Ван Шао Лун Би нутаг буцахаасаа өмнө үнэн байдлыг дэлгэнэ ээ

Энэ хэргийг тойрсон олон хачирхалтай мэдээллүүд дуулддаг. Урьд өмнө нь олны өмнө ил гарч байгаагүй нууц ноёнтон Тан лун компанийн захирал Ван Шао Лунтай манай сурвалжлагч уулзаж ярилцлаа. Түүний ярилцлага уншигч таны өмнө олон хэргийн учгийг тайлж ч мэдэх юм.
-Тан лун-ы тодотголтой хэргийн анхны шүүх хурлын ажиллагаа саяхан болж өнгөрсөн. Хэрэг яагаад шийдэгдсэнгүй мөрдөн байцаалтад буцав?
-Энэ хэрэгт би шүүгдэгчээр татагдсан байгаа. 2004 оны арваннэгдүгээр сард намайг алтны хэрэгт холбогдуулан зургаан сар хорьсон. Гарсны дараа бараг долоо, найман сар болсон. Жил гаруйн энэ урт хугацаа нь хэргийн учрыг олоход хангалттай хугацаа. Мөрдөн байцаалт хийж байна гэж ингэж их удчихаад одоо яагаад мөрдөн байцаалт дутуу гэж байгааг ойлгохгүй юм. Хэрэг шийдэгдэлгүй удаж буй нь бизнесийн ажилд маань маш их сөргөөр нөлөөлж байна.
-Танай компани хэдийнээс эхлэн үйл ажиллагаа явуулсан бэ?
-Би 2003 онд Монголд хөрөнгө оруулалт хийж Тан лун компанийг байгуулсан. Анх Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Бас Тан лун нэртэй зоогийн газартай. Хүнтэй хамтарч сауны газар, Шинэ төгрөг банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг.
-Та өөрийгөө яагаад олны анхааралд өртөх болсон гэж боддог вэ?
-Шоронд хоригдож гарч ирсний дараа өөрийнхөө тухай бичигдсэн мэдээллүүдийг олж үзээд ихэд гайхсан. Тэнд ямар ч ор үндэсгүй юм байсан. Ер нь намайг тодорхой хүрээнийхэн бизнес хийдэг гэдгээр нь сайн мэднэ. Ван Шао Лун гэсэн нэрийг сонсоод танихгүй хүн цөөхөн байх. Би Монголд үнэнч шударгаар бизнес хийж олон түнштэй болсон. Монгол дахь хятадын хөрөнгө оруулагчдын нийгэмлэгийн байнгын хорооны гишүүн, үйлчилгээний салбарын даргаар ажилладаг.
-Танай компаниас Тагнуулынхан их хэмжээний буу зэвсэг хурааж авсан. Монголд зөвшөөрөлгүйгээр буу зэвсэг эзэмших болон хадгалахыг хориглосон хууль байдаг. Үүнийг та мэддэггүй байсан гэж үү?
-Энэ хуулийн талаар анх 2002 онд мэдсэн. Хэргийг шалгаж эхлэх үед энэ хэргийг хэт хөөргөн үнэнээс холдуулан сенсаац үүсгэсэн. Телевизор, сонин дээр тухайн үед манай компанид их хэмжээний буу хадгалсан гэсэн зураг гаргаж мэдээлсэн. Энэ нь бодит үнэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд ард иргэдэд буруу ташаа ойлголт өгсөн. Манай компаниас гарсан буунуудыг монголын цагдаагийн байгууллагаас хийсэн шинжилгээгээр ямар ч хэрэг үүсгэж байгаагүй гэдгийг тогтоосон. Үүнээс гурван буу нь ангийнх гэдгийг нотолсон бөгөөд цагдаагийн газарт бүртгэлтэй. Бусад гурав нь хүний аминд нөлөөгүй хийн буу байсан. Харин миний байрладаг байр, оффис, ресторан, тоосгоны үйлдвэр болон ажилчдын амьдардаг байрнаас олдоогүй хоёр бууг хууль бусаар хадгалсан гэж намайг буруутгасан.
