УИХ-ын гишүүн Л.Гүндалай УИХ-ыг тарааж, дахин сонгуулиар ялалт байгуулаад би ерөнхий сайд болно

Манай редакцид хандан асуултаа ирүүлсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та манай дараагийн дугаарт хэнийг уриалах хүсэлтэй байгаагаа илэрхийлээрэй.

-Эрхэм гишүүн таныг манай редакцид зочлон, бидний болон уншигч, захиалагчдын асуултанд хариулах болсонд талархъя. Сүхбаатарын талбайд хийсэн ажлаас тань яриагаа эхэлье?
-Редакцидаа зочноор урьсан явдалд их баярлалаа. Зиндаа сонины уншигчдад шинэ оны мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. Сүхбаатарын талбайд би дөрвөн өдөр нийтдээ 7-8 цаг сууж иргэд хөдөлмөрчдөөс ээлжит бус сонгууль хийхийг дэмжиж байгаа хүмүүсийн санал болон Ард түмний намд гишүүн элсүүлсэн. Өдөрт 1000-1500 хүн тогтмол гишүүнээр элсэж байсан. Ард түмний нам бол ард түмнийхээ, нийгмийн захиалгаар бий болж байгаа нам. Бид ард түмнийхээ юу хүсч байгааг маш сайн мэдэж, ард түмний хүсэл зорилгыг илэрхийлж, тэдний төлөө ажиллах тэмцэх нам байгуулагдаж байна гэдгийг ард түмэнд ойлгуулах үйл ажиллагаа явуулахад миний талбайд идэр есийн хүйтэнд тасралтгүй сууж байгаагийн үр дүн гарна гэж бодож байна.

-Нэгэнт нам байгуулагдчихлаа. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Бид ард түмнийхээ санал хүсэлтийг сонсоод яавал дээр вэ, намын гишүүд маань юу хүсч байна вэ гэдгийг энэ гурав хоногт маш сайн сонсч мэдлээ. Улаанбаатар хотод 50-100 мянган гишүүн ойрын хоёр сарын дотор элсүүлэх санаатай байгаа. Цаашилбал цагаан сарын дараагаар орон нутагт явж гишүүн элсүүлэх орон нутгийн намын байгууллагууд байгуулах ажлыг хийнэ. Хүмүүс цөөхөн хэдэн монголчуудынхаа амьдралыг олигтой аваад явж чадахгүй байгаа төр засгийг өөрчилж шинэчлэхийг хүсч байна.

-Намынхаа дүрмийг хэрхэн боловсруулсан юм бэ. Нэлээд танил дүрэм байна?
-Манай намын дүрэм АН болон ИЗ-БНН-ын дүрмийн аль аль талаас нь сайныг нь аваад л хийчихсэн шүү дээ.

-МАХН-ын дүрмээс авах заалт байхгүй байсан уу?
-Бид нар олон юмнаас авъя гэж бодсонгүй, энэ хоёроос харьцуулж байгаад л авсан. Ерөнхийдөө дүрмийн эхийг би гаргаад, ах намын хурлаар зарим нэг зүйл дээр өөрчлөлт гарган баталсан.

-Танай намд АН-ын зарим хүмүүс элсэн орж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-АН-ын ҮЗХ-ны гишүүдээс гэхэд манайд нэг хүн элсэж харагдаж байна лээ. Надтай утсаар яриад ирж уулзъя, АН-ын эрх барих байгууллага, ҮЗХ-ны 10-аад гишүүн албан ёсоор гарч танай намд оръё гэж байна гэж байгаа хүмүүс бий.

-Танай намд Баабар тэргүүтэй лидерүүд орох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Тэд нар чухам ямар бодолтой байгааг мэдэхгүй байна. Цаагуураа ярьж л байгаа байх. Тэд АН-даа үнэнч байя гэж боддог ч юмуу, эсвэл намаа өөрчлөгдөнө, шинэчлэгдэнэ гэж хүлээгээд байгаа юмуу гэж би боддог юм. Гэхдээ би манайд ирж орох байх гэж бодож байна. Яагаад гэвэл АН өөрчлөгдөж шинэчлэгдэж чадахгүй, МАХН ч тэгж чадахгүй. Яагаад гэвэл эрх барих дээд байгууллагууд нь дандаа дарга нарынхаа гар хөл болчихсон, тэд нараасаа албан тушаал авчихсан, тэд нартай бизнөсийн мөнгөний холбоо сүлбээнд орчихсон хүмүүс байдаг юм билээ.

