Баярын ширээ сайхан харагдах нь эзэгтэй танаас л шалтгаална.

Ширээний засалт

Ирсэн зочдоо сэтгэл хангалуун, өөдрөг сэтгэгдэл төрүүлэх эхний алхам бол ширээний засалт. Yүнд гэ­рийн эзэгтэйн мэдрэмж их чухал. Хоолны ширээг үзэмжтэй засахад тансаг аяга, таваг хоолны хэрэгсэл, сонгож авсан ширээний бүтээлэг, аяганы суурь чухал үүрэгтэй.
Баярын ширээнд маалинган даавуугаар хийсэн бүтээ­лэг сонгох нь илүү зохимжтой байдаг. Мөн бүтээлгийн голд тавих жижиг бүтээлэг, түүндээ тохирсон аяганы суурийг тавиарай. Танд гэж хэлэхэд бүтээлгийн булангууд ширээ­ний хөлийг халхалсан байх ёстой шүү. Ширээний өнгө маш чухал үүрэгтэй. Өвлийн улиралд бүх зүйл бүүдгэр саарал, цайвар өнгөтэй бай­даг тул үүнээс аль болох зайлсхийн дулаан, тайвшруулах өнгийг сонговол илүү зохимжтой. Юуны өмнө баяр баясгалан, элбэг хангалууны бэлэг тэмдэг болох хурц улаан өнгийг сонгож болно. Ширээн дээр тавьсан ногоон модны мөчир, амьд цэцгийн баглаа зочдод сайхан сэтгэг­дэл төрүүлнэ.
Хоолны хэрэгсэл
Ширээнд эхэлж аяга тавгийг өрдөг. Суудал болгоны өмнө зондын сандлын харалдаа ширээний захаас хоёр см зайд том тавган дээр зуушны жижиг тавгийг, хэрэв зуушгүй бол шөлний таваг тавьдаг. Түүнээс 5-10 см-ийн зайд бялууны жижиг таваг өрөх бөгөөд тэдний хооронд зуушны болон хоолны сэрээг шүдийг нь дээш харуулан өрдөг. Зуушны тавгийн баруун талд хоол, зуушны хутгыг ирийг нь таваг руу харуулан тавина. Танд анхааруулахад хоолны хэрэгслүүд хэзээ ч тавагны ирмэг дор орсон байх ёсгүй. Ер нь хоолны хэрэгслийн байрлах дараалал нь хоолны цэсийн дарааллын дагуу байх ёстой. Эхэнд өгсөн зуушийг хамгийн захын хутга сэрээгээр, дараагийн хоолыг удаахь хутга, сэрээгээр гэх мэт дарааллаар хэрэглэдэг байна. Мөн нэмж хэлэхэд хутга сэрээг нэг нэгнээс нь 1 см зайтай байхаар байрлуураарай.
Зуушны хэрэгсэл
Амтат зуушны хутга сэ­рээг голдуу зуушны тавагны ард, ишийг нь баруун тийш нь харуулан дэвүүр маягаар өрдөг. Эсвэл баруун талд нь ширээний захад нэг эгнээнд юмуу, зуушны тавагны цаана ширээний захтай нэг эгнээнд өрж болдог. Зуушны тавгыг зүүн тийш нь далийлгаж тавьдаг. Амтат зуушны болон жимс идэхэд хэрэглэдэг хэрэгслүүдийг зууштай зэрэг өрөхөд буруудах юмгүй. Учир нь амтат зууш өгөх үед ширээг цэвэрлэсэн байх учир амтат зуушны хэрэгслүүд үндсэн хэрэгслүүдийн зайг эзэлдэг гэж болно.
Баярын ширээний дарс, хундага
