Асашёорюүгийн тухай А-Я

Бага байхдаа Асашёорюү айхтар зүггүй байж. Долгорсүрэн заан тээврийн жолооч хүн тул үе үе хөдөө явчихна. Дөрвөн банди нь нийлэхээрээ хүн тогтохын аргагүй чимээ шуугиантай, дээр нь үеийнхнээсээ том биетэй, өсгөлүүн болохоор хүний нүдэнд өртөх нь их. Аав нь банди нар ч хүнд юмаа, сахилгагүй, дээр нь идэх юм ер тэсэхгүй нь гэж ярьдаг байсан гэдэг. Зовсны эцэст жаргана аа гэж.

Вангийн орчин үеийн дүр төрхийг гурван жилийн тэртээх намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр хуримлахдаа Асашёорюү бодитоор харуулав. Ноёны отго жинс бүхий малгай, үндэсний хувцас аваргад зохисон гэж ванлий бөгөөд сүйт бүсгүй Тамираад ч монгол дээл гайхалтай харагдаж байв. Тэд хуримынхаа өдөр цэцэрлэгт хүрээлэн нээж тууз хайчлан ёсолсон. Цэцэрлэгийг байгуулахад их аварга 110 сая төгрөг гаргасан гэнэ лээ.

Гадаадын бөхчүүдээс Японы үндэсний Сумогийн их аваргын цолыг Америкийн хар аварга Акэбоно, Мусашимару нар л хүртсэн байдаг. Такасуга дэвжээний Өглөөний хөх луу нэртэй Д.Дагвадорж маань Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга бөгөөд Японы сумод түрүүлсэн гадаадын гурав дахь хүнээр тодроод байгаа билээ. Тэрбээр Японы их эзэн хааны цомыг 14 дэх удаагаа хүртээд байна.

Дагвадорж анхны баярын нулимсаа Ёкүзана хэмээх хүндтэй цолыг хүртэж цом тэврэхдээ унагасан бол |өнгөрсөн сарын барилдаанд 13 даваагаар түрүүлж хоёр дахь нулимсаа харуулав. Сүүлийн мөч хүртэл хэн түрүүлэх нь ээдрээтэй байсан энэ барилдаан Дагваагийн хувьд сумод хөл тавьснаас хойшхи хамгийн их сэтгзл дэнслүүлсэн мөч байсан юм болов уу даа.

Ерөнхий боловсролын сургуулийг их аварга Японы Мөйтокуд дүүргэсэн. Д.Дагвадорж 1980 онд төрж, 1997 (онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургуулийг, дараа нь Мөйтокугийн дунд сургуулийг төгссөн. Энд сурч байхдаа тэрээр сумо бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг.

Ёкозүна гэдэг бол сумогийн ертөнцөд бурхан л гэсэн үг. XXI зууны техникжсэн энэ үед тэр тусмаа шинжлэх ухаан цээд цэгтээ хүрсэн Япон Улсад эртний уламжлал, ёс заншлаа хадгалж үлдсэн цорын ганц төрөл бол сумо гэж энэ нутгийнхан үздэг. Тиймээс сумогийн их аварга бол төрийн тэргүүнийх нь дараа орох хүндтэй хүн байдаг ажээ.

Жижигхээн биетэй хүүхэд байсан гэж Дагваа өөрийгөө ярьдаг. Тав, зургадугаар ангид байхдаа ангийнхныхаа (жижигхэнчүүдийн тоонд ордог байсан гэнэ. Энэ чигээрээ өсөхгүй бол яанаа гэж бодох үе ч байсан бөгөөд наймдугаар ангид ороод л гэнэт суга өсч Дагвадоржийн айдас алга болсон ажээ.

Засгийн газрийн хүндэт өргөмжлөлийг одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа гардуулан өгсөн .Засгийн газрын хүндэт өргөмжлөл мөнгөн суурьтай алтан соёмбо шагналыг хагас сая төгрөг дагалдав.

Их идэх дуртай. Яагаад гэвэл сумо бол илүү жинтэй нь ялах магадлал ихтэй зарим талаар шударга бус спорт. Тиймээс Дагваа гэдсээ дүүртлээ иддэг. Одоо тэр 184 см өндэр, 145 кг жинтэй. Үндэсний бөхчүүдийн дунд хамаагүй том харагддаг ч сумочдын дунд биө жижигтэйд тооцогддог гэсэн.

Кавагари бол хэдэн цагаар ч хамаагүй янз бүрийн дасгал хийдэг нэг ёсондоо сумогийн бэлтгэлийн нэр. Дагвадорж Б.Дашнямаар маш олон удаа кавагари хийсэн гэдэг. Үүний ачаар энэ хоёр бөх маань аль аль нь сумогийн өртөнцөд сайн яваа. Тэд хар багаасаа бие биенийхээ занг авалцсан, бүр дунд сургуулийн гурван жилийг нэг өрөөнд өнгөрүүлсэн дотны найзууд бөгөөд бэлтгэл хийхдээ хэн хэнийхээ алдаа дутагдлыг илэн далангүй хэлж зааж сургадаг.

