ПИТЕР МОРРОУ Зээл олголт бол банкны лангуун дээрх бараа бүтээгдэхүүн

-Монголчуудын хувьд Цагаан сар бол өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөдөг тийм цаг мөч билээ. Тиймээс бид хоёрын ярилцлагаа үүнээс эхлэх нь зөв байх.
-Та их зөв ярилаа. Хэдхэн хоногийн дараа Монголын үндэсний уламжлалт их баяр Цагаан сар болох гэж байна. Бид Крисмасыг өргөн олноороо ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу алдаа, оноогоо дүгнэж цэгнэдэгтэй нэгэн адил Монголчууд ч цагаан сараараа өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ шинждэг ард түмэн юм билээ. Тиймээс Монгол анд нөхөддөө, харилцагч, үйлчүүлэгч та бүхэн хийгээд хамт олондоо сар шинийн мэнд дэвшүүлж буйг минь хүлээн авна уу. Нөгөөтэйгүүр улиран одож буй модон хэмээх тахиа жил манай хамт олны хувьд сайхан жил болж өнгөрснийг энд онцлон тэмдэглэн хэлмээр байна. Амжилт бүхний цаана хамт олны минь хүч хөдөлмөр, сэтгэл зүрх оршиж байдаг болохоор би ийн хэлж буй хэрэг. Хаан банк 2005 онд их сайн ажилласны зэрэгцээ багагүй зүйлийг амжуулсан гэж би хувьдаа дүгнэж сууна.
Татварын дараах ашиг 4.6 тэрбум төгрөгт хүрч улсын төсөвт 2.5 тэр бум төгрөг төлсөн нь бага зүйл биш. Мөн 2005 онд манай банк олон тооны шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсний дотор өндөр хүүтэй хадгаламжийн сертификат, 15 азтан-15 саятан хонжворт хадгаламж, лизингийн зээл, үнэт эдлэл барьцаалсан зээл, амины орон сууц барих зээл, картын зээл гэх мэт шинэ бүтээгдэхүүн нь хэрэглэгчдээ өндөр үнэлэлт авсан. Бас он-лайн сүлжээ улам бүр өргөжиж байгааг дурдах ёстой. Өнөөдөр гэхэд л 404 салбар нэгжтэй ажиллаж байгаагийн 112 нь он-лайн горимд холбогдоод байна. Та эдгээр салбар нэгжийн аль нэгэнд данс нээсэн байхад бусад аль ч салбар нэгжээр орж өөрийн данснаасаа мөнгө авч, дансандаа мөнгө хийх боломжтойгоос гадна манай харилцагч бус байлаа ч хэдхэн хоромын дотор эдгээр нэгжүүдийн сүлжээг ашиглан хэнд ч мөнгө шилжүүлж ихээхэн хэмжээний цаг, зардлаа хэмнэх боломжтой гэсэн үг. Манай энэ сүлжээ Монголдоо хамгийн сүүлийн үеийнх гэдгээрээ бусад банкуудаас ялгаатай гэдгийг ч дашрамд дуулгачихая. Ирэх жилийн тухайд хийхээр төлөвлөж буй олон арван ажил биднийг хүлээж байгаа. Юуны өмнө он-лайн сүлжээгээ цаашид нэмэгдүүлж, шинээр 50 орчим нэгжийг холбох төлөвлөгөөтэй байгаас гадна ойрын цөөн хэдэн жилд манай бүх салбар нэгж он-лайн болно. Тийм боломж ч бидэнд бий. Мөн манай банк энэ 2006 онд өөрийн харилцагчид, хамт олонтойгоо 15 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Үнэндээ ой угтсан өндөр бүтээлийн аян хэдийнэ эхэлсэн л дээ. Өдгөө ч ойн арга хэмжээний хүрээнд олон арван ажлыг зохион байгуулан ажиллаж байна

