Засгийн газрын хуралдааны тойм

Авилгалтай тэмцэх 10 алхмын талаар хэлэлцлээ

Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх 10 алхам, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн талаар танилцаад, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн захирамж гаргахаар тогтов.

Япон улсын Засгийн газар жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, зээл олгоно

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль, орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл-ийг хэрэгжүүлэх тухай хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах энэхүү хэлэлцээрийн зээлийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Япон улсын Засгийн газраас дээрх чиглэлд төсөл хэрэгжүүлэхэд зориулан 25.9 сая ам. доллартай тэнцэх иенийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөөд байгаа аж.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар мах, гурилын хангамж
сайжирч, үнийн хэт өсөлт саарна

Мах, гурилын хангамжийг сайжруулж хомсдолыг бууруулах, үнийн хэт өсөлтийг сааруулах, 2006 оны тариалалтыг хэвийн явуулахад шаардагдах үрийн хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэл өсч ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, татварын нийт орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Сэлэнгэ мөрөн, Онон, Балж голын урсацад тохируулга
хийх тухай төслийг зарчмын хувьд дэмжлээ

Эх орны хуурайшилт ихтэй өмнөд бүсийн цөлжилтийг сааруулах, хүн амын унд ахуйн болон олборлох үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг хангах шаардлагуудыг харгалзан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж нарын санаачлан боловсруулсан Сэлэнгэ мөрөн, Онон, Балж голын урсацад тохируулга хийх санал боловсруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж байгаагаа төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
Эгийн гол, Сэлэнгэ мөрний бэлчирийн орчимд Онон, Балж голуудын нийлсэн уулзварын бэлчирийн хэсэгт гадаргын урсацын тохируулга хийж, далан хаалт байгуулах замаар цас, бороо, үерийн усыг хуримтлуулан нөөцөлж, тал хээр, говийн бүс рүү шилжүүлэн урсгах, тухайн бүс нутгийн хүн ам, хөдөө аж ахуйн болон уул уурхайн үйлдвэрүүдийн усан хангамжийн эх үүсвэрүүдийн асуудлыг оновчтой хувилбараар шийдвэрлэх боломжтой хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Тэдний үзэж байгаагаар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 5-7 жилд хийж дуусгах бололцоотой юм байна.

Улсын сайн малчин шалгаруулах журмын заалтад
өөрчлөлт орууллаа

Улсын сайн малчин шалгаруулахтай холбогдуулан журмын заалтад өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолоор Улсын сайн малчин шалгаруулах журам-ын хоёрдугаар заалтын 25 хүртэлх гэснийг ..30 хүртэлх гэж өөрчлөхөөр тогтов. Ингэснээр улсын сайн малчны болзлыг хангасан 25 малчин дээр 5 малчныг нэмэхээр болж байгаа юм. Сайн малчны тоог нэмэгдүүлсэн нь улсын хэмжээнд мал, сүргийн тоо, толгой 2005 онд 7.1 хувиар өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний болон хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлэх болсонтой холбоотой аж.

Ж.Самбуу, Ж.Батмөнх нарын дурсгалын хөшөөг босгоно

Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журмыг үндэслэн Засгийн газрын тогтоол гарлаа.
Тогтоолд төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуу, Жамбын Батмөнх нарт зориулсан дурсгалын хөшөө босгоход шаардагдах зардлыг улсын төвлөрсөн төсвөөс гаргахаар дурдаж, хөшөө босгох газрын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон байна.

Засгийн газарт хандсан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
өнгөрсөн оныхоос 2.0 хувиар нэмэгджээ

Мөн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын хуралдааны 2005 оны дүнгийн тухай, Иргэдээс 2005 онд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын тоймын талаар хэлэлцэж, танилцсан байна.
Засгийн газрын хуралдаан 2005 онд 52 удаа, үүнээс өргөтгөсөн болон ээлжит бус хуралдаан 2 удаа тус тус болжээ. Нийт 826 асуудал хэлэлцсэний 94.4 хувийг нь буюу 780 асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол 243, Ерөнхий сайдын захирамж 90 гарч, 496 асуудалд хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгч, 46 асуудлыг дахин боловсруулахаар хойшлуулсан байна.
Засгийн газарт иргэдээс 2005 онд 2295 өргөдөл, гомдол ирснээс 2239 асуудал тусгасан 2051 өргөдөл, гомдлыг хяналтад авч ажиллажээ. Эдгээрийн 98 хувийг шийдвэрлэж, зохих журмын дагуу хариу өгчээ. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өнгөрсөн оныхоос 2.0 хувиар нэмэгдсэн байна.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button