-УИХ-ыг тараалаа гэхэд танд аваад үлдчихмээр ямар хүмүүс одоогийн гишүүд дотор байна вэ?
-Дахин сонгууль болоход аваад үлдчихмээр гайгүй, юманд шүүмжлэлттэй, дэвшилттэй ханддаг гишүүд хэдхэн бий. Нэрлэчихвэл зарим нь гомдчихно.

-Та УИХ-ыг тарааж, дахин сонгууль хийгээд УИХ-ыг гартаа авах гээд байна уу, эсвэл өөр зорилго байна уу?
-Хэрвээ манай нам ээлжит бус сонгуулиар яллаа гэхэд би Ерөнхий сайд болно. Бүх зүйлийг жинхэнэ өөрчилнө. Хамгийн түрүүнд ажлын байрыг монголд үйл олноор нь бий болгоно. Ер нь дор хаяж 100 мянган ажлын байр хэдхэн сарын дотор бий болгох боломж монголд бий.

-Эмч багш нар ажил хаяна гэж та түрүүн хэллээ. Эмч нартай та нэлээд холбоотой байдаг юмаа даа?
-Ер нь эмч бол хүний сайн сайхны төлөө хүнийг эмчилж, эдгээдэг буянтай сайхан мэргэжил. Энэ эмч нар маань надад их найдвар хүлээлгэдэг гэж ойлгосон. Эрүүл мэндийн энэ тогтолцоо журмыг өөрчилж, зах зээлд нь шилжүүлэх, гэхдээ ард түмнийгээ хохироочихгүй шийдвэрийг төр засгаасаа үргэлж хүсч явдаг хүмүүс байдаг. Ирээдүйд намайг эмч хүний хувьд өөрийн биеэр гар бие оролцож үүнийг
өөрчлөгдөхөд нэмэр болно гэж итгэдэг байх. 2-рт би монголын хувийн хэвшлийн байгууллагуудын эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч гэж явдаг. Эмч хүн хүнийг эмчилдэг шигээ намайг бас энэ нийгмийг эмчилээсэй гэж боддог. Тийм утгаараа ч юмуу эмч нар намайг их дэмждэг гэж би боддог юм.

-Алдартай бөөрний аппарат чинь юу болсон бэ?
-Бид нар ахиад дөрвийг нэмээд оруулаад ирсэн байгаа. Энэ дөрөв маань 14 хоногийн өмнө ирсэн. 1-р сарын дундуур герман эмч нар хүрч ирж сууурилуулж өгнө гэж байгаа. 2-р сарын дундуур ашиглалтанд оруулна. Бид ийм зүйл хийгээд эхлэхээр эрүүл мэндийн яам хүртэл санаачлаад бас засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаад 4, 5 машин авахаар төсөвлөсөн гэнэ лээ. Хэрэв бид ингэж яваагүй байсан бол эд нар ингэж хөдлөхгүй л байсан. Гэхдээ энэ нь улсын юм болохоор нөгөө дөрвөн машин гацаад л гажаад ирвэл хэн ч хариуцсан юмгүй л болох байлгүй. Бид бас зэрэгцээд юмаа хийнэ дээ. Манай бөөрний аппарат удахгүй ашиглалтанд орно.

-Та бид гэж хэнийг хэлээд байна вэ?
-Бид гэдэг нь ажиллах гээд байгаа хоёр гурван эмч нар юм. Бид байраа засаад бэлтгэчихсэн байгаа. Төлбөр бол өнөөдөр хамгийн бага
ханшаар авна гэж бодож байгаа. Өнөөдөр манай төрийн эмнэлэгт нэг хүнд 120 доллараар бодож гадаадын хүнд, дотоодын хүнээс бараг 80 мянгаар бодож тооцсон юм билээ. Бид бол 40, 50 мянган төгрөг байхаар тооцож байгаа.

