Сайдын суудлын төлөөх цусгүй дайн хэдийнэ эхэлжээ

Баасан гаригийн үдэш аль аль нь эх орныхоо эрх ашгийг дээдлээд нэг нь огцруулж, нөгөө нь огцорсон намууд одоо хөшигний ард юу хийцгээж байна вэ? Яг үнэндээ бол сайдын суудлын төлөөх цусгүй дайн хэдийнэ эхэлжээ. Улаанбаатарын хүний хөлөөс зайдуу буйдхан баар, ресторануудад аль аль намын хуйвалдагчид цуглан дараагийн Засгийн газрын дүр зургийг өөр өөрсдийнхөөрөө бүтээж сууна.
Дүрэмгүй тоглоом гэж юу вэ гэдгийг тод харуулсан үйл явдал сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Эх орон, ард тумний эрх ашиг хэмээн телевизийн камер руу хялалзан, цээжээ дэлдэх улстөрч гэгчдээс олон нийт зөөлнөөр хэлбэл залхаж, хатуугаар хэлбэл үзэн ядав. Нам, эвсэл ялгаагүй аль аль нь УИХ-ын чуулганы хуралдааныг ард түмэнд хайр зарлах, нэг нэгнийгээ гүтгэх гүжирдэх, бие биенээсээ хариугаа авах индэр болгов. Ард иргэдийн олонхи нь Бид ийм хүмүүсийг өөрсдийгөө удирдуулахаар сонгосон гэж үү хэмээн гайхшрахад хүрэв. МАХН эрх мэдэлд хэтэрхий шунаж, нийгмийн сэтгэл зүйг хайхралгүй зүтгэж, алдаа хийснээ ухаарч байгаа бололтой. Үнэндээ бол ард түмэн Ц.Элбэгдоржийн Засгийн газарт хайртай дуртайдаа ч бус МАХН-ын Удирдах зөвлөлийн хэтэрхий тэнэг, дээрэлхүү түрэмгий занд дургүйлхсэндээ байр савных нь цонхыг будаа болгосон хэрэг шүү дээ. Хамтарсан Засгийн газар нь яахаараа сарын өмнө эрх зүйн чадамжтай байгаад одоо болохоор больчихдог нь сонин. Тэд үнэхээр ард түмнийг тэнэг гэж итгэдэг бололтой. Гадаад хэрэг, Хууль зүй, дотоод хэрэг гээд Монголын гол гол яамыг тэргүүлж байсан, МАХН-даа боловсролтой нь гэгдээд байдаг Ц.Мөнх-Оргил гэхэд л Би сайдаар сайн ажилласан, гэхдээ улс төрийн шийдвэр өөрөө гаргаад, өөрөө огцорсон гээд телевизээр яриад байгаа нь бидний тэнэгт үнэхээр эргэлзээгүйнх байх. Ер нь улс төр хийж байна, улс төрийн шийдвэр гэж тэд юу яриад байнаа? Хүний мөс жудаггүй загнах, хуйвалдаж нийлэх, хууль дүрмийг уландаа гишгэхийг улс төр гэдэг гэж хэлэх гээд байна уу. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийж байгаа үйлдлээ бидний нэрийг барьж хийх эрхийг бид тэдэнд сонгуулиар олгосон бололтой юм. МАХН Засгийн газрыг дэндүү яаран огцруулснаа мэдэрмэгцээ бусад намынханд хандсан уриалга гаргажээ. Үндэсний их эв нэгдлийн Засгийн газар байгуулах юм гэнэ. Ер нь энэ улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэгчдээс болж Монгол хэлний үгсийн санд байдаг олон сайхан үгс хараал шиг сонсогдох болж магадгүй нь. Яг социализмын үеийнх шиг. Энхтайван, найрамдал гэх эрхэм дээд утга, агуулгатай үгс тэр үед тун таагүй сэтгэгдэл төрүүлдэг болсон шиг өнөөдрийн Монголын үндэсний, эвсэл, эвлэрэл зэрэг утга төгөлдөр үгс тэднийг шүлсээ үсэргэн орилоод байгаа амьтад шиг үнэ хүндгүй болох нь. Хамгийн сонирхолтой нь МАХН-ын санал болгосон эв нэгдлийн гэх Засгийн газарт нь нөгөө телевизээр бидний өмнөөс /ард түмний/ алалцаад байсан бусад нам, эвслүүд нь бүгд орох гэнэ. Мэдээж бидний төлөө л шүү дээ. Бидний буюу ард түмний эрх ашиг тэдэнд тэгж тушаасан юм байх. Ард түмний намын дарга Л.Гүндалай, Бүгд найрамдах намын Б.Жаргалсайхан, тэр байтугай Ардчилсан намынхнаас Засгийн газарт орох хүсэлтэй байгаа ажээ. МАХН-ынхан жижиг намууд болон Ардчилсан намын урваач шарваач занг мэддэг хойно ямар өгөөш хаяхаа мэдэлгүй дээ. Ардчилсан нам сөрөг хүчин болно хэмээн хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Харин одоо энэ мэдэгдлийг хэн хаанаас гаргасан нь ойлгомжгүй болжээ. Зарим нэг эх сурвалжаас харахад Үндэсний зөвлөлөөс шинээр байгуулагдах Засгийн газарт орох эсэхийг шийдвэрлэнэ гэх. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд зарлагдсан ҮЗХ-ны хурал нь болсонгүй. үүнийг цаг хожиж, хувийн тоглолт хийх гэсэн зарим хүмүүсийн санаагаар боллоо гэх хардлага ч байна. Ямар ч байсан баттай эх сурвалжаас авсан мэдээгээр Ардчилсан намаас саяын огцорсон Засгийн газарт ажиллаж байсан нэр бүхий хоёр ч сайд дахин байгуулагдах Засгийн газарт орохоор хөөцөлдөж яваа гэнэ. Намын үзэл бодол бус эрх ашиг, түрийвчээрээ холбогдсон МАХН-ынхан ч тэдний зарим нэгийг авахад бэлэн хэмээсэн сурагтай. Ямарч байсан хэдхэн хоногийн дараа дахиад л бидний нэрийг барьсан, бидний хүсэл зорилгоор байгуулагдсан гэх Засгийн газар байгуулагдах нь дамжиггүй. Харин тэр дотор өнөөдөр улс төрийн шийдвэрээ өөрсдөө гаргаад огцорсон МАХН-ын арван сайд, хамтрагчиддаа болох бүтэхгүйн туйл гэгдсэн Ардчилсан намынхан орчихсон явах вий дээ. Тэгвэл Засгийн газрыгяах гэж огцруулсан хэрэг болох вэ? Ийм явдал болбол бид хичнээн тэнэг байлаа ч яаж зүгээр суух вэ? Хүссэн хүсээгүй Ж.Батзандантай нийлэхээс л аргагүй болох байх даа.

2006.01.16 Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button