Лав л сумоч болоогүй бол одоогийнх нь нэр хүндтэй эн зэрэгцэх тийм алдар өөрт нь ирэхгүй байх байсан гэж Асашёорюү хэлж байсан. Тэр барилдаан бүртээ заавал ялна гэж өөртөө амласаар гарч ирдэг. Энэ дэндүү хурц гэмээр аархуу зан нь аваргын бусдаас ялгарах онцлог бөлгөө.

Монголд зочлох жил буюу 2003 он сайхан мэдээгээр дүүрэн байлаа. Энэ жил манай улс зочид гийчдийн хөлд дарагдаж, улсын халаасанд багагүй мөнгө орсон бол сумогийн түүхнээ Монгол хүн
анх удаа Их аварга хэмээх цол хүртэж, дэлхийд улсаа сурталчлах бас нэгэн амьд реклам болов.

|Наадмаар туг тойрч дэвэх мөрөөдлөө Дагваа 1996 онд биелүүлөэн. Энэ бол түүний ах МУ-ын гарьд Д.Сумъяабазарын заан болдог жил, Дагваа хүүхдийн барилдаанд түрүүлчихээд бөөн баяр туг тойрон дэвж явахад хажууд нь ах нь долоогийн даваанд учраагаа хаячихаад ах дүү хоёр хэн хэнийгээ анзаарах сөхөөгүй шахам туг тойрч явсан гэдэг.

Оддын зовлон хойно доо, түүний тухай сайн муу зүйл хэвлэлээр олонтаа гардаг. Асашёорюүг Өдрийн сонин-д УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд оролцсоных нь төлөө Мэргэжлийн Сумо бөхийн холбооноос 500 мянган иенээр торгов гэж бичсэн байсан. Харин Д.Дагвадорж үүнийг гүтгэлэг хэмээн няцаагаад Би эх орондоо ирээд МУ-ын иргэнийхээ хувьд юу хийхээ өөрөө шийднэ, Японд сурталчилгаанд оролцсон бол өөр хэрэг гэж хариулав.

Өрсөлдөгч. Дагвадоржийг сумогийн дэвжээнд өөртэй нь эн тэнцэх өрсөлдөгчгүй, үндэснийх нь барилдааныг уйтгартай болголоо хэмээн япончууд ярих болсон. Харин одоо тэдний нар гарч эхлэв. Дагвадоржид өрсөлдөгч гарч ирсэн, гэвч энэ өрсөлдөгч хаа байсан Болгарын Котоошюү хэмээх шар залуу байгаад сэтгэл жаахан гонсгор байгаа гэнэ. Юутай ч сумо өрсөлдөөнтэй болох нь.

Профессор Х.Пүрэв гуай олон жил бөхийн засуул хийсэн Монгол Улсын шилдэг цол дуудаач хүн. Энэ хүн .Д.Дагвадоржийн нагац ах бөгөөд Долгорсүрэн зааны хөвгүүдээс Дагвааг хамгийн их балиашигддаг. Дагваа хоёр талаасаа бөхийн удамтай, цээж бөгсний харьцаа тэнцвэртэй, сэтгэл татахгүй байхын аргагүй гоё бие бялдартай, хэрвээ үндэсний бөхөөр явсан бол хэдийнэ аварга болчихсон байх байсан гэж битүүхэн харамсдаг аж.

Реалист үзэлтэй гэж Дагвааг тодорхойлж болно. Тэр бүхнийг яг байгаагаар нь хүлээж авдаг, Кёкүшюзан Д.Батбаяртай эвгүй харьцсан, бооцооныхоо мөнгийг чулуудаж талаар нэг тараасан гээд түүнийг шүүмжлэх хүмүүс байдаг ч энэ бүхэн тухайн мөч, тухайн орчинд болж өрнөсөн үйл явдал бөгөөд үүнийг нэг их хүндээр тусгаад байх хэрэггүй гэж их аваргын андууд зөвлөдөг юм байна.

Сумо бөхийн нэг кэншо буюу бооцоог 60 мянган орчин иен дагалддаг. Энэ нь ойролцоогоор 500 ам.доллар бөгөөд сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр Асашёорюү хамгийн олон бооцоо авдаг билээ. Тэр озэки Чиётайкайг давахдаа 40 кэншогоос 20 мянга гаруй ам.доллар хүртэж байсан. Энэ мөнгөний тал хувийг Мэргэжлийн сумогийн холбоонд татварт өгдөг ч аваргад нэг барилдаанаас чамлахааргүй мөнгө очдог гэнэ. Д.Дагвадорж өнгөрсөн жилийн хамгийн их орлоготой сумочоор тодорч байсан. Энэ жил ч мөн давтагдах нь гарцаагүй болов.

Тамир бол Асашёорюү аваргын тостой тогоонд хошуу холбосон нэг насны хань нь. Тэр чинээлэг айлын соёлтой, боловсролтой, бас дээр нь царайлаг охин. Тэд нэг охинтой байснаа саяхан охиндоо дүү бэлэглэсэн билээ. Сонин хэвлэлээр аваргын удаах үрийг ихрүүд хэмээн шуугицгааж байсан.