-Бөөрний дутагдлын өвчинтэй ч мөнгөгүй хүн бол тэр аппаратын чинь ид шидийг үзэж чадахгүй юм байна, Тийм үү?
-Эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт орсноор төр засгийн зүгээс бөөрний дутагдалтай хүмүүс бөөрний машинд суух юм бол тодорхой хэмжээг нь төрөөс даахаар төсөл оруулж байгаа. Одоо 100 хувь төрөөс дааж байгаа боловч төсвөөс бага мөнгө гаргадаг. Тэр бага мөнгөнд тохирсон машин нь маш бага үйлчилгээ явуулдаг л байхгүй юу. Үүнээс хойш төр хагасыг нь даагаад ирэхээр асуудал өөр болно. Хувийн ч бай Төрийн ч бай адилхан үйлчилгээ үзүүлж байвал адилхан л даатгалдаа хамаруулдаг төсвөөс мөнгө төгрөгийг нь адилхан олгодог болчихвол болоод явчихна.

-Нэгэн цагт та эрүүл мэндийн сайд болж чадаагүй гээд намаасаа гарна хэмээж байсан. Та албан тушаалд бусдын адил дуртай хүн юм биш үү?
-Ер нь би албан тушаалд дургүй гэж хэзээ ч хэлдэггүй. Би сайд болно гэдэг нь албан тушаалыг нь хараад тэгж хэлж байгаа юм биш. Би өөрөө сайд болж ажиллая, гүйцэтгэх засаглалд хүчээ үзье, юм хийж бүтээе л гэсэндээ тэгсэн юм. Үнэхээр би чадна л гэсэн бодолтой л ажилладаг. Тэр үед намайг яагаад эрүүл мэндийн сайд болгохыгАН, Ц.Элбэгдорж зөвшөөрөхгүй байсныг тэр үед би ерөнхийдөө гадарласан юм. Тэр үед АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Энхбаяр хоёр үгсэж, Л.Гүндалайг ямар ч нөхцөлд эрүүл мэндийн сайд болгож болохгүй шүү гэсэн юм.

-Танд нотолгоо байгаа юм уу?
-Үгүй, ямар тэр хоёрыг өвөр түрүүндээ орж байхыг харсан биш. Гэхдээ тэр хоёр одоо нэг зоосны хоёр тал гэдгийг бүх хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр үед хоёулаа Засгийн газрыг чи ерөнхий сайд нь болчих, би их хурлын дарга болъё, тойргоо хуваагаад авчихъя, бусад албан тушаалаа хуваагаад авъя, цаашдаа чи АН-ын даргыг Р.Гончигдоржид өг, манай талын хүн тэгээд ер нь хоёр намаа хоёр талаас нь барья, ер нь ч тэгээд Ардчилсан хөгжлийн нам байгуулья гэж ярьсан шүү дээ. Тэр бол зүгээр шуугиад өнгөрсөн зүйл биш, жинхэнээсээ яригдсан яриа. Тэр ч бүү хэл Ц.Элбэгдорж 2004 оны эцсээр манай их хурлын гишүүд болон ҮЗХ-ны гишүүдийг дуудаж авчраад Ардчилсан хөгжлийн нам гэдэг энэ иамыг хамтарч байгуулъя, гэж өөрөө илт тод хэлсэн юм шүү дээ.

-Хэзээ, хаана хэнд хэлэгдсэн үг болоод та ийм итгэлтэй байгаа юм?
-2004 оны 11-р сарын үед Ц.Элбэгдорж манай гишүүдийг бүгдийг Их тэнгэрт дуудаад ярьсан юм.

-Тэр үед та яагаад дуугараагүй өнгөрсөн юм. Ашиг хонжоо харсан юмуу?
-Тэр уулзалтанд Ц.Элбэгдорж намайг дуудаагүй. Жишээ нь АН-ын гишүүд МАХН-ын бүлэгт орох асуудлыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Ц.Элбэгдорж өврөөсөө хувьсгалт намын бүлэгт гишүүнээр орьё гэдэг бичиг гаргаж ирээд гишүүн болгонд үзүүлээд чи манайд элс, хувьсгалт намд оръё, цаашдаа ардчилсан хөгжлийн намыг байгуулъя. Ингээд төр засгийг хэдэн жилээр хуйвалдаад аваад явъя, нэгэнт бид нар хүчээ авчихсан мөнгө төгрөгтэй болчихсон. Энд орвол чинь бизнесийг чинь ингэж дэмжинэ, ийм тендерт чамайг ялуулна гэж яриад л бүх хүнийг элсүүлж авсан шүү дээ. Мэдээж түүнийгээ надад ярихгүй л дээ. Намайг орохгүй гэдгийг мэдэж байгаа байхгүй юу. Би Ц.Элбэгдоржийн өрөөнд тэр үед ороод чи яагаад иймэрхүү үйл ажиллагаа байгаа юм бэ гэж асуусан, чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь үүнээс хойш түүнээс цааш чиний энэ өрөөгөөр л орохгүй гээд л гарсан. Тэр нөхрөөс надад гуйх юм байхгүй.

