Санхүүгийн зохицуулах хорооны гишүүд нэр дэвшив

Гишүүдийг томилох асуудалд УИХ-ын гишүүд ихээхэн анхааралтай хандаж, манай, танай намын хүмүүс гэлцэн хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооноос зохицуулах хороонд хоёр хүний нэр дэвшүүлжээ. Үүнд Б.Шаравсамбуу Д.Цэрэнжамц гэдэг хүмүүс байлаа. Байнгын хороогоор бүх нэр дэвшигчийг хэлэлцэв. Бүгд долоон нэр дэвшигч байлаа. Тэд Д.Бадраа, Д.Дүгэржав, Г.Ганбаямба, Ганболд, Э.Лхагвасүрэн нарын хүмүүс аж. З.Энхболд гишүүн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилоход улс төрийн албан тушаалтан нэр дэвших хориотой гэж байна. Тэгвэл энэ нэр дэвшсэн хүмүүс дотор МАХН-аас УИХ-д сууж байсан гурван хүн байна. Тэднийг дахиад УИХ-ын гишүүнд нэр дэвшихгүй юм байна гэж ойлгож болох уу гэсэн асуултад нэр дэвшигч Б.Шаравсамбуу УИХ-д дахин нэр дэвшихгүйгээ хэлж байв. Нөгөө хоёр нь ямарч байсан Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн байх үедээ нэр дэвшихгүй гэлээ. Энэ долоон нэр дэвшигчийг УИХ-ын гишүүд хэлэлцэж захиас хэллээ. Ц.Батаа гишүүн Та нар томилогдчихоод тэр нам, энэ нам гээд ард түмнийг хуваагаад байдаг шүү. Үүнийгээ болиорой гэсэн юм. З.Энхболд гишүүн Улс төрийн ажил, төрийн ажил хоёрыг хооронд нь заагламаар юм. Бид энэ талын хуулийг намар УИХ-д оруулсан боловч МАХН-ынхан үүнийг хэлэлцээгүй. Бид үүнийг дахин УИХ-д оруулна. Төрийн ажил хийсэн хүн улс төрийн ажилд оролцдоггүй болмоор. Улс төрд зүтгэсэн хүн төрд очмооргүй байна. Энэ нэр дэвшсэн хоёр хүн улс төрд дахиж орно гэнэ. Тийм болохоор нэрийг нь хасъя гэлээ. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг бүгдийг нь байнгын хороо дэмжиж УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болов.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2006-01-24 020)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button