний 18-хан настайгаасаа эзэмшсэн мэргэжил, бас өргөсөн тангараг… гэж бэлтгэл офицерууд ярьж байна. Ийм бэлтгэл офицерууд Миний Монголын газар шороо хөдөлгөөнийг байгуулжээ. 18 настайгаасаа цэргийн алба хаагаэд 22-той төгсөхөд нь дахин 30 цэрэг хариуцуулчихна. Тэдэндээ мөн л дөрвөн жилийн турш заалгасан эх орон, хилийн зурвас, түүнийг хэрхэн хамгаалах тухай зааж мөн л эх орны манаацэрэг эрийн тангараг өргүүлнэ. Цэргийнхэний амьдралын хамгийн товчхон дүр зураг энэ.
Эх орон гэж юу болох, түүнийг хамгаалахын утга учрыг бидэнд зааж, биднийг хүмүүжүүлж байсан дарга нар, бас бидний гараар өссөн цэргүүд одоо бидэнд хандаж байна, бас биднийг харж байгаа. Зөвхөн энэ жаахан алга дарамхан газрын төлөө амиа зольж байсан эзэн Чингисийн үеэс эхлээд үе үеийн цэрэг эрсийн сүнс биднийг харж байгаа.

Монголын эр цэргүүд Иракийг хамгаалаад завгүй байх хооронд гадныхан газар шороог минь ухаад арилж байна
Биднийг цэргийн алба хааж байх үед аюул занал гадна талаас ирнэ гэж сэрэмжилдэг байсан бол одоо гадныханд найр тавьсан дайснууд дотор талд хэдийн бий болчихсон байж шүү дээ. Харсаар байтал хамар дороос хамаг юмыг маань гадныханд аваад өгчихөж байна. Өнөөдөр бидний дайснууд моторт танк, минамёт буугаар зэвсэглэсэн ногоон хувцастай дайснууд биш, цагаан захтай, зангиа зүүсэн, доллар цүнхэлж инээд алдсан сайхан төрхтэй луйварчингууд болчихоод байна шүү дээ. Эр цэргийг мянган жил тэжээж нэг л өдөр ашигладаг гэдэг. Бидний эх орондоо хэрэг болох цаг чухам одоо болсон биш үү? Эр цэрэг гэдэг бол эх орноо л хамгаалахаас өөр үүрэггүй хүмүүс. Гэтэл манай цэргүүд Иракийг хамгаалаад зав алга. Улс гүрний дайсан гадна талд байхад манай дайсан манай гэрт байна гэж хөдөлгөөний зохион байгуулагч Д.Номт ярьж байна. Эх орон нь хэрэг болсон цагтаа дуудахад хэзээд бэлэн байх үүрэгтэйгээр цэл залуугаараа бэлтгэл офицероор халагдсан, одоо ч идэр залуу насандаа байгаа офицерууд эх орныхоо төлөө эрслэн босоход бэлэн болжээ. Тэд төрд алба хашсангүй, овойж оцойтлоо баяжсангүй, тэдний амьдралд цагаан хар толбын аль нь ч алга. Тэдэнд зөвхөн эх орноо гэсэн чин сэтгэл, өргөсөн тангараг нь байна. Миний Монголын газар шороо хөдөлгөөн тэдний хувьд чухам л эх оронд нь эрэхлэг хөвгүүд нь хэрэг болсон тэр мөч15 жилийн дараах дуудлага байжээ.

Энэ чинь ариун явдал уу?