-Танай хамт олонд баяр хүргэх нь зөв байх. Нөгөөтэйгүүр, ХААН Банкны үйл ажиллагааг олон улсын түвшинд үнэлж хоёр дахь удаагаа ТОП банкаар шалгарууллаа. Мэдээж үүнд хамт олны хичээл зүтгэлээс гадна тус банкийг удирдан чиглүүлж, зөв бодлого баримталж буй таны үүрэг багагүй нөлөөлсөн гэдэгтэй санал нийлэх хүн олон байх буй за. Ер нь таны менежментийн нууцад нэвтэрч болох уу?
-Монголын банкуудын ажлыг үнэлж, байр эзлүүлдэг нэр хүндтэй гурван шагналыг би мэдэх юм. Өмнөх хоёр гурван жилд ХААН Банк тэрхүү нэр хүндтэй шагналуудаас хоёрыг нь тогтмол хүртэж чадсан юм. Би дээр тахиа жил бидэнд өгөөжөө өгсөн талаар дурдсан. Үүнийг дахин өгүүлэхийн учир хэмээвээс 2005 онд манай банк Монгол улсын Засгийн газар, МХАҮТ-ын ТОП-5 банкны !1, Банкерс (Bankers) болон Глобал файненс (Global Finance) сэтгүүлийн Монгол Улсын Шилдэг банк гэсэн нэр хүндтэй гурван шагналыг бүгдийг нь нэг дор хүртсэнд байгаа юм. Энэ бол манай ажлыг үнэлсэн гайхамшигтай үнэлгээ гэж бодож байна.
Гэхдээ ХААН Банкны ажил, үйлчилгээ сайн байгааг ийнхүү үнэлэх нь таатай боловч үүний цаана ихээхэн хариуцлага байгааг бид бүгд ойлгож байна. Эдгээр шагнал хүртэхэд манай хамт олны хичээл зүтгэл, ажил, хөдөлмөр шингэсэн байдаг. Иймд би миний амжилт гэхээсээ манай амжилт гэж ярих дуртай байдаг. Банкны ажил гэдэг бол нэг хүний хийж бүтээдэг зүйл биш, гагцхүү багаар ажиллаж, хамт олноороо сайн ажиллахыг шаардана. Миний менежментийн нууцыг Та асуулаа. Энэ бол баг, хамт олныхоо өмнө тодорхой зорилтыг дэвшүүлэх, түүнийхээ хэрэгжилтийг хангах, явцыг хянаж, үр дүнг тооцож урамшуулах, ил тод, нээлттэй ажиллах явдал гэж хэлэх байна даа.

-Уучлаарай, танай байгууллагын нууцад халдсан ч байж болох юм. ХААН Банкны дүрмийн санг найман тэрбум хүрсэн гэж дуулсан. Энэ үнэн үү. Хэрэв үнэн бол яаж ийм богино хугацаанд ийм амжилтад хүрч чадав аа?
-Дахиад хэлье, ил тод, нээлттэй байх нь манай банкны үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг гэдгийг. Иймд дүрмийн сангийн асуудал зэрэгт нууж хаагаад байх ямар ч зүйл байхгүй. Монголын арилжааны банкуудын дүрмийн сан энэ оны гуравдугаар сарын 31-ний дотор найман тэрбумд хүрсэн байх ёстой. Манай банкийг хувьчилсан 2003 онд бид 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан одоо банкны өөрийн хөрөнгө 17.5 тэрбум төгрөгт хүрээд байна. Дүрмийн сан бол өөрийн хөрөнгийн нэг хэсэг юм. Иймд бид хуримтлагдсан ашгаасаа дүрмийн санг найман тэрбумд хүргэхэд ямарч бэрхшээл гараагүй.

-Монголд маш олон арилжааны банкууд үйл ажиллагаа явуулахын хэрээр харилцагчдад маш олон зүйлийг амлах юм. Тухайлбал, өндөр хүү амлах явдал. Монгол Улсын эдийн засгийн чадавхи тэдний амлаж буй шиг тийм хэмжээнд хүрсэн гэж та бодож байна уу. Танаас асууж байгаагийн учир хэмээвээс Монголын санхүүгийн салбарыг уналтын байдалд дөхөж байсан тэр үеэс мэдэх хүний нэг нь Та шүү дээ?
-Монголын банкны систем 1990-ээд оны үед туйлын хүнд байдалтай байсан. Гэвч 2000 оноос Засгийн газар, Монголбанкны зүгээс банк санхүүгийн системд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлогын үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарахын хэрээр олон шинэ банк үүсгэн байгуулагдаж, банкны систем өндөр хурдацтай өсч эхэлсэн билээ. Өдгөө банкуудын удирдлагын чадавхи сайжирснаас гадна ихээхэн технологийн дэвшил гарч, банкууд олон шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байна. Нөгөөтэйгүүр, зах зээлийн нөхцөлд нэгэнт өрсөлдөөн байх учир банкууд бие биенээсээ ялгарах, харилцагчдыг өөртөө татахын төлөө шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, түүнийгээ сурталчлах нь зүйн хэрэг. Гэхдээ хэт өндөр хүү амлах нь өрөөсгөл, Монгол Улсын өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Өдгөө өндөр эрсдэлтэй, сул банкууд өндөр хүү тогтмол амлаж байгаа нь эрүүл сайн зүйл огтхон ч биш. Ингэснээр банк санхүүгийн нийт системийг эмзэг болгож, эрүүлжүүлэхийн төлөө хийсэн олон жилийн ажил хөдөлмөрийг үгүйсгэх магадлал буйг хэлэх ёстой. Үүний цаана харилцагчдын эрх ашгийг хөсөрдүүлэх аюул байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Энд энэ тэр банк гэж нэрлэхийг урьдал болгомооргүй байна л даа. Иргэд, байгууллагууд өөрсдөө ялгаж салгах чадвартай болох нь юу юунаас чухал.

