Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорсны улстөрийн ач холбогдол Ардчилсан нам дараагийн засгийн газар орохгүй байх эрхгүй

Бүр байчихаад, хуйвалдааны засгийн газар, хуйвалдааны улстөрийн эсрэг байнга үгээ хэлж байсан олон нийтийн хөдөлгөөнүүдийн удирдагчид хүртэл түүнд нь автан агшин зуурын сааталд орж Засгийн газрыг огцруулахын эсрэг шаардлага тавьж жанжин шугамаа ч түр мартчихав.
Үнэндээ МАХН-ын удирдагчид ч засгийн газрыг ийм байдлаар үднэ гэж огт тооцоогүй юм. Улстөрийн шийдвэрээ гаргахын өмнөх тандалтууд нь ч ийм байгаагүй юм. Элбэгээг хамтраад нулимна гэж бодсон уу гэхээс нулимсаар тосно гэж төсөөлөөгүй. Элбэгээг огцруулаад өөрсдөө Засгийн газартаа хэвээр үлдэх арван сайдын төлөвлөгөө ч талаар болох шахлаа.
Огцруулах хурал дээр хуйвалдагч намууд эртнээс эдүгээг хүртэлх булай, булхай бүхнээ ичгүүр сонжуургүйгээр дуудалцаж, ёстой л хэн нь хэн бэ гэдгээ олны нүдэн дээр нүцгэн дэлгэлээ. Хэрээ хэрээнийхээ харыг хичнээн гайхав аа? Тэдний Элбэгээгийн зовлонд дөрөөлөн нь ард түмэндээ хайртай болж, матрын нулимс унаган жүжиглэж байгааг харсан бүхний дур гутжээ.
Буухынхаа өмнө Ц.Элбэгдорж нэгэн лут дүгнэлт хийлээ. Сул оролцогч байснаас хүчтэй сөрөг хүчин байх нь хууртагдсан олон түмний эрх ашиг юм байнаа гэж. Ардчиллын 16 жилийн түүхэнд Ардчилсан нам оролцогч байсангүй, дандаа коммунистуудад ашиглагдаж байлаа.16 жилийн дараа ойлгож байгаа түүний энэ үгийн төлөө хундага тулгалтай.
Худалдаж болохгүй эрх ашиг гэж байдгийн адил хорлож болохгүй эрх ашиг гэж бий. Чухам тийм эрх ашгийг тэр МАХН-тай хамтарснаараа, намаасаа урваж бүлэгт нь элссэнээрээ хэдийнээ уландаа гишгэсэн билээ. Чухам тийм эрх ашгийг тэр албан тушаалаар арилжчихсан. Ардчилсан намын төлөө, ардчиллын төлөө саналаа өгсөн олон түмний чухам тийм эрх ашгийг хорлож коммунистуудыг үг дуугүй дагасан. Дараа нь эрх ашиггүй тэднийг МАХН гадуурхан хөөлөө.
Эрх ашгийг том жижгээр нь дугаарлан ангилах төвөгтэй. Тэд Ардчилсан намын эрх ашгийг улс эх орны эрх ашгаас доогуур гэж бодож МАХН-д буулт хийсэн байх. Ингээд зогсоогүй тэд намын нэрийг барин өөрийн эрх ашгийг хангаж байсан.
Гэтэл МАХН-д коммунизмд, дарангуйлалд үл итгэдэг. үзэн яддаг/тэр хирээрээ амиараа ч Солихгүй тэр гүн бат итгэл үнэмшлийнхээ төлөөлөл болгон ойлгож байсан Ардчилсан нам нь МАХН-д дагаар ороход олон түмний ямар эрх ашиг хөндөгдөж байгаа тухай бодсон болов уу?
Яг үнэндээ МАХН, Ардчилсан намын 16 жилийн хамтын ажиллагаа-ны дараа ард түмэн эрх ашгаа жинхэнээр нь ойлгосон билээ. Энэ эрх ашиг нь хар нь хараараа цагаан нь цагаанаараа ялгарч, хэн нь хэн бэ гэдэг ялгааг тодоос тод гаргаж байж нийгэм урагшлах, хөгжихөд байж. Энэ бол Монголын ард түмэн ардчилалд суралцах, Монголд ардчилал бэхжиж, үзэл баримтлал төлөвших эрх ашиг байсан юм. Ийм эрх ашгийг дөрвөн жилээр, нэг засгийн газрын амиар хэмждэггүй ажээ. Гэвч хожуу ч гэсэн ойлгосон нь сайн. Харамсалтай нь тэднийг ойлгох гэсээр байтал ард түмэн нь тэднийг ойлгож ханаад нүүрээ буруулчихсан байх юм.