-Тэгвэл хаанаас олдсон буу юм бэ?
-Энэ хоёр буу миний хуучин байрлаж байсан өрөөнөөс олдсон. Тэндээс нүүгээд хоёр гурван сар болсон байсан. Тагнуулын албаныхан үүдний харуулаас Ван Шао Лун хаана байрладаг юм бэ гэхэд 222 тоот гэж хэлсэн юм билээ. Гэтэл тэр өрөөнд ондоо түрээслэгч аль хэдийнэ орчихсон байсан. Тэр байранд хятад, солонгосчууд гэх мэтээр олон түрээслэгч суудаг. Үүдний харуул болон үйлчлэгч хоёрын Тан лун компанийн байр гэсэн мэдүүлгээр манайхыг буруутгаж болохгүй ээ. Тухайн үед цагдаагийнхан манай тоосгоны үйлдвэр, контор, байрлаж байсан байр бүгдийг нь нүх сүвгүй нэгжсэн. Наад зах нь гэхэд сауны газрын таазыг бүгдийг нь нурааж шалгасан. Бууны асуудлын тухайд нэмж хэлэхэд цагдаагийнхан шалгаж олоогүй. Харин би өөрөө хаана байгааг нь хэлж гаргаж өгсөн юм шүү дээ.
-Тагнуулынхан танай компанийг битүүмжилж эд зүйлийг нь хураах үеэр яагаад эсэргүүцэл үзүүлэхийг завдсан юм бэ?
-Эсэргүүцэл үзүүлсэн гэдэг бол шал худлаа мэдээлэл. Би өөрөө Тагнуулын албанд очиж мэдүүлэг өгсөн. Анх Тоосгоны үйлдвэр болон конторт цагдаа нар ирлээ гэсэн мэдээлэл надад ирсэн юм. Намайг хурдан хүрээд ирээч гэхэд нь би тухайн үед хятадын бизнесийн холбооны төвд гэрээ хийж байсан. Ажлаа дуусгаад очсон. Цагдаагийнханд түлхүүрээ өгч контороо өөрөө шалгуулсан.
-Залуу охидыг цагдаагийн нэр нөлөө бүхий хүмүүст өгөөш болгон өгч тэднийг тагнах, чагнах, бичлэг хийх зорилго тань юу байсан юм бэ. Ийм бичлэгтэй хурцгууд цагдаагийнханд хураагдсан байгаа гэсэн. Үүнийг ямар нэгэн байдлаар өөрийн эрхшээлдээ оруулах гэсэн рекэт үйлдэл гэж ойлгож болно биз дээ?
-Би хүнийг тагнаж, чагнаж бичлэг хийж байгаагүй. Энэ асуудлаар намайг болон миний хамтран ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь шалгаж мөрдөөд холбогдолгүй болохыг нь тогтоосон. Харин манай нэг хамтрагчын машин дотроос DҮD-ээр үздэг секс киноны бичлэгтэй хэдэн хуурцаг гарсан юм билээ. Үүнийг сүртэй асуудал болгох шаардлага байхгүй болов уу.
-Тэр бичлэгт монгол охид гардаг юм уу?
-Үгүй. Зах дээр хаа сайгүй л зарагддаг европ эротик киноны бичлэг.
-Та манай монголын цагдаагийн албан тушаалтнуудтай хэр танил вэ. Тэр хүрээнд таны найз нөхөд бий юу?