-Хэрэв та сайд болчихсон бол ийм юм ярихгүй байсан тийм үү?
-Би сайд болсон ч ингэж ярих л байсан, өөрийнхөө хэлье гэснээ, шударга бус юмтай нийлэхгүй гэснээ шууд л хэлнэ.

-Хүүхдүүд бурхны хишиг, тэдний төлөө ажиллах ёстой гэдэг?
-Хүүхдэд туслах нь зөв гэж би боддог. Өнөөдөр ямар ч гэм зэмгүй хүүхдийн ирээдүйг бид нар аврах л ёстой. Өнөөдөр бид тэр хүний амьдралд тус дэм болж тэр хүүхдийн 10 мянган төгрөгийг нь өгч цаашид нэмэгдүүлж явах ёстой шүү дээ. Тэгэхгүй бол өлмөн зэлмэн хүүхэд юм сурахгүй, өсөхгүй, өвчин эмгэг тусна. Ингээд 18 нас хүрээд эрийн цээнд хүрэхээрээ энэ нийгэмд амьдарч чадахгүй, нийгэмдээ гологдол болоод л явна шүү дээ. Ийм хүмүүсийг байлгахгүй байхын тулд л энэ хүүхдийг багаас нь дэмжих хэрэгтэй л дээ. Хаа газар хүүхдийн мөнгө гэж байдаг.

-Гэтэл та яагаад Хөвсгөлд хүүхэд алга болоход санаа тавиагүй юм бэ?
-Ренчинлхүмбэд алга болсон хүүхдүүд бол ойлгомжтой. Алга болоод зургаа хонож байхад Улаанбаатар руу мэдэгдсэн байгаа юм. Улаанбаатарт мэдээ ирчихээд байхад нь надад хэлэхгүй бас хэд хонуулчихсан байгаа юм. Тэгээд орон нутгаас ч надад хэлээгүй, эцэг эхээс нь ч хэлээгүй, яамнаас нь надад хэлээгүй, яг тэр нисдэг тэрэг явдаг өдөр л би өөрөө хүнээс сонсоод Хүрэлсүх рүү ярьсан Нисдэг тэргээр явах гэж байгаа бол намайг аваад яваарай гэсэн чинь хаяад л явчихсан. Энд би юу хэлэх гэж байна гэхээр би нутгаа мэднэ шүү дээ. Тэр шөнө гараад долоо хоног яваад олдоогүй бол ойлгомжтой шүү дээ. Би тэр хүүхдүүдийг олдох найдваргүй болжээ гэдгийг мэдсэн. 2-т хэрвээ би очоод тэр хүүхдүүд аврагдчихдаг байсан бол би хамгийн түрүүнд явах байсан. Би өөрөө нисдэг тэрэг хөлслөөд явахад бэлэн байсан. Манай тайгад долоо хоног биш өдөр хоёр өдөр явахад хэн нэг хүнтэй тааралдаж болно. Тэр хоёр өдөрт аль нэг газар айл ч юмуу, аль нэг өндөр газар гараад зүг чигээ авчих боломж байгаа л байхгүй юу. Тэр хоёр өдөр л хэн нэг хүнтэй уулзаагүй, долоо хоночихсон бол дуусчихсан нь ойлгомжтой. Тэгээд яваад яах юм бэ, би хүүхдэд хайртай гээд тэд нар луу явья гээд өнгөрсөн хойно нь яваад яах юм бэ. Намайг тэгээд хэлчихнэ, би заавал тэнд байх ёстой гэдэг утгаар би явъя гэж бодоо ч үгүй. Юманд бас учир тооцоо судалгаа зорилго байх ёстой шүү дээ.