-Хөгжиж буй орны байдлаас үзэхэд, олон жижиг банкууд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж нэг том арилжааны банк болдог юм билээ. Өдгөө манайд ч ийм зүйл эхэлж байх шиг байна. Энэ нь санхүүгийн салбарын хувьд жам ёсны зүйл үү. Олон улсын жишигт ямар байдаг бол?
-Бусад оронд том жижиг янз бүрийн банкууд байдаг. Банк заавал асар том байх шаардлагагүй. Хамгийн гол нь эрүүл, эрсдэл багатай, харилцагчдаа тосож сайн үйлчилдэг, итгэл, найдвартай байх л хэрэгтэй.
Нөгөө талаас глобалчлал эрчимтэй явж байна. Олон улсын зэх зээлүүд улам бүр нээлттэй, өөр хоорондоо уялдаа холбоотой, өрсөлдөөнтэй болж, гадаадын банкууд өөр хоорондоо нийлж, улам бүр томорч байгаа. Энэ бол өнөөгийн амьдралын жишиг болсон учир энэ урсгалаас Монгол Улс хоцорч болохгүй. Өнөөг хүртэл банкууд нийлсэн түүх Монгол Улсад байхгүй боловч банкууд өөр хоорондоо нийлэх, томрох үйл явц цаашид гарах нь гарцаагүй. Шуудхан хэлэхэд, арилжааны 17 банк байгаа нь арай олон байна. Иймд тэд хоорондоо нийлж, харилцагчдадаа үзүүлэх үйлчилгээг улам сайжруулах л чухал.

-Бас нэг зүйлийн талаар асуухад, Солонгост ажиллаж буй манай иргэдийн цалинг өндөр хүүтэй хадгалж өгнө гэж хуурсан явдал гарсан. Үүний цаана Солонгосын банкуудтай холбоотой байж мэдэх асуудал хөндөгдөөд байгаа. Ер нь хувь хүн улсын банкны нэрийн өмнөөс зуучлах явдал өөр улс оронд байдаг юм уу. Тэдгээр хохирсон иргэд одоо яавал дээр бол?
-Аливаа улс оронд банкны үйл ажиллагаа явуулахад зохих ёсны зөвшөөрөл лицензийг авч байж, тухайн орны хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. БНСУ-д Монголын хэд хэдэн банк хууль бусаар банкны үйл ажиллагаа явуулж байсныг би хэвлэл мэдээллээс олж мэдсэн. Манай банкны хувьд аливаа үйл ажиллагаа явуулахдаа хэзээ ч өндөр ашгийн хойноос хөөцөлдөж, хуулийн хувьд эрсдэлтэй зүйлд орооцолдож, хэдэн зуун мянган харилцагчдынхаа мөнгийг эрсдэлд оруулахгүй гэдгийг баттай хэлье. Энд зөвхөн БНСУ ч бус, АНУ, Япон зэрэг орнуудад ажиллаж амьдарч буй монголчуудын эх орондоо илгээх мөнгөн дээр зарим нэг банк, бусад аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс ажиллаж богино хугацааны өндөр ашиг олж байгаа нь ч өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Тэдэнд итгэж буй монгол иргэд эрсдэлтэй алхам хийж буйгаа ойлгох хэрэгтэй.
Иймээс Солонгосын аккредитивын асуудлыг ярих цаг болсон. Ярьж ч байгаа. Үнэндээ энэ талын мэдээлэл ихэд бүрхэг, учир битүүлэг яваад байна л даа. Монголын гурван банк нийт 70 сая орчим ам.долларын зүй бус аккредитив нээсэн, түүнийхээ төлбөрийг хийгээгүй, дотоодын харилцагч, тэр мөнгийг авч ашигласан компаниудаас төлбөрөө барагдуулж чадахгүй байдалд ороод байгаа нь үнэн. Үүний үр дүнд энэ гурван банк төлбөрийн чадваргүй болж, ерөнхийдөө дампуурчихсан байна гэж хэлж болно. Энэ талын мэдээллийг өнөөг хүртэл ил тод болгохгүй байгаа нь хэрхэвч эрүүл зүйл биш. Үүний цаана зүй бус, эсвэл хууль бус үйл ажиллагаа байж болзошгүй гэсэн таамаглал оршиж, түүнийг хэн ч гаргаж ирэхгүй, ард иргэдээс нуугаад байна уу даа гэсэн бодол төрөөд байна. Ингэснээр нийт банк санхүүгийн системийн ил тод, шударга байдал алдагдаж, улмаар нэр хүндэд ихээхэн хохирол учирч болзошгүй юм.

