Гурван ширхэг навч

Багийн эмч, хөгшин удган хоёуланг нь залсан боловч нэмэргүй болжээ гэхээс өөр үг хэлээгүй юмсанж. Хамгийн хачирхалтай нь хөөрхий Маниа ухаан оронгуутаа намайг асууж ирж уулзуулахыг хичээнгүйлэн гуйжээ. Энэ учраар Далдуу өвгөн намайг аваачиж хөөрхий Маниагийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэх гэж яваа нь энэ аж. Би дотроо очиж очиж мангар Маниа намайг дуудуулахдаа яадаг байна аа, орон гарантаж байгаа нь энэ л юм байхдаа гэсэн шүү юм санаж, нэг талаар шөнө дөлөөр тэвдэж яваа Далдуу гуайг хүндэтгэж, нөгөөтэйгүүр Маниаг өрөвдөж дуртай дургүй хувцасаа хэдэрлээ.
Хад чулуу ихтэй тас харанхуй замаар нүдэн балай чихэн дүлий Далдуу гуайг даган шогшуулж явах үест мангар Маниагийн тухай дурсамж бодлууд эрхгүй хөвөрсөөр авай.
Өдгөөгөөс зургаан жилийн тэртээд эхнэрээ ижий аавдаа танилцуулангаа, арваад жил ирээгүй нутагтаа ирж амралтаа өнгөрөөгөөд буцахын өмнөх өдөр юмдаг. Нутгийн хөгшнийд бууж золгоод, тогоо тавиулан, хууч хөөрч, хүндлүүлсээр нэг л мэдэхнээ нар шингэхийн үест сая тэднийхээс чамгүй халамцан мордлоо. Холгүйхэн саахалтын тэртээд багын минь дурсамж дүүрэн Ногоон нуур сар хүлхэн намайг даллах шиг анирлана. Өдөржин уяатай байсан морио услангаа багадаа чулуу элсээр гэр барьж нааддаг байсан эргээ нэг үзмээр санагдаж өөрийн эрхгүй жолоо залан нуурын зүг шогшууллаа. Нуур луу ойртон очих үест эрэг дээр нэгэн бараан дүрс нэг тодрон, нэг бүдэгрэн торолзсоор улам лавшрав. Гэнэт өнөөх бараан дүрс ухасхийн хөдөлж нүд цавчихын завдалгүй дэрс рүү шурган үгүй болов. Айх гайхах зэрэгцэн толгойд чөтгөр, гүйдлийн тухай хууччуулын элдэв явган яриа бодогдож матерлист үзлийг минь үл тоон нуруу руу хүйтэн хөлс өөрийн мэдэлгүй цутгалаа. Морь маань ч сүрхий давхийн үргэж, хоёр чихээ хулмайлган нэг л жигтэй. Би дотроо сарны саруулд яах аргагүй нэг хүн нуурын эрэг дээр цааш харан сууж байсан даа гэж бодонгоо сүрхий чангаар хоолой засан хөөе чи хэн бэө алив бушуу гараад ир хэмээн уусан жаахан нэрмэлээ оргүй болтол хашгирав. Гэнэт бөөн дэрсэн дундаас нэгэн бараан дүрс ухасхийн гарч ирэх нь нэгэн жаалхүү бололтой. Морь бид хоёр цочсондоо ухасхийн, давхийж арайхийн нэг юм тогтлоо. Сүүтэгнэн ирэх жаалхүүг ажиглавал хүүхэн Маниа гэж хүүхэд хөгшидгүй наадалж байдаг туниа муутай туранхай шар хүү бөмбөгнөтөл чичирсээр зогсож байлаа. Би сая л нэг урт гэгч амьсгаа авч дотроо ханьтай болсондоо олзуурхан мориноосоо дуугүйхэн буулаа. Хүү ухасхийн дөхөж морийг минь барин олмыг нь султган, амгайг нь амгайвчилж нуурлуу аваачин усаллаа. Би түүний морь услаж дуусмагц наад ганзаган дахь юмаа аваад морийг маань тушчих хэмээн ширүүхэн дуугарлаа. Би эмгэний замдаа овоонд өргөөрэй гэсэн жаахан шимийн юмыг задлан