WWW хэмээх аварга халааснаас та юу олж авав?

Ийнхүү интернэт үүсэх баттай хөрс суурь тавигдснаас хойш өнөөдрийн шинэ зууны босгыг алхжээ. Энэ бол хүн төрөлхтөн интернэт хэмээх нэгэн аугаа том халаасанд орсон түүхэн цаг үе.
Мэдээж интэрнэт бол он жилүүдийн нугачаанд тодрон гарсан хүний нөр их хөдөлмөр амжилтын үр дүн. Бас нөгөөтэйгүүр интернэт гэгч гарал угсаа, шашин шүтлэг, арьс өнгө, үзэл бодол юу ч ялгахгүй хүн төрөлхтөнд адилхан хүртээсэн бурханы хишиг.
Өнөөдөр дэлхий дээр 900 сая гаран хүн интернэтийг тогтмол хэрэглэдэг бөгөөд энэ тоо 2007 он гэхэд 1.35 тэр бумд хүрнэ гэсэн судалгаа байдаг.
Манай орон 1996 оны дун өвлийн хүйтэнээр анх удаа хиймэл дагуулын тусламжтай алс холын Америк оронтой холбогдож интернэт хэмээх тэр аугаа том орон зайруу нэвтрэн орж, дэлхий ертөнцийн үүд хаалгыг татан орсоноор түүхийн шинэ хуудас нээгдэж, хөгжлийн нэг шинэ эрин эхэлсэн гэхэд болно. Тиймээ энэ бол хүн төрөлхтөний хөгжилтэй хөл нийлүүлэн алхалсан Монголын түүхэн шинэ цаг үеийн эхлэл.
Уншигч та яг одоо өөрийгөө, монгол орноо интернэтгүйгээр төсөөлөөд үз дээ.
Саяхан л буюу 1990-ээд оний эхэн үедээ эргээд очиход. Хамгийн наад захын харилцаа болох захидал цахилгааныг харъя л даа. Аль нэг шуудангийн салбарт явж очин цаасан дугтуйд хийсэн захидалдаа марк хичээнгүйлэн нааж шуудангийн хайрцагт хийснээс хойш арваар тогтохгүй олон хоног хариу хүлээнэ.
Тэгвэл өнөөдөр интернэт хэмээх дэлхий ертөнцийг холбосон энэ гайхамшигт сүлжээ монгол оронд нэвтэрснээс хойш тив дэлхийн хаана ч байгаа, хэнтэй ч өдөрт хэдэн арваар нь Е-mail шидэлцэж, бие биенээ чөлөөтэй харж, ярьж хөөрч, алхам тутамдаа хамтдаа байж, хамтдаа цай ч ууж болох болжээ. Энэ e-mail буюу электрон шуудан бол бидний хамгийн наад захын түгээмэл хэрэглээ.
Мэдээлэл технологийн хөгжил цаг хором бүр өргөжин тэлж, интернэт хэрэглэгчдийн тоо хоногоор бус цаг хормоор өсөж байгаа энэ үед Монгол орныг та интернэтгүйгээр төсөөлж чадна гэж үү.
Та бодоод, төсөөлөөд үз дээ. Өнөөдөр интернэт хэмээх энэ аварга сүлжээ бидэнд өмсөх хувцас, идэх хоол мэт болж интернэтгүйгээр энэ цаг үед нэг ч алхам алхаж чадахгүй, интернэтгүйгээр өөрсдийгөө төсөөлөхийн ч аргагүй болжээ.
Анх интернэтийг Монголд нэвтрүүлэх жилдээ хэрэглэгч гэж гарын арван хуруунд багтах төдий байсан тэр үеийг бодоход интернэтийн хэрэглээ алхам тутамд нэхэгдэж, ашиг тус нь хором хормоор нэмэгдэх болсон учраас энэ тоо асар богино хугацаанд хэдэн зуун мянга болон өсжээ.
Олон улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн байгуулагад тухайн улсын 100 хүнд хэчнээн телефон утас ногддог, интернэт хэрэглэгч болон компьютерийн нэвтрэлт хэр байна гэдэг үзүүлэлтүүдээр энэ салбарын хөгжлийг тодорхойлдог бөгөөд энэ тоон үзүүлэлтээр манай улс Энэтхэг, Хятадыг хол орхижээ гэвэл та гайхах уу. Мэдээж энэ бол хүн амтай холбоотой асуудал боловч манай улсын хувьд энэ салбар хэр эрчимтэй хөгжсөний нэг илэрхийлэл юм.
Монголчууд ч бас өөрсдийн сүлжээтэй, интернэтэд холбогддог гарцтай болсон 1996 оноос хойш интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж, 1500 гаруй Монгол вэб сайт бий болж Монгол хэл дээрх мэдээллийн электрон агуулга эрс нэмэгдэж, интернэт зөвхөн мэдээлэл цуглуулах төдий хэрэгсэл биш бидний бизнесийн салшгүй нэг хэсэг болж интернэт худалдаа үйлчилгээ, реклам сурталчилгаа гээд интернэтийн олон үйлчилгээ шил шилээ даран гарч, электрон зах зээлийн шинэ эрин бий болжээ.
Ер нь судалгааны байгууллагууд интернэтийн хөгжил ойрын 10 жилд хөгжиж буй орнуудад үлэмж нэмэгдэж, хөгжингүй орнуудын өнөөгиин байр суурь алдагдана гэж тооцож байгаа.
Өнөөдөр интернэтийн энэ асар өндөр хөгжлийг дагаад Монгол улсын мэдээлэл холбооны салбарын түргэн хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл нь Монгол улсын засгийн газар мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх зорилгыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон, Мэдээлэл холбооны технологийг XXI зууны Монгол Улсын хөгжлийн үндсэн хурдасгуур гэж үзэж мэдлэг оюунд тулгуурласан мэдээлэлжсэн нийгмийг хөгжүүлэх стратеги зорилго бий болгосон явдал юм.

Интэрнэт хэмээх энэ хил хязгааргүй орон зайд нэвтэрч, комьпютер хэмээх бяцхан дэлгэцэнд дэлхий ертөнц тэр чигээрээ багтаж та хязгааргүй их мэдээлэл дунд хэрэн тэнүүчилж, тив дэлхий алгасан бизнес наймаа хийж, ширээнийхээ ардаас босохгүйгээр хооллож, ундалж, хувцаслаж, хэн нэгэнтэй уулзаж учирч, ярьж хөөрч, тэр ч бүү хэл худлаа хэлж, хулгай хийж ч болно.
Яагаад гэвэл та асар том орон зай, асар их боломжийг атгаж суугаа баян хүн.

Уншигч та хүн төрөлхтнийг нэгэн нэг атганд багтааж чадсан Интернэт болон WWW хэмээх том халааснаас юу олж авав? Интернэт таньд юу өгөв? Интернэт таны өдөр тутмын амьдралд ямар хэрэгтэй юм бэ? Та өөрийгөө интернэтгүйгээр төсөөлж чадах уу? гээд олон асуултыг өөртөө тавиад үзээрэй.

Ж.Алтантуяа

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button