Ерөнхийлөгч Н.Энхбаяр шинэ засгийн газрыг яаралтай байгуулах асуудлыг гацааж байна

УИХ өчигдөр Засгийн газрын тэргүүнийг томилж чадсангүй. Парламентад хамгийн олон суудалтай МАХН Ерөнхий сайдад нэр дэвшсэн намын дарга М.Энхболдыг бусад намуудтай зөвшилцөж дуусаад өчигдөр 11 цагийн үед Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Өөрөөр хэлбэл, Эх орон нам, БНН, Ард түмний нам тус бүрдээ шинэ Засгийн газарт МАХН-тай хамтран ажиллахыг зөвшөөрч, гэрээ байгуулснаар Үндсэн хуулийн 33.2-тзаасан зөвшилцөх үйл ажиллагаа дууссан байна. УИХ-ын дарга ч үдээс өмнөх чуулганы хуралдааныг завсарлуулахдаа Төрийн байгуулалтын байнгын хороо ирц бүрдүүлэхэд бэлэн байхыг даалгасан. Сэтгүүлчид байнгын хорооны хуралдааныг хүлээсэн ч тодорхой бус шалтгааны улмаар хурал зарлагдсангүй. Сураг сонсоход Ерөнхийлөгчийн хариу ирээгүй аж.
УИХ-ын гишүүд, тэр дундаа МАХН-ын гишүүд байнгын хорооны хуралдааныг ажлын цаг дуустал хүлээсэн ч Ерөнхийлөгч хариугаа өгөөгүй д байлаа. Мэдээж улсын тэргүүн юм чинь тэрбээр учиргүй их ажилтай байдаг байх. Гэвч УИХ-ын чуулганы индрээс Хууль ёсны бус Засгийн газартай нэг ч өдөр байж болохгүй гэж адган яаруулж байсан хүн маань өнөөдөр ийнхүү гэнэтхэн тайвширсан нь ямар учиртайг бүү мэд. Хэрэв энэ хариу ирсэн бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг томилуулах асуудлаар дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, бид шинэ Ерөнхий сайдтай болчих байв. Гэсэн ч тэгсэнгүй. Төрийн ордны хонгилоор тэнэж явсан үг үнэн бол Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг эмхлэн байгуулахаар Үндсэн хуулийн дагуу бэлтгэгдсэн өнөөдрийн хувилбараар явахыг Ерөнхийлөгч ч тэр, УИХ-ын дарга ч тэр нэг их таашаахгүй байгаа юм байх. Тиймээс ч асуудлыг зориуд барьж байгаа гэх.
Тодруулбал, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд АН-ын Алтан гадас фракцийг оруулахгүй бол болохгүй гэж Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар үзэж байгаа гэнэ. Үндэсний эв нэгдлийн гэсэн гоё нэртэй Засгийн газар байгуулахыг Ерөнхийлөгч санаачилж МАХН-ын Улстөрийн зөвлөл дэмжсэнийг Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга Билэгт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Ерөнхийлөгчийн эл уриалгыг ТВ-5, ТВ-9 телевизүүд хэдэн өдөр дараалан цацаад байсны учир нь энд байж болох. Гэтэл тэр Алтан гадас нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй, сөрөг хүчний байр суурь баримтална гээд нэгэнт зарлачихсан, ийм утгатай мэдэгдэл хийчихсэндээ бантаад Ерөнхийлөгчөөр өөрөөр нь хагалуулж байгаа бололтой. Гэвч өөp нэг шийдэх хувилбар нь Ерөнхийлөгч хариугаа өгөхгүй уяж байгаад энэ сарын 24-нд буюу ирэх мягмар гаригт болохорр зарлаад буй МоАХ-ны цуглааныг хүлээж байгаа гэх яриа ч байна. Энэхүү цуглаан нэлээд ширүүн магадгүй онц байдал зарлагдахуйц хэмжээнд болно гэж таамаглаж байгаа аж. Хуулиар бол Ерөнхийлөгч зөвшилцөх хариугаа тав хоногийн дотор өгөх ёстой. Хэрэв энэ хугацаанд амжиж хариугаа өгөхгүй бол УИХ асуудлыг өөрөө хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй. Нэг үгээр Ерөнхийлөгч МоАХ-ны цуглаан болтол энэ асуудлыг бариар байх эрхтэй гэсэн үг. Харин цуглааны дараа түүгээр дөрөөлж, Алтан гадас-аас Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахын тулд одоо нэгэнт байгуулчихаад байгаа парламентад суудалтай дөрвөн намын хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох, үгүйдээ гэхэд гэрээний нөхцлүүдийг дахин авч үзэх, дахин ярилцах боломж гаргахыг хүсч байгаа гэх. Товчхондоо Алтангадас-ыг Засгийн газарт оруулах шалтгаан нь чухамхүү энэхүү цуглаан болох аж.
Тэгээд ч өчигдөр 18.35 цагийн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий дарга нартай өрөөндөө уулзсан мэдээлэл байна. Энэ уулзалтад МАХН-ын удирдлагууд ч ирсэн гэнэ. Бас л нэг баримт. Өөрөөр хэлбэл, дээрх санааг үгүйсгэж боломгүй л үйл явдал. Дугаар шилжих мөчид буюу 20.30 цагийн байдлаар үүнээс ч илүү мэдээлэл бидэнд ирсэн юм. Ерөнхийлөгч энэхүү уулзалтын үеэр АН-ынханд хандаж, Та нар Ерөнхий сайдаа ав. Засгийн газрыг хамтран бүрдүүл гэж хэлсэн байна. Энэ үгийг МАХН, АН тус тусдаа тайлахаар Төрийн ордонд хуралдаж эхэлжээ. Ямар ч байсан иймэрхүү ойлгомжгүй хүлээлт бий болчихсон учир шинэ Засгийн газарт хамтран ажиллах гэрээ байгуулсан парламентад суудалтай дөрвөн намын дарга нар хэвлэлийнхнийг уриад, тэдний өмнө зэрэгцэж сууж байгаад мэдэгдэл хийх санал гарсан аж. Гэвч МАХН-ын дарга М.Энхболд зориглоогүй гэнэ, Намууд Ерөнхий сайдыг томилох асуудлаар зөвшилцөх үед үүсэн гацаа арилангуут дараагийн саад гарах нь гарчээ. Энэхүү саад гацаа Ерөнхийлөгчийн айлдсанаар болж өнгөрвөл Алтан гадас-ынхан дахин Засгийн газрын гишүүд, тэр байтугай Ерөнхий сайд болох гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button