-Би Бизнес холбоо төвийн салбарын нэг хэсгийг хариуцан ажилладаг. Хятадаас бизнесмэнүүд их ирдэг. Мөн Хөх хотын болон өөр бусад газрын цагдаагийн газрын дарга нар ч ирдэг. Эндхийн цагдаагийн ажилтнуудтай хамтарч, харилцан ажиллаж хоорондоо уулзалддаг. Би ажил үүргийнхээ дагуу энэ хүмүүстэй хамт хөдөө гадаа явж, монгол талын танилцуулга хийх албаны үүрэг гүйцэтгэж байсан болохоос биш тэдний өвөрт охид, хүүхэн хийж явсангүй. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичигдсэнээр бол цагдаагийн албан тушаалтанд хүүхэн олж өгдөг гэсэн байсан. Үнэхээр тийм гэх бол нотлох баримтаа гаргаж ирээч ээ гэж хэлье. Асуудал үүсэхээс өмнө эхнэр, хоёр хүүхэд маань энд байсан. Би өглөө гараад шөнөдөө гэртээ ордог ажил ихтэй хүн. Түүнээс надад найз нөхдүүддээ хүүхэн олоод явах зав байдаггүй. Тэгээд ч ийм ёсгүй юм хийх сэтгэл ч байхгүй.
-Танай холбооны хүрээнд хоёр улсын цагдаагийн ажилтнууд хоорондоо албаны уулзалт хийж байсан гэлээ. Нууц биш бол манайхаас хэн хэн дарга энэ уулзалтад оролцож байсан юм бэ?
-Урдаас цагдаагийн байгууллага болон Засгийн газрын хүмүүс ирэхэд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, бүх дүүргийн дарга нар уулзалтад ирж байсан.
Өвөрмонголын замын цагдаагийн албан тушаалтнууд ирэхэд Улаанбаатарын замын цагдаагийн газрын дарга болон хариуцсан дарга нар бүгд уулзсан. Манай Тан лун ресторанд очиж дайллага хийсэн. Бид хундага өргөж хамт сууж байсан. Цагдаагийн ажилтнуудтай албаны хүрээнд энгийн харьцаатай байдаг. Жишээлбэл, аль нэгэн дүүрэгт асуудал гарлаа гэхэд би тэдэн рүү хуулийн дагуу утасдаж асуудлыг зөвөөр зохицуулахыг хүсдэг. Түүнээс хувийн асуудлаар харьцаж явсангүй.
-Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах энэ уулзалтын үр дүнд хийгдсэн бодит ажил юу байна. Яг хэдийнээс эхлэн энэ уулзалтыг явуулж эхэлсэн бэ?
-Бизнес холбоо-ны салбарын дарга болсноос хойш буюу 2004 оноос энэ ажилд би оролцсон. Гэхдээ би энэ уулзалтыг зохион байгуулж байгаа биш ээ. Холбооны хүрээнд уулзалт болоход бид үйлчилгээний ажлаа явуулдаг. Хоол унд, зугаалга гэх мэтийн ажил манайхаас зохион байгуулдаг.
-Таныг Төв аймгийн мөрдөнд хоригдож байхад чинь монголын нэр нөлөө бүхий нэгэн цагдаагийн албан тушаалтан эргэж очсон. Тэгэхэд та Намайг эргэж ирээд яах вэ. Танихгүй мэт байя. Гараад учраа ололцье гэж хэлсэн гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Шоронд байх хугацаанд гаднаас би хэнтэй ч уулзаж байгаагүй. Би хоригдож байх зургаан сарын хугацаанд надад тулгаж буй хэргүүдийг хийгээгүй гэдгээ хэлж үнэнийг олохыг хүсч байсан.
-Ингэхэд таныг ямар хэрэгт буруутгаж шүүхээс ял төлөвлөсөн бэ?