-Таныг далайд төөрөөд олдоход шоу, хийлээ гэж шуугиж байсан. Та үнэхээр шоудсан юм биш биз?
-Шоу хийлээ гэдгийг чинь хувьсгалт нам л гаргаж байгаа юм. Эцсийн дүндээ л намайг дарах гэж, намайг олон түмэнд буруугаар ойлгуулах гэж миний нэр хүндийг унагаах гэж явж байгаа шүү дээ. Хүн алга болоод үхэл амьдралын зааг дээр явж байгаад ирэхэд урдаас МАХН-ын гар хөл нь та шоудаж байгаад ирлээ гэж хэлсээр л угтаж байсан. Надад шоудаж байх шаардлага байхгүй. Намайг монголын ард түмэн, хүүхдүүд мэддэг. Тэгэхээр над шиг танигдсан, над шиг олон түмнээс дэмжлэг сайшаал авдаг улс төрч монголд байхгүй, цаашид ч ойрын хугацаанд гарахгүй.

-Тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдпээ. Энэ нь ард түмнийг бухимдуулж, танай намын гишүүнчлэлийн үйл ажиллагаанд ч багагүй дэм болж байх шиг?
-Монгол улс энэ янзаараа хөгжихгүй гэдэг нь харагдчихсан шүү дээ. Энэ төр засаг, энэ нөхдөд монголыг хөгжүүлж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон шүү дээ. Чадваргүй арчаагүй төр шүү дээ. Түүнийг л солих хэрэгтэй, эд нараас юм горьдоод хэрэггүй л дээ.

-Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөнтэй нэгдэж нам байгуулна гэсэн яагаад больсон юм?
-Бид бие биенийгээ дэмжиж ажиллахаар тохирсон. 2-т хамтарч нам байгуулъя гэсэн боловч тэд нар өөрсдөө энэ хөдөлгөөнөөрөө байя гэсэн шүү дээ. Нам байгуулбал ямар янзтай нам байх вэ, дүрэм нь ямар байх вэ гэсэн чинь намайг намын тэргүүн бай, өөрсдөө намын дарга нь болно ч гэнэ үү сонин юм дүрэм ярихаар нь би болохгүй юм байна гээд л больцгоосон.

-Та импортоор орж ирдэг төмс хүнсний ногооны татварыг нэмэх хуулийн төсөл оруулах гэж байгаа гэсэн. Тэр талаар тодруулахгүй юу?
-Ер нь манай хүнсний аюулгүй байдал, улс орны аюулгүй байдлыг аваад үзсэн ч гэсэн газар тариалангаа хөгжүүлье, хүмүүсийг ажлын
байртай болгоё, газар шороогоо ашиглая гэж бодох юм бол ямар ч хяналтгүй орж ирж байгаа хүнсний зүйлийг жаахан хязгаарлах нь зүйтэй. Энэ бол эх орны ашигт нийцнэ гэж үзсэн хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. 2008 оноос эхлээд гадаадаас орж ирж байгаа хүнсний ногоонд өндөр татвар ноогдуулах, тэгснээрээ ажлын байр, газрын эргэлт, улс орны аюулгүй байдлыг хангасан сайхан хууль болох юм.

-Өөр ямар хуулийн төсөл санаачилж байгаа вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Үйлчилгээний чиглэлээр монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны байгууллагууд монголын компанитай хамтарч хөрөнгө оруулалт хийх юм бол монголын компани доод тал нь 50 хувийг эзэмших ёстой гэсэн хууль маань их хуралд өргөн баригдчихсан. Хэлцэгдэхгүй байна. Ирэх 7 хоногт бас нэг хууль өргөн барина. Тэр нь гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт хийх тухай хууль байгаа юм. Энэ нь гаднаас хэрвээ 100 ажилчин гэрээгээр оруулж ирэх юм бол 95 хүнд нь нэг хүний тоогоор 5 мянган доллар барьцаалах ёстой юм. Хэрвээ энэ хүмүүс нь гэрээнийхээ дагуу гарахгүй бол 5 мянган долларыг нь улсын өмч болгон, нөгөө хүнийг хөөж гаргахад зориулах юм. Бид ямарваа нэг ажилд гаднаас хүн оруулж ирэх юм бол тэр ажлыг хийж байгаа ажилчдын 90 хувиас доошгүй монгол ажилчин байх гэсэн хуулийн төсөл барих гэж байна.

