Мексик-1970

Мексикт нааштай хандсан гол шалтгаан нь 1968 онд энэ улсад зуны олимпиад зохиогдож дараачийн томоохон хэмжээний спортын цэнгүүн зохиох инфраструктур бэлэн болчихсон явдал байлаа. Хэдийгээр өндөр газар тоглоход нам дор нутгийнхан болох европчуудад хэцүү байх болно гэж зарим нэг нь дуугарах аядсан ч FIFA иймэрхүү яриаг газар дээр нь нам дарж шийдвэрээ өөрчилсөнгүй.
Сонгон шалгаруулах бүсийн тэмцээнүүд урд болж байсан аргачлалаараа элдэв сенсаац, зөрчилгүй болж өнгөрсөн юм. Ганц л но нь Аргентин шигшээ тоглолтод шалгарч чадалгүй үлдэж байжээ.
1970 оны нэгдүгээр сарын 10-нд Мексикийн Мария Исабель хэмээх ордонд сугалаа явагдаж Англи, Мексик, Румын, Итали, Швед, Бельги, ХБНГУ, Болгар, Чехсловак, Перу, Бразил, Уругвай, Сальвадор, Израиль, Маракко, ЗХУ гэсэн 16 улсыг дөрвөн хэсэгт хуваахаар болжээ. Гэхдээ Англи, Итали, ХБНГУ, ЗХУ гэсэн дөрвөн улсыг Топ-4 хэмээн өргөмжлөн хэсгүүдийг ахлах боломжийг олгож байсан нь одоо үед хэрэглэгддэг багуудыг чансаагаар нь эрэмбэлж, хэсгүүдийн тэнцүү байдлыг хангадаг зарчмын эхлэл байсан гэлтэй. Мөн түүнчлэн Мексик-70 мундиалд нэгэн олзуурхууштай шинэчлэл хийгдсэн нь тоглолт явагдах хугацаанд сэлгээ хийхийг зөвшөөрсөн шинэ санаа юм. Үүнээс өмнө дэлхийн цомын тэмцээнүүдэд аливаа багийн хөлбөмбөгч бэртсэн тохиолдолд баг нь хүн дутуу болчихдог байсан тул хөл, гар нь тасраад уначихаагүй л бол тоглоод байхаас өөр замгүй болдог байсан. Тэгээд ч 60-аад оноос эхлэн хөлбөмбөг хатуухан хэлэхэд харгис тал руугаа хазайж эсрэг багийнхаа аль нэг лидерийнх нь хөлтэй нь тоглодог болчихсон байсан нь нууц биш байлаа. Ганц жишээ дурдахад л агуу Пеле 1962, 1966 оны ДАШТ-үүдэд хэсгийнхээ тоглолтуудад бэртээд л цаашид хүчээ үзэх боломжгүй болж байсан юм.