-Сүүлийн үед хадгаламж зээлийн хоршоо гарч ирснээр иргэд банкнаас хадгаламжаа эргүүлэн татах болсон. Манайхаас өөр оронд ийм байгууллага байдаг юм уу?
-Хадгаламж зээлийн хоршоо гэдэг нь бусад оронд түгээмэл, маш сайн ажилладаг байгууллагууд байдаг нь үнэн. Гэхдээ тэдний үйл ажиллагааг тогтмол хянаж, эрсдэлийг нь үнэлж, зохицуулж байдаг төрийн тогтолцоо байдаг юм. Монголынх шиг дураараа, хүмүүсийн мөнгийг хадгална гэж авчихаад хараа хяналтгүй байлгаж, дараа нь ор сураггүй алга болчихдог байгууллагыг өөр оронд ажиллуулахгүй л дээ. Хадгаламж зээлийн хоршоод дотор сайн удирдлагатай үр ашигтай ажиллаж байгаа байгууллага байна. Тэдгээрийг ерөнхийд нь авч үзвэл эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоо туйлын хангалтгүй юм билээ. Арилжааны банкуудыг Монголбанк хянаж ажилладаг байхад хадгаламж зээлийн хоршоод дор дороо ажлаа явуулж байх жишээтэй. Тэдний ихэнх нь маш өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Хэт өндөр, бодит биш өндөр хадгаламжийн хүү амлаж хүмүүсийн толгойг эргүүлж, иргэдийн хадгаламжийг өөртөө татаж байна. Энэ нь хүмүүсийн мөнгийг авчихаад өөрсдийн бизнесийг санхүүжүүлэх, түүндээ ямар ч эрсдэлийг нь дүгнэлгүйгээр дур зоргоороо хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Иймд иргэд, байгууллагууд хадгаламж зээлийн хоршоотой харьцахдаа, ялангуяа мөнгөө хадгалуулахдаа хүрвэл туйлын болгоомжтой байхыг банк санхүүгийн мэргэжлийн хүний хувьд сануулахгүй өнгөрч чадмааргүй байна даа.

-Ер нь та Монголын санхүүгийн байгууллагуудын ирээдүйг юу гэж бодож байна вэ. Хэзээ бүрэн эрүүлжих бол. Энэ цаг хугацааны асуудал уу?
-Монголын банкны систем их залуу учраас зарим талаараа эрсдэлийг үнэлэх дадлага туршлага хангалтгүй л байна. Нөгөөтэйгүүр, Монголын банкуудын өндөр хурдацтай өсч байгаа зээлийн багцын цаана ихээхэн хүндрэл бэрхшээл ажиглагддаг. Тухайлбал, нийт системийн зээлийн багцын 10 хувь хугацаа хэтэрсэн, эрсэдсэн байх жишээтэй. Нөхцөл байдал цаашид ийм маягаар үргэлжилбэл банк санхүүгийн систем хөгжихийн хэрээр зарим банк дампуурч, үгүй болох нь жам ёсны хэрэг. Үүнээс улбаалж чадвартай банкууд энэхүү шалгуурыг давж гарах эсэх нь одоо ч тодорхой бус байна.
Санхүүгийн байгууллагууд цаг хугацаа явахын хэрээр өөрсдөө эрүүлжинэ гэж бодвол эндүүрэл болно. Эрүүлжинэ гэдгийн цаана асар олон зүйл байна. Өмчлөл, чухам ямар бодолтой, ямар хувь хүн, байгууллагууд тухайн банкны эзэн бэ гэдгээс эхлүүлээд тухайн банкны чадварлаг, зохистой удирдлага, хамт олон, тэдгээрийн соёл, ёс зүйг бүрэлдүүлэн тогтоох зэрэг олон асуудал Монголын банкуудын өмнө бий. Нөгөө талаас төрийн бодлого зөв зүйтэй, тогтвортой байх ёстой. Бодлого, зохицуулалт байхгүй бол санхүүгийн систем өөрөө эрүүлжих боломжгүй. Банк санхүү гэдэг чинь ердийн үйлдвэрлэл, худалдаа биш шүү дээ. Өвөрмөц ертөнц. Түүнийг ойлгодог, мэддэг хүмүүс тууштай зохицуулах бодлого хэрэгжүүлж, сайныг нь дэмжиж, мууг татан буулгаж байх ёстой. Төрийн энэ ажил нэг хоёр жилийн дотор үр дүнгээ өгчихгүй, урт хугацааны асуудал байдаг. Тиймээс эхний ээлжинд эрүүл бус, өндөр эрсдэлтэй ажиллаж байгаа банкуудтай хариуцлага тооцох шаардлагатай. Мэдээж 1990-ээд оных шиг хариуцлагагүй банкууд өдгөө алга болсон л доо. Тухайн үед бүх юм шинэ тутам байсан учир алдах явдал бишгүй л гарч байсан биз. Гэхдээ одоо их юм сурсан байх учиртайсан. Өмнөх гашуун туршлагаас сургамж авч дахиж алдахгүйн төлөө ажиллавал болохгүй зүйл алга байна даа.

