Домгийн сэтгэлгээнд дөрлүүлсэн Монгол төр

өөрсдөө домог болон үлдсэн байх вий. Эрт урьдын цагт Монгол гэж улж байжээ. Тэд бор шувуу бариад л, нисгээд л байж. Гэтэл тэд нэг л мэдэхэд өөрсдөө бор шувуу болон нисэцгээжээ… гээд домог төгсөж байвал яахав-
-Хүүе цаана чинь дайн болох гэнэ ээ
-Ямар аймаар юм бэ? Яагаад тэр вэ?
-Яахав нөгөө Элбэгдорж Хувьсгалт намын тугийг шатаасан шүү дээ Тэгээд одоо Хүрэлсүх сайд намаа аврахаар дайнд морьдох юм байхаа
-Тэгвэл таарна. Зөв зөв.
Энэ яриа үдийн цайны цагаар нэгэн зоогийн газар болсон юм. Жирийн л хоёр иргэн цай уух зуураа ярьж байгаа нь энэ. Иймэрхүү яриа монголчуудад америкийн хоёр өндөр хадлагад өртсөнөөс илүү сонирхолтой агаад үнэмшилтэй. Учир нь, баримтгүй байх тусмаа хамгийн гүн сэтгэгдэл төрүүлдэг. МАХН-ын тугийг иргэний хөдөлгөөний хэдэн нөхдүүд булааж аваад шатаахыг телевизээр улс даяараа харсан. Гэхдээ л Ц.Элбэгдорж шатаасан гэдэгт итгэхийг хүсч байгаа юм. Жирийн хэн нэгэн шатааснаас Ерөнхий сайд нь шатаасан байвал илүү сонирхолтой байх нь мэдээж. Тэгээд дайн болвол бүр ч аятайхан. Үүнийг л домгийн сэтгэлгээ гэнэ. Бид ер бусын сэтгэлгээтэй улс гэдгээ дэлхий нийтэд хэдэн ч удаа тунхаглав даа, тоолж барсангүй. Хэдэн мянган жилийн тэртээгээс л мэдээлэл олж авахдаа бодит үнэнд тулгуурлаж байсан нь үгүй. Тийм боломж ч байсангүй л дээ. Үргэлж л дайн байлдаан хийж явсан ард түмэнд тэр бодлогыг нягтлаад бодож боловсруулж байх зав хаана байх билээ. Алсын орныг дайлаар мордож ирээд нутагтаа ирээд хүний нутагт үзсэн харсанаа нэмж хачирлан бусаддаа ярина. Түүнийг бас нэг нь цааш нь арай өөрчлөөд ярина. Ингэж л Монголын ард түмэн аливаа мэдээллийг амнаас ам дамжуулан аман зохиолын хэлбэрээр дамжуулсаар өнөөг хүрсэн түүхтэй. Социализмын үеийн дунд сургуулийн сурах бичигт энэ тухай хангалттай өгүүлсэн байдаг болохоор хүн бүр мэдэх биз ээ. Харин өдгөө XXI зуун гарчихаад бичиг соёл, техникийн өндөр хөгжилтэй хөл нийлүүлэн алхсан монголчууд мөн л нөгөө домгийн сэтгэлгээтэйгээ зууралдсаар байна. Үнэн бодит мэдээллийг авахаасаа татгалзаж, мэдээжийн худал хуурмаг ярианд үнэмшихийг хүссэн хэвээрээ л байна. Энэ бол нэг ёсондоо тархиа арай илүү ажиллуулахаас залхуурч байгаагийн илрэл юм л даа. Энэ хачин араншинг хэвлэл захиалгын үеэр ямар ч хаалтгүйгээр харж болно. Илт худал, бусармаг юм бичдэг хэвлэлүүдийн захиалга суга өснө. Бүр 30-40 мянган уншигч түүнийг уншихаар идэх уухаа, өмсөх зүүхээсээ илүүчлэн байж мөнгөө төлж захиалдаг юм. Худал мэдээлэл авахын тулд хоттой хониноосоо барьж аваад өгөх юу ч