МУ-ын Ерөнхийдөгч Н.Энхбаяр Цагаан сарыг тохиолдуулан Бурханы шашин сүм хийдийн тэргүүн болон лам хуврагийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзахдаа хэлсэн үг

Монгол үндэстний бэлгэдэл хүндэтгэлт их баяр – Цагаан сар бол төр, шашин, иргэний гурвалсан ёсон сүлжилдэн сүлэлдсэн түгээмэл баясгалант, гүн утгат, эртнээс уламжлалт эрхэм сайхан ёслол билээ.
Төр шашины харилцан хүндэтгэл хамгийн тод илэрдэг энэ баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний уламжлалт Бурханы шашны сүм хийдийн тэргүүн болон лам хуврагуудын төлөөллийг Төрийн ордондоо хүлээн авч, улирах жилийн үр өгөөж, ургах жилийн өнгө төрхийг хэлэлцдэг уламжлалт ёсон тогтсон.
Тогтсон ёсыг баримталж Төрийн тэргүүн би идэрийн барилдлагат энэ сайн өдрийг сонгон та бүхнийг урин залж уулзаж байна. Энэ уулзалтаараа амар мэндийн айлтгал соёрхлыг та бүхэндээ дэвшүүлэхийн сацуу ажил төрлийн зарим санал бодлоо сонсгоё гэж бодсон юм.
Учир нь улиран одож буй тахиа жилд болсон бүх нийтийн өргөн оролцоо бүхий чөлөөт ардчилсан сонгуулиар ард түмнийхээ дэмжлэгийг хүлээж Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш би та бүхэнтэйгээ ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа уулзаж байна. Чөлөө учрал бүрдсэн энэ завшааныг ашиглан төр, шашины харилцаа, түүнчлэн Бурханы шашины талаархи бодлого, зорилтын тухай зарим бодол саналаасаа хуваалцъя.
Юуны өмнө би Төрийн тэргүүний хувьд Үндсэн хуулиа дээдлэн сахиж мөрдөхдөө төр нь шашнаа хүндэтгэнэ гэсэн зарчимд тууштай байхаа илэрхийлж байна. Бодлогын энэ зарчим манай улсад хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бүх шашинд нэгэн адил хамааралтай боловч монголын төр ёс, түүх, соёлын уламжлалтай нягт сүлэлдсэн Бурханы шашинд онцгойлон хандах учир шалтгаан бий.
Бурханы шашин эрт цагт Энэтхэгийн газраа үүссэн 2000 гаруй жилийн тэртээгээс тал нутагт сургаалын үр нь цацагдсанаар, хожим Монголын онцлогт, үндэсний шинжит шашин соёлын цогц үзэгдэл болсон билээ. Үүнийг нотлох олон баримт бий. Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн санаачилга ивээл дор болсон Буурал түүхийн жимээр сэдэвт Монголын түүх, соёлын судалгааны явц, үр дүнтэй танилцах аяллаар явахад урьд өмнө Эрдэнэ зуу дахь Өгөөдэй хааны их орд хэмээн үзэж байсан суурин нь үнэн хэрэг дээрээ Буддын шашины бурханы тахилга, зан үйлийн өргөө байсныг тогтоосноо эрдэмтэд нотлон ярьж байсан. Энэ бол Их Монгол Улсын үед Бурханы шашин Монгол орноо хүндтэй байр суурь эзэлж байсныг гэрчлэх түүхийн нэгэн чухал баримт юм.
