ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭС НЭЭЛТ ХАЙДАГ шинжлэх ухаан

А.Пунцаг, Ж.Ганболд, Ц.Ишдорж нар манай хамгийн бүрхэг үе болох XIҮ-XҮ зуун руу өнгийж бараг очоод иржээ. Юань улс, Ил хаадын улс, Цагадайн улс, Алтан ордны улс зэрэг томоохон үнэмшилтэй бүтээлүүдийг бичиж, нарийвчлан судалсан гэнэ. Энэ нь удахгүй уншигчдын гар дээр ирвэл нэлээн шуугиан тарих нь дамжиггүй. Бүр саяхны ХХ зууны эхэн үеийн түүхээ ч бид үнэнээр нь олж харахаа байсан. Энэ тухай Улаан түүх нэртэй бүтээлийг уржнан боловсруулсан нь олон юмны учир жанцанг тайлжээ. Саявтар гарсан Монгол улсын түүх хэмээх таван боть номыг нь академич Х.Сампилдэндэв нар нэлээд шүүмжилж дутуу болсон гэж үзсэн. Үүнийг нь ч тус хүрээлэн хүлээн зөвшөөрдөг. Энэ мэтчилэн Монголын өнгөрсөн түүхийг дагнан судлаачдад арга барил, хойч үеэ бэлтгэх, хуучин үзэл баримтлалаасаа салах зэрэг дотоод бэрхшээл их байдгийг тэд дурдаж байсан.
Энэ жил түүхчдийн хувьд том ажил өрнөж буй тул түүхийн шинжлэх ухааны талаар хөндөж байгаа хэрэг юм. Тэр нь Их Монгол Улс-800 жил. Биднийг Монголчууд гэгдээд ийм олон жил болсныг бид нийтээрээ саяхнаас мэдэж бас баярлаж байгаа хэрэг. Зүгээр баярлаад зогсохгүй улс төр эдийн засаг, аялал жуулчлалын салбарт, ашиг тус гарахыг тооцож байна. Чухал арга хэмжээнд түүхийхэн илүү ачаалалтай ажиллаж буй нь мэдээж. Нэгэн цагт дэлхийн бодлогыг атгаж байсан их гүрний уугуул нутагт гадна дотны эрдэмтэн мэргэд хурж их бага хурлуудыг хийжээ. Манай түүхийг бүтнээр нь судлах гэхээр хуурай газарт одоо оршин тогтнох олон улс гүрнийг хамрахаас өөр аргагүй байдаг. Орос, Хятад, Киргиз, Казах, Өвөрмонгол, Болгар, АНУ-ын Индианагийн их сургууль, Японы Каназава сургууль гээд ойрын хоёр жилдээ хамтарсан гадаад арга хэмжээнүүдийг өмнөхөөс илүү гэрээлжээ. Эртний перс, араб хэлтэй орчин цагийн эрдэмтэн энд эрэлт ихтэй гэнэ шүү.
Энэ жил 800-гаа сайхан тэмдэглэчихээд түүх бичих ажилд цэг тавихгүй нь ойлгомжтой. Ойрд хийх илрүүлэх ажил зөндөө бий. Монголын нууц товчоо-н дээр гэхэд л судлаад дуусчихаагүй өчнөөн мөлжүүр үлдсэн. Саяхны дэлхийн II дайны үеийн Монгол ба Манжийн колонид байсан үе зэрэг бүл гүүд салхи ороогүй бүтнээрээ түүхчдээ хүлээж байгаа аж. Хүрэл, төмрийн үе, Түрэг, Кидан улсын бодлогын зангилааг тайлахаас эхлээд Ардын хувьсгал хэрхэн үүссэн. 120 жилийн өмнө төрсөн Ерөнхий сайд асан Д.Бодоог хүртэлх олон олон учрал тавиланг тэртээх он жилүүдээс үнэнээр нь тунгаах нөр ажилтай. Энэ бүгдийн эцэст Монгол Улсын бүрэн түүх-ийн олон боть бүтээл гарах болно гэж Ч.Дашдаваа бээр хэлэв. Түүхийн хүрээлэнгээс бэлтгэсэн зарим сонирхолтой бүтээлүүдээс товчхон сонирхуулъя.

