МАХН-ыг аврагчид АН-ыг буруутгалаа

Пүрэв гаригийн үд дунд Эрс шинэчлэл, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн, Эв санааны нэгдэл зэрэг хөдөлгөөнүүд нэгдэж нийслэлийн нийтийн тээврийн үнэ тариф нэмэгдсэнийг эсэргүүцэж цуглалаа. Цуглааныг зохион байгуулагчид хотын захирагч Ц.Батбаярыг шахаанд оруулж, нийтийн тээврийн үнэ тарифыг хуучнаар нь мөрдүүлэхээр зохих газарт үүрэг даалгавар өгөх амлалт авахуулж чадсан. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхээр удирдуулсан МАХН-аа аврах хөдөлгөөн-өөс өчигдөр цуглаан, жагсаал зохион байгууллаа. Жагсагчид МАХН-ын төв байрны өмнө цугласан байлаа. Ганцхан хоногийн өмнө бүрэн бүтэн байсан цагаан байрны хаалга үүдний оронд бор эсгий хадаж, гурван есийн хүйтний жавар салхинаас хамгаалжээ. Урагшаа харсан хэд хэдэн цонхыг хага цохижээ.
Намынхаа төв байрны үүдэнд цуглаанаа эхэлсэн МАХН-ын олон арван мянган гишүүдийн төлөөлөгчид уриа лоозон, туг далбаагаа барьсаар нийслэлийн төв талбайг зүглэлээ. 11.00 цаг өнгөрөөж эхэлсэн энэ цуглаан дээр У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ олон намын систем тогтсон 15 жилийн түүхэнд намууд нөгөө намынхаа байранд бүдүүлгээр халдаж, ажилтнуудыг нь зодож, эд хогшлыг нь эвдэж байсан удаа нэг ч үгүй. Энэ адал балмад явдлыг огцорсон Ерөнхий сайд Ц.Элбэгдорж зохион байгуулж, 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн гэж буруутгаж байв. Цуглаан, жагсаалд оюутан голдуу залуучууд оролцсоны дотор Болор цом-2005-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат удирдалцаж байсан нь их л содон харагдаж байлаа. Бас намын ахмад гишүүд ч байсныг дурдах хэрэгтэй. Сүхбаатарын талбайн голд түр саатсан жагсагчид бага оврын ачааны болон бас нэг Ford маркийн машин дээр чанга яригч байрлуулж, жагсагчдын өмнө Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцрохыг шаардаж байлаа. Энд хуран цуглагсдын уур амьсгал Монгол түмний бахархал болсон Д.Сүхбаатарын, МАХН-ын төв байранд байрладаг хөшөөг доромжлох зохисгүй үйлдэл гаргаж, намыг үндсээр нь устгах утга агуулга бүхий бүдүүлэг үг яриа хэлж байсан иргэний хөдөлгөөнүүдийн болчимгүй үйлдлийг эсэргүүцэхэд чиглэсэн байсан юм.
Цуглаанд оролцогчид Монголын ард түмнийхээ төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирсэи МАХН-ын 80 гаруй жилийн түүхэн гавьяаг улс төрийн захиалга бүхий найман cap хүрэхгүй настай хөдөлгөөнүүд үл хүндэтгэн, нэр хүндийг нь гутааж хууль бус оролдлого хийлээ гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Намынхаа шатсан тугийг мөрөн дээрээ залсан Онцгой байдлыг асуудал эрхэлсэн сайд их л бухимдуу байж, Ц.Элбэгдоржийг хамгийн том авилгач хэмээн нэрлэн саарал ордноос гарч ирж, уучлалт гуйхыг шаардаж байлаа. Жагсагчид Төрийн ордныг нэгэнтээ тойроод, Д.Сүхбаатарын талбайд ирж, цуглаанаа үргэлжлүүлсэн юм. Энд цуглаанд оролцогчдын төлөөлөгч ахмадууд МАХН ардын хувьсгалыг удирдан ялалтад хүргэж, 1939, 1945 оны Халх голын болон чөлөөлөх дайнд оролцож, намын гишүүд халуун амь бүлээн цусаараа эх орон, тусгаар тогтнолоо хамгаалж, их бүтээн байгуулалтад хошуучилж явсныг сануулж байлаа. МАХН-ын залуу гишүүд, дэмжигчид эцэг өвгөдөөс өвлөж үлдээвэн оюуны их сан, намын үндсэн хөрөнгөд хууль бусаар халдсан явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Энэ үеэр Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан, төр засгийн удирдлагууд, гадаадын Элчин сайдын яамд, дипломат корпусын газрын төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. МАХН-аа аврах хөдөлгөөн-ийхөн түүхэн үйл явдлын ач холбогдол, ёслолын арга хэмжээг хүндэтгэж цуглааныхаа ажиллагааг түр завсарлаж, хөшөөнд цэцэг өргөхөд саад болсонгүй.
Д.Мөнх
/Зууны мэдээ 2006.01.14/