-Ж.Баатар генерал ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдлаа. Та уулзсан уу?
-Эцсийн дүндээ үнэн яллаа гэж үзэж байна. Ж.Баатар генерал үнэхээр улсын нууцыг задруулаад улсад ямар нэгэн хохирол учруулсан байсан бол тэр хүнийг хэзээ ч гаргахгүй байсан. 2-т Ж.Баатар генерал 60 гарчихсан хүн. Биеийн байдал нь муудсан. Ж.Баатар генерал ямар нэг байдлаар шоронд өнгөрөх юм бол шоронд оруулсан нөхөд ард түмний хараалыг иднэ. Тэгэхээр энэ хүмүүс хийсэн буруугаа ойлгоодсандран, гаргажбайгаа юм. Түүнээс биш Ж.Баатар генералыг хугацаанаас нь өмнө суллах хууль эрхзүйн ямар ч орчин байхгүй. Түүнийг сулласан явдал нь өршөөл үзүүлэх хуулийг зөрчиж байгаа. Гэхдээ нэгэнт шударга бус юм явагдсан учраас энэ хүмүүс өөрсдөө моралийн хувьд ялагдалд орж байгаа нь энэ. Хэрэв Баатар генералын бие сайн байсан бол энэ хүмүүс хэзээ ч суллахгүй байсан. Харин би түүнтэй уулзаж амжаагүй байна.

-Таныг өөрийнхөө эрх ашгийн төлөө ард түмний хулхин дээр цэцэг ургуулж байна гэж үзэж байгаа. Тэгээд ч намаасаа нам гарч нам байгуулаад, үзэл бодол нь тогтворгүй гэх юм?
-Намайг харин ч үзэл бодолдоо үнэн ч гэж үздэг байх гэж боддог. Би бие дааж нэр дэвшиж УИХ-д ороод, 2000 онд би ялсан намыг дагаж далбаганаагүй, тэд нараас би юм гуйгаагүй, гудамжинд гарчихсан улс төрийн тавцангаас арчигдлаа гэж байсан АН-ыг дэмжиж ардчилалын тугийг өргөж өнөөдрийг хүрсэн. 2004 онд хэдийгээр би ард түмнээс сонгогдсон гишүүн болсон ч эвсэл гэдэг нэр дээр УИХ-д нэр дэвшигдэж сонгогдсон. Тэгэхээр эвсэл гэж байхгүй болсон эвслийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй болсон гэж ойлгох хэрэгтэй. Би АН-аас гарсан ч АН-д ямарваа нэг өр төлбөр надад байхгүй. Би АН-ыг харин ч өргөж өөд нь татаж явсан. Энэ намаас гарлаа гэхэд Л.Гүндалай АН-ыг ашиглачихаад явлаа гэж хэн ч ойлгохгүй. Харин АН-ынхан үнэн чанартаа Л.Гүндалайг л ашигласан байхгүй юу. АН ямар ч шинэчлэгдэж өөрчлөгдөх чадваргүй болсон учраас би гарсан. Би АН-аас гарна гэдгээ хэлээд өөрчлөгдөхийг нь нэлээд удаан хүлээсэн. Бараг сүүлд нь АН-ын дарга Р.Гончигдорж чи эртхэн зайлаад өгөөрэй гэж нэг уулзаад хэлж байсан. Би өнөөдрийг хүртэл би АН-ын гишүүн байсандаа ард түмний төлөө явж дэд даргыг нь хүртэл хийж явсандаа баярладаг. Ард түмний нам МАХН-ын Засгийн газарт оръё гэж гуйхгүй

-Уг нь энэ Засгийн газрыг огцруулах талаар хамгийн түрүүнд ам нээж байсан хүн та. Харин одоо яагаад бодлоо өөрчлөв?
-Ард түмний нам энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үздэг байсан нь үнэн. Гэхдээ одоо бол цаг нь биш, огцруулж буй арга зам нь буруу учраас дэмжихгүй байгаа. Огцруулж буй шалтгаан иь үндэслэл муутай юм билээ. Ийм шалтгаанаар засгийн газрыг огцруулж болохгүй. Гарын үсэг зурсан 10 сайд өөрийн хүсэлтээр зураагүй. МАХН-ын удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу сайд нар нь гарын үсэг зурсан. Үүгээрээ Элбэгдоржийн Засгийн газрыг өмөөрөөд байгаа юм биш. Барьцаанд байдаг, хуйвалддаг Засгийн газар гэж би хэлдэг. Тэр байр сууриа баримталж байгаа. Өөрөв унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үг байдаг даа. Ц.Элбэгдорж өөрөө энэ бүхний эхлэлийг тавьсан. Намаа хүртэл гаргуунд нь гаргасан шүү дээ.