Урьдчилсан амлалт албан ёсоор авч байгаагүй их аварга маань ирэх сарын барилдаанд заавал түрүүлнэ гэдгээ хэдийнэ хэлээд амжив. Амны билгээс ашдын билэг гэдэгдээ. Энэ амлалт олон хүнд айдас төрүүлж, бас олон баяр бахдал төрүүлж байгаа бололтой.

Yндсэрхэг үзэл. Дагвааг энэ сарын барилдаандаа унахад л монголчууд мэддэг маань мэгзмээ уншиж, жинхэнэ үндсэрхэг үзэл гэж юу байдгийг сэтгэл зүрхэндээ мэдэрч эхэлсэн. Ард түмний итгэл Асашёорюү аваргыг түшсэн гэхэд маргах хүн гарахгүй байхаа.

Фенүүдийнхээ толгой дээр шампанск асгасан шуугиан |Дагвааг бас л хэвлэлийнхний бай болгоодхов. Нутагтаа ирээд тэрбээр UB раlасe-т байрлах нэгэн бааранд нөхдийн хамт тухлаж нэг дор арван шампанск буудуулсан юм байна. Энэ үзэгдэл хүмүүсийг цочроож бараг л өөрсдөө шампансканд нь норох гэж гүйлдэж байсан гэнэ. Тэрнээс хүний толгой дээр асгасан юм уг нь байхгүй ажээ. Шар хэвлэлийнхээн гэж…

Хэн нэгэнд захидал явуулахдаа Асашёорюү аваргыг давхэр илгээж болох нь. Монгол Улсын гавъяат тамирчин, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийн зураг бүхий шуудангийн маркийг Асашёорюү сангийнхан Бээжинд хэвлүүлсэн нь худалдаанд хэдийнэ гарсан байгаа. Марк дугтуйн дотроо гурван ширхэг байх ба тус бүр нь 600-800 төгрөгийн үнэтэй юм байна.

Цагдаа ахтай гэдгийг нь хүмүүс андахгүй байх. Долгорсүрэн зааны том хүү төрийн цагдаа. Тийм ч болохоор Асашёорюү сангийнхан Цагдаагийн Өрөнхий газарт тусламж үзүүлэхдээ гар татдаггүй. Өнгөрсөн онд цагдаагийн нийт бүрэлдэхүүний 70 орчим хувь нь 40 мянган ам.долларын өртөг бүхий Асашёорюү сангийн бэлэгний хувцсыг өмссөн.

|Чингис хаан, Асашёорюү хоёрыг адил хэмжээнд үзэх үзэл гадныхны сэтгэхүйд нэвт шингэж байна. Өмнө нь Монгол гэхээр Аан, Чингис хааны юу? гэж тодотгодог байсан бол одоо Асашёорюүгийн үү? гэсэн нэмэлт асуулт хаа сайгүй сонстох болов.

Шагнал. Сумогийн шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бүлээс олгодог шилжин явах цом юм. Энэ бол нэр төрийн шагнал бөгөөд бөхчүүд бооцооныхоо мөнгийг юман чинээ боддоггүй гэсэн. Харин Монгол Улсын Өрөнхий сайдын тендэр зарлаж нэлээд өндэр шалгуураар шинэчлэгдсэн анхны цомыг японы бөх авсан билээ.

Эрх. Дагвадорж бол айлын эрх хүүхэд. Энэ нь түүний ааль аягаас илт мэдрэгддэг. Дээрээ ахтай, доороо дүүтэй хүнийг эрх гэж хэлэхэд хүмүүс гайхах нь мэдээж. Гэвч Дагваагийн дээд талын ахыг зуурдаар алдчихсан болохоор аав ээж хоёр нь түүнийг арай л илүү анхаарч хайрладаг байсан ажээ. Энэ аминчхан хайр нь одоо хэр нь хэвээрээ гэнэ.

Юу ч байсан хэрэв сэтгэлээсээ хандвал амжилт аяндаа ирнэ гэж залуу аварга сургах дуртай. Учир нь сумо бөхийн бэлтгэл тун хэцүү ширүүн байдаг, зодуулж, нүдүүлэх энүүхэнд бөгөөд ямар ч хүч чадалгүй болоод унасан байсан ч дээд бөхөө босоод ир гэхэд нь өндийгөөд л ирэх хэрэгтэй гэнэ. Аливаа амжилтын 99 хувь нь бэлтгэл, үлдөэн ганц хувь нь аз байдаг гэж тэр боддог ажээ.

Ялалт ялагдлын хатуу ертөнц гэж сумо бөхийг хэлж болно. Хэн чадалтай нь л ялна. Дагваа барилдаан бүрдээ алалцъя, тулалдъя гэж гардаг. Энэ нь ч түүний огцом эргэлт, ширүүн харцнаас мэдрэгддэг бөгөөд нутаг нэгтэнтэйгээ учраа таарахад нь өрөвчхөн нэг нь өмнөөс яс хавтайдаг гэсэн. Харин дэвжээнээс буумагцаа тэд жинхэнэ найзууд юм байна лээ.
Yнэн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button