Монгол эх оронд минь гаднаас нь биш дотроос нь халдаж байна. Дайснууд хэрмийг эзлэхэд л урвагчид хаалга онгойлгож өгдөг шүү дээ гэж Миний Монголын газар шороо хөдөлгөөнийнхөн ярилаа. Ийм урвагчид өнөөдөр Монголын төрд дүүрчихээд байгааг тэд хатуу эсэргүүцэж байна. Саяхан Их тэнгэрт УИХ-ын гишүүд татварын багц хуулийн талаар ярилцаж байхдаа ашигт малтмалын талаар хөндөж ярилцав. Гэтэл хэрмийн хаалга онгойлгогчид-ын зарим нь Австралид нөөц ашигласны төлбөр гэж авдаггүй гэж ярьжээ. Харин өмнөхөн нь Австрали явж энэ талаар судалсан УИХ-ын гишүүн О.Энхсайхан тэдний нүүрэн дээр Австралид нөөц ашигласны татвар 7 хувьтай байдгийг хэлээд эрхэм гишүүдийн ямар зорилгоор улаан цайм худлаа мэдээлэл тарааж байгааг асууж, хатуухан шүүмжилжээ. Бороо гоулд компани гэхэд л 2003 онд 1,377 тэрбум, 2004 онд 5,795 тэрбум, 2005 онд 3,840 тэрбум төгрөгийн НӨАТ Монгол улсын Төсвөөс буцааж авсан байна. Бод доо, газар доорх алтыг нь нэг ч төлбөр төлөлгүй нэг гараараа ухаж авчихаад, нөгөө гараараа ядарсан бидний халааснаас ингэж авч байдаг байна шүү. Тэгээд ханаагүй 2,7 сая долларын авлагатай үлдчихээд байгаа. 40 тонн алтаа өгчихөөд дээрээс нь тэрбум тэрбумаар нь өртэй үлддэг ашигтай бизнесийг боливол яасан юм бэ?
Тэд ч яахав, аль болох их алтыг нь ухаж авч ашиг олоод арилж өгөх санаатай хүмүүс. Харин манай төр сахисан мануухайнууд юу хийж байсан байнаа? Хэрмийн хаалгыг онгойлгож өгөөд өөрсдөө шанд нь жаахан хувь хүртэж хувиа болгочих гэсэн санаагаа гүйцэлдүүлэхдээ тэд эрх мэдлээ, Монголын төрийн нэрийг, өөрт болон өрөөлд байгаа бүхнээ ашиглажээ.

Энэ бас ариун явдал уу?
Оюутолгой дэлхийн хэмжээний орд байтал тэд Ханбогдод халуун ус барьж өгөх тухай ярьж монголчуудыг доромжилж байна. Б.Болдбаатарт Үйлдвэр худалдааны сайд Сү.Батболдын оруулж ирж байгаа хууль 1997 оны хуулийн тоонуудын ард хэдэн тэг нэмснээс биш зарчмын өөрчлөлт хийгээгүй. Өөрийнх нь эрх ашиг байгаа юм чинь аргагүй шүү дээ. Тэр 1997 оны хуулийг өөрчлөхгүйн төлөө, тэгээд дээрээс нь тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулахын төлөө үхтэлээ тэмцэж байгаа. Яагаад гэвэл улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордыг сохор зоос төлөлгүй авч канадуудад зарчихсан. Нөгөөдүүл нь түүнээс тогтвортой байдлын гэрээ шаардаад байгаа. Тэгэхээр тэр их хүнд байдалд байгаа биз.
П.Болд Та нар бод доо, Оюутолгой бол дэлхийн хэмжээний орд. Гэтэл тэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд халуун ус барих, гурван ширхэг компьютер өгөх тухай ярьж байгаа нь монголчуудыг гэнэн тэнэг гэж дэндүү ихээр басамжилсан хэрэг биш үү? Тэр хавийн мотоцикльтой айлуудад арав арван литр бензин өгсөн гээд байгаа юмаа, инээд хүрмээр болчимгүй юм ярьдгаа боль! Биднийг мөн их доромжилж байгаа биз? Оюутолгой бол Монголд байтугай дэлхийд том орд шүү. Монголчуудын тархийг сонгуулийн шоу шиг юмаар угааж болно гээд тэд ойлгочихсон бололтой. 110 мянган ажлын байртай болгоно гээд байгаа юм. Хэрэв нэгээр нь нүх ухуулаад нөгөөгөөр нь бөглүүлэх маягаар коммунист субботник хийлгээд байвал 110 мянган ажлын байр гарах байх л даа. Монголд зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийх боловсруулах үйлдвэр байгуулбал дөхөж очиж магадгүй. Бид үүнийг шаардаж байгаа. Бороогийн уурхайг техникийн хурдаар биш шинжлэх ухааны хурдаар ухсан. Манайхан анх орж ирэхэд нь нөгөө л хуучин арга барил, техникээр сэтгэсэн. Хорин жил ухна, эхний таван жилд нь татвараас чөлөөлчихөөд дараагийн жилүүдэд нь нөхөөд баахан татвар авчих юм бодсон чинь эхний гурван жилд нь л ухаад дуусчихсан. Оюутолгой одоо яг энэ загвараар явж байна. Яг одоо, оройтоогүй дээр нь үүнийг зогсоохын төлөө бид тэмцэж байна. Зарим хүмүүс хэвлэлээр манай хөдөлгөөнийг цээжээ дэлдсэн хэсэг улсууд гэж ярьж бичих болсон. Бид эх орныхоо төлөө цээжээ дэлдэх нь битгий хэл амиа өгөхөд ч бэлэн байгаа шүү. Сонсох ёстой хүмүүс нь сонсоосой гэсэндээ үүнийг хэлж байна.