нуурандаа сэржим өргөн хүртэхийг минь Маниа айдас дүүрэн гэмээр нулимс гүйлэгнэсэн бөлтгөр нүдээр ширтэх авай. Би түүнийг тайвшруулах санаатай худлаа мишэлзэн шимийн юмнаас тонгойлгон канестрын тагаар мэлтэлзүүлэн хийж барьлаа. Гэтэл өнөөх чинь үгүй ээ гэж тасалдангуй ч гэлээ огцом хэлээд цааш харчихлаа. Би уурлах, гайхах зэрэгцэн ахмад хүн юм өгч байхад яасан монголгүй моньд вэ, эр хүн байна даа ав чи хэмээн зандран түүнд дахин сарвайлаа. Маниа надруу нэг л үл итгэсэн харцаар ширтэснээ ухасхийн булаах мэт аваад нэг амьсгаагаар хөнтөрч орхиод урд нь амсаж үзээгүй бололтой учиргүй их хахаж цахаж сүйд боллоо. Харин би ойрд инээгүйгээрээ инээж шөнийн анир цочоож билээ. Ийнхүү бид анх албан ёсоор танилцаж литр гаран нэрмэл хоосолчхоод овоо нүүр халж, элдэвийг хүүрнэвээ. Намайг ертөнцийн элдэв сониноос гайхуулсны дараа Маниа надад өөрийнхөө тухай зөндөө ярьсан санагдана. Одоо санаж байгаагаас эх нь түүнийг төрүүлээд өнгөрч, харин эцэг тэр цагаас бор дарсанд толгойгоо мэдүүлж, Маниаг долоон нас хүрхэд нутгийн айлд хаян ор сураггүй алга болсон гэх. Хөөрхий хүү түүнээс хойш наашаа гэсэнд налж, цаашаа гэсэнд ад үзэгдэн амьдрах болжээ. Түүнийг хэн ч амьд хүн гэж тоодоггүй, зүгээр л нэг мал мэт үзэж, барлаг зарц мэт харьцдагт тэрээр дотроо гомдож явдагаа ч нуусангүй. Хүүхэд хөгшидгүй л түүнийг дээрэлхэж элдэвээр шоглон зугаацаж байхыг би ч бас цөөнгүй харсан билээ. Хайр халамж, өмөг түшиг гэж мэдэхгүй түүнийг би тэрхэн зуур сүрхий ихээр өрөвдөв. Гэтэл гэнэт өнөөх хүүхэн Маниагийн дуу нь чангарч энэ муухай амьдралыг, өөрсдийгөө мундаг гэж бодогч аймхай хүмүүсийг ер нь бүгдийг үзэн ядаж байна, би ногоон нууртаа амиа үйж үхнэ хэмээн санаанд оромгүй үг хэлэн босон харайлаа. Би ч сандран түүнийг татан авч дарж унан бүр болохгүйд нь хэд сайн *алган тараг* өглөө. Сарны гэрэлд түүний том том нулимс унаган чимэгүйхэн уйлахыг үзээд би гэнэт өөрийгөө зэмлэн яах гэж юм үзээгүй мангар амьтанд архи өглөө дөө, одоо байтлаа хүн амины хэрэгт орох нь, тэгээд дээр нь ядарч яваа амьтныг дээрэлхэж байгаа юм шиг цохьдог нь бүр ч буруутлаа хэмээн бодож түүнийг аргадаж гарав аа.
-Миний дүү эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм. Ганцхан заяах амьдралд өөрийнхөөрөө эр зоригтой амьдарч, хүч чадлыг олон, үхэлтэйгээ нүүр бардам гар барьж учрах хэрэгтэй гэхчилэн баахан афоризм иш татан цэцэрхсэн санагдана. Овоо сэтгэл нь онгойсон бололтой Маниа миний хэлэхийг нусаа татан, анхааралтай сонсож дуусаад уучлаарай ахаа, хэзээ нэгэн цагт би таны хэлснээс мундаг эр хүн заавал болно оо/ гээд уртаа гэгчийн санаа алдав. Би ч дотроо мангар бацааны толгойг 180 градус эргүүлэхтэйгээ байна шүү гэж халамцуу ухаандаа тэрхэн зуур бодоод амжлаа.
