Засгийн газрын мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж өнөөдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягийг хүлээн авч уулзлаа. Тэрээр, ноён Н.Алтанхуягийг Сангийн сайдаар ажилласан хугацаанд улсын нэгдсэн төсөв анх удаа ашигтай гарсанд түүнд баяр хүргэв.
Ерөнхий сайдын болон Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч нар улсын төсвийн ашиг болон Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн хоёр жилийн Монгол Улсын Засгийн газарт ноогдох ноогдол ашиг, татварын үлдэгдлийг хэрхэн үр ашигтай хуваарилан зарцуулах тухай асуудлаар санал солилцлоо. Энэхүү санхүүгийн эх үүсвэрийг нийгэм, эдийн засагт үр өгөөжтэйгөөр хуваарилан, зүй зохистой зарцуулах явдал чухал болохыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч онцлон тэмдэглэж, энэ талаар асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгов.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАГСАДЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛАХЫГ YYРЭГ БОЛГОЛОО

Төсвийн байгууллагын ажилчдын цалинг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлнэ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Баярсайхан нар өнөөдөр уулзаж энэ асуудлаар ярилцав.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, 2006 оны улсын төсвийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төрийн байгууллагад ажиллагсадын цалинг нэмэгдүүлэн тогтоох асуудлыг боловсруулж Засгийн газарт оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчид даалгалаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ
2006.01.16

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button