Дараагийн их аварга Хакухо

-Юуны өмнө танд сониныхоо уншигчдын нэрийн өмнөөс шинэ оны мэнд хүргэе. Урган гарч байгаа шинэ ондоо Монголын Сүмо бөхийн холбоо хэрхэн ажлаа төлөвлөж байна вэ?
-Танай сонины уншигчид болон нийт Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргэе. Монголын Сүмо бөхийн холбоо өнгөрөгч оныхоо ажлыг дүгнэлээ. Монголын Їндэсний Олимпийн хорооноос манай холбооны үйл ажиллагааг өндөр үнэлсэн. Їүний нэг жишээ нь ахлах дасгалжуулагч болон ДАТ-нд мөнгөн медаль хүртсэн эмэгтэй баг тамирчдыг маань Бөртэ чоно-2005 нэр дэвшүүлсэн явдал юм. 2006 онд өмнөх жилийнхээ амжилтаа улам бататган хүмүүст хүрэхүйц ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ жилийн ажлын нэг онцлог бол өөрсдийн тамирчидаа гадаадын тэмцээн уралдаанд оролцуулах бодолтой хэд хэдэн гэрээ хэлцэл хийгээд байна. Мөн хөдөө орон нутагт салбар зөвлөлүүдээ байгуулж дуусах гээд олон ажил төлөвлөж байна. Монголчууддаа дуулгахад энэ оны 4 дүгээр сард болох АНУ-ын нээлттэй тэмцээнд анх удаа Монголын тамирчид оролцохоор зургаан хүний бүрэлдэхүүнтэй багаа бүрдүүлээд байна. Тамирчид маань бидэнд сайхан мэдээ авчирах байх, найдаж байгаа.

-Манайхан Сүмо бөх гээд ярихаар маш их мэдлэгтэй болсон. Утга учир нь юунд байна. Їүний цаана Монгол үндэсний бөх маань бүдгэрээд байх шиг?
-Нэгдүгээрт Сүмо гэж ярих мэдлэгтэй болсон гэдэг нь үндсэндээ манай бөхчүүд сумод очиж барилдах үеэс эхэлсэн. Анх Кёкүшюзан Батбаяр, Кёкүтэнко Цэвэгням нар сумогийн дэвжээнд амжилттай барилдаж эхэлснээр сумог сонирхох болсон гэж үздэг. Сүмог манайхан ингэж их сонирхож дурлаад байгаа нь сумо бөхийн мөн чанарт байна гэж би үздэг. Сүмог дэмжигчдийн тоо эрс өсөж байгаа нь тухайн бөхийн шударга ёс жудаг, цаг хугацааны баримтлал, тэмцээний зохион байгуулалт, тэмцээний шүүлтийн үнэлгээ бодитой, бөхчүүдийн барилдааны ур дүй сонирхолтой, мэхний хувилбар байдаг зэрэгт оршиж байна гэж үзэж болно. Монгол бөхийн хувьд бид өөрсдөө зүтгэж их ажил хийх хэрэгтэй. Миний бодлоор нэгдүгээрт үндэсний бөхийг мэргэжлийн болгох тал руу илүү сайн хөгжүүлэх, дүрэм журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм шиг. Магадгүй цагаан сар наадмын үед уламжлалаараа барилдаж бусад үед мэргэжлийн тал руу хандсан байвал зүгээр юм болов уу гэж боддог. Энэ дээр ард түмнийхээ саналыг авах хэрэгтэй.

-Өнөөдөр сүмогүй юм байхгүй байна. Хашаа л харна сүмо. Телевиз асаана сүмо. Дэлгүүрт орно сүмо печень, сугалаа авна сүмо. Энэ ер нь сүмогийн манайд илэрч байгаа сайн тал уу, аль эсвэл?
-Їүнийг бид өөр өнцөгөөс харах хэрэгтэй. Сүмог дагаад гарч байгаа энэ бизнесийн үйл ажиллагаа байх л ёстой зүйл. Хаана ч спортыг дагаж бизнес явж байдаг. Эхэн үедээ бид NHK-ээс сүмогийн барилдааныг бараг хулгайн замаар авч хэрэглэж байсан. Їүнийг NHK телевизээс хаах шийдвэр гарсан ч бид харилцан тохирч гэрээ хэлцэл хийсний дүнд эрх бүхий шугамаар үзэх болсон. Энэ бидний хувьд бас нэг дэвшил.

-Манай монголчууд арлын орны мэргэжлийн сүмог эзэгнэж байна. Энэ цаг үеийнх үү, эсвэл цаашид үргэлжилээд явах учиртай юу?
-Энэ бол их сайхан үйл явдал. Монгол хүний ид хавыг дэлхийд таниулах, Монголыг гадаадад сурталчилах бололцоог гаргаж өгсөн сайхан хөвгүүддээ Монголын ард түмэн баярлах ёстой. Энэ маань цаг үеийнх биш гэж би боддог. Нэгэнт тогтсон сэтгэхүй суусан. Монгол хүнгүйгээр сүмогийн дэвжээг төсөөлшгүй. Монгол хүн үгүйлэгдэх болно. Тэгэхээр бид үүнийг цаг үеийн асуудал гэж бодохгүй байгаа.

