МАХН-ын жигүүр мэдэгдэл гаргажээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт доройтож, шударга бус явдал, ажилгүйдэл, ядуурал газар авч өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, нийтийн тээврийн үнийн өсөлт олон нийтийн бухимдлыг улам бүр төрүүлж байна.

Энэхүү хямралын гол шалтгаан нь зөвшилцлийн Засгийн газрын нийгэм, эдийн засгийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Өөрсдийн үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгч, хүсэлтээрээ огцрох улс төрийн зориг гаргахын оронд үүссэн нөхцөл байдлын бурууг дан ганц МАХН руу нялзааж олон түмний бухимдлыг дэврээн тэдний тэмцлийг манай намын эсрэг турхирч байна.

Улс төрийн тодорхой хүчний турхиралтаар иргэний зарим хөдөлгөөн МАХН-ын төв байр руу дайрч, эд хөрөнгийг сүйтгэж, намын туг далбааг шатаан улс төрийн ажилтнуудад халдаж төрийн цагдааг зодож танхайрсан явдлыг Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж хөгжил дэвшлийг манлайлж ирсэн улс төрийн хүчирхэг хүчин-МАХН, түүний олон мянган гишүүн, дэмжигчдийг гутаан доромжилсон, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн бусармаг үйл ажиллагаа гэж МАХН-ын Уламжлал, шинэчлэл-ардчилал, шударга ёс жигүүр жигшин буруушааж байна.

Улс төрийн ээдрээтэй, нэн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдалд сонор сэрэмжтэй, эв нэгдэлтэй байж намынхаа ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжихийг намын гишүүд, дэмжигчдэдээ уриалж байна гэж өгүүлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button