Их ойг Хархоринд биш, Хэнтийн Биндэрт хийх үү

Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг ямар газар хийх нь нэг ч их ач холбогдолтой гэж бодогдохгуй байж мэднэ, уншигч авхай нарт. Үнэнээ хэлэхэд, надад ч тэгж бодогдохгүй байна. Их ойг Монголдоо л бол хаана ч тэмдэглэсэн яахав ээ, гагцхүү яаж тэмдэглэх вэ гэдэг л маш том ач холбогдол гэж бодож буйгаа нуухгүй. Өөрөөр хэлбэл, Хархоринд байна уу, Ховдод байна уу, хотод ч байна уу гэдэг чухал биш. Гадаад, дотоодынхны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн сайхан ёслол л байх нь чухал гэх гээд байгаа санаатай.

Гэвч монгол хүний сэтгэлийн мухарт газар нутгийн байршлыг сонгох тухайд нарийн дэг, чанд уламжлал буйг би мартаж. Гэрийн бууриа дугуйлахдаа хүртэл Энэ чулууны урд нь уу, эсвэл зүүн урд нь уу гээд л эхлээд сэтгэлдээ буурь засдаг сүжиг хийгээд зөн билэгтэй ард түмэн бол бид. Үүнийг мухар сүсэг гэж мушгин тайлбарлах амархан ч гарцаагүй уйлийн үрийг урьдчилан харж, сэргийлж чаддаг тиим билгэдлийг нь үгүйсгэх хэцүү. Үгүйсгэх нь ч утгагүй, үгүйсгэж чадах ч үгүй. Тиймээс Монголын тулгар төр байгуулагдсаны ойгоо ямар газар тэмдэглэх нь туйлын ач холбогдолтой байх нь. Харин хаана вэ?

Их ойг Хархоринд хийхээр шийдвэр гарчихсан, бэлтгэл ажлуудыг аль хэдийн тэнд эхэлчихсэн гэж байгаа л даа. Гэвч ойг Монгол төр байгуулагдсан газарт хийх нь билгэ дэмбэрэлийн хувьд ч, утга агуулгын хувьд ч хамгийн зөв шийдэл.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Их Монгол улсыг байгуулж, Тэмүжинг Чингис хаанаар өргөмжилсөн газар орны байрлалыг яг таг тогтоож шийдээгүй байгаа юм байна. Эрдэмтэд маань маргалдсаар байх зуур газар оронгүйдсэн их ой Хархоринд цөлөгдсөн бололтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны наймдугаар сарын сүүлээр Буурал түүхийн жимээр гэж нэрийдсэн аялал хийсэн билээ. Энэ үеэр Аураг орд буюу одоогийн хэллэгээр Аваргын балгаст 1206 онд Тэмүжинийг Их Монгол улсын хаан Чингис хэмээн өргөмжилж байжээ гэсэн дүгнэлт сонин хэвлэлд гарсан. Эрдэмтдийн энэ дүгнэлтийг сонссон Ерөнхийлөгч Н.Энхбаяр Онцгой дурсгалт газар олсон учраас үүнийгээ мэдрүүлэх зорилгоор УИХ-ын нэг удаагийн чуулганыг энд хуралдуулахад ч болохгүй юм байхгүй. Уг нь тулгар төрийн 800 жилийн ойг Хархоринд биш, энд төвлөрүүлэн тэмдэглэх байжээ. Гэтэл хамаг хүч Хархоринд төвлөрчихөөд байдаг. Яах болж байна аа… гэх үгийг хэлсэн байх юм.

Харин академич Ш.Бира, доктор Жон Вуудс, Маури Кравиц, Д.Базаргүр зэрэг эрдэмтэд төрийн голомт газар бол Аураг орд буюу одоогийн Аваргын балгас биш гэж үзэж байна. Хэн гэдэг эрдэмтэн ямар баримтаар Монголын нууц товчоо номонд тэмдэглэн үлдээсэн дүгнэлтийг үгүйсгэж, Ерөнхийлөгчид айлдав аа гэж тэд бухимдаж байгаа ажээ.

Монголын нууц товчоо номын 202 дугаар зүйлд Төдий эсгий туургат улсыг шулуутгаж /нэгтгэж/, барс жил /1206/ Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хаан цол тэнд өгөв гэж бий.

Тиймээс Чингис хаан экспедици-ийн эрдэм шинжилгээний хамтлаг гэх Ш.Бира тэргүүтэй эрдэмтэд Монгол төрийг байгуулсан анхдугаар хуралдай нь одоогийн Биндэр сумын төвийн урд Цагаан нуур орчимд болж, Дэлүүн болдогийн оройд төрийн галын овоо-г тахиж, Тэмүүжинд Чингис хаан цолыг олгосон гэсэн дүгнэлтийг хэлж буй. Харин Аваргын балгас гэгдэх газраас олдсон эртний хотыг судалдсан эрдэмтэд, малтлагаас гарсан ; эд зүйлсийн хэлбэр төрх, уг хотын байрлал зэргийг харьцуулан үзэж энэ нь Их Монгол Улсын анхны суурин орд байсан. газар шц гуж дүгнэжээ. Тэднийхээр бол энэхүү суурин газар нь дараахь үеүдэд Монголын их хааны хаан сууринд суух төв болж байсан Хэрлэнгийн домогт Хөдөө аралын төв гэнэ. Ямартаа ч бид тэрхүү Аваргын балгас буюу Хэрлэнгийн Хөдөө аралын төвд Монголын нууц товчоо зохиогдсоны 750 жилийн ойд зориулсан хөшөө боссоныг мэдэх билээ.