-Шуудхан хэлэхэд, энэ бүхний цаана банкны харилцагчдын эрх ашиг гэх зүйл алдагдаад байна. Тиймээс банкийг сонгох тухайд та ямар зөвлөгөө өгмөөр байна?
-Тиймээ. Банкууд итгэл дээр оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулдаг учир харилцагчдын эрх ашиг хамгийн их анхаарч байвал зохих зүйлийн нэг мөн. Харилцагчдаа боддоггүй, тэдний эрх ашгийг умартсан банк санхүүгийн байгууллагууд ирээдүйгүй шүү дээ. Иймэрхүү банк санхүүгийн байгууллагууд одоо байсаар байгаа нь дэндүү эмгэнэлтэй явдал.
Ийм учир иргэд, байгууллагууд харилцах банкаа сонгохдоо их хашир, урьд өмнө гарч байсан хүндрэл бэрхшээлийг мартахгүй хандах нь зүйтэй. Өндөр хүү амлаж буй банкинд мөнгөө хадгалуулах сонирхол хэн бүхэнд байдаг. Гэхдээ аль нь хоосон амлалт өгч, өндөр эрсдэлтэй байгааг анхаарч байхгүй бол нэг нартай өдөр өндөр хүү авахын оронд хадгалуулсан бүх мөнгөө алдчих аюул байгааг мартаж болохгүй.
Ердийн нэгэн хүн аль нэг банк эрсдэлтэй байгаа эсэхийг дүгнэх тийм ч амар биш л дээ. Гэхдээ зээлээ зогсоочихсон, одоохондоо зээл олгохгүй байна гэж байгаа банк санхүүгийн байгууллага эрсдэлтэй болж дээ гэсэн хялбархан дүгнэлт хийчихэж болно гэж хэлэхээр байна. Аливаа банк зээлээ байнга олгож, түүнийхээ эрсдэлийг зөв тооцож байх учиртай. Энэ утгаараа дэлгүүртэй адилхан ч гэж хэлж болно. Жишээ авъя л даа. Таны дэлгүүрт ороход лангуу нь бараагүй хоосон шахам байвал уг дэлгүүр ихээхэн хүндэрчээ гэж дүгнээд, дахин тэр дэлгүүрээр орохоо больдог биз дээ. Банкууд ч зарим талаар үүнтэй ижилхэн. Зээл олгоно гэдэг бол банкны лангуун дээр зарах гээд тавьчихсан байгаа бараа гэж үзэж болно. Хэрэв тухайн банкны лангуу хоосон байвал ийм банкнаас холхон явах нь дээр л дээ. Нөгөө талаар банкуудын талаарх мэдээллийг ил тод болгох нь чухал. Тухайлбал, Солонгосын зүй бус аккредитив нээсэн банкууд өнөөг хүртэл энэ талын мэдээллийг харилцагчдадаа өгөхгүй, жилийн санхүүгийн тайландаа огт тусгахгүй явсаар л байна. Энэ талын мэдээллийг хүмүүс бие биенээсээ эсвэл сонин хэвлэлээс л олж авдаг. Үнэн хэрэгтээ бол ард иргэд ил тод мэдээллийг банкууд өөрсдөөс нь авч байх ёстой юм. Ядахдаа улирал тутам нийтэлж байх ёстой банкуудын санхүүгийн тайланг зэрэгцүүлэн үзэж, сонголтоо хийх нь зүйтэй болов уу. Мөн тухайн банк олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар шалгагдсан эсэхийг ч харах хэрэгтэй.

-ХААН Банк 15 нас хүрчээ. Ойн арга хэмжээний хүрээнд олон арван зүйлийг санаачлан хийх байх л даа. Харин харилцагч, хадгаламж эзэмшигчид хийгээд зөвхөн танайхаар үйлчлүүдэг хөдөөгийн хэрэглэгчдээ зориулж юу хийхээр төлөвлөж байна. Нэмж асуухад танай хамт олны зүгээс орон нутаг руу чиглэсэн бодлого ирэх онд ямар байх вэ?
-Ойн арга хэмжээний хүрээнд олон зүйл санаачилж байгаа, төлөвлөгөөгөө ерөнхийд нь гаргасан. Чухамдаа ой тэмдэглэнэ гэдэг бол социализмын үеийн сэтгэлгээгээр утга учиргүй баахан ажил хийнэ гэсэн үг биш. Бидний хувьд харилцагчид болон өөрийн ажилтнууддаа чиглэсэн алхмуудыг хийхээр төлөвлөсөн. Харилцагчиддаа зориулж хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүллээ. Тухайлбал, хадгаламжийн сертификат. Хэрэв танд 10, 20, 50, 100 сая төгрөг байж байвал та түүгээрээ 180, 360 хоногийн хадгаламжийн сертификат худалдан авч, өндөр хүү хүртэх сайхан боломжтой юм. Ийм их мөнгө байхгүй байвал 1 сая төгрөгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгэж, улирал болгон азтай хадгаламж эзэмшигчээр шалгарч нэг сая төгрөг хожих сайхан боломж таныг хүлээж байгаа. Манай өргөн сүлжээг ашиглаж мөнгөө хадгалуулан хэрэгцээтэй үедээ онлайн нэгжээс хаанаас ч авч болдог хугацаагүй хадгаламжийн хүү өсч, жилийн арван хувьтай болсон. Эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ манай банкны хот, хөдөөгийн нийт харилцагчдад ялгаагүй нээлттэй. Харин хөдөө орон нутгийнхны хувьд, ялангуяа алслагдсан сумдад амьдарч, ажиллаж байгаа хүмүүст хэлэхэд бид энэ 2006 онд эдгээр сумдын 50 орчим салбар нэгжийг он-лайн сүлжээнд холбоно. Ингэснээр тэдгээр сумдаас мөнгө шилжүүлэх, мөнгөө хүлээн авах үйлчилгээг туйлын хурдан, хэдхэн хормын дотор хийдэг болно. Манай банкны зээлийн хүү жил ирэх тутам бууж байгаа, энэ онд ч манай хөдөө орон нутгийн харилцагчдын авах зээлийн хүүг цаашид бууруулна гэж хэлмээр байна.