Баярын ширээг оргилуун дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн өндөр, гоёмсог хундаганд оргилуун дарс хийдэг. Ер нь дарсны төрлөөс шалтгаалж дарсны хэрэгсэл хундагыг сонгоно. Тухайлбал, чихэрлэг болон амтат дарсанд алтан зул цэцгийн хэлбэртэй хөлтэй хундага сонгодог байхад улаан дарсанд алтан зул хэлбэртэй боловч арай том хэмжээтэй, амсар нь өргөн хундага сонгох жишээтэй. Харин цагаан дарсны хувьд өндөр, том хэмжээтэй хундага байдаг гэнэ. Ундаа хатуу байх тусам хундага багасдаг. Шарзны /коньяк/ тухайд дээгүүрээ нарийхан том хундаганд хийж уудаг бөгөөд үнэр нь илүү сайн мэдрэгддэг аж. Ундаа жимсний шүүсний хувьд зузаан ёроолтой.тэгш хэлбэртэй шилэн аягыг хэ­рэглэдэг бөгөөд хоолны хэрэгслүүдийн баруун талд байрлуулдаг. Хундагануудыг хэрэглэх дарааллын дагуу байрлуулдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд уух ундааны хундага нь хамгийн ба­руун талд гэх мэт. Харин шар айрагны хундагыг тусад нь тавиур дээр тавьж өгдөг байна.
Дарсны даруулганы талаар..
Портвейн маягийн дарс. Хатуу портвейнийг шөлний дараа хоёрдугаар хоолны өмнө, мөн давсалсан махтай хоол, тослог шөлний дараа хэрэглэдэг.
Цагаан дарс Цагаан дарсыг хүйтэн зууш, түрс, шарсан загас, шувууны мах гэх мэт харьцангуй хөнгөхөн хоолонд 8-10 хэм хүртэл халааж өгдөг.
Ягаан дарс Хачиртай талх, зайдас, чанаж болгосон хүйтэн хэл, хонины шарсан мах зэрэг хүйтэн хоолонд тохирдог.
Улаан дарс Нэлээд тослог хоолонд даруулж хэрэглэх нь зохимжтой. Учир нь улаан дарсанд ихээр агуулагддаг тапин хэмээх бодис нь тослог хоолны дараа ходоод унжих мэдрэмжийг багасгадаг. Улаан дар­сыг тасалгааны хэмтэй дулаан болгож хэрэглэвэл илүү зохимжтой гэнэ.
Оргилуун дарс Аливаа зоогт оргилуун дарс хүндэтгэлийн шинж чанарыг агуулдаг. Оргилуун дарсыг бага багаар хурдан уух шаардлагатай бөгөөд учир нь хундагандаа оргилуун дарс хурдан амтаа алддаг. Оргилуун дарсыг хундаганы гуравны хоёр хүртэл дүүргэдэг. Хэрэв олон дарс хэрэглэх тохиолдолд эхлээд цагаан, залуувтар дарснуудыг, дараа нь илүү олон жил дарсныг, хамгийн сүүлд амтлаг дарсыг өгдөг.
Баярын хоолны цэс
Таны зочломтгой зан, зууш хоолны тоогоор бус, харин хоол ундны сонголт, бэлтгэсэн байдал, ширээний үзэмжтэй засалтаар илэрдэг. Айл гэрийн эзэгтэй бүрт гарын хоол гэж байдаг. Түүнийгээ баярын цэсэнд оруулбал зочдод тань илүү таалагдах болно. Тиймээс та сайн хийж чадахгүй хоолоо хийж зочдодоо эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхий.
Ширээг хоолоор чимэглэх
Ширээг хоол, зуушаар чи­мэглэх нь хэцүү зүйл биш. Зөвхөн хурц иртэй хутга бага зэрэг уран сэтгэмж байхад л болно. Жишээ нь, чанасан хиамыг нимгэхэн зүсээд, хоёр гурвыг давхарлаж голоос нь зах руу сэтэлж зүсээд зүссэн хиамаа дэлгэн хонхорхойд нь төрөл бүрийн ногооны салат, зүтам улаан лооль, өргөст хэмх зэргийг тавьж өгнө. Мөн бага зэргийн өргөст хэмхийг нимгэн ялтас хэлбэртэй гүйцэд биш хэрчээд дараа нь дэвүүр хэлбэртэй дэлгэж, өнгөт байцааны навчаар хясаа хэлбэрийн төрх хийн дотор нь салат, мөөг, мах, вандуй хийж ямар ч зуушийг чимэглэж болдог гэнэ.

Зууны мэдээ сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button