Б.Эрдэнэбат санасандаа хүрэх үү

Олны дунд МАШСН-ыг Эрэл-ийн нам гэж компаниар нь овоглоход дотроо дургүй явдаг энэ эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд бас чиг яггүй үзэлцсэнээс хойш бараг үзэгдэхээ байж нуувчинд байх болсон билээ. АН-тай эвсэж 2004 оны сонгуульд ялалт байгуулсан тэрбээр М.Энхсайханаас хагацаж салалгүй, нийлж хуйвалдсаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг нураах үндсэн ашиг сонирхолдоо хөтлөгдөн удаж төдөлгүй эвслийг тарааж орхисон. Энэ нүглээ наминчлан, намынхнаасаа хүлээх хариуцлагаас цэвэрхэн мултарч, төлөөсөнд нь Батлан хамгаалахын сайдын сэнтийг тавьж туухаа ч юман чинээ санаагүй. Нэгэн цагт МАХН-ынхантай нийлж Ц.Элбэгдоржийг унагах, цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн Б.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрыг огцруулах тухай намуудын зөвшилцөөнийг гацаасан гол эзэн байв. Санасандаа хүрч, сарвайснаа авах гэдэг бизнесмэн гишүүний мөн чанар нь энэ үеэр илт тодорч 7030 харьцаагаар бялуу хуваах, эсвэл хоёр суудал дээр шадар сайдын суудлыг нэмж өгөхийг тулгасан байна. Энэ сарын 19-ний пүрэв гарагт 24 цаг хүртэл зөвлөлдсөн ч байр сууринаасаа ухарсангүй. МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн түүний хатуу саналыг эрс эсэргүүцэж, эрээгүй зүтгэх түүнийг орхин М.Энхсайхантай зөвшилцөөд ганц хоёр яам өгөөд салсан нь дээр гэж үзжээ. Ийнхүү Б.Эрдэнэбат оргүйд орвол охинтой гэгчээр арга буюу гурван яамны мэдлийн төлөө чаргууцалдсаар хоцорлоо. Харин эртнээс улбаатай шадар сайдын суудлаас болж хоёр андын үерхэл будаа болж, түнш тасарч байгаа сурагтай. Санаархагч хоёр, суудал ганц хойно яая гэхэв. Үнэндээ түүний намын бүлгийн найман гишүүнээс нь Ц.Батаа МАХН-д урваж, С.Отгонбаяр түүн шиг ил цагаан элсээгүй ч байр суурийн хувьд ойлгомжтой болж, МАХН-д эчнээгээр элсчихээд буй. Харин Р.Эрдэнэбүрэн, Х.Баттулга нар АН-ыг тууштай дэмжсээр байгаагаа үзэл бодол, үйл хөдлөлөөрөө илэрхийлсээр байгаа. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үед ч санал өгөхөөс татгалзан картаа сугалан АН-ынхныг даган гарч одох нь Эх орон намын данстай хэдий ч үзэл бодлын хувьд аль хэдийнэ урван одсоныг нь лавтай батлан харуулсан явдал байв. Ийнхүү бүлгийнхээ найман хүний лав дөрвийг нь тавиад туучихсан тэрбээр үлдсэн дөрвөн хүнийхээ хамт Засгийн газраас гурван суудал авах гэж улайрч байгаа аж. Энэ намрын чуулганы хамгийн идэвхгүй гишүүнээр тодорсон энэ эрхэм чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд тун цөөн үзэгдсэн гэнэ. Улс төрд гарч ирсэн боломжийн орон зайг ашиглаж чадварлаг боловсон хүчнээр сайнгүй ч өөртөө оноо авахыг хичээсээр байна.
Ямар ч байсан хамгийн сүүлийн мэдээгээр Эх орон нам илүү ч үгүй дутуу ч үгүй гурван яамыг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсгээ зурж, намуудын дарга нар ч энэхүү зөвшилцлийг мутраараа баталгаажуулжээ. Ингэснээрээ сүүдрийн Засгийн газар гэгчийн эсрэг зогсч,
М.Энхболдын төлөө дуугүй гараа өргөх замыг эргэлт буцалтгүй сонголоо гэсэн үг. Гэвч бүх юм нэг тийш болоогүй байна. Өдөр өдрөөр хойшилсоор байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал, хүчтэй сөрөг хүчин болохоо илэрхийлсэн АН, ИЗН-ынхан ямар яриа гаргаж байдлыг хүндрүүлсэнийг тааварлах хэцүү.

(өнөөдрийн монгол 2006-01-23 186)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button