Нэг. Алтан ордны улс
Ази, Европ тив дамнасан ийм нэртэй улсыг 1242 онд монголчууд байгуулжээ. Манайх Ардын хувьсгалыг 80 гаруй дахь жилдээ тэмдэглэж байгаа. Олон үндэстэн, шашин, соёлоос бүрдсэн Алтан орд улс 200 гаруй жил өнө мөнх мэт оршсон нь гайхалтай. Бат хааны хөвгүүд эртний Оросын нутгийг сүйтгэсэн ч дараа нь илүү ихийг бүтээсэн байна гэдгийг нотолжээ.
Тэр үеийн зам харилцаа, төрийн бодлого, зоос мөнгө зэргийг судлаад үзэхээр Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэл асар уудам нутагт чөлөөтэй зорчих, нэгнээсээ сайныг өвлөх, солилцох өргөн боломжийг бий болгосон. Сарай нийслэл нь одоогийн Нью-Йорк, Лондон лугаа гол зангилаа байсан. Нэгэн төр, нэгэн улсын удирдлага дор дорхноо хөгжиж дэвжсэн тул ийн он удаан оршин тогтнож чаджээ. Сарай-Бат, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг 150 гаруй үзэсгэлэнт тансаг хотууд үүссэнийг тогтоожээ. Бас Европоос сурталдах католик шашны урсгалд Оросын үнэн алдартны шүтлэг дампуурах байсныг Алтан орд аварч үлдээсэн. Александр Невскийд тусалж Оросын шашныг хэвээр үлдээсэн. Шашин нутагтайгаа үлдсэн Орос орон цаашид өөрийн гэсэн хүчирхэг гүрэн болсны түүх Алтан орд, Сарайгаас эхэлсэн. Монголчуудын үед Оросын сүм хийд 30 байснаа 100 гараад олширсон зэрэг нь XIII-XҮ зуунд том үйл хэрэгт тооцох ёстой гэнэ. Энэ бүгдийг үнэн мөнөөр нь судлаад үзэхэд буурал түүхийн нугачаанд Орос, Монгол хоёр эерэг голдуу явж иржээ. Энэ тухай гоё кино, ном байдаг болохоос шинжлэх ухааны үндэслэлтэй, баримттай судалгаа нэн ховор юм.

Хоёр. 1921 оны хувьсгал
Манай 800 жилийн урт амьдрал дотор 1921 он нь түүхийн эгзэгтэй үед тооцогддог аж. Хүчирхэж явсан олон зуун жил байсан авч эс оршихын аюул энэ жилүүдэд нүүрлэжээ. Дотоод гадаад хүчин зүйл таатай нөлөөлж хувьсгал хийсэн. Далимд нь ХХ зуунд шинээр амьдрах нөхцөл үүссэн. Тухайн үед Ази, Дорно дахины бусад улс эндээс ихээхэн үлгэр, санаа авсан гэнэ. Автономит засгаа устгуулсан хаант Монгол улс гадаад нөхцөл байдлаа маш сайн мэдэрч, түүнд нийт иргэдээ бэлдэх хөрс суурийг нь тавьж өгсөн. Дотоод талдаа аж амьдрал сайжруулах алхмыг зориудаар ч гэмээр анхаараагүй байдаг. Үүнд дээр үндэсний эрх чөлөөний төлөө бүх нийтээр тэмцэх нөхцөлд хүргэсэн. Тэгээд хувьсгалчид, удирдагчид гарч ирсэн гэх мэт түүхэн логик гаргалгаануудыг шинэчлэн судалжээ. Ер нь энэ үеийн түүх нь маш сонин, түвэгтэй асуудал ихтэй тул Бүс нутгийн болон Монголын түүхэнд 1921 оны үндэсний хувьсгалын эзлэх байр суурь гэсэн тусгай зүйл анги болгон судалж байгаа гэнэ. Түүхчид энэ сэдвийг анх удаагаа шахуу нарийвчлан ийн судалж буй гэх.
Бидний өмнө уншсан, сонссоноос өөр ойлголт, хандлага гарахыг үгүйсгэхийн аргагүй юм.

Гурав. Шинэчлэлийн хөдөлгөөн
Дашдаваа, Болдбаатар нар 1952-1966 оны 14 жилийн нэн шинэ түүхийг ийн нэрлэв. Маршал өөд болсон жилээс манай Монголын төрд бужигнаан үүссэн. Сэхээтнүүд төөрөлдсөн. Бурхан тахиж байдаг монгол шашныг Чойбалсан гэдэг шүтэн бишрэгчээр солиход тийм ч хэцүү биш байсан. Нэг хүнийг тахин шүтэж нэг хэсэг явсан. Социализм бэхжиж, ядуу ардын хүүхэд нам, засагт хүчин зүтгэх боломж нээгдсэн ч дээгүүрээ эрх мэдэл, ардчиллыг өмчилж дарга анги, феодал лугаа бий болсон. Тоталитор дэглэм бүрэлдсэн. Үүнийг сэхээтний зарим хэсэг эрс эсэргүүцжээ. Ийм чимээгүй тэмцэл арав гаруй жил үргэлжилснийг түүхчид өдгөө судалж оношилж байна. Чухам эндээс хүнд суртал давамгайлж, дахиад л нэг хүнийг бурханчлах болсон нь 1990 онд ардчилсан хөдөлгөөн үүсэх нөхцөлд хүргэсэн. Нэн шинэ түүхийн алдаа оноог дэнслэх нь мэргэжлийн түүхчдийн зайлшгүй хийх ажлын нэг байх.
Түүхийн хүрээлэнгийн ажил, 800 жилийн ойн өдөр саруудаар иймэрхүү явцтай байна.

Ж.ГАНГАА
(өдрийн сонин 2006-01-24 020)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button