Махны үнэ 3500 болсонд иргэд бухимдаж байна

Тэгэхээр манай улсад махны үнэ яагаад ч 3500 болмооргүй. Өөрөөр хэлбэл ердөө л хоёр сая дөрвөн зуун мянган хүн амтай ч 28 сая малтай мал аж ахуйн орон. Тэгтэл сүүлийн үед үнийн хөөрөгдөл болж байгаа нь хачирхалтай. Үнийн хөөрөгдөл болж байгаа шалтгаан нь махны хосдол. Энэ нь олон нийтэд хүндээр тусч байгаа нь тодорхой. Арай гэж цалингаа нэмэгдүүлээд байтал автобусны үнэ нэмэгдэж хэдэн өдрийнхөө хоолны мөнгийг хийсгэчихсэн. Дан ганц махны үнэ нэмэгдсэн бол хэдэн өдрийн хоолны мөнгөө махны нэмэгдсэн өртөгт өгөх ч хамаа алга. Хүнсний ногоо, гурил будаа гэх мэтчилэн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн.
2004 оны мэдээгээр манай улсын махны дотоодын жилийн хэрэгцээ 190 мянган тонн гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл жилд дунджаар долоон сая толгой мал хүнсэндээ хэрэглэж байна гэсэн үг. Сүүлийн үед мах бэлтгэл урьдынх шигээ сайн ажиллахгүй байгаа. Учир нь махны үйлдвэрлэл, бизнесийг төрөөс анхаарахаа бараг больж, татвар санхүүгийн хөнгөлөлт эдэлж чаддаггүй нь бизнесменүүдийн зүрхэнд орсон бололтой. Тиймдээ 2003 оны хавраас махны үнэ эрс нэмэгдэн, олон нийт байнгын бухимдалтай байх болсон. Yнийн хөөрөгдөл жил бүрийн өвөл, хавар болж бараг уламжилал болсон гэхэд хилсдэхгүй. Хэрэв жил бүр ингэж махны үнэ нэмэгдээд байвал дундаж орлогтой нэг нь махны хэрэглээгээ багасгаж, ядуувтар өрх нь цаган хоолтон болох цаг ойртсоор л байна.
Дотоодын зах зээлийн махны хүрэлцээ, хангамжтай холбоотой хомсдолыг хүмүүс олон зүйлээр тайлбарлаж байгаа. Малчдын тайлбараар бол сүүлийн хэдэн жил дараалан нүүрлэсэн ган, зудын уршгаар мал сүрэг түүний дотор махны хэрэгцээг хангадаг үхэр сүрэг илт ховордсон бөгөөд сүүлийн үед малчид үхэрээс илүү сарлаг маллах сонирхолтой болсон. Учир нь сарлагыг маллахад амар бөгөөд ашиг нь үхэрийг бодвол харьцангуй их. Харин мэргэжилтнүүдийн тайлбараар бол манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр мал бэлтгэх урьдын систем алга болсон. Улмаар уг системийн орчин үеийн хэлбэрийг бодож олж амжилгүй явсаар өнөөдрийг хүрсэн.
Махны холбооноос Мал бэлтгэлийг биржийн системд яаралтай оруулъя! гэж хэдэн удаа орилоод олигтой үр дүнд хүрээгүй. Махны үнэ инфляц, улмаар улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг, иргэдийн хүнсний хангамж бол нэг талаас төрийн хүлээсэн үүрэг тул мал бэлтгэлд орон нутаг оролцох ёстой гэсэн үзэл бодол явдаг. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга нар малчдаасаа тухайн улиралд худалдах малынх нь захиалгыг аваад төвдөө мэдээлэн нэгтгэх замаар махны зах зээлийн баримжааг сайжруулах учиртай гэдэг. Мал бэлтгэлийг мухардлаас гаргахгүй бол махны хүрэлцээ, үнийн хөөрөгдөл энэ хэвээрээ үргэлжилсээр байна. Магадгүй цаган сараар нэмэгдэх хандлагатай.
Мах хүрэлцэхгүй, үнийн хөөрөгдөл зэргийн гол шалтгаан нь их хэмжээгээр бэлтгэсэн махыг хадгалах зориулалтын байргүйтэй холбож болох. Урьд хадгалж байсан газар нь өнөөдөр хувийн хэвшлийнх болсон эсвэл ашиглалтнаас гарсан.
Энэ бүх асуудлыг юм болгонд оролцдог төр урьдынх шигээ анхаарал хандуулах шаардлагагтай болоод байна. Өөрөөр хэлбэл анхнаасаа л төрөөс зохицуулалт хийдэг байсан. Монгол ардын зүйр цэцэн үгэнд ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг. Тэгэхээр махны зах зээл төрөөс зохицуулалт хийх шаардлагагүй гэж үзэх хүртэл зохицуулалт хийх хэрэгтэй.
Урьд төр мах нөөцлөөд үнэд орохын цагт хямд үнээр зах зээлд нийлүүлдэг байсан. Тэгтэл өнөө цагт энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээ больсон гэж үзэж болно. Мөн Монголдоо ганц гэгдэх Мах импекс мах ипортолдог болсноор дотоодын зах зээл махны хомсдолд орсон. Иргэд өнөөдөр төрөөс зохицуулалт хийнэ гэж найдаж байна.

А.Барямаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button