Өчигдөр, Өнөөдөр, Маргааш ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ YГТЭЙ YЙЛДВЭРИЙНХЭН

Борооны дараах мөөг шиг ургасан эдгээр сонин хэвлэлүүд өөр өөрийн өнгө аясаар олон түмнийг мэдээллээр хангаж ирсэн. Харин энэ оюуны талхыг хаана эцсийн бүтээгдэхүүн болж гардагийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
1990-ээд оны үед нийслэл хот маань ганцхан хэвлэх үйлдвэртэй байсан гэдэг. Тухайн үед линотип машинаар тугалгаар үсэг өрж сонин хэвлэн гаргадаг байжээ. Тэр үед хэвлэн нийтлэгчид сонингоо өрсөж хэвлүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг байснаа дурсан ярьцгаадаг. Харин энэ байдал өнөөдөр түүх болон үлджээ.
Сайн санаатан буяны гараа сунгав.
1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дани улсын буцалтгүй тусламжийг ашиглах тухай Монгол Улсын засгийн газар хэлэлцэж баталснаар Монгол-Данийн хамтарсан Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл төсөл хэрэгжих анхны алхам тавигдсан аж. 1995 оны тавдугаар сарын 31-нд Монгол-Данийн Засгийн газар харилцан гарын үсэг зурж Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Ийнхүү сайн санаат Данийн олон улсын хөгжлийн тусламжийн байгууллага ДАНИДА-гийн тусламжаар манай улсад дээрх төсөл хэрэгжих болсон юм. Төслийн зорилго нь Монголын хэвлэн нийтлэгчдийг орчин үеийн сайн чанарын хэвлэх төхөөрөмжийн үйлчилгээгээр тэгш хангах, сонины хэвлэлтийн болон сэтгүүл зүйн чанарыг дээшлүүлэх, хэвлэгдэх тоо хувийг нэмэгдүүлэх, ардчиллын үйл явцыг дэмжихэд чиглэгдэж байв.
Тухайн үед өндөр хүчин чадалтай орчин үеийн техник технологиор тоноглогдсон хэвлэх үйлдвэрийг Данийн мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар найман сар гаруйхан хугацаанд барьж дуусгасан гэдэг. Удирдлага, зохион байгуулалтаа хийхээс эхлээд техник, технологио суурилуулах, ажилчидаа сургаж бэлтгэх гээд хүн бүрийн хүчин чармайлтаас тус үйлдвэр ахар богино хугацаанд боссон нь эргээд харахад бахархууштай юм. 1996 оны хоёрдугаар сарын 27-нд тус үйлдвэр чөлөөт хэвлэл болох Ил товчоо сонинг 7000 хувиар хэвлэсэн нь Монголын сэтгүүл зүйн салбарт хувь нэмрээ оруулах эхлэл тавигджээ. Ашиглалтанд орсныхоо анхны жилээ 201 сонинг 10,5 сая ширхэгээр хэвлэснээр хэвлэн нийтлэгчид сонингоо өрсөж хэвлүүлэх зовлонгоос ангижирч зөвхөн нийтлэлийн бодлого, чанараа сайжруулахад анхаарах болсон юм.
Итгэлцэл, хүндлэлийг бий болгосон үйлдвэр.