До.Ганболдоос эхлээд монголчуудаа хэтэрхий доромжилж байна
З.Эрдэнэбат Өдрийн сонин-д Оюутолгой явахыг хүссэн урилга гарсан байсан, тэд ч манай хөдөлгөөнийхөнийг хамт явахыг хүссэн.
Тэнд байгаа хэдэн гэрийг очиж үзэхээр бид очоод ч яахав дээ, ямар өвөлжилтийн бэлтгэл шалгах гэж байгаа биш. Бид зарчмын асуудал ярьж байгаа. Ашигт малтмалаас олох ашгийн талаас багагүй хувь нь Монголд үлдэх шаардлагыг л эзний хувьд бид тавьж байгаа гэдгээ хэлсэн. Ер нь ч тэгээд энд Айвенхоу Майнзын буруу ч гэж юу байхав дээ. Хамгийн гол нь ард түмний баялгийг гадныхантай хувааж идэх гээд байгаа хууль тогтоогч хударгагүй түшмэдүүдтэй л бид тэмцэж байгаа юм. Бидний тэмцэл бол нэг объектийг чи хувьдаа авна, би авна гэсэн хэрүүл бол биш. Харин Монголын баялгийг нэг луйварчны гараас салгаж Монголын ард түмэнд нь л хүртээх гэсэн зарчмын шал өөр тэмцэл.
Гэтэл До.Ганболдоос эхлээд зарим нь монголчуудаа хэтэрхий доош нь хийж доромжилж байна. 3 м жорлонгоо ухаж чадахгүй бай, гаа монголчууд 300 м ухна гэж юу байсан юм бэ гэж байх юм. Арай ч бас ингэж доромжилж болохгүй шүү. До.Ганболд чиньУИХ-ын дэд дарга байсан, ард түмний исгэл хүлээж ард түмэндээ тангараг өргөж байсан хүн шүү дээ.
Монголчууд ташуураа бариад мориндоо мордоход тэмцэх чадалтай улс шүү гэж нэг үг байдаг даа. Цагтаа бид ирт сэлэм, хурдан мориор биш оюун ухааны хүч чадлаараа дэлхийг эзэлж байсан монгол түмэн, аугаа гүрний үр сад шүү!
Б.Эрдэнэзориг Тэд бидэнд юу гэдэг вэ гэхээр 1997 оны ашигт малтмалын хуулийг өөрчилснөөр Айвенхоуд ажиллаж байгаа олон хүн ажилгүй болно шүү дээ. Энэ бол мянгаад ажилчдын эрх ашиг хөндөгдөж байнаа гэсэн үг гэдэг. Мянган хүний эрх ашигийг бид хүндэтгэж үзнээ. Харин тэд Монгол орныхоо эрх ашиг, хөгжил цэцэглэлт, монголчууд бид бүгдээрээ амьдралаа дээшлүүлэх нь чухал уу гэдгийг бодож үзэх ёстой байх. Цзрэгт зарьгмдаа ашигтай байрлал эзлэхийн тулд салаа, ротыг ч хаядаг. Энийг өнөөдөр бид ярих биш төрийн түшээд бодож байх ёстой л доо, уг нь.

Бороо гоулдын захирал манай газар доорх баялгийг хөгжүүлээд ч байхдаа яахав дээ
О.Энхсайхан Та нар Фрийдлэндын вэб сайтад тавьсан танилцуулгыг хар даа. Оюутолгойг өөрийн өмч шигээ зарна гээд хэлчихсэн байгаа юм. Та нар төсөөлөөд бод доо. Хайртай алаг морийг чинь шал танихгүй нөхөр хүнд зарна гээд явж байвал танд ямар санагдахав? Яг л ийм юм болоод байна даа.