-Намайг хуулийн дөрвөн зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа. 1. Хууль бусаар алт гаргасан. Тан лун нь алт худалдаж авдаггүй, гаргадаггүй. Гэтэл зарим хүмүүс манай компанид алт худалдаж байсан гэж гэрчилсэн байна лээ. Миний ах Ван Лов Си алт мөнгөний дарханы мэргэжилтэй. 2003 онд миний туслалцаатайгаар үнэт эдлэлийн дэлгүүр нээж ажиллуулж байхдаа бөгж, ээмэг худалдан авч хайлуулан өөр хэвэнд цутгаж эргүүлэн зарж байсан. Гэтэл дэлгүүрээ дээрэмдүүлсний дараа нутаг буцсан. Үүний дараа монголд эргэж ирээд мөнгөн эдлэлийн бөөний бизнес эрхлэх болсон. Зарим гэрч Тан лун компанид Лин овогтой хүнд алт өгч байсан гэж мэдүүлсэн. Энэ Лин овогтой хүн хувиараа бизнес эрхэлж байсан ба тодорхой суудаг конторгүй болохоор манай компани, ресторанд байнга ирж ажил төрлийн холбогдох хүмүүстэйгээ ажлаа ярвдаг байсан. Түүнийг ирэхэд нь миний зүгээс жаахан дургүй байсан ч нэг нутгийн хүний хувьд за яахав дээ гэж боддог байсан. Ийм учраас гадуур Тан лун компани алт авдаг гэдэг ойлголт хүрсэн.
2.Хууль бусаар буу хадгалсан. 3.Хүчтэй үйлчлэх бодис хадгалсан.4.Хууль бусаар олборлолт хийсэн тухай. Улсын яллагчын энэ дүгнэлтийн бүгдийг нь надтай хамаагүй гэж би хэлэхгүй. Ганцхан Тоосгоны үйлдвэр нь надад хамаатай асуудал. Бусад нь надад огт хамааралгүй. Яагаад намайг буруутгаж байгааг ойлгохгүй л байна. Магадгүй прокурор, тагнуулын алба надаас илүү сайн мэдэж байгаа байх. Тэднээс очиж асууж болно шүү дээ. Тэд хариулах ч ёстой.
-Таныг төрсөн нутагтаа амьдрах аргагүй болсон эрүүгийн элемент гэж дуулсан. Та өөрийнхөө тухай танилцуулаач?
-Миний эсрэг шал худлаа мэдээллүүд олон нийтэд түгсэнд маш харамсч байна.
Намайг нутагтаа гэмт хэрэгт холбогдолгүй болохыг нь баталсан хуудаснууд энэ байна. /орчуулагч нь төрсөн улс, мужийн цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдолгүйг нь баталсан хуудаснууд энэ хэмээн тамгатай цааснууд үзүүлэв/ Ван Шао Лун миний бие Хятадын өвөр монголын Баотао хотын иргэн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нутагтаа дээд сургуулиа төгсчихөөд тэнд пүүс байгуулсан. Монголд анх 2001 онд жуулчлалын шугамаар ирж байсан.
-Та хүчний байгууллагынхнаас гадна улс төрийн хүрээнийхэнтэй хэр танил вэ?
-Магадгүй би тэр хүрээнд найз нөхөдтэй байсан бол зургаан сар шоронд суухгүй байх байсан биз ээ. Тоосгоны үйлдвэрээ ч битүүмжлүүлэхгүй байсан болов уу.
-Энэ хэргийг хэрхэн шийдэгдэнэ гэж бодож байна?
-Миний хувьд сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгаа. Одоо мафийн толгойлогч гэсэн айхтар нэртэй болчихоод сууна. Магадгүй зарим нэгэн нь надаас айж байгаа байх. Гэтэл үнэн хэрэгтээ миний хувийн зан ааш, хүмүүст ханддаг байдал олон нийтэд түгсэнээс эсрэгээр. Намайг таньж мэдэх хүмүүсээс муу зүйл хийх хүн мөн үү, биш үү гэдгийг асуувал тэд хариулах байх. Би сэвтсэн нэрээ сэргээлгэчихээд монголоос явна. Өөр оронд очиж хөрөнгө оруулалт хийнэ. Яагаад ингэж хэлэх болсон гэвэл монголд чин шударгаар бизнес хийхэд тун хэцүү. Хууль тогтоомж, хуулийн ажилтнууд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хяхаж тэднээс ашиг хонжоо хайж байдаг. Энэ бүгдийн талаар би хамгийн сүүлд нь нутаг буцахаасаа өмнө олон нийтэд мэдээлэх болно оо.