ДАНИДА-гийн төслийн хугацаа 1998 онд дуусгавар болж өмнөх чиг үүрэгтэй ижил зорилго бүхий Чөлөөт Хэвлэл сан ТББ үүсгэн байгуулагдсан. Мэдээллийн зах зээлд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн сонин хэвлэлийн орон зайг ЧХС нөхсөн гэхэд болно. өнөөдөр манай улсад 200 гаруй хэвлэх үйлдвэр байдаг гэсэн тооцоо бий. Энэ өрсөлдөөнөөс тус үйлдвэр өөрийгөө тодорхойлж Тогтмол үйлчлүүлэгч-тогтмол орлого гэсэн зарчмыг баримтлан одоогийнхоо үйлчлүүлэгчдийг татахад анхаарч ажиллаж иржээ. Түүнчлэн үйлчлүүлэгчидтэйгээ үйлдвэрлэлийн гэрээ байгуулан ажиллаж, өдөр тутмын сонины эх хүлээн авах цаг дээр уян хатан бодлого барьж, тогтмол үйлчлүүлэгчдэдээ үнийн хөнгөлөлт үзүүлсээр ирсэн юм. Yйлдвэрийн удирдлагын зүгээс үйлчлүүлэгчдийг хэрхэвч гомдоож болохгүй гэсэн зарчмыг баримтлаж ирсэн нь үйлчлүүлэгчдийн итгэлцэл, хүндлэлийг бий болгож чадсан. Тус үйлдвэрээр үйлчлүүлэгчид ЧХС найдвартай, шуурхай, чанартай, ажилчид нь ажлаа мэддэг, үнэ өртөг боломжийн болохоор бид энэ үйлдвэрээр л үйлчлүүлэх дуртай байдаг гэж ярьж байсан. Зах зээлийн өнөө үед өөрийн гэсэн орон зайгаа олно гэдэг нөр их хөдөлмөр, ухаан зарж байж сая нэг амжилтанд хүрдгийн жишээг ЧХС харуулсан гэж дүгнэж болох талтай. Одоо тус үйлдвэр монголд гарч байгаа сонины 80 гаруй хувийг үйлдвэрлэж технологийн болон санхүүгийн хувьд хөл дээрээ баттай зогсож чаджээ.
ЧХС дандаа шулуун дардан замыг туулсангүй
Тус сангийн төслийн хугацаа дуусгавар болох үед үйлдвэрийг хувьчилж авах гэсэн сонирхолтой хүмүүс олон байсан гэдэг. Гэвч тэд олон нийтийн статус, байр сууриа хамгаалж бусдын савраас өөрийгөө аварч чаджээ. Тухайн үед ЧХС-ийн удирдлагууд идэж уусан гэх хардлага, сэрдлэгэнд байнга өртөж сонин хэвлэлээр бичигдэж байсан. Энэ бүхнийг зөв ухаанаар шийдэж байсан үе үеийн удирдлагууд болон ажилчдыг үнэлэх ёстой. Түүнчлэн үйлдвэрийн дотоод ажил, ажилчдынхаа харилцааны соёлд байнга анхаарч үйлчлүүлэгчдээ тэргүүнд тавьж ирсний үр дүнд өнгөрсөн арван жилийн хугацаанд ноцтой алдаа гаргаагүй байна. Yйлдвэрийн захиргаанаас Тогтвортой орлого-тогтмол үйл ажиллагаа Сайн урамшуулал, Ажилчин нь сангийнхаа, сан нь ажилчныхаа төлөө гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн нь ажилчдаа эмх замбараатай байлгаж хийж бүтээхийн төлөө чиглүүлж өгчээ.
Ажилчдынхаа нийгмийн асуудлыг нэгдүгээрт тавьж иржээ.
Yйлдвэрийн удирдлагын зүгээс ажилчид өндөр ур чадвартай байх нь цааш хөгжих нэг үндэс гэж үзсээр ирсэн аж. Тиймээс ажилчидаа сургаж дадлагжуулан тогтвортой ажиллуулахад анхаарсан төдийгүй тэдний нийгмийн асуудал, эрүүл мэнд, даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ирсэн байна. Тухайлбал ажилчдынхаа оюуны чадавхи, бүтээлч сэтгэлгээг үнэлэх, хөгжүүлэх, нэгийгээ байхгүйд орлох чадварыг эзэмшүүлэх үүднээс Сайн мэргэжилтэн-ирээдүйд хийх хөрөнгө оруулалт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн ажилчдынхаа амьдралыг дээшлүүлэх, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын төлөө хүн, хүний төлөө сан хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн ажилчдын бодит орлого нэмэгдэж амьжиргааны түвшин дээшилсэн байна. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг тэргүүнд тавьснаар мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эрхэлсэн ажлынхаа төлөө зүрх сэтгэлээсээ ханддаг хамт олныг бүрдүүлж чаджээ.