-Шинэ Засгийн газарт орох бодол байна уу?
-Ард түмний нам МАХН-ын Засгийн газарт оръё гэж гуйхгүй, гэхдээ МАХН-ын дарга М.Энхболд намуудтай ярилцана, санал тавина гэсэн. Манай намд санал тавибал сонсоно гэж бодож байгаа.Иргэдийн асуултанд хариулж байна

-Дахин сонгууль хийлээ гээд шинэ сонголт байж, бодит байдалд ямар нэг ахиц гарах юмуу?
-Ер нь дэлхийн түүхийг хараад үзэхэд аливаа нэг ардчилсан, үндсэн хуультай оронд дахин сонгууль хийхэд сөрөг хүчин, дахин сонгуулийг
санаачилсан ард түмэн л ялдаг юм даа. Одоо хүмүүс дахин сонгууль хийгээд эргүүлээд энэ хумүүсээ сонгох юм бол дахин сонгууль хийх шаардлага байхгүй гэж байна. Гэтэл дахин сонгууль хийхэд өнөөдөр их хуралд байгаа гишүүдээс эргээд нэр дэвшээд яаахад санал авах хүн нэг ч байхгүй.

-О.Дашбалбар агсаныг хордсон гэдэг юм билээ. Таныг бас хордуулчих вий гэж бодох юм?
-Олон хүний үг ортой байх гэж боддог. Маш олон хүмүүс надад биеэ сайн бод, хоол ундаа болгоомжил, элдэв асуудлаас болгоомжтой бай гэдгийг сануулж хэлж байгаа. Одоо эрх баригчид надаас, ард түмнээс их айж байгаа гэж би бодож байгаа. Яагаад гэхээр ард түмний нам ялаад тэдний хамаг хийсэн бузар булайг ил гаргаад ирвэл щоронд сууна шүү дээ. Тэгэхээр тэдний хувьд бол ганц худагт сууна гэдэг үхсэнтэй ялгаагүй. Өөрөөр хэлбэл манай нам ялалт байгуулах нь тэд нарын хувьд үхэл гэсэн үг болчих юм. Үхэхгүйн тулд тэр хүмүүс бусад юмаа бүгдийг нь хийх байх л даа. Тиймээс би болгоомжтой байхгүй бол болохгүй. Тэгээд ч намайг тагнаж цагдаж байгааг би мэддэг. Намайг гараад л явахад хоёр хүн дагаад л явдаг. Би ажиглаагүй байхад надтай хамт яваа хүмүүс ажигласан байдаг. Би ч яахав би ямар террорист үйл ажиллагаа явуулах гэж байгаа биш, элдэв муухай хуйвалдаанд оролцож байгаа биш. Намайг тагнаад чагнаад яадаг юм гэж бодоод л явж л байдаг. Ордноос гараад явахад дагаад л явдаг юм билээ.

-Та намаасаа урвасан нөхдийг Хөвсгөлд аваачиж, дэглэж байгаад намдаа авна гэсэн чинь өөрөө намаа хаяад гарчээ?
-Гончигдорж чинь намайг бушуухан яваарай гээд л хөөгөөд. Эртхэн зайлаад өгөөрэй гээд л байсан шүү дээ. Намын дарга хүний амнаас яаж тийм үг гардаг юм бол.

-Саарал ордонд таньд найз байхгүй болчихсон юмуу даа?
-Саарал ордонд надад бараг найз байхгүй болсон. Шатар нүүдэг найз нар маань энэ жил гарч ирж чадсангүй шүү дээ. Одоо байгаа нөхөд дотор олигтой нүүдэг хүн алга
-Та бизнеснээсээ хөндийрөөд нэлээд удлаа. Юу болж байгааг нь сонирхдог биз дээ?
-Ер нь монголд шударгаар бизнес хийгээд явахад хэцүү гэдгийг олон хүн мэдэж байгаа. Бид ямар ч байсан хойшоо ухрахгүй яваа. Бяцхан байдлаар урагшилж яваа. Би бизнесээрээ үргэлж очиж чаддаггүй. Хааяа нэг зав гаргаад орж гарч, хоол унд идэхээрээ Лаки төв рүү зүглэдэг.