Д.Номт Өнөөдөр жил бүхэн төсвөөс 1,8 тэрбум төгрөг гаргаж хайгуул хийж байна. Ийм газрыг л 50 мянган төгрөгөөр нэг лиценз авч байна. Тэгэхдээ зүгээр л оочерын дарааллаар шүү. Сургуулийн гуанз түргээслүүлэхэд хүртэл, үгүйдээ л нэг албан газар олон жил ашиглаж муудсан машинаа хүртэл зарахдаа тендер зарлаж байна. Гэтэл Монголын газар нутгийг дуртай нь оочирлож байгаад л 50-хан мянган төгрөгөөр авч байна. Тэгээд тэд нэг га-д ердөө л 0,05 цент төлж байгаа. Энэ нь одоогийн долларын ханш 1230 төгрөгөөр тооцвол 61 төгрөг 50 мөнгө болж байна. Алт гэдэг эрдэнэ бүрэлдэж бий болохын тулд хэрэв байгалийн нөхцөл нь бүрдвэл 500 сая жил зарцуулдаг үнэт металл. Одоогийн хөрөнгө оруулагчид бидний саналыг зөвшөөрөхгүй гээд хөрөнгөө татдаг юмаа гэхэд дараагийнх нь байгаа л юм байна
П.Болд -Хүн чиний машиныг гамтай унаж байгаад буцаагаад өгье, оронд нь 500 төгрэг өгье гэвэл хэн ч яг ш дээ гэнэ биз дээ… Тэр Бороо гоулдын захирал гээд нэг нөхөр зурагтаар ярьж байна лээ, Монголын алтны үндсэн ордыг хөгжүүлнэ гээд. Энэ юу гэсэн үг юм бол? Газар доороо байгаа манай баялгийг тэд хөгжүүлээд ч байхдаа яахав дээ. Бод доо, вагон 6О тоннын даацтай, цэрэг эрсийн хамгийн сайн мэдэх танк 36 тоннын даацтай байдаг юм. Гэтэл Бороогийн алтыг ачиж байгаа машинууд 80 тоннын даацтай. Ийм техникээр манай баялгийг шунамгайхан зөөж байна даа. Хамгийн аймшигтай нь Бороогийн одоо ашиглаж байгаа хэсэгт маш олон тонн ционит байгаа. Нэг дусал ционит л нэг хүнийг үхүүлэхэд хангалттай. Тэрийг өнөөдөр хэн хянаж байна вэ? Монголд төр гэж байна уу?
Бидний нүдэн дээр ил харагдаж байгаа хилээс дээш агаарт 150 км, харин доошоо хамгийн сүүлийн үеийн техникээр ухаж болох тэр газрыг хамруулаад Монгол Улсын хил оршдог. Энэ бол НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн бидний хил. Гэтэл яагаад хэн нэг нөхөр шууд орж ирээд тугаа хатгачихдаг байнаа?!
-Та нарын тэмцлээс нааштай үр дүн харагдаж байна уу?
-Саяхан оросууд Тавантолгойг хамтарч 4951 хувиар хамтарч ашиглах санал ирүүлсэн байна. Тэрбум долларын хөрөнгө оруулалт амласан байна. Энэ бол бидний тэмцлийн үр дүн үү, эсвэл бурхан тэнгэр харсан хэрэг үү, ямартай ч нааштай үр дүн. Одоогийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө татдаг юмаа гэхэд дараагийнх нь байгаа л юм байна. Зах зээл ээ гэж сайхан юмаа. Миний Монголын газар шороо хөдөлгөөний салбар зөвлөлүүд аймгуудад байгуулагдаж эхэлжээ. Биднийг сурвалжлага хийж байхад Хөвсгөл аймагт салбар зөвлөл байгуулагдсан тухай мэдээ утсаар ирж байлаа. Миний Монголын газар шороо хөдөлгөөнийг эх орны дуудлагаар цэрэг эрс байгуулжээ. Эх орныг хамгаалах нь тэдний мэргэжил. Эх орон нь тэднийг дуудвал тэд өөрсдийгөө хүн биш цэрэг л гэж боддог. Жирийн хүмүүс шагнал
гардан авахдаа сайндаа л Баярлалаа гэдэг бол цэрэг эрс Эх орныхоо төлөө зүтгэе! гэж эрс хэлээд ёсолдог. Халуун залуудаа эх орныхоо төлөө зүтгэх тангараг өргөж хилийн манаанд гарч байсан бэлтгэл офицерууд өнөөдөр хилийн манаанд биш эх орныхоо хамгаалалтад жигдрэн жагссан байна.

2006.01.13 Улс төрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button