Агуу үндэстэн агуу удирдагчийг зөвшөөрнө

Хэний ч эрхшээлд орохгүй өөрийн хүчээр амьдрах чонын хийморь нь бусдыг бурханчилж дуурайн эрхшээлд нь байсан тэр л үеүдэд доройтон буурч, гар харсан нохойн хэв шинжид Монголчууд бид уусчээ. Түвдүүд Монголчуудыг юу гэж нэрлэдэг болсоныг сонсоод та лав нэгийг бодох биз ээ. Энэ бол нохой Монгол гэдэг нэр юм. Агуу их Чингис хаан Тангад улс мөхөөгүй гэж өглөө бүр сануулж бай гэсэн нь үр удам бидэнд ч үүнийг мөрдөж байхыг анхааруулсан хэрэг. Үе удам дамжин нандигнан санаж байх зүйлээ мартсан нь хожмын үед чонон Монголыг шашнаар дамжуулан хүлцэнгүй нохой Монгол болгох гэж буйг мэдэрч байсан бололтой. Чингис хаан шүтлэгийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг, өөрийн эзэнт гүрэнд хорьдоггүй байсан нь түүний аливаа юмыг хэтрүүлэхгүй эмийг хор болгохгүй байх чадалтай, чадвартай байсныг гэрчилнэ.



Бидний цөөхөн Монголчуудад гаднаас нэвтрэн орсон, жишээ нь харь орны шашин, коммунист суртал, Нагаржунайн онол, социал демократ сургаал, анархи ардчилал г.м олон үзэл бодол, суртал сургаалаар 400-аад жил амьдарсан боловч дээшилсэн, хөгжиж хүчирхэгжсэн нь хир билээ. Хүн байгаль дэлхий, од гариг эрхэс мөнх бус, харин түүнийг агуулж байдаг хөх тэнгэр буюу огторгуй мөнх хэмээж, энэхүү мөнх тэнгэр, байгаль, хүн гурвын хоорондын харилцааг ухах эрдмээ төгс ухаан гэж нэрийдэн, үүн дээрээ үндэслэн Бөртэ Чонын угсааны хаад зарлиг хууль цааз, төр ёсоо тогтоож байжээ. Чухам тэр үедээ л дэлхийг эзэгнэн, их гүрэн, баян агуу үндэстэн байж чадсан юм.
Газар нутаг, хүмүүс оршин шүтэлцэж байж улс гүрэн байх нь хүний нийгмийн ёсон билээ. Бидний элэнц хуланц МЭӨ III зуунд хүний биеийн бүтэцтэй Хүн гүрнийг байгуулсан. МЭ IҮ зуунд Сяньби аймгийн Чоно овгийнхон Хөх Түрэг гүрний эхлэлийг тавьж, XIII зууны эхэнд Боржигон овгийн Чингис Хөх Монгол гүрнийг байгуулж агуу үндэстэн гэдгээ баталсан. Дэлхийд ямар ч улс үндэстэн бидний энэ амжилтыг одоог хүртэл давтаагүй байна. Ядуу буурай жижиг улс ч гэсэн бид агуу үндэстэн хэвээрээ л байна. Ийм үндэстэн агуу удирдагчийг л хүлээн зөвшөөрдөг. Улс орнуудын түүхээс үзэхэд тухайн улс орны хөгжил нь удирдагчаас шалтгаална, ямар удирдагчтай байна, улс орон тийм л байна. Их хөдөлмөрлөснөөрөө бус, зөв бодлого баримталсанаар хөгжин дэвжиж байгааг түүх харуулсаар байна.



Бидэнтэй нэг удамтай гэгддэг түрэг угсааны Казахстан, Туркменистан улсын ахан дүүс одоогийн бидний амьдарч буй энэ л цаг үеийг Алтан үе хэмээн нэрийдэж хоног сар, жил бүрийг ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд зориулж амжилтанд хүрч байна. Бид 15 жилийн өмнө нэгэн ижил гараанаас гарсан боловч одоо нэгэнт хол хоцорчээ. Тэдэнтэй зэрэгцэж очихын тулд манай иргэдийн амьжиргааны түвшинг 10 дахин дээшлүүлэх хэрэгтэй. Энэ бол боломжгүй зүйл биш юм.

Харин ч цөөн иргэдтэй улсад эдийн засгийн үсрэлт хийхэд хугацаа бага шаардагддаг, хэрэгжүүлэхэд хялбар байдаг. Уудам газар нутаг, орон зайг орлогын үндэс болгох уу, зардлын бай болгох уу гэдэг нь зөвхөн удирдагчаас шалтгаална. Хөгжиж дэвших олон арга зам бий. Хөрсөн доорхи баялаг бол аргаа барсан үедээ хэрэглээрэй гэж өвөг дээдсээс бидэнд үлдээсэн авдран дахь эрдэнэс юм. Үүнийг ард түмэндээ өгөх үү, бадарчин, луйварчинд тараах уу гэдэг нь мөн л удирдагчийн чадлаас хамаарна. Жишээ нь энэ жил 25 тонн алт буюу 500 тэрбум төгрөгийг газар эхийн хэвлийгээс авсан. Үүнээс хэдэн хувийг ард түмэнд өгөв. Бороо гоулд 43 тонн буюу 900-гаад тэрбум төгрөгний алтыг олзворлоно. Үүнээс хэд нь ард түмэнд ноогдсон бэ? гэдэг асуултыг хойч үе асууж, нэхэх нь гарцаагүй. Өнөө үеийн удирдагчдын баталсан ашигт малтмалын болон татварын хууль хэр хэмжээтэйг авч үлдэн хойч үедээ ямар хариултыг үлдээх бол доо.



Хүчтэй өрсөлдөөн дундаас л жинхэнэ удирдагч төрдөг. Өнөөдрийн улс төрийн тогтворгүй байдал магад бидний хүчирхэгжихийн, ирээдүйд баян улс болохын гараа ч байж болох юм. Тогтвортой дорой байдал чухал уу, хөдөлгөөнтэй хөгжил дэвшил бидэнд хэрэгтэй юу?

Тулгар төр байгуулагдсаны 800 жил нь түүхийн давтамжаар бид хүчирхэгжих үе ирж буйг сануулж байна. Иймд зоригтой, тэмцэлтэй, итгэлтэй, ирээдүйгээ харсан амьдралаар амьдарцгаая.

Нэгэн угсаа гарвалт улсууд (КюльТегин) Нийгэмлэг


Хаяг Ард кинотеатр, 2 давхар,
Бага тойруу-6, Чингэлтэй дүүрэг
Утас/Факс 976-11-322068
[email protected]
Website www.koltigin.ub.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button