Шинэ технологи ирээдүйн баталгаа
Yйлдвэр хөгжиж дэвшихийн хэрээр сайн техник, технологи шаардагдах нь дамжиггүй юм. ЧХС-ийн хувьд тоног төхөөрөмжийн саадгүй жигд ажиллагааг эрхэмлэж иржээ. Тус үйлдвэр анхны ашгийнхаа хуримтлалаас өнгө салгах машинаа шинэчилж өнгөт сонин хэвлэхээр болж эх бэлтгэх төхөөрөмж суурилуулан ажилчидаа Дани, Герман улсад бэлтгэсэн аж. өнгөт Сольна машинаа өргөтгөж өнгөрсөн онд компьютерээр өнгө салгалтын шинэ машинтай болж флаш дискээр сонины эхийг авах болсноор цаг хугацааг дөтөлжээ. Техник технологийн шинэчлэлийг байнга хийж ирсний үрээр тус үйлдвэрээс богино хугацаанд өндөр чанартай сонин хэвлэгдэн гарах боломж бүрдсэн байна. Хэвлэлийн чанар технологиороо улсдаа тэргүүлж буй ЧХС техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хянах, зохих засвар үйлчилгээг өөрсдийн хүчээр хийх чадварыг ажилчиддаа эзэмшүүлэх үүднээс гадны мэргэжилтнүүдийг урьж сургалт явуулж иржээ. Yүний үр дүнд хүний гар харахааргүй болсноо тус үйлдвэрийнхэн бахархан ярьж байлаа.
ЧХС зөвхөн сонин хэвлээд зогссонгүй
Тус үйлдвэр тогтмол үйлчлүүлэгч, хэвлэн нийтлэгчдийг дэмжиж тэдэнд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг санхүүжүүлж иржээ. Түүнчлэн тогтмол үйлчлүүлэгчиддээ үнийн хөнгөлөлтийг үзүүлж ирсэн байна. 1996 оноос өнөөдрийг хүртэл хэвлэн нийтлэгчдэдээ үнийн хөнгөлөлт үзүүлсний нийт мөнгөн дүн нь нэг тэрбум 600 сая төгрөг болсон аж. Түүнчлэн үйлдвэрийнхээ нөөцийн сангаас олон арван сонин хэвлэлийнхэний өргөдөл, төслийг авч хэлэлцэн хандив дэмжлэгийг үзүүлсээр иржээ.
Ийнхүү ЧХС-ийн хамт олон ололт, амжилтаар дүүрэн 10 жилийнхээ ойг угтаж байна. Тэд үйлдвэрийнхээ хөгжлийн хэтийн төлвөө зөв тодорхойлж хэрэгжүүлсэн нь чанар ажил, үйлсээрээ өсч өндийх гол хөшүүрэг болжээ. Энэ хамт олон өнгөрсөн арван жилийн хугацаанд санаа, гар нийлэн ажиллаж эдүгээ өөрийн өнгө төрхтэй, хийсэн юмтай хэлэх үгтэй явна. ЧХС-ийнхан зорилгоосоо ухарсангүй хүн бүрийн хүчин чармайлтаас энэ үйлдвэр өсч өндийж Монголын сэтгүүл зүйн салбарт баттай байр суурийг эзэлж чадлаа. Гагцхүү сонин хэвлэлийнхэн эхээ өндөр түвшинд бэлтгэж Чөлөөт хэвлэл сангийн шинэ технологид нийцүүлэх л үлдлээ.
Б.Ариунзаяа