Одоо миний дүү харья. Чи хэнийд очих юм бэө, ах нь сундалдаад хүргээд өгье гэхэд Маниа зүгээрээ гадаа гоё дулаахан байна би ихэнхдээ тэнд хоночхдог юм гэж нуурын эргээс холгүйхэн орших өнчин ганц улиасыг заалаа. Өнчин ганц улиасны доор хэдэн тарз хаяж дзэвсгэрхүү юм засжээ. Би тэндээс мордохын өмнө Маниагийн сэтгэлийг улам засах санаа гэнэт төрж би ийн хэллээ. Миний дүү би чамд нэгэн домог хэлж өгье. Арван тавны сартай шөнө өнчин модны гурван ширхэг навч тасдан авч хүслээ шивнэн, насан туршдаа хадгалвал биелдэг юм гэнэ лээ гэж хэнэг ч үгүй залж орхилоо. Тэгээд улиаснаас гурван ширхэг навч тасдан авч түүнд нэг нэгээр нь сарвайлаа. Хүү бодсон ч үгүй эр зориг, хүч чадал, сайхан үхэл гэж хэлээд алган дээрээ хавсран авч итгэл дүүрэн ер бусын инээмсгэлэл тодруулан хоцорлоо. Гэрлүүгээ яаран түргэн түргэн алхах мориныхоо алхаанд бүүвэйлэгдэн бид нэг нэгнээ яасан их хуурч мэхлэн адлан тусгааралдаг юм бэ хэмээн эрэгцүүлэн явтал дав хийтэл араас Маниагийн хашгирах сонстлоо. Тэрээр – ахаа та өөрөө гурван ширхэг навч авахгүй юмууө Гэх нь сонстлоо. Би эргэж ч харалгүй ах нь чам шиг байхдаа аль хэдийн авчихсан, одоо ч өвөрт минь байж л байна хэмээн хариу орилоод морио гуядлаа.
Энэ явдлаас хойш зургаан жилийн хойно өдгөө намайг эргэн ирэхэд урьдын хүүхэн Маниа шал эсэргээр эргэж мангар Маниа нэртэй болчихсон үлгэрийн баатар шиг л амнаас ам дамжин яригдах болжээ. Хүмүүс цаад мангар чинь сумын зааныг толгой дээрээ өргөөд шидчихсэн, Цэдэниш гуайн хайнагийг гараараа цохиод л унагаачихсан, Дашмөнхийн эмнэг соёолонг дэлдэж мордоод л номхруулсан гээд үнэн худал нь мэдэхгүй зүйл ам дамжин ярих аж. Энэ тухай дүүгээсээ лавлавал Маниаг хар ажилд сүрхий сайн, тэнхээ ихтэй мангар нь дэндсэн лут эр болсон гэж хариуллаа. Бас цаад мангартайгаа тааралдвал битгий маргаж муудалцаарай. Цаад золиг чинь гадныхныг жаахан дээрэлхээд байдаг дуулддаг. Яаж ч мэдэх нөхөр шүү гэж анхаарууллаа. Би ч дотроо хэ цэс хэмээн хэлээд өөрийн ирэхгүй инээмсэглэлээ. Найран дээр би Маниаг хараад үнэндээ танисангүй. Їүд хавьцаа зантайсан улаан эр суугаад бахим гараараа шаант барин амаараа зулгаан идэхийг би гайхан харж суутал дүү маань хажуунаас энэ нөгөө мангар чинь шүү дээ гэж шивнэлээ. Найр тарсаны маргааш орой нь намайг нутгийн ах дүүсийнхээр ороод иртэл мангар Маниа хэдэн залуустай ирээд муу жолоочийг минь кабинд нь элдэвлэж айлгаад бэлгийн жаахан юм, хэдэн шил архийг маань хуу хамаад явчихсан байлаа. Миний уур тэсэлгүй хүрч маргааш өглөө нь түүнийг хойд горхины хөвөөнд унтаж