Д.Тайвансайхан Далай багш эв эетэй байхыг олон дахин захиж байсан

-Таныг Энэтхэг яваад ирсэн гэж сонслоо. Зорьсон хэрэг бүтэв үү?
-Юуны өмнө Өдрийн сонин-ы нийт уншигчдынхаа өдрийн амгаланг айтгая.
Дээрхийн гэгээн XIҮ далай ламд бараалхан ард түмнийхээ эв нэгдэл, ирээдүйн сайн сайхныг даатган, адис залбирлыг хүртээд ирлээ. Явсны бас нэг зорилго нь Гармаба хийдээ барих гэж байгаа талаар Дээрхийн гэгээнд танилцуулахад Далай багш Монголчууд сүм хийдийг маш хурдан барьдаг. Барьсныхаа дараа надад ирж хэлдэг. Харин тань шиг барихаасаа өмнө ирж байсан хүн байгаагүй. Энэ бол их зүйтэй юм гэж байсан. Манай Гармаба шашны тэргүүн XҮII Гармаба гэж гайхамшигтай хүнтэй уулзлаа. Анх Хятадын нутагт байж байгаад зугтаж Далай багшийн дэргэд ирж суусан юм билээ. Гармаба ёс баруун Европ болон Америкт маш их дэлгэрсэн. Тэр ч утгаараа Гармаба багшийг Америк, Европт их хүндэлж биширдэг юм байна. Тэр хүн биднийг их сайхан хүлээж авсан. Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөж, аврал номондоо багтааж байх болно. Мөн орон хийд тань хурдан босох юм байна гэсэн. Уулзалтын дараа зургаа авахуулж, дараа нь бидэнд гарын бэлгээ явуулсан байсан. Надад гуулин бурхныг өөрийнхөө эрхитэй өгсөн. Түүх сайн мэддэг, монголчуудыг их хүндэлдэг хүн байна лээ.

-Таныг очих үеэр хурал ном хурж байв уу?
-Бид Нобелийн шагнал гардуулдаг өдөр очиж таарсан. Далай багшид баяр хүргэхээр олон хүн ирсэн байсан бөгөөд өргөл барьц барьж мандал өргөн баясч байлаа. Ийм явдалтай таарсандаа бэлгэшээн баярлаж л явлаа. Үүний хажуугаар Далай багш солонгосчуудад дээдийн ном айлдаж байсан. Энэ үеэрээ зөвхөн солонгосчуудад биш бусад улс оронд ч хамаатай зүйл их ярьсан. Монголчуудын тухай ч олонтаа дурдаж байсныг хэлэх хэрэгтэй байх.

-Далай лам монголчуудад зориулж айлдвар сургаал хэлэв үү?
-Монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн. Ороо бусгаа энэ цагт эв эеэ хичээж яваарай. Монголын ард түмэнтэй дахин уулзах чин хүсэлтэй байгаа. Энэ хүсэл маань бүтнэ гэж залбирал тавьж байгаа. Тийм болохоор удахгүй бид уулзана гэж хэлж байсан. Хамгийн гол нь сэтгэлээ амгалан байлгаж, хоорондоо өсөлж тэмцэхээ багасгаарай. Эв найрамдалтай байгаарай гэж олон дахин захиж байсан даа.

-Тас бас IX Богдтой уулзсан гэв үү?
-Тэгсэн. Энэ хүн монголчуудыг маш сайхан хүлээж авдаг. Гайхалтай нигүүлсэнгүй сэтгэлтэй хүн. Ядуу зүдүү хүмүүст эд болон сэтгэлийн өглөг түгээдэг. Монголд удаа дараа ирж байсан ч манайхан албан ёсоор залж авчираагүй. Миний бодлоор сүсэгтэн олныхоо шугамаар IX Богдыг нутагтаа залах юм бол монголчууд гал усны гашуун зовлон үзэхгүй тайван амгалан аж төрөх ёстой юм.

-Гармаба багшийнхаа тухай та түрүүн ярьсан. Энэ хүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч…
-Яагаад би Гармаба багшийг онцгойлж ярьдаг гэхээр монголчуудын анхны залсан багш юм. Мөнх хаан Сэлэнгэ мөрний хөвөөнд байх үедээ Төвдийн Гармаба улааны шашны урсгалын их лам II Гармаба Чойжи багшийг залж авчран шүтсэн түүхтэй. Үүнээс гадна Гармаба бол бурхны шашныг үеийн үед тэргүүлж байсан.

-Ямар ч байсан та явсан зорилгоо биелүүлээд иржээ дээ…?
-Тийм ээ. Далай багшид Монголын нийт ард түмний өвчин зовлонгүй, тусгаар тогтносон байх талаар тусгайлан мөргөж даатгаж ирлээ. Би лам хүн болохоор ард түмнээ гэж даатгаж явлаа. Олон түмнээ ингэж даатгасан нь Далай багшийн санаанд их нийцсэн, таалалтай байсан.