биш. Гэтэл бодит мэдээлэл хүргэхээр чармайж алдагдалд орсоор байгаа өдөр тутмын хэдэн сонин их захиалга авлаа гэхэд л долоо, найман мянгаас хэтрэхгүй. Тэнгэр, газар шиг ялгаатай мэдээллийн хэрэгслүүдэд тэмээ, ямаа шиг өөр үзэгч, уншигчид заяадаг учир нь энэ. Байтлаа сүүлийн үед нөгөө домгийн сэтгэлгээгээр төрийн ажил явагдаж эхлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Хөөе, чамайг дуугүй суухгүй бол спирт наймаалсан хэргийг чинь шалгана шүү гэхэд УИХ-ын гишүүн өөдөөс нь Чи бол Хятадын тагнуул. Надад 45 хуудас материал байна гэж цамнаж байсныг бид бүгдээрээ санаж байгаа. Хоёулаа л худлаа ярьж байсан. Гэхдээ тэд хоёулаа л түүгээр улс төр хийж дахин сонгогдсон. Хэдхэн хоногийн өмнө ч гэсэн Засгийн газраа бас л худал хуурмаг ярианд үндэслэн огцрууллаа. Засгийн газрын гишүүд бие биенийхээ тухай хов сонссоор байгаад хоорондоо итгэх итгэлгүй болж огцорлоо гэнээ. Домгийн сэтгэлгээ Засгийн газрыг огцруулчих нь энэ. Хэн нэгнийхээ нэр хүндэд халдсан худал хуурмаг цуу яриагаа бор шувуу нисгэнэ хэмээн өхөөрдөн нэрлэгсэд нь УИХ-ын гишүүд хийгээд сайд дарга нар өөрсдөө биш гэж үү. Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Улаан Ерөнхий сайдын хэвлэл мэдээлийн алба миний эсрэг бор шувуу нисгээд… гэж ярьсаныг санаж байна уу. Гадны орны хүмүүс Ерөнхий сайд нь хаанаас ч юм нэг болжмор барьж ирээд хэвлэлийн албандаа өгч, Түүнийг нь Шадар сайдынхаа өрөөнд оруулаад торноос нь гаргаад нисгэж дээ гэж ойлгоно. Харин мэдээжийн худал зүйлийг мэдээ болгон сонсдог манай ард түмэн л хамгийн сайн ойлгож байгаа. Эцэстээ өөрсдийнхөө зохиож ярьсандаа итгэчихээд өс хонзон өвөрлөж эхэлсэнээ ч анзаарах сөгөөгүйгээр төрийн ажил явагдах боллоо. Засгийн газрыг огцруулах УИХ-ын чуулган дээр энэ нь илүүтэй ажиглагдсан. Одоо ч мөн адил. Ардчилсан намын дөрвөн гишүүн өнгөрсөн өвлийн улс төрийн үйл, явдлыг санан санан намынхаа эсрэг шийдэл гаргаж байна. үүнийг нь монголчууд Аргагүй хөөрхий. Р.Гончигдорж эднийг яалаа. Хариугаа аваарай хэмээн хөөрөгдөнө. Эх орон намынхан ч өнгөрсөн жил хоёр сайдаа яаж огцруулсаныг бодож аль байдгаараа нөгөө бор шувуугаа бариад л нисгээд л… Монголын төр домгийн сэтгэлгээнд автаж өөр хоорондоо нанчилдаж байх зуур дэлхийн хэмжээнд бид өөрсдөө домог болон үлдсэн байх вий. Эрт урьдын цагт Монгол гэж улс байжээ. Тэд бор шувуу бариад л, нисгээд л байж. Гэтэл тэд нэгл мэдэхэд өөрсдөө бор шувуу болон нисэцгээжээ… гээд домог төгсөж байвал яахав.

/Ардын эрх Л.Мөнхбаясгалан/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button