Ж.Мөнхбат Өөрөөс нь өөр Ёкозүна төрөхийг хүсэхгүй байгаа ч юм билүү

Яг энэ барилдааны дараахан, амьсгаа даран догдолсон халуухан мөчид Хакухо Даваажаргалын аав, Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбаттай ярилаа.

-Таны хүү Хакухо Даваажаргалыг түрүүлэх байх гэдэгт монгол түмэн маш итгэлтэй дор дороо л догдлон хүлээж суулаа. Гэвч хүссэнээр болсонгүй. Барилдааны талаархи Таны сэтгэгдлийг сонсъё.
-Хүүгээ энэ сард түрүүлчих байх гэж амьхандаа горьдож сууснаа нуугаад яахав. Гэсэн ч яахав дээ гуравдугаар сарын барилдаанд 10 давчихвал озэки болох боломжтой. Өмнөхөөсөө илүү сайн барилдлаа.

-Их аварга замыг нь засаад өгсөн бол ч гэж бодож байв уу. Үнэхээр боломж байгаагүй юм болов уу?
-Уг нь хүү минь Дагваа ахынхаа замыг хоёр ч удаа засч өгсөн түүхтэй юм шүү дээ. Гэтэл арай ч хичээсэнгүй юу даа, санаанд хүрсэнгүй. Гэхдээ өчигдөр орой хүү ярихдаа Япончууд надад ам сайтай байгаа. Монголын хоёр дахь аварга Хакухо ойрын үед төрнө гэдэг. Харин өчигдөр ёкозүна Точиазумад бууж өгөх гэж байгаа гэсэн яриа сонсогдсон гээд их л сэтгэл дундуур ярьсан. Тэгэхэд нь би Тэр яах вэ, өмнөх өрсөлдөгчөө, Котоошюүгаа л анхаарч барилдаарай гэж хүүдээ захисан. Саяын барилдааны талаар орой ярих биз. Миний хэлсэн үнэн байгаа биз дээ л гэх байх.

-Гэхдээ цаашид сайн барилдах байлгүй дээ. Та урмыг нь сэргээх үг хэлнэ биз дээ.
-Яахав дээ. Монголчуудын зан биз. Өөрөөс нь өөр их аварга төрөхийг хүсэхгүй ч байгаа юм бил үү. Ахад нь жаахан тиймхэн л байна. Миний хүү цаашдаа сайн барилдана аа. Уг нь Точиазүмад унаагүй юм шүү дээ. Хөлийн сарвуу нь дэвжээнд шүргэснээс болоод унасан. Арай л эрт тахимаа өгчихөв үү гэж бодсон шүү. Жаахан урагшаа ахисан бол давах л байсан.

С.Чулуун
(өнөөдрийн монгол 2006-01-23 186)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button