-Мэргэжлийн сүмо, сонирхогчдын сүмо хоёрын ялгаа?
-Мэргэжлийн сүмогийн хувьд цалин хөлсөө аваад ажлаа хийж байгаа гэдэг утгаар ханддаг. Сонирхогчийн сүмог бодвол тогтмол барилдаантай байдаг. Мэргэжлийн сүмод сонирхогч бөх барилдах эрхгүй.

-Сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарах эрхгүй байдаг гэсэн. Яагаад сонирхогчийн сүмод эмэгтэйчүүд зодоглодог юм бол. Энэ тал дээр Япончууд хэрхэн ханддаг вэ?
-Энэ бол Японы ард түмний зан заншилтай холботой байх. Азийн орнуудын эмэгтэй хүнд хандах хандлагын нэг талын үзэл болов уу. Сонирхогчийнн сүмод эмэгтэй хүмүүс барилддаг. Їүнийг даяарчлагдаж байгаа ертөнцтэй холбож ойлгож болох юм. Жүдо бөхөөр эмэгтэй хүмүүс барилдаж байна. Сүмо бөх дэлхийн 80 гаруй оронд хөгжиж байгаагийн хувьд эмэгтэйчүүд барилдахыг үгүйсгэх аргагүй.

-Та ингэхэд сүмогоор барилдаж байв уу?
-Би спортоос хол хөндий хүн. Энэ ажлыг аваад үндсэндээ жил орчим болж байна. Ер нь спортыг их сонирхож байгаа.

-Сүмогийн сайн тал нь, бас сөрөг тал нь юу вэ?
-Миний бодлоор үндсэндээ гурван сайн тал байдаг. Спортоор хичээллэснээр бие бялдар хөгжих, хурд хүч авхаалж самбаа өндөрсөх үүнийгээ дагаад амьдралаа дээшлүүлэх эх үүсвэртэй болох, сүмо нэр хүндтэй сайн спорт, тэр утгаараа хүмүүст танигдах тал дээр хурдан байдаг. Мөн сүмог дэлхий нийтээр мэддэг болохоор цар хүрээ сайн. Сүмо бөхийн гол чанар нь хурдан хугацаанд сонирхолтой барилдааныг үзүүлдэгт байгаа юм. Жүдо бөх шиг цаг минутаар барилддаггүй болохоор хүмүүс их сонирхдог. Сөрөг тал ч байдаг л даа. Жишээлбэл хэт их ачаалалттай байснаас зүрх судасны үйл ажиллагаа муудах тал байна.Сүмо бөхийн хамгийн гол чанар нь ахас дээдсээ хүндлэх ёс жаягийн хувьд маш сайн. Сүмо бөх манай хүүхэд залуучуудад хүмүүжлийн хувьд маш хэрэгтэй спорт.

-Сүмод барилддаг хүн их идэж их жинтэй тарган болдог. Энэ нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг үү?
-Сүмо бөхчүүд хэт их жинтэй тарган байдаг.Гэхдээ бөх барилддаггүй тарган хүмүүс ч байдаг шүү дээ. Їүнийг ингэж ойлгож бас болохгүй юм. Таргалсных зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх гээд зарим зүйл байгаа байх. Гэхдээ би сая их аварга Таканханаг харлаа. Их тарган хүн байсан. Зодог тайлаад 90 кг болтлоо турсан байсан. 60, 70 нас хүртлээ эрүүл саруул чийрэг бөхчүүд цөөнгүй. Бие хаа сайтай эрүүл чийрэг харагдаж байна лээ. Сүмо бөхчүүд л тарган байдаг гэдэг ойлголт явцуу.

-Сүмогийн тив дэлхийн хэмжээний ордонг Монголд барих сураг гарсан. Энэ ажил юу болж байна?
-Энэ ордонг барина. Би үүнд итгэлтэй байна. Ордонг барих үүрэг даалгаврыг би хүлээж авсан. Энхболд дарга хотын засаг дарга байхдаа шийдэж өгсөн газар бий. Бид энэ газрыг шаардлагын дагуу ашиглана. Бидэнд тодорхой хэмжээний цаг хугацаа хөрөнгө мөнгө орно. Ямар ч байсан баригдана. Ордон 7-10 мянган хүний суудалтай. Дэлхийн хэмжээний стандарт хангасан Монголын хамгийн том ордон болно. Заавал бөх гэлгүй урлаг спорт бүхий л үйл ажиллагааг явуулна. Энэ бол нээлттэй. Бид японы сүмо бөхийн ордны талаар нэлээд судалгаа явуулсан. Ер нь Япончуудаар өөрсдөөр нь бариулах санаатай байгаа. Японы сүмогийн ордон гэхэд японы засгийн газраас барьсан. Харин бусад Осака зэрэг хотуудын сүмо бөхийн ордонгууд бусад цагт байраа түрээсэлдэг юм байна лээ. Энэ орднуудын заал нь жирийн заал шиг засаж янзалсан байдаг. Ер нь заавал шинэ гэлтгүй нэг сайхан заалыг засаж тохижуулахад болох юм шиг байна. лээ.