Одоо ард түмэн та нарыг хэн бэ гэдгийг мэднэ. Ялахаараа тэнгэрээс өөрийг харахаа байж, албан тушаалын төлөө нүдээ ухахаас ч буцахгүй болдог, шаардлага гарвал янхан эм шиг аашилж бусдын өмнө шарвалзаж чаддаг ичгүүргүйчүүд. Ялагдахаараа ардчиллын, ард түмний нэрийг барьж уйлан дуугардаг, өтөлж өвгөрч байгаа өрөвдмөөр арчаагүйчүүд. Та нарт үнэт зүйл, том эрх ашиг гэж байхгүй. Хүн гэдэг ухаант амьтны амьдралдаа баримталдаг зарчим, үнэ цэнэт зүйл нь та нарын хувьд албан тушаалаар л хэмжигддэг.
16 жилийн дараа Бид дахиад л МАХН-д хууртчихлаа гэж ард түмэнд хэлэх гэж байгаа бол, одоо та нарт Хохь нь гэж хэлээд дараагийнхаа сонголтыг хийх цаг болсон байна. Та нарын хумуужиж, томоожихыг хүлээх нь коммунистуудаас шинэ зүйл хүлээхтэй адил утгагүй болжээ.
Ц.Элбэгдорж гарахдаа дахиад л олуулаа болоод эргэж ирэхийн ерөөл тавина билээ. Шинэ сонсогдохгүй байна. Хэрэв тэр эрх ашгийг өмнөх шигээ ойлгож, ийм улстөр хийсээр байвал олуулаа эргэж ирэхийн ерөөл нь ерөөл чигээрээ үлдэнэ. Одоо 1992 он биш.
Би түүнийг сайн Ерөнхий сайд гэж боддог, ингэж ч заримтай нь мэтгэдэг. Урьд үйлдсэн бүх үйл явдлыг хасаад, бас одоогийн улстөрийн новшийн нөхцөл байдлыг эс тооцвол тэр сайн ерөнхий сайд. Гэхдээ ярьж байгаа сайхан бүхнээ хийсэн шиг хийхийн тулд эхлээд олуулаа байх хэрэгтэй, эрх барих хэрэгтэй байдаг юм байнаа. Эрх барьж сурахын өмнө эрх баригч болж чадах том даваа заавал байдаг ажээ. Үүнийг алгасах гэхээр л заавал бүдэрчихээд байгааг нь харж байна уу.
Хэрэв зарчим байсан бол хоёр өөр зарчим, хоёр өөр байр суурь нэгдэж зөвшиж хамтран ажиллана гэж байх уу даа, Ардчилсан намынхаан? Миний нас залуу, МАХН-тай та нар шиг урт удаан хугацаанд хамтраагүй ч МАХН бол үеэ өнгөрөөсөн, коммунист бурангуй дэглэмийн үүр уурхай нь мөн учир шинэ зүйл хүлээх нь утгагүй, тиймээс ор үндсээр нь шинэчлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Тэдний барьдаг зарчим гэгч нь юу болохыг Та нар өөрсдөө дахин дахин мэдсээр байна. Ардчилсан намыг түүний өөдөөс эсрэгцүүлэн тавьж, энэ хоёр тэс өмнөө байр суурь гэж ойлгож байлаа. Ийм байр сууриуд хамтрахыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь ёсзүйтэй зарчим, ардчиллыг тогтоон бэхжүүлэх гэж ядаж байгаа Монголын ард түмний эрх ашиг. Гэтэл та нар Монголын ард түмний ийм том эрх ашгийг хөсөр хаяж, харин эрх ашгийн тухай яриаг албан тушаалаа халхавчлах тайлбар төдий л болгосон. Монголын улстөрийн томоохон хүчин-Ардчилсан намын эрх ашгийн талаарх ойлголтод нэмэр болсонд засгийн газар огцорсны улс төрийн ач холбогдол оршиж байгаа юм.
Харин одоо Ардчилсан нам дараагийн Засгийн газарт орохгүй байх эрхгүй. Хариуцлагыг дан гаиц МАХН-д тохож өөрсдөө сугарч үлдэнэ гэвэл алдаа. Зөвшилцлийн засгийн газар байгуулахдаа амаа чилтэл ярьж хэлж байсан тайлбараа өнөөдөр дахин нэг санах хэрэгтэй. Ардчилсан нам хариуцлагатай, улстөрийн томоохон хүчин мөн л юм брл ийм сонголтын дараа эцсийн мөчийг хүртэл хариуцлагыг хамтдаа үүрэлцэх улстөрийн чадвар, эр зоригтой байх ёстой. Ядаж үүнийг ч чадахгүй бол ард түмэн энэ намын юунд нь дахин найдаж итгэх ёстой болж байнаа?

/Б.Хонгорзул Улс төрийн сонин /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button