Өдөрт 5 хүн дайруулж, 15 машин мөргөлддөг

Гэхдээ энэ нь осол гарснаа албан ёсоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохих журмын дагуу бүртгүүлсэн иргэдээс авсан судалгаа юм. Гарч байгаа ослын гуравны хоёр нь шөнийн цагаар согтуугаар автомашин жолоодож явах үедээ үйлддэг байна. Харин энд бүртгүүлээгүй их, бага осол гаргачихаад, хоорондоо тохиролцсон нэрийн дор таван төгрөг аваад салж байгаа хэчнээн иргэд байгааг хэн ч мэдэхгүй. Гарч байгаа ослын шалтгаан нь ихэвчлэн тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн болон гарцгүй газраар зорчих явган зорчигчийн өөрийн буруугаас болдог байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч согтуугаар жолоо барих, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, анхаарал болгоомжгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ гар утсаар ярьдаг нь зам тээврийн осол гарах шалтгаан болдог аж. Энэ сарын 12-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагийн замд Ендэртийн овоо ХХК-ын Грейс маркын УББ 15-50 дугаартай микроавтобусны жолооч Б нь хөдөлгөөний хурд зөв сонгоогүйгээс онхолдож хамт явсан Б.Мөнхцэцэг нь хүнд гэмтэж, өөрөө газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нөгөө талаар явган зорчигчид замаар гарахдаа гарцгүй газар болон согтуугаар зам хөндлөн гарах, замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэгтгүй газраар гарах зэргээс болж өөрийн эрүүл мэндээр хохирч амь насаа ч алдах явдал гардаг байна. Энэ сарын 15-нд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших 17 дугаар сургуулийн арын уулзварын хойд замд тус дүүргийн 13 дугаар хорооны Рашаантын 191-ийн Б-д оршин суух 41 настай М.Даваа гэгч архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зам гарах гэж, яваад Грейс маркын УБН 10-97 дугаартай автомашинд мөргүүлжээ. Мөн нийслэлд зам тээврийн осол гарахад нөлөөлдөг өөр нэг шалтгаан нь замын гэрэлтүүлэг маш муу байдаг гэж замын цагдаагийн ажилтан ярьж байв. Ялангуяа хотын захын болон гэр хороололд замын гэрэлтүүлэг байхгүй, иргэд гудамж талбайдаа бохир усаа асгадгаас нарийн гудамд хальтиргаа үүсч, санамсаргүйгээр хоорондоо хундага тулгачих явдал их байдаг аж. Ийм байдал ганц гэр хороололд ч биш хотын төвд ч сүүлийн үед олшрох хандлагатай болсон байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших Цайз захын баруун зам дээр Жуулчин ХХК-ийн УБН 04-13 дугаартай Соната маркийн автомашины жолооч Д.Нямдорж, хурд хэтрүүлснээс эсрэг урсгалд орж цаана нь явсан явган зорчигч, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Б.Мөнхдоржийг мөргөн хүнд гэмтээжээ. Мөн Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудал дээр Автобус-II компанийн эзэмшил Дэвү маркийн УБЛ 17-56 дугаартай автобусны жолооч Б.Давааням хөдөлгөөний хурд зөв сонгоогүйгээс осол гаргаж, замын цас цэвэрлэж байсан ТҮК-ийн ажилчин Н.Энхбаатарыг мөргөн хүнд гэмтээсэн байна Өмнө жилүүдэд хотын төвийн хальтиргаа ихтэй замд тусгай хөрөнгө зарцуулан элс, давс асгаж сэргийлдэг байсан. Гэтэл энэ жил хальтиргаа үүссэн замд элс, давс бараг асгасангүй. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахыг хүссэн боловч тохижилт үйлчилгээний компаниудын арга хэмжээ авахыг Замын цагдаагийн газраас шаардсан байгаа. Гэвч одоогийн байдлаар ТҮК-т зам дээр асгах элс, давсны хэмжээ бага, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа гэсэн юм. Сүүлийн үед ялангуяа хүний хөл ихтэй хотын төвийн гудамж талбайгаар явган зорчигчид нь мөлхөж, унаатай нь гэлдрэх нь холгүй явахгүй бол чөмгөө таших уу, дугуй нөхүүлэх үү гэдэг хоёрхон сонголттой болоод байна гэхэд хилсдэхгүй болсон. Өнөөдрийн байдлаар нийслэлд өдөрт хэчнээн машин замын хөдөлгөөнд оролцдог юм бол гэсэн асуултад хариулах хүн байсангүй. Тэд замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин хоёр гурван жилийн өмнө л тоогоо алдсан гэх. Мөн нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдын байнга гаргадаг алдаа нь хамгаалалтын бүсийг хэрэглэдэггүйд байдаг аж. Хальтиргаатай замд хамгаалалтын бүс хэрэглээгүйгээс огцом зогсох, эргэх, шүргэлцэх үед урд суудалд сууж явсан хүн өмнөх шилээ хага мөргөх, гэмтэх тэр бүү хэл нуруу нугасандаа ч гэмтэл авах тохиолдол их байдаг байна. Бас жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зөрж өнгөрөх нэгэндээ зам тавьж өгдөггүй, хөдөлгөөн шилжүүлэх дохио өгдөггүйгээс гэрлийн гялбаанд орсон жолооч огцом эргэн осол гаргадаг аж. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар техникийн бүрэн байдал, замын хөдөлгөөний дүрмийг дор бүрнээ баримтлахгүй бол осол аваар ойрхон байна гэдгийг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байсан юм. Ташрамд хэлэхэд хуулиа сайн мэдэхгүй иргэд зам тээврийн осол гаргачихаад хэргийн газраас зугтах, хохирогчид зохих журмын дагуу тусламж үзүүлэхгүй байх зэрэг дутагдал гаргадаг байна. Тиймээс эдгээр иргэдэд зориулж, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн Зам тээврийн газрыг санаатайгаар орхих-д 216.1-д Жолооч осол гаргасны дараа хохирсон хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих албан тушаалтанд мэдэгдэхгүй хэргийн газраас зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 51-75 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 3-6 cap хүртэлх хугацаагаар баривчлах болон гурван жилийн хорих ялыг өгнө гэсэн байдгийг сануулах нь зөв юм.

/Өнөөдрийн монгол /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button