-Монголын сүмогийн холбооны гадаад харилцаа хэрхэн хөгжиж байна?
-Бид АНУ, Европын сүмогийн холбоотой албан ёсоор холбоо тогтоосон. Энэ харилцаа холбооны дагуу 2006 онд нийт 10-аад уралдаан тэмцээн зохионо. Америкт тамирчдаа явуулж шагналт тэмцээнийг зохиох бодолтой байгаа. Мөн Араб болон гадаадын тамирчдыг өөрийн оронд авчирч уралдааныг зохиох санаа ч байна. Хоёрдугаар сард амжиж Олон улсын араб орны тамирчид оролцсон тэмцээнийг зохиох бодолтой байна.

-Дотоодод хөдөө орон нутаг руу хэрхэн ажлаа хүргэж байна?
-Манай сүмо бөхийн холбоо ихэнх аймгуудад салбар зөвлөлөө байгуулсан. Энэ жил бүх салбар зөвлөлийн удирдлагуудын семинар зохионо. Хөдөө орон нутагт хэд хэдэн уралдаан тэмцээнийг зохионо. 2006 онд санхүүгийн асуудлаа шийдвэрлэж нэлээд ажлыг хийнэ.

-Ах нарынхаа шийрийг хатаах бөх төрж байгаа байх. Тэднээс нэрлэвэл?
-Мокономи Базарсадыг нэрлэмээр байна. Жүрод орж байна. Залуу сайхан бөхчүүд их ирсэн. Сүмогийнхон амжилтанд хүрээгүй байхдаа магтагдах тал дээр дургүй байдаг. Энэ нь шашин шүтлэгтэй холбоотой. Цаг нь болохоор нэр нь гарна.

-Сүмо олимпийн төрөлд орох боловуу?
-Дэлхийн олон орон энэ асуудлыг дэмжиж байгаа. Ялангуяа Япончууд энэ асуудлыг их дэмжиж байна. 2012 оны олимпийн төрөлд үзүүлэх тоглолтоор орохоор болсон. Магадгүй 2016 олимпод сүмо бөх орохоор батлагдсан. Монголын тамирчид олимпийн медаль авах том боломж нээгдэнэ.

-Монгол бөхөд найр аа гэж асуудал байдаг.Харин сүмо бөхөд ийм зүйл байдаг уу?
-Байна. Аль ч спортод хоорондоо үгсэж тохирох зүйл байдаг.Буруу утгаар нь бүү хүлээж аваасай гэж бодож байна. Намайг ингээд хэлснээр сүмо бөх найраатай гэж хэлж болохгүй. 15 өдрийн барилдаан бүрийг найрч аргална гэж байхгүй. 50 хувиа үзүүлэхэд нэг ялалт дутуу байх ч юм уу эсвэл ахмад бөх залуу үеэ дэмжих гэсэн тал дээр харагддаг. Ер нь 80 хувьтай. Найз нөхдийн холбоо сүлбээ зэрэг асуудал байх шүү дээ. Манай үндэсний бөхөд ч найраа байдаг, гэхдээ энэ найраа ирээдүйтэй, үнэхээр хүчтэй бөхдөө өгөхөд би дургүйцдэггүй. Монголчууд ч надтай санал нэг байдаг байх.

-Өсвөрийн хүүхэд багачуудыг сүмо бөхөөр хичээллэхэд хэрхэн анхаарч байна.Шинээр Япон уруу Монгол бөхчүүд явж байгаа юу?
-Манай холбоо өөрсдийн клубүүдтэй. Клубүүд спортын төв ордон дээр хичээллэдэг. Одоогийн байдлаар мэргэжлийн сүмод Монголчуудыг оруулах асуудлыг зогсоосон. Хойшдоо энэ асуудал шийдэгдэх байх аа.

-Эцсийн асуултыг танд үлдээе?
-Их Спорт сонины хамт олонд ажлын амжилт хүсье. Их спортын талаар гэгээлэг үнэн бодит мэдээллийг хүргэж байгаад баяртай байна. Танай сониноор дамжуулан Арлын Японд барилдаж буй бөхчүүддээ, нийт Монголчууддаа ирж байгаа нохой жилдээ амжилт бүтээлээр арвин байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье.

Ярилцсан Их Спорт сонины сурвалжилагч Д.Нандинцэцэг

Их Спорт нь спортын ертөнцөөр уншигч та бүхнийг аялуулж, дотоод гадаадын тамирчдын тухай, уралдаан тэмцээний талаар хамгийн шуурхай мэдээлэх болно. Мөн үе үеийн спортын шилдэг тамирчдын талаар дэлгэрэнгүй ярилцлага, нийтлэл, хөрөг туурвин түмэн олондоо хүргэдэг юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button