-Урьдчилан хорих байранд саатуулагдаж байхад таныг зүй бусаар шоглодог байсан гэж сонслоо. Энэ үнэн үү?
-ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр урьдчилан хорих байранд саатуулагдаж байсан. Монголын хамгийн муу шорон энэ байх. Муу шорондоо миний өрөө хамгийн муу нь байсан. Тэнд байх хугацаандаа би оо, сойз, савангийн бараа нэг ч хараагүй. Төв аймгийн шоронд байхад хүмүүсийн бие зассан ялгадсыг Ван Шао Лун гэдэг хүн заавал хаях ёстой байлаа. Өөр хэн нэгэн хаях гэвэл болиулаад надаар хаяулдаг байсан. Нэг өдөр Ганц худаг-ийн байрны нохой хариуцдаг ажилтан Мөнхболд гадаа талбайд цугласан хүмүүс дундаас намайг онцлон дуудсан. Яваад очтол элдвээр харааж, учир зүггүй зодсон. Олон хүний дунд ямар ч шалтгаангүйгээр яагаад зодсоныг би ойлгоогүй. Тэнд хамт байсан хүмүүс Ван ямар ч буруу хэрэг хийгээгүй ш дээ гэж хэлж байсан. Би хорих байранд байх хугацаанд тэнд байсан бүгдэнтэй нь найз болсон. Зарим хүмүүс Та яаж тийм орчинд зохицож байна аа гэж гайхаж асууж байсан. Би тэнд хүнд зодуулдаггүй, хүн зоддоггүй байлаа. Харин хүмүүстэй нөхөрлөж тэдэнд ном сонин өгч, гадаад хэл зааж хүнд тус болчих юмсан гэдэг байсан.
-Олны анхааралд өртсөн Тан лун ресторан хэзээ нээгдсэн юм бэ?
-2003 оны арванхоёрдугаар сард нээгдсэн. Манай ресторанд урлаг соёл, улс төрийн хүрээнийхэн, Элчингийнх гээд нэртэй хүмүүс ирж үйлчүүлдэг байлаа. Харамсалтай нь ор үндэсгүй мэдээлэл цацагдсаны дараагаас ресторанд ирэх хүмүүсийн тоо багасч орлого муудсан. Магадгүй зарим нэг нь тэнд хоол идвэл бичлэг хийчих байх гэж эмээдэг. Тагнуулын албанаас намайг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хурдан тогтоогоод өг. Тэгж чадахгүй бол холбогдолгүйг нь тогтооно уу гэж удаа дараа хүсэхэд ерөөсөө авч хэлэлцээгүй. Тэр тагнуулын алба, шүүх прокурор нь намайг болон миний тойрны хүмүүсийг нууц бичлэг хийж байсан гэж байгаа бол үүнийг нь тогтоогоосой. Ядахдаа камерын утас ч юм уу, бичлэг нь байна биз дээ. Хэрэв ингэж чадахгүй бол монголын ард түмэнд үнэнийг нь мэдээлж өгөөсэй гэж хүсч байна. Хүн ер нь өөрийгөө хэзээ ч муу гэж ярьдаггүй. Би өөрийгөө бас сайн гэж хэлэхгүй ээ. Намайг таньж мэдэх хүмүүс дүгнэх байх. Тэднээс асуу та нар. Үнэн байдлыг байгаагаар нь бичиж өгөөсэй гэж би чамаас хүсч байна. Яагаад гэвэл би энэ бүх хугацаанд ор үндэсгүй гүтгүүлж ирлээ.
(өдрийн сонин 2006-01-19 015)