байхад нь давхиж хүрлээ. Түүнийг заамдан угзарч сэрээвэл зайл хэмээн үс бостол орилсноо намайг танив бололтой дуугүйхэн өндийж суулаа. Би овоо зориг орон чи муу мангар, хүн амьтан айлгаад байхгүй шүү, чам шиг тэнэгүүдийг хорьдог газар хотод бас байдаг юм шүү гээд нүүрэн дундуур нь хоёр сайн нударга буулгаад авлаа. Харин Маниа намайг ганц гараараа цаас шиг түлхэж унагаад, нэг мэдсэн дээр гараад багалзуурдаж байна. Тэрхэн зуурт толгойд энэ мангарын гарт ингээд үхдэг байж, ойр хавьд хүн амьтан явдаггүй юм байхдаа гэсэн бодол зурсхийв. Толгой эргэн арай л гэж амандаа тайвшир, тайвшир, ахыгаа уучил хэмээн өрөвдөлтэйгөөр бувтнав. Маниа намайг тавин дээш харан тэрийж унаад амнаасаа цагаан хөөс сахруулан сүнс зайлтал инээж гарлаа. Нэг л мэдэхнээ би түүнээс холдохын түүс болон мориныхоо хурдаар таваргаж байлаа. Анх удаа л тэгэхэд инээд надад аймшигтай санагдсансан. Энэ бүхнийг ийнхүү нэхэн бодсоор явтал нохой боргох дуу гарч Далдуу гуайн хотонд ирлээ.
Хойд модон нааран дээр Маниаг хэвтүүлжээ. Би түүнд дөхөж очоод золтой л уулга алдчихсангүй. Тэр гэхийн тамтаггүй болсон царайндаа үл мэдэг инээмсэглэл тодруулан хүрэн улаан нүдээрээ намайг ширтэв. Хөөрхий юм хэлэх гэж байгаа бололтой ам нь өмөлзөөд гараа арай ядан зөөж хүзүүндэх сахиусны уутаа авч над руу сарвайлаа. Їүр хаяархын үед хөөрхий Маниа хорвоог орхилоо. Тэр өдөртөө л Маниаг нам гүмхэн хөдөөлүүлцгээв.
Хотруугаа гэрийн зүг машины хурдаар дуу аялан довтолгож явах үест тамхи асаахаар халаасруугаа гараа хийвэл нөгөө Маниагийн өгсөн сахиусны уут гарч ирлээ. Хир даг болсон хүрэн даалимбан сахиусны уутыг би ажиглангаа хөөрхий намайг айлгасан нүглээ наминчилж байгаа ухаан нь энэ юм байхдаа гэж дотроо бодож уутыг нээлээ. Сахиусны уутан дотор хатаж сэмэрээд бараг үйрмэг болох шахсан гурван ширхэг шаралсан навч байлаа. Би өөрийн мэдэлгүй жолоочоо эргээрэй, буцаад Ногоон нуурын эрэг дээрх өнчин модруу яваарай хэмээн ориллоо. Хатаж сэмэрсэн гурван ширхэг навч надад энэ хорвоо дээр Маниа гэж эгэл нэгэн хүн өөрийнхөөрөө амьдарч үхэлтэй нүүр бардам учирсан гэж шивнэн байх шиг.
Машин өнчин модны дэргэд ирж зогслоо. Би дагжин чичирсээр сэтгэлдээ нүглээ наминчлан сахиусыг модны мөчирт өлгөх тэр үест Маниа урьдын туниа муутай гэнэн жаахан хүү хэвээр гарч ирэн үхэл чамайг бүхнээс аварч чөлөөлөх болно гэж хэлээд доогтойгоор инээмсэглэх шиг болов. Гэнэт би золбоо орон өнөөх сахиусыг буцаан авч хүзүүндээ зүүлээ.

2001.11.12 -11.23 Болодын Мөнхдөл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button