Өрхийн эмнэлгүүд муу дүн авлаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зургаан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, салбар амбулаториуд болон өрхийн эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Энэ талаар тус газрын халдвар судлалын хяналтын улсын байцаагч С.Отгонжаргалаас тодруулсан юм.

-Шалгалтад хэдэн өрхийн эмнэлэг хамрагдав?
-Сүүлийн үед томуу, томуу төст өвчний гаралт ихсэх хандлагатай байгаа. Шалгалтад 47 эмнэлэг хамрагдсан бөгөөд энэ өвчний халдвартай хэрхэн тэмцэж, сэргийлж байгааг шалгасан юм.

-Дээрх өрхийн эмнэлгүүдэд ямар зөрчил илэрсэн бэ?
-Сүхбаатар дүүргийн Өөдрөг энх, Трактвэр, Манай эмч, Энэр Ази, Чингэлтэй дүүргийн Үйлс нэгт, Тэгш-Өлзий, Түмэн жаргалан, Ижил санаа, Шидэт чагнуур, Сонгинохайрхан дүүргийн Буянт манал, Алтан цэгцүүхэй, Энхийн өргөө, Гурван цүүр, Бат цэцэн зэрэг өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар нь зориулалтын хувцасгүй байсан. Мөн эмч, ажилчдын мэдлэг хангалтгүй, нэн шаардлагатай эмийн нөөцгүй зэрэг зөрчил илэрлээ.

-Зөрчилтэй өрхийн эмнэлгүүдэд ямар арга хэмжээ авсан бол?
-Сонгинохайрхан дүүрэгт орших Тонэ, Энх элбэрэл, Өнө-Ачит, Эхэн босго өрхийн эмнэлгүүдээс 21 нэр төрлийн хугацаа нь дууссан эм тариаг хураан авч устгасан.
Мөн дүүргийн Шидэт гагнуур, Тэгш-Өлзий, Түмэн жаргалан зэрэг өрхийн эмнэлэгт 28 заалт бүхий хугацаатай үүрэг өгч, гурван албан тушаалтанд торгууль ногдуулсан.

Д.ЦЭНГЭЛМАА
(өнөөдрийн монгол 2006-01-16 180)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button