-Орон даяар татварын хэлэлцүүлэг явагдаж буйг та сонссон байх. Та бизнес эрхлэгч хүний хувьд ямар санал хүргүүлэх гэж байна. АНУ-д татварын талаар баримталж буй бодлого нь ямар байдаг юм бол?
-Татварын шинэчлэл хийх цаг хугацаа болсон. Ийм ч учраас одоо УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Үүнд хэд хэдэн зүйл анхаарах нь зүйтэй гэж би боддог юм. Татварын хувь хэмжээ ерөнхийдөө хэт өндөр байгаагаас гадна жижиг бизнес эрхлэгчид ажилтнуудынхаа цалингийн 19 хувьтай тэнцэх нийгмийн даатгалын шимтгэл төлж дээр нь НӨАТ-ын 15 хувь суутгаж, дараа нь байгууллагын орлогын татвар төлж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд маш их дарамт учруулж байна, тэгээд ч компаниуд татвараас зайлсхийх оролдлого хийх нь түгээмэл байна. Татварын хувь хэмжээг бууруулснаар татвар төлөхөөс зайлсхийх хандлагыг огцом бууруулж, татвар төлөгчдийн хүрээг нэмэгдүүлнэ, улмаар татварын нийт орлого өсөх ёстой. Хоёрдугаарт, 100 сая төгрөгөөс дээш орлого олдог аж ахуйн нэгжүүд 15 биш 30 хувийн татвар төлөх хоёр шатлалтай татварын тогтолцоо нь олон компанийг татварын өндөр шатлалд орохгүй байхын тулд хэд хэдэн жижиг компани байгуулж татвараас зайлсхийх зам руу хөтөлж буй хэрэг. Ингэснээр эдгээр томоохон компаниудын санхүүгийн үзүүлэлт нь ил тод байдлаа алдаж, өсөлт хөгжилд нь шаардлагатай хямд эх үүсвэр татах чадваргүй болж, цаашид хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй оролцох боломжгүй болгож байна. Гуравдугаарт, өнөөгийн байгууллагын орлогын татварын хуулиар бизнесийн хэвийн зардлуудыг татвар ногдох орлогоос хасаж тооцохыг хориглодог. Тухайлбал, ажиллагсдын сургалт, байгууллагын зар сурталчилгаа зэрэг төр засгаас дэмжиж байвал зохилтой зардлуудад хязгаарлалт тогтоосон байдаг. Түүнээс гадна хэвлэлийн захиалга, даатгалын хураамж, ажиллагсдад олгох нөхөн олговор, томилолтын зардал зэрэг ердийн, байх ёстой зардлыг татвар ногдох орлогоос хасч болдоггүй. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Дөрөвдүгээрт, татварын хууль тодорхой бус. Ойлгомжгүй, нарийн заалт байхгүй, тайлбарлах шаардлагатай олон асуудал байдаг. Хуулийн цоорхой гэх үү дээ. Ингэснээр татварын байцаагч, татвар төлөгчдийн хооронд санал зөрөлдөх, татвар төлөх эсэх дээр ялгавартай хандаж болох орон зай гараад байдаг. Шинэ найруулгыг батлахдаа маш тодорхой, ойлгомжтой үг хэллэгтэй болгоход анхаарах хэрэгтэй гэж боддог. Ингэвэл хүн болгон татвар хэрхэн ногдуулах, төлөх журам дүрмийг нэг мөр ойлгож, элдэв маргаан, дураараа авирлах боломж байхгүй болно.

-Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар аж ахуйн нэгжүүд хоёр баланс зэрэгцүүлж байна гэх мэдэгдлийг удаа дараа хийсэн. Энэ ямар учиртай зүйл вэ. Шуудхан хэлэхэд, хуулийн цоорхой байна гэсэн үг үү?
-Энэ асуудал саяхан ярьсан татварын тогтолцоо, түүний шинэчлэлтэй шууд холбоотой. Аж ахуйн нэгж, компаниуд хоёр баланс гаргаж, нэгийг нь татварын байгууллагад өгнө, нөгөө нь өөрийн удирдлагын шийдвэр гаргах, банкнаас зээл авах, гадны компаниудтай харьцахад хэрэгтэй байдаг болоод байна. Үүний цаана компаниуд их бага хэмжээгээр орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийж байгаа нь тодорхой. Улсын бүртгэлд орсон, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд ийнхүү хоёр, гурван тайлан гаргаж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсэг далд эдийн засагт орж байгаагийн илрэл. Олон улсын жишгээс харахад үүнтэй захиргааны хатуу арга хэмжээ авч тэмцэхээс илүү татварын хууль тогтоомжоо шинэчилэх замаар тэмцэх нь хавьгүй үр дүнтэй байдаг. Тухайлбал, ОХУ, Зүүн Европын олон орон нэг шатлалтай, бага хувь хэмжээтэй татварын тогтолцоонд шилжээд байна. Тухайлбал, ОХУ-ын татварын хувь хэмжээ 13 хувь болсон. Ингэсэн тохиолдолд далд эдийн засагт үйл ажиллагаагаа явуулж, торгууль, захиргааны бусад арга хэмжээ ногдуулчих вий гэж айж эмээж байхын оронд боломжийн татвараа төлчихөөд ил тод ажиллаж байх нь хавьгүй дээр болно. Үүнийг татварын шинэчлэл хэлэлцэж байхдаа УИХ-ын эрхэм гишүүд бас анхааралдаа авна байх гэж найдаж суугаа.

-ХААН Банк Монгол Улсын эдийн засагт ямар хувь нэмэр болдог вэ?
-ХААН Банк ямар хувь нэмэр болдог вэ гэсэн асуултын хариуг манай банкны салбар нэгжийн сүлжээ ямар вэ гэдгээс эхлэх нь зүйтэй байх. Манайх улсын өнцөг булан бүрт хүрч ажилладаг, аймаг, сум, дүүрэг, томоохон суурин газар бүрт ажиллаж байгаа 404 салбар нэгжтэй, Монгол лусын банкны нийт системийн 34 хувь буюу 2200 гаруй ажиллагсадтай. Эдгээрийн аль нь ч зүгээр төлбөр тооцоо хийх, хүмүүсийн мөнгийг гуйвуулчихаад суугаад байдаггүй. Манай салбар нэгж бүр банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Зээл олгох, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс тавих, мөнгөн шилжүүлэг хийх, хадгаламж, харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гээд төрөл бүрийн банкны үйлчилгээг хамгийн алслагдсан, тэр ч байтугай эрчим хүчний хангамжгүй газарт ч бид хүрч үйлчилдэг. Зээлийн тухайд гэвэл ХААН Банк 2005 онд нийт 587 мянга гаруй зээлдэгчдэд 276 тэрбум төгрөгийн зээл олгосон буюу сард дунджаар 48 мянга гаруй зээлийг тогтмол олгож, хот хөдөөгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, цалин тэтгэвэр авагчдын түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулахад тусалж байна. ХААН банк 2005 онд Монгол Улсын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур банк, Төрийн өмчийн Хорооноос хувьчлагдсаны дараа үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгааг үнэлсэн өргөмжлөл, шагналыг гардаж авсан нь 2001 оноос хойш жил бүр өсөн нэмэгдсээр, аж ахуйн нэгжийн орлогын татварт нийтдээ 9,3 тэрбум төгрөг төлж, Монгол Улсын алслагдсан өнцөг булан бүрт санхүүгийн үйлчилгээ хүргэх салбар нэгжүүдээ нэмж, ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засаг, үүний дотор банкны салбарыг тогтворжуулахад оруулсан хувь нэмрийг тодорхой хэмжээгээр үнэлсэн байх гэж бодож байна.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг үл ялиг өөрчилье. Учир нь таныг мэдэхгүй хүн гэж байхгүй. Тиймээс хувь хүн талаасаа Питер Морроу гэх ноёнтон юу сонирхдог, мөрөөдөл нь юу юм бол гээд л захаас аван сонирхох нь лавтай?
-Банкнаас гадуур би урлаг, аялал, олон нийтэд ухуулан таниулах ажилд ихээхэн цаг заваа зарцуулдаг. Би Монголын Урлагийн зөвлөлийн ажил идэвхтэй оролцохоос гадна Монголын урлагийг ихээхэн сонирхдог. Чөлөөт цагаа уран бүтээлчдийн урлан, эртний эдлэлийн дэлгүүрүүдэд өнгөрөөх дуртай. Надад уран зураг, Монголын эртний тавилга, эд зүйлсийн хувийн цуглуулга байгаа. Түүнээс гадна уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт, бусад арга хэмжээнд тогтмол оролцдог. Мөн түнчлэн би хувийн сонирхол болон ажлын томилолтоор ихээхэн аялдаг. Үндсэн ажлынхаа шугамаар жилд хэд хэдэн удаа Монгол улсын хөдөө орон нутагт албан томилолтоор явдаг. Монголын сайхан байгаль, хүмүүст би элэгтэй. Энэтхэг, Тайланд, Камбож, Төвд, Хятад, Хойд Солонгос зэрэг сонирхол татахуйц Азийн олон улс орноор явж үзсэн.

