Хүчит Заан Харцагуудын халз барилдаан

Баяр наадам болгон дээр элдэв начин, зааны найраа хийгдэж шинэ цол, уран сайхан барилдаанаа үнэгүйдүүлж ирсэн туршлага бий. Түүнчлэн долоо хоног болгон шахуу болдог байсан Yндэсний бөхчүүдийн залны барилдаан тасалдсанаас манай залуу бөхчүүдийн бэлтгэлийг базаах, хүчийг сорих хөгжүүлэх зүйлүүд ч алдагдаж ирсэн гэх мэргэжилтнүүдийн шүүмж ч байдаг.
Тэгвэл элдэв найраа, эрэмбэ дараа гэлгүй хүчийг үзэх боломжийг цагаан сарын өмнөхөн болох нэгэн барилдаанаас харж болох юм байна.
Манай ард түмэн хүчит бөхчүүдийнхээ уран сайхан барилдааныг харж баясан, уухайлан түрж, дэмжих дуртай. Саяхан Монгол бөхийн өргөөнөө Хүчит хоёр далай аварга маань хүчийг сорисон нь бөхөд хорхойтой олныг баясгасан хэрэг болсон.
Харин одоо эрэмбэ цол, ид хав, бяр хүч тэнцүүхэн бөхчүүдийн уран сайхан барилдааныг харах сайхан боломж гарлаа. Элдэв хэл ам болдог найраа хороос хол, чин үнэн бяр хүчийн гайхамшигийг мэдрэх энэхүү бооцоот барилдаанд манай алдарт Заан Харцагууд маань цуглана.
Заан Харцага гэдэг бол наадмын хэдэн давааг Начин цолтой нь аваад гарсан хэрийн аавын хүү хүртээд байдаггүй хүндтэйхэн цол. Арслан, аваргад ойрхон арал бяр тэнцүүхэн, хүчтэй чадалтай бөхчүүд нь нэгэн доор цуглах сонирхолтой барилдаан бөхөд дуртай Монголчуудын мэлмийг мялаахнээ.
Энэ удаагийн барилдаанд бөхчүүд цолоороо баг болон хуваагдаж, нэг заан зургаан харцагатай ээлжлэн барилдаж оноо цуглуулах журмаар барилдах бөгөөд барилдаан тус бүр дээр 200000 төгрөгийн бооцоо тавигдах юм байна. Улмаар хамгийн өндөр оноо авсан баг 6 сая төгрөгний шагнал өвөртлөх бөгөөд удаах нь 1.5 сая төгрөг хүртэх гэнэ.
Энэ удаагийн заан харцагуудын халз барилдаанд Монгол улсын Заан И.Доржсамбуу, Д.Бумбаяр, О.Одгэрэл, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, Х.Мөнхбаатар, Монгол улсын Харцага Н.Баяржавхлан, Г.Ганхуяг, Э.Батбаатар, Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Л.Пүрэвдорж нар барилдана. Харин манай Заануудын багын дасгалжуулагчаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Харцагуудын багын дасгалжуулагчаар Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байгаа юм байна.
Ийнхүү зүлэг ногоон дэвжээний өнгө сүр, хүч хийморь нь болсон манай хүчит Заан, Харцагууд хүчийг үзэх сонирхолтой барилдаан Монгол бөхийн өргөөнөө энэ сарын 21-нд болохнээ.
Цагаан сарын барилдааны өмнөхөн болох Заан Харцагын халз барилдааныг Хүч чадлын ус компаниас зохион байгуулж байгаа юм.

Ж.Алт

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button