Хямрал мухардлаар үргэлжлэх үү

Огцрох үйл явц элдэв хардлага, сэрдлэг жагсаал цуглаантай хамсаж, нэгэн хам үйл явц болж байгаа нь яавч сайны үр бишээ гэж олон хүн түгшиж байгаа аж. Талцсан жагсаал хэзээ ч сайн зүйл авчирдаггүй байна. Ийм жагсаал наад зах нь гудамжны мөргөлдөөн болон хувирч амь нас, эд хогшлын гарз хохиролд хүргэж болох ажээ. Ийм байдлаас сэргийлэх нөхцөл бололцоо бий эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өөртөө айдас түгшүүр хадгалсан элдэв цуурхал явж буй нь энэ улс төрийн хямрал үзэл суртал бололтой. Цуурхлын заримаас дурдая. Эрүүл нийгэм, Эрс шинэчлэл зэрэг хөдөлгөөнийг АНУ-ын хувьсгал экспортолдог тодорхой бүлэг цаанаас нь дэмжин санхүүжүүлж байгаа. Тийм бүлэг асар их туршлагатай бөгөөд Гүрж, Киргизстан, Узбекстан зэрэг орнуудад хувьсгал экспортлосон. Тэр бүлэг манайд Улаан лоолийн хувьсгалыг экспорлох зорилго агуулж байгаа юм гэсэн яриа гарчээ. Ер нь Америкчууд Коммунизм коммунист одоо хүртэл байгаа гэж сэжиглэсээр байгаа бололтой.
С.Ганбаатарын удирдсан саяны үймээн жагсаалыг Ц.Элбэгдорж санхүүжүүлж 80 сая төгрөгөөр гаргасан гэж байгаа боловч тодорхой эх сурвалжаар батлагдаагүй байна. Гэхдээ үймээнийг зохион байгуулагчид ядуу, ядаж олигтой чанга яригч байгаагүй гэсэн боловч бийлэгжүү хөдөлж байсан нь анхаарал татсан бололтой. Тэр үймээнийг эхлээд харахад нийтийн тээврийн үнийг буруулах эдийн засгийн шаардлага тавьсан тайван жагсаал шиг харагдаж байсан боловч сүүлдээ Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг хамгаалсан улс төрийн илэрхий зорилготой болсон нь бас нэгэн хардлага сэрдлэгийг үүсгэжээ. Нэг талаас харахад эрч хүчтэй, зоримог мэт боловч нөгөө талаасаа бусармаг үйлдэл зохион байгуулж мэдэх гаж хачин зан байдалтай С.Ганбаатар нь УИХ-ын дарга байсан Н.Энхбаярын ажлын албанд ажиллаж байгаад хариуцлага алдсан шалтгаанаар халагдаж байжээ. Мөн түүнийг гэмт хэрэгт холбогдож байсан болохыг зарим эх сурвалж зөвшөөрч байна. Гудамжны замбараагүй байдалд заримдаа гэмт хэргийн субьектүүд хутгалдаж ноцтой дэвэрсэн байдал үүсгэдгийг улс төрийн амьдралын туршлага нэг бус удаа харуулж ирсэн байдаг. Нийгмийн замбараагүй байдлыг улс төрчид үүсгэж хутгаж байгаа тухай УИХ-ын дарга Ц.Нямдорж хэлж буй нь ноцтой дүгнэлт юмаа.
Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсныг олон нийт тэгтлээ хүлээн зөвшөөрч чадахгүй байх шиг. Энэ тухайд нийгэм, улс төрийн нэртэй зүтгэлтнүүд сонин хэвлэлд ярьж хэлсэн байх юм. Хамгийн наад зах нь цагаа олсонгүй, ихээхэн зүйл бүтээхийн нь өмнө огцрууллаа гэцгээж байна. Ер нь огцруулсан үндэслэл шалтгаан нь тийм ч тодорхой бус байна гэж зарим улс төрч үзэж байна. Энэ огцролтоор УИХ-д 30 гаруй суудалтай АН бүхэлдээ сөрөг хүчин болж байгаа нь улс төрийн хямралыг улам ужиг мухардмал байдалтай болгохыг УИХ-ын дарга Ц.Нямдорж үгүйсгээгүй. УИХ-ын бараг тал нь болж буй энэ сөрөг хүчин шинэ Засгийн газар байгуулахад ноцтой саад болно гэж үзэж байна. Ц.Элбэгдорж өмнө нь гурван сар Ерөнхий сайд, 11 сар буюу бараг нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд байсан билээ. Ийм байдал дахин давтагдаж мэдэхээр болоод байгаа ажээ. Цаашдын төлөв байдлыг үзвэл Ц.Элбэгдорж үүрэг гүйцэтгэх хугацаандаа АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн урилгаар айлчилж, түүнтэй томхон гэрээ хэлэлцээр байгуулж мэдэхээр байгаа юм. Тэр мөн Мянганы сорилын сангаас 200 гаруй сая доллар эх орондоо авчирч мэдэх юм. Тэрбээр огцрох асуудал хэлэлцсэн УИХ-ын хуралдаан дээр өөртөө маш их итгэлтэй байгаагаа харуулж байв. Тэр бид дараагийн сонгуулиар олуулаа болоод эргэж ирнэ гэж хэлсэн нь зүгээр нэг хор шарын хоосон үг биш гэж түүнийг дэмжигчид хэлж байна. 1990 оны ардчилсан эргэлтийн гол зохион байгуулагч энэ лидер 1993 онд парламентаас сайн дураараа гарч явахдаа бид дараагийн сонгуульд олуулаа болоод буцаж ирнэ гэж хэлээд санасандаа хүрч байсан юм. Гэхдээ тэдний Ардчилсан холбоо эвсэл 1996-2000 оны хооронд засаглалыг тааруухан хэрэгжүүлж дараагийн сонгуульд хэмх ялагдаж байсан билээ.
Ер нь энэхүү уран илтгэгч хэлэмгий идэрхэн эрд тэр болгонд заяадаггүй Ерөнхий сайдын албыг төгс гүйцэтгэх тийм хувь тавилан олддоггүй бололтой. Ямар үйл явц болж, юу болохыг МАХН-ын Бага хурлын чуулган шийдвэрлэх байх.

(өнөөдрийн монгол 2006-01-16 180)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button