Чуулган богино цагт чанартай явагдах ёстой

Чуулганы ажиллагаа өглөө хэдэн цагт эхэлдэг байх тухай нилээд маргалдав. Төслөөр хуралдааныг өглөө арван цагт эхлүүлэхээр төлөвлөжээ. Гишүүд хэрэв УИХ-ын чуулган өглөө арван цагт эхэлбэл Улс даяар дуурайна гэхээс айж байлаа. Уул нь өглөө есөд эхэлмээр байгаа ч даанч гишүүд ирэх биш дээ гэцгээж байв.
Л.Гүндалай гишүүн Өглөө есөд нь эхэлмээр байна. Даанч бусад гишүүд цугларч чаддагүй. Ирсэн нь хохироод байдаг гэв. Р.Раш гишүүн өглөө 10.00 цагт нэгдсэн хуралдааныг эхлүүлэх саналтай байсан. Тэгээд гишүүд элдвээр шүүмжлээд байхаар Тэгвэл өглөө наймд эхэлдэг больё гэлээ.Гишүүн Санжмятавыг үг хэлж байхад бусад нь зэрэгцээд байсан тул тэрээр Нэг нь үгээ хэлж байхад бусад нь уралцаж байгаа ноход мэт хар хур хийлцэж байдгаа больёо гэв. Гишүүд санал хураалтаар өглөө есөн цагт хурал эхлүүлэхээр боллоо. Энд Ц.Нямдорж дарга цөөнх болж үг хэллээ. Есөн цагт эхлээд дундаа завсарлахаар завсарлагааны дараа бүтэн нэг цаг алдаад байна. Харин арван цагт эхлээд дундаа завсарлагаагүй хуралдаад цайны цаг хүргэвэл болоод байгаа юм. Үүнийг гишүүд сайн бодож үзээч.
Д.Лүндээжанцан гишүүн Арван цагт хуралдаан эхлэхийг арван цагт ажилдаа ирэхтэй андуураад байх юм. Есөн цагт ажилдаа ирээд сонин монингоо уншаад, өргөдөл чиргэдлээ цохчихоод арван цагт нэгдсэн чуулгандаа орвол болно. Нэгдсэн хуралдаан богино цагт чанартай хуралдаан явагдах ёстой гэв. Л.Гүндалай гишүүн Өглөө найм хагаст ажилдаа ирээд орой долоон цагт дуусч байсан ч болно. УИХ-ын гишүүд бид чинь юу ч хийдэггүй хүмүүс байгаа юм. Жилийн зургаан сар нь хуралдаж үлдсэн зургаан сарыг нь гурав гурваар ээлжлэн амрааж өнгөрөөдөг. Бид тойрогтоо очиж ажилладаг л гэнэ. Сайндаа арван дөрөв хоног л хөдөө явдаг. Ажлаа тасалсан гээд цалингаа хасуулдаггүй. Цагаа бүртгүүлдэггүй. Ийм л эрх дархтай хүмүүс шүүдээ бид хэмээн хэллээ. Гэвч чуулган өглөө есөн цагт эхэлдгээрээ эхлэх болов. Чуулган дээр санал хураалгах горимоо ярилцаж төслийн саналыг гол болгох уу гишүүдийн саналыг эхэлж хурааж байх уу гэдгийг тодруулав. Д.Лүндээжанцан гишүүн Санал хураалт явагдахдаа ажлын хэсгийн саналыг гол болгох хэрэгтэй байна.
Санжмятав гишүүн Төслийн санал гол болгож баймаар юм. Нэг гишүүн санал гаргаад л түүнийгээ намайг дэмжээрэй гэж гүйгээд л улаан хөхдөө тулаад явчих юм. Тэгээд яалт ч байхгүй намын нөхөд нь тэр саналыг дэмжиж байна. Ингэж хууль батлахаар хуулийн чанарт муугаар нөлөөлж байна гэв. Зарчимын зөрөөтөй саналыг эхэлж хурааж байхаар боллоо. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэр зөрөөтэй санал нь уначихвал төслийн саналаар хууль цаашаа явна гэсэн үг ажээ. Чуулганы дэгт УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах үед буюу сонгуулиас нэг сарын өмнө ажилласан дөрвөн жилийнхээ тайланг тавих заалт оруулжээ. Энэ талаар гишүүд маргалдав. Э.Бат-Үүл гишүүн болохоор энэ сонгуулийн сурталчилгаа болно. Нэг сарын өмнө ийм тэнцвэргүй мэдээлэл УИХ-аар хийх хэрэг байхгүй гэж байв. Харин Д.Лүндээжанцан гишүүн Энэ мэдээллийг Ерөнхий сайд хийх хэрэг байхгүй. Тэр хийвэл харин сонгуулийн сурталчилгаа болно. Энэ сайн Засгийн газар байна гэвэл энэ засгийн газар байгуулсан намыг сонго гэсэн үг болно. Үгүй бол эсэргээрээ юм болно. Зүгээр л Засгийн газрын тайланг мэдээлдэг баймаар байна гэхэд Д.Одхүү гишүүн энэ заалтыг хасъя гэлээ. Д.Лүндээжанцан Энэ заалтыг хасаж болохгүй. Нэг нь өдий төдий юм үлдээсэн гээд нөгөө нь юу ч байхгүй хоосон засаг авсан гээд байдаг хэл амыг таслах гэсэн заалт байгаа юм гэв. Тэгвэл Ц.Нямдорж гишүүн Засгийн газрын тухай тайланг УИХ-ын дарга танилцуулах нь буруу. Үүнийг Ерөнхий сайд танилцуулахаар байвал зүгээр. УИХ-аар тогтоол гаргаад юу хийснээ тогтоож өгөх хэрэгтэй гэв. Энэ заалтыг Удирдлага санхүүжилтын хуульд ч бас зааж өгсөн байдаг юм байна. Тэгээд хуулийн заалтыг дэгэнд дурьдсан байна. Л.Гүндалай гишүүн Бид ямар нэг юм бичихдээ тэр хуулийн тэдийн тэдэд заасны дагуу гээд л бичдэг. Үүнийгээ болимоор юм.Тэртэй тэргүй түүнийг нь тэр хуульд нь заачихсан байгаа гэв. Д.Одбаяр гишүүн Хуулиас иш татаж авахаа больж болохгүй. Д.Дондог дарга хаана юунаас эх авч байгаагаа хэлэхгүй бол болохгүй Д.Лүндээжанцан гишүүн Тэр хуулийн заалтыг бүтнээр нь иш татахгүйн тулд л тэдийн тэд гэж бичдэг гэцгээн маргалдав. УИХ сонгуулийн хугацаа дуусахаас өмнө Засгийн газрын мэдээлэл хийхээр болов. Харин хэн мэдээлэл хийхийг тогтохоор боллоо. Д.Дэмбэрэл гишүүн Засгийн газрын гол үзүүлэлтийг мэдээлнэ гээд оруулчихъя. Заавал дарга эрхлэгч гээд хэлээд байх юу байсан юм гэлээ. Түүнийхээр боллоо.

Ж. САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2006-01-25 021)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button