-Таны бизнесийн салбарын тоо нэмэгдэж үү?
-Намайг явснаас хойш нэмсэн юм байхгүй юм билээ. Гэхдээ би санаа зовдоггүй. Гэхдээ бид нар бас эмнэлэг байгуулаад авсан. Түүнийг бас дэвшил гэж үзэж байгаа. Намайг гишүүн болсноос хойш бид нар хивс үйлдвэрлэдэг болсон гээд тиймэрхүү юмнууд бий. Би өөрөө л бүгдийг санаачилдаг даа.

-Та авилгын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Авилга монголыг аалзны тор шиг хэрсэн. Авилга бол эдийн засгийг хөгжүүлдэггүй, ардчиллыг устгадаг зүйл. Бид авилгаас салж чадаагүй, авилга үүсч байгаа нөхцөл орчинг нь устгаж чадаагүй нөхцөлд монгол орон хөгжиж чадахгүй. Хамгийн түрүүнд хүнд суртал, төрийн дарамт, авилга, хээл хахуулийн үндэс угсааг нь устгах ёстой юм. Тэгж байж монгол авилгалаасаа бараг салж чадна.

-Ашигт малтмалын тухай хууль сүүлийн үед ихээхэн олны анхаарал татаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийг тухайн үедээ хөрөнгө оруулагчдыг татаж оруулах зориулалттай хууль байсан болоач одоо бол үеэ өнгөрөөчихсөн, монголчуудад ашиггүй алдагдалтай ийм л хууль шүү дээ. Тэгэхээр энэ хуулиа яаралтай засаж янзлах хэрэгтэй шүү дээ. Гаднаас орж ирчихээд монголд давраад байгаа нөхдүүдийг тийм бишээ, эзэн нь юмаа гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй. Ард түмний нам үүнийг яаралтай өөрчилнө гэж байгаа.
-Та өөрийгөө нийгмийг байлдан дагуудагч гэж боддог уу?
-Өнөөдөр би ямар ч байсан нийгмийн тэр^үүн хэсэгт явж байгаа л гэж ойлгодог доо. Би дэлхий ертөнц, зах зээлийг мэднэ. Хамгийн гол нь надад ард түмнээ гэсэн зүрх байна, ард түмнээ гэсэн сэтгэл оюун байна. Үүнийг минь ард түмэн ойлгоно гэж бодожявдаг. Надад энэ хоёрхон сая гаруй ард түмэн сайхан амьдрах боломжтой гэдэгт итгэдэг итгэл байна. Тийм итгэл байгаа учраас би тэмцээд байгаа юм. Миний тэмцлийн үр дүнд ард түмний амьдрал ойрын хугацаанд сайжирна гэж би итгэдэг. Түүнээс би тэмцээд цаанаа үр дүн нь ийм гарна гэдгийг мэдэхгүй байх юм бол би тэмцэхгүй. Тиймээс надад тэр бүхнийг хийх юмсан гэсэн хүсэл бяр амтагддаг юм.

-Та шүтлэгтэй юу?
-Би нэг их шашин шүтлэг гээд яваад байдаггүй. Гэхдээ жилдээ дор хаяж нэг удаа Гандан тэгчинлэн хийдээр ороод, хүрдийг нь эргүүлээд хүжийг нь уугиулаад, залбираад, Жанрайсигтаа мөргөөд яваад байдаг. Мөн би нутаг орон, лус савдгаа шүтдэг, бөө удгануудынхаа үгийг их сонсдог. Би ер нь хүний өөрийнх нь хичээл зүтгэлд их шүтэж итгэж явдаг. Чиний амьдрал чамаас өөрөөс чинь хамаарна гэдгийг би хамгийн зөв үг бодож явдаг. Бурхан зөвхөн өөртөө тусалж байгаа хүнд тусалдаг юм гэж сайхан үг байдаг юм билээ.

/Зиндаа /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button