Ес дэх удаагийн ДАШТ 1970 оны тавдугаар сарын 31-нд ЗХУ, Мексикийн тоглолтоор эхэлсэн. Оросууд зүгээр л санамсаргүй тохиолдлоор хэсэгт толгойлж байгаагүй, үнэхээр хүчтэй байсан гэдэг бөгөөд хэсгээсээ Мексикийн хамт цаашид тоглох эрхээ өвөртлөн гарч байсан гэнэ лээ. Хамгийн гайхалтай нь галзуу довтолгоотой байсан Зөвлөлтийн хөлбөмбөгчид бага шөвөгт таарсан Уругвайн багтай тоглохдоо хамгаалан тоглох тактик сонгосон явдал байв. Хэсгийнхээ гурван тоглолтод ердөө л хоёрхон гоол хийсэн багаас айсан нь их сонин. Уругвайчууд хойшоо суугаад л, оросууд ч хаалганаасаа холдохгүй байсаар үндсэн цаг дуусч, нэмэлт цагт энэ уйтгартай тоглолт Уругвайн багийн оруулсан ганц гоолын ачаар дууссан юм. Тэгээд бас болоогүй энэ гоол нь шүүгчийн бүдүүлэг алдаан дээр дөрөөлж байж оноо болон хувирсан гэдэг. Харин бусад тоглолтууд онц сонирхолтой болсон бөгөөд хагас шигшээд шалгарахын төлөө Итали-Мексик, Бразил-Перу, Англи-ХБНГУ гэсэн хосууд ач тач үзэлцэн ХБНГУ, Бразил, Итали улсууд цаашид тоглох эрхээ халаасалж чадлаа. Ялангуяа Англи, Германы тоглолт ёстой л нөгөө ясаа цайртал үзэлцсэн тулаан болсон бөгөөд Будант Альбионы хөвгүүд 20 харьцаагаар хожиж яваад эцэстээ нэмэлт цагт 23-аар хожигдсон түүхтэй. Хожлын гоолийг Мюллер хэмээх сонин нөхөр 108 дахь минутад хийж байлаа. Герд Мюллерийг ийнхүү нэрлэх болсон шалтгааныг хожим өгүүлье. Тэр жилийн Германы шигшээг финалд үлдэнэ, Бразилын багийг зогсоох чадалтай ганц шигшээ нь хэмээн нэрлэж байсан ч хагас шигшээд Итали гэсэн давааг гэтэлж чадалгүй 34 харьцаагаар хожигдсон. Энэ тоглолтод Италийн од Ривера хоёр ч гоол хийж багийнхаа амжилтын үндэс, тулгуур нь болсон юм.
Латин Америкийн багуудаас бүрдсэн нөгөө талын хагас шигшээд бразилчууд Уругвайн шигшээг 31-ээр буулган авч аваргын төлөө тоглох эрхээ өвөртлөсөн. Хэдийгээр тооны харьцаа бразилчуудыг илт давуу байсныг илэрхийлэх боловч уг тоглолт нь хүч тэнцүү ширүүн өрсөлдөөн дунд явагдсан бөгөөд үнэндээ хал үзэж халуун чулуу долоосон Пелегийн ачаар бразилчууд сүүлчийн мөчид хоёр гоол хийсэн юм. Ер нь хөлбөмбөгийн хаан энэ ДАШТ түүний хувьд сүүлчийн цуурай нь байсныг ухамсарлан хөшигний цаана ч, наана ч жинхэнэ утгаараа лидер нь байж чадсан гэдэг юм билээ.
Шигшээ тоглолт санасныг бодоход сонирхолтой болж чадаагүй. Италичууд зөвхөн нэгдүгээр үед л ойролцоо наадсан бөгөөд Пеле, Жерон, Жаирзиньо, Карлос Альберто нарын гоолын хариуд италичууд нэр төрийн нэг л гоол хийснээр Латин Америкчууд нь 41-ээр хожиж дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртсэн анхны улс боллоо.