Ийнхүү түүхийн үнэн мөнийг салаа утгагүйгээр түмэндээ хэлж өгөх учиртай эрдэмтэд маань үзэл бодлын талцалд автан уймарч сууна.

Монголын нууц товчоо номын түүхэн үйл явдлыг газарзүйн шинжлэх ухааны аргачлалаар судалгаа хийх замаар Чингис хаан гэдэг түүхэн газарзүйн атлас 1996 онд зохиогдсон билээ. Үүнд тулгуурлавал, Монголын нууц товчоо номонд гардаг газар усны 200-аад нэр, орон зай, цаг хугацааны хамаарал нь тухайн үйл явдлын байршилт, хөдөлгөөнийг зөв гаргах үндэс болох учиртай.
Саяхан төрийн ордны өмнө эзэн Чингис хааны орд цогцолбор байгуулах суурийг тавих ёслолын үеэр Тэртээ 800 жилийн өмнө Монголын тулгар төрийг байгуулж байсан Ононы Цагаан нуурын усны дээжээс авчирч хийлээ гэж төрийн эрх мэдэлтнүүд мэдэгдэж байсан. Үүнээс үзвэл, төр байгуулагдсан газар бол Хэнтийн Биндэр сумын нутаг гэдгийг өнөөгийн төр заегийн зүгээс хүлээн зөвшөөрсөн хэрэг мэт. Монгол төр байгуулагдсан газар Тэмүжиний төрсен газартай орон зайн хувьд ийн давхцаж байгаа нь зөв зохирол мөн гэх тайлбар ч сонсогдох аж.

Монголчууд эртнээс энэ л газар их хуралдайгаа хийж, хаанаа залдаг байсан юм болов уу гэх таамаг ч байгаа юм. Монголын нууц товчоо номын 57 дугаар зүйлд …Ононы Хорхонагийн хөндийд хурж, Хутулыг хаан болгов… Хорхонагийн саглагар мод тойрон хавиргандаа хуулга болтол, өвдөгөндөө өвчин ортол дэвеэв /бүжиглэв/ гэжээ.

Мөн номын 206 дугаар зүйл …Хорхонаг жубурыг Хутула хааны дэвеэх саглагар модонд бууваас, Мухалид тэнгэрийн заарин заасан үг тэмдгийн тул, би тэнд чиний эцэг Хүмун гоог санаж Мухалитай үг барилдлаа гэсэн нь бий. Судлаачдын үзэж байгаагаар Хурх гол, түүний хөндийг түүхэн Хорхонаг жубур мөн гэж үздэг билээ. Иймээс Хорхонаг /Хурх/-ийн хөндийд оршдог Хулдгар хун /Биндэр/ уулын зүүн урд үзүүр /Рашаан хад/-д төрийн овоо тахиж цугларч хэлэлцээд хаанаа өргөмжилж найр наадмаа хийдэг байсан гэх. Өөрөөр хэлбэл, Аураг ордод төрийн ёслол болдог байсан гэх зарим эрдэмтний дүгнэлтийг няцаагчид Онон Х*урхын хөндий нь үе залгамжилсан хаадын төрийн голомт нутаг болж байсан гэж буй юм.

Нүүдэлчдийн суурьшлын хот суурин байхгүй үед нэг ууландаа төрийн овоо боегон тахиж, их хуралдайгаа хийж, нэгэн хөвүүнээ хаан ширээнд өргөмжилдөг бөгөөд ийм нутгийг төрийн голомт нутаг хэмээн шүтэж байсан гэдэг. Тэгэхээр Хэнтий аймгийн Биндэр суманд төрийн голомт нутаг оршдог хэмээж болмоор. Чингис хаан ч өөрийн төрсөн нутаг нь төрийн голомт нутаг гэдгийг мэддэг байсан үүднээс төрөө тэнд байгуулсан байх магадтай.

Эгийн голд өвөлжиж, Бархын голд хавар намрыг өнгөрөөн Хурхын голд зусан, Өвгөн Аав уулаа шүтэж, Ихсийн газар буюу одоогийн Өглөгчийн хэрэмд өтгөсөө хөдөөлүүлдөг дээдэс бол Тэмүжинийг төрүүлсэн ургийнхан шүү дээ. Тэгвэл эрдэмтдийн хээрийн судалгааны дүнд Хулдгар хун, Хорхонаг жубур, Дэлүүн болдог, Тэргүүн өндөр, Ихсийн газар зэрэг газрууд нь Онон Хурхын сав нутагт байршиж байсныг бататтан тодруулж, багана босгосон байна.

Биндэр сумын төв энд буухаас өмнө энэ талд айл буудаггүй хүндэднэ, аянга ниргэнэ, чөтгөртэй гэж үздэг байжээ. Ард олны дунд ийм үг яриа тархсан нь ч төрийн голомт нутагтаа сүжиглэж, хүндэтгэж ирсний нотолгоо шиг санагдана.

Гэтэл өнөөдөр Монголын төр байгуулагдсаны их ойг Хархоринд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хархарин гэх хот Монголын тулгар төр байгуулагдсанаас хэдэн оны хойно сууриа тавьсан болох нь түүхэнд тодорхой. Төр байгуулагдсаны ойг төр байгуулагдаагүй газарт хийх гэж байгаа гэсэн үг л дээ. энэ бол.

(өнөөдрийн монгол 2006-01-20 184)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button