-Та банк санхүүгийн ажлын хажуугаар хэд хэдэн төрийн бус байгууллагад давхар ажилладаг гэж сонссон. Танд хүсэлт тавьдаг уу эс бөгөөс та өөрийнхөө үзэл бодлоороо очоод нэгддэг үү?
-Би ХААН Банкнаас өөр байгууллагад алба хашдаггүй. ХААН Банкинд хийж бүтээх зүйл надад маш их бий. Гэхдээ би хувь хүнийхээ хувьд хэд хэдэн төрийн бус байгууллагад сонгуульт үүрэг хүлээдэг. Эдгээр ажлууд бүгд цалин мөнгөгүй, зөвхөн миний сонирхол, Монголын ирээдүйн төлөө хийж байгаа миний хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Монголчуудын хэлдгээр би нийгмийн идэвхтэй хүн гэж өөрийгөө нэрлэх үү дээ.

-ХААН Банкны аль ч салбараар орсон Монгол зураачдын бүтээлээр чимэглэсэн байх юм. Та зурах авъяасаа нуудаг юм биш биз?
-Миний цаг заваа зориулдаг зүйлийн нэг нь урлагийг дэмжих явдал. Тийм ч учраас ХААН Банк Монголын зураачдын бүтээлийг худалдан авч өөрийн цуглуулгатай болоод байгаа. Д.Жанцанноровын тэргүүлдэг Монголын урлагийн зөвлөлд миний бие дэд ерөнхийлөгчийн сонгуультай. Урлагийн зөвлөл нь Монголын орчин үеийн зураач, уран бүтээлчдийг дэмжих зорилготой байгууллага юм. Харин би өөрөө зурах авъяасгүй л дээ. Чадвартай, авъяас билэгтэй хүмүүсийн бүтээлийг бишрэн шүтэж явдаг нэгэн гэх үү дээ.

-Та их олон монгол найз нартай болсон байх. Хөдөөний айлд ороход өөртэй чинь хамт зургаа авахуулсан гээд л ярьцгаах юм билээ. Зарим нь бүр алиа Питер гэцгээж байсан?
-Би сайхан Монгол оронд ирээд зургаа дахь жилдээ амьдарч ажиллаж байна. Энэ хугацаанд маш олон сайн найзтай болсон. Зөвхөн Улаанбаатарт ч биш хөдөө орон нутагт надад олон Монгол найз бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Булган сумын Поль, Дундговь аймгийн Пүрэвсүрэн гэх мэт. Харамсалтай нь тэд нартайгаа тэр бүр уулзаж учирч чаддаггүй.
Миний ажлын онцлогоос шалтгаалан би уудам Монгол Улсын өнцөг булан бүрт очиж ажилладаг. Томилолтоор явж ажиллаж байх үед хуучин найз нөхөд дээр шинэ сайн найз нартай болсоор өнөөг хүрлээ. Улаанбаатарт гэхэд л улс төр, бизнес, урлагийн гээд олон хүнтэй уулзаж ярилцдаг, найз нөхөд олон. Тэр энэ гэж тусгайлан нэрлээд байхын илүүц биз дээ. Нэрийг нь дурдахгүй орхичихвол зарим нь гомдох байлгүй. Миний энд байгаа найз нөхдийн ихэнх нь монголчууд. Би төрөлхийн хошин шогийн мэдрэмжтэй гэж хэлчихвэл хүмүүс буруу ойлгохгүй байх гэж найдаж байна. Иймд ажлын бус, чөлөөт цагаараа хошигнож, найз нөхөдтэйгээ ярилцаж, инээж суух дуртай. Миний дотно найзууд үүнийг андахгүй байхаа. Тэгээд зарим нөхөд маань алиа гэж нэрлэсэн байх л даа. Уг нь ингэж нэрлэж байхыг би урьд өмнө сонсоогүй л юм байна.

-Та бурхан шүтдэг үү. Өвөрхангайн Богд сумын малчин Д.Хэнмэдэх гэдэг малчин ийн асуулгасан юм шүү. Тэрбээр танай банкнаас авсан зээлээрээ амьдралаа хөл дээр нь баттай босгосон тухай хөөр баяртайгаар ярьж байсан?
-Би бага насандаа АНУ-д Христосын шашны уламжлалд хүмүүжсэн хүн. Буддын шашинг би их хүндэтгэдэг, Буддын шашны уламжлалтай Монгол Улсад аж төрөхөд надад ямарч хүндрэл байхгүй байна. Харин хувьдаа би нэг их шашин шүтээд байдаггүй.

-Ирсэн гийчин буцдаг нь жам. Таныг буцчих бий гэхээс айж буй олон хүн байдаг юм билээ. Тэдний сэтгэлийг амрааж юу хэлэхсэн бол?
-Сүүлийн зургаан жил монголд ажиллаж амьдарч байгаа минь онцгой таатай хэрэг байлаа. Дахиад олон жил энд байна гэж итгэж байна. Монгол оронд өсч дэвжих ирээдүй бий. Энэ сайхан орны хөгжлийн үйл хэрэгт гар бие оролцож байгаадаа туйлын таатай байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

(өдрийн сонин 2006-01-25 021)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button