Энэ үеэс эхлэн Алтан дагина-Нике цом мөнхөд Бразилынх байхаар болж дараа ДАШТ-ээс эхлэн өөр загварын цомын төлөө үзэлцэхээр шийдвэрлэгдлээ. Хөлбөмбөгөөр өвчилсөн бразилчуудын хувьд энэ үед юу болж байсан гэж санана. Рио де Жанейро хотын сая гаруй хүн баатарлаг хөвгүүдээ тосч онгоцны буудлаас төв талбай хүртэл гар дээрээс гар руу дамжуулан золтой л цааш нь харуулчихсангүй. Олон хүний шахцалдаанд 73 хүн амиа алдаж 2000 хүн бэртсэн ч бразилчууд зугаа цэнгэлээ таслалгүй нэлээд хэдэн хоног үргэлжлүүлсэн гэдэг. Мексик-70 мундиалын шилдгээр арван бөмбөгөөр айлын хаалга мялаасан Германы довтлогч Герд Мюллер тодорсон юм. Түүний ширэн бөмбөг өшиглөх хугацаандаа хүртсэн гуншинг дурдвал барагдахгүй. Томоос нь нэрлэхэд 1974 оны дэлхийн аварга, 1972 оны Европын аварга, 1974, 1975, 1976 оны аваргуудын цомын аварга гээд л зогсоход болно биз дээ. Германы болон Бавари багийн довтлогч Мюллерийг гоол оруулах авьяасыг нь үнэлж хүн-гоол гэж хочилдог байв. Хэдийгээр намхан нуруутай ч сууринаасаа хөдлөх огцом хурд, хүчтэй хөлийнхөө ачаар хэр баргийн хамгаалагчдад дээрэлхүүлдэггүй байсан гэдэг. Гэхдээ түүнийг бусдаас онцгойлох ганц чанар нь бөмбөг хаана унах вэ гэдгийг ойлгодог зургаа дахь мэдрэхүй байлаа. Хаалгачийн ойролцоо шавсан хөлбөмбөгчид дундаас яагаад ч юм бөмбөг яг л Мюллерийн байгаа газар очдог байсан гэдэг. Тийм ч учраас энэ сонин авьяас эзэмшсэн эр Герман болон Бавари багт алба хаах хугацаандаа хамгийн чухал гэсэн алтан гоолуудыг хийж байв. Герман улсын шилдэг дасгалжуулагчдын нэг Удо Латтек нэгэн удаа Ийм гайхалтай мэдрэхүй, мэдрэмж Фонтэн, Зеелер, тэр ч бүү хэл Пелед байхгүй хэмээн дуу алдаж байсан гэдэг.

Мексик-1970-ын арван сонирхолтой баримт

 Шүүгчид анх удаа халаасандаа торгуулийн улаан болон шар хуудастай талбайд гарсан.
 ДАШТ-ий түүхэн дэх хамгийн анхны сануулгыг ЗХУ-ын хөлбөмбөгч Евгений Ловчев, Германы шүүгч Курт Ченшерээс хүртэж шар хуудсаар торгуулж байлаа.
 Харин улаан хуудсыг нэг ч хөлбөмбөгч хүртэж чадаагүй. Энэ нь дэлхийн аваргын түүхэн дэх улаан хуудасгүй өнжсөн цорын ганц ДАШТ юм.
 Дэлхийн аваргын түүхэн дэх анхны сэлгээг мөн л Оросууд хийж байсан бөгөөд энэ нь Мексик, Оросын тоглолтын үеэр болж байжээ.
 Анх удаа Алтан дагина хэн нэгэнд шилжиж явахаа болилоо. FIFA-гийн хуулийн дагуу Бразил гурван удаа дэлхийн аварга болсноор энэ цомыг мөнхөд эзэмшихээр болсон. Харамсалтай нь 1983 онд хулгайд алдаад хайлш болсон хойно нь л олсон гэдэг.
 Марио Загало тоглогч болон дасгалжуулагчийн хувиар хоёуланд нь дэлхийн аварга болсон анхны тамирчнаар тодров.
 Анх удаа дэлхийн аваргууд бүхий л тоглолтдоо ялалт байгууллаа.
 Пеле гурван удаагийн дэлхийн аварга. Ийм амжилтыг өөр хэн ч үзүүлж чадаагүй.
 Телестар-3 гэдэг хиймэл дагуулын ачаар дэлхийн 73 улсын 800 сая хүн ДАШТ-ийг шууд үзсэн нь хөлбөмбөг хэрхэн хөгжиж алдаршиж байгааг илэрхийлсэн үйл явдал боллоо.
 Аддидас фирм анх удаа ДАШТ-ий албан ёсны дистрибьютер болж оролцсон. Энэ үеэс эхлээд бүхий л хөлбөмбөгийн ДАШТ Аддидасын ширэн бөмбөгөөр наадах болжээ.

(өдрийн сонин 2006-01-25 021)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button