-Ингэхэд Далай ламтай уулзахдаа та юу барьсан бэ?
-Эндээс явахдаа Говь компаниар таван метр урт улаан хүрэн өнгөтэй ноолууран орхимж нэхүүлж авч явсан. Түүнийгээ Далай багшид барьсан. Мөн XҮII Гармабад бас тийм орхимж барьсан. Орхимж бол лам хүний хувьд том өргөл байдаг л даа.

-Нэгэнт бид цагаан сарын өмнөхөн уулзаж байгаа болохоор ёс заншил, бэлгэ дэмбэрэлтэй холбоотой зарим нэг зүйлийн талаар ярилцъя. Битүүн болон шинийг 1-нийг хүмүүс яаж угтвал сайн бэ. Энэ өдрүүдэд юуг цээрлэх ёстой вэ?
-Битүүний шөнө хурал хийдийн газрууд сахиус шүтээндээ нийт ард түмнээ даатгаж хурал хурдаг. Энэ нь өмнө хийсэн алдаагаа засч, олз омогтой, урт настай, буян хишиг дүүрэн байхыг хүсч даатгадаг хурал юм. Битүүний шөнө болон шинийн 1-ний өглөө архи дарс бага хэрэглэх хэрэгтэй. Мөн ам хэл, сэтгэлийн нүгэлийг тэвчиж байх ёстой юм. Манайхан хэлний нүгэл үйлдээд байдаг. Буруу зөрүү юм ярьж байна. Үүнийгээ тэвчиж, сайн зүйл ярьж сайхан юм бодож бай л гэж хэлмээр байна. Бурхан шүтдэггүй ч байсан нүглийг тэвчих хэрэгтэй юм л даа.
Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргаж байх нь зөв. Яагаад гэхээр од эрхэсийн орчил хөдөлгөөнөөс хүн ангид амьдарна гэж байхгүй. Шүтсэн ч эс шүтсэн ч тэр заавал хүнд нөлөөлж байдаг зүйл. Цагаан өнгийг дээдэлж, тавгийн идээгээ цагаан идээгээр засан, ахас өвгөдөө хүндлэх, архи дарс бага хэрэглэх нь зүйтэй юм.

-Хүмүүс Цагаан сарын дараа жилийн заслаа хийлгэдэг. Энэ заслыг хэзээ, яаж хийлгэвэл зүгээр вэ. Засал хийлгэхгүй байж болох уу?
-Жил орно гэж байдаг. 12 жилийн давтамжтай тохиолддог. Бас есөн жилийн давтамжтайгаар мэнгэ голлодог. Энэ хоёр заслыг заавал хийлгэх шаардлагатай. Жил орох эсвэл мэнгэ голлоход тухайн хүний ажил үйлс бүтэмжтэй сайн байдаг ч амь насанд цөвтэй. Энэ жилүүдэд муу юмны тохиол их ирдэг. Ийм учраас засал заавал хийх шаардлагатай.
Ер нь хүмүүс жилийн турш л засал хийлгэдэг юм. Үүнээс гадна хүрд эргүүлэх, зул өргөх, хүнд сайн санах, туслах зэрэг нь бүгд л буян болдог.

-Даллага авахуулсны дараа гурав хоног гэрээсээ гадагш нь юм гаргаж болохгүй, хүн мөнгө төгрөг өгч болохгүй гэдэг. Энэ ямар учиртай вэ?
-Бурхан багшийн ном сургаал айлдварт харамлаж байж эд зүйл хураана, нас уртасгана гэсэн юм байдаггүй. Үүний дагуу л явах хэрэгтэй. Даллага авахуулсан тавгийн идээнээсээ л гурав хоног гадагш гаргаж, хүнд өгч болохгүй. Буян хурах зэрэг өөр учир шалтгаантай даллага байдаг л даа. Эдгээрийг хуруулахад гурав хоног хогоо гаргахгүй, гадагш нь эд өглөг өгөхгүй ёстой. Түүнээс биш Алтангэрэл, Намсрай зэрэг энгийн даллага авахуулахад тавгийн идээнээсээ л гаргахгүй. Бусад зүйлийг өргөн дэлгэр өгч байх хэрэгтэй. Өглөгөөр аливаа юм дээшилдэг. Нас уртасна, эд баялаг арвидана. Ямар ч өглөг багаддаггүй.

-Гармаба хийд барих гэж байгаа талаараа Далай ламд айлтгасан гэсэн. Ингэхэд хийд маань хэзээ баригдах вэ?
-Гуравдугаар сарын дундуур буюу цаг дулаараад ирэхээр хийд босгох ажлаа эрчимтэй эхэлнэ. Одоогоор хийд маань ядарч зүдэрсэн хүүхдүүдэд буяны өглөг өгч байгаа. Мөн ард түмэндээ номын өглөг өгч байна.
Шинээр барих хийд маань орчин үеийн загвар хийцтэй, гурван давхар барилга байх юм. Хүмүүс ирэх дуртай, ороход сэтгэл санаа ариусан тайвширмаар тийм орчинг бүрдүүлнэ. Мөн бурхны хурал ном хурахаас гадна англи, түвд хэлний үнэгүй сургалт явуулах зорилготой байгаа.

(өдрийн сонин 2006-01-25 021)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button