Лхүмбийн хэргийг зохиосон нь

Олон мянган гэмгүй иргэнийг хэлмэгдүүлэн хөнөөсөн Лхүмбийн хэрэг гэгч эрчүүдийн хооронд байж л байдаг будлианаас эхтэй аж. Гайтай нь шөргөөлдсөн хоёр эрийн нэг нь дотоод яамны хүн байж. Хэнтий аймагт ажилладаг До Яамны төлөөлөгч Данзан гэгч албаны эрх сүрээр далайлган айлын авгай хүүхнийг хүртэл эрхшээлдээ авч бузарласан нэгэн байлаа. Гэтэл хоршооны агент Цэвэг гэгч залуу эр амраг бүсгүйгээ До Яамны бууны нохойд эзэмдүүлэхгүй хэмээн тэмцэлджээ. Чойбалсанч дэглэмийн аллагын жилүүдэд үзэсгэлэнтэй сайхан эхнэртэй эрчүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр байсан гэдэг. До Яамныхан нөхрийг нь шоронд явуулчихаад эхнэрийг нь эрхшээлдээ авдаг байсан хэрэг. Ингээд чекист Данзан гэм зэмгүй Цэвэгийг ял зэмд унагаж өөрөө жирэмсэн эхнэртэй байсан боловч нууц амрагийнхаа тоог нэмэх далдын хүслэнд хөтлөгдөн хүлээж байжээ. Яг энэ үед хил даван оргож Японы тагнуул болсон Шодоев гэгч буриад нууцаар эргэж ирсэн тухай цуу яриа дэгджээ. Данзан үүнийг ашиглахаар шийдэн Шодоевоос Цэвэгт ирсэн маягтай захиа зохион, бичээч Гомбодорж гэдэг хүнийг сүрдүүлэн байж бичүүлжээ. Тэгээд тэр захиагаа өөрөө олзолсон мэт байдалтай жүжиг зохиосон байна. Ингээд урвагч тагнуул Шодоевын хамсаатан хэмээх ялыг Цэвэгт тулган эрүүджээ. Цэвэг эрүү шүүлтэнд байхдаа ямар нэгэн том хүний нэр бодож олох хэрэгтэй болсон шиг байгаа юм. Тэгээд түрүүхэн нь Хэнтийд ажлаар очсон Үйлдвэрчний зөвлөлийн Лхүмбэ гэдэг даргын нэр санаанд нь орж, түүнийг удирдагчаа хэмээн хэлжээ. Ийнхүү Лхүмбийн хэрэг гэгдэх хэлмэгдүүлэлтийн аймшигт эргүүлэг эхэлсэн байна.

(өдрийн сонин 2006-01-25 021)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button