Монголын Бурханы шашин жирийн иргэдийн сүсэг бишрэлээс төрийн шашины өргөмж дархлалыг олж, үнэн номын утгыг таних эрдэм ухаанаас үндэс угсаагаа хамгаалан тусгаар тогтнолоо олох их үйлсийн уриа дуудлага болж, хүндлэл дээдлэлийг хүртэхийн сацуу тоталитар дэглэмийн чанд хатуу цааз шийтгэл, үндэсний соёлоо үгүйсгэгч хэт туйлшралын шуурганд өртөж, үзэл суртлын хяналтад цагдагдах зэрэг хэлмэгдэл, дарамтлалыг үзэж, туулж ирсэн. Энэ бол монголын түүхийн бахархал, эмгэнэлийн аль алиных нь тод жишээ бөгөөд бурханы шашинт эгэл монгол хүний амьдралын нэгэн сургамжтай түүх билээ. Үүнийг өнөөгийн төр, өнөөгийн Төрийн тэргүүн сайн мэддэг юм.
Эдүгээ үндэсний соёл, уламжлал сэргэж, итгэл бишрэлийн эрх, эрх чөлөө үнэлэгдэх болсон цагт Үндсэн хуулинд заасанчлан Төр нь шашинаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимын дагуу төр, шашин хоёр бие биенээ хүндэтгэх, дээдлэх харилцааны шинэ соёлд аль аль нь шимтэн суралцаж байна.
Төр нь шашинаа хүндэтгэнэ гэдэгт шашинд хандах төрийн хүндэтгэлийн утгаас гадна шашины талаархи төрийн бодлого нь илэрхийлэгдэж буй гэж үзвэл зохино. Энэ бодлогод төрөөс шашины зөв зүйтэй үйлийг дэмжих, зүй бус явдлыг хязгаарлан зохицуулахын аль аль нь багтана. Их Монгол Улсын үеэс эхтэй элдэв зүйл шашины тухай эрхт төрийн цэгцтэй бодлого эдүгээ ч нэн чухал хэвээр байсаар байна. Нэгэнт төр улс оршин тогтож буй цагт улсын доторхи уламжлалт шашины асуудлыг түүний өөрийн хэрэг хэмээн урсгалд нь орхилгүй тус дэм болох бололцоо байвал тусалсан шиг туслах, чадахгүй бол саад тотгор болохгүй байх ухаалаг бодлогоор зохицуулж, төрийн хэрэг, түмний үйлстэй шашины үйлийг зөв нийтгэн нэгтгэх бодлого үйлдлийг эрхэмлэх нь зөв бизээ. Эд баялаг, хөрөнгө санхүү хүмүүний болон улс орны амьдралын зайлшгүй хэрэгцээ мөн хэдий ч түүнийг оюуны гэгээрэл, сэтгэлийн тэнхээтэй хамтатган тэнцвэржүүлж байх ухаан төрд ч, лам хуврагад ч, иргэнд ч аль алинд нь байх учиртай.
Монголын гэх төрх шинжийг бүрнээ олсон манай Бурханы шашин нь даяаршлын давалгаа түрлэг нийтийг хамарсан эдүгээ цаг үед монголын үндэсний өвөрмөц онцлогийг хадгалан үлдэх нийгмийн нэг хүчин зүйл байх болно гэдгийг эрдэмтэд судлаачид тэмдэглэсээр байна. Энд Бурханы шашиныг шүтлэг мөргөл гэдгээсээ илүү үндэсний уламжлал, оюун соёл буюу соёл-түүхийн үүрэг талаас нь чухалчилж үзсэн нь тодорхой юм.
Бурхан шашины гэсэн тодотгол нэрийн дор хучигдаж далдлагдаж байсан үндэсний соёл урлаг, зан үйл, амьдралын мэдлэг, ардын ёс заншил, билиг оюун, бичиг үсгийн өв, хүмүүжил боловсрол болон хүн болох эрдэм ухааны хур их өвийг судлан шинжилж, өнөө цагийн ёсонд нийцүүлэн номлож, нийтийн хүртээл, үндэсний үнэлэмж болгомоор байна. Энэ бол монголын ард түмэн байгаа цагт хийж дуусдаггүй, гэхдээ дуусдаггүй гээд тасалдуулж болдоггүй ажил юм. Энэхүү үйл хэрэгт үе үеийнхэн өөрийн гэсэн хувь нэмэр оруулж байх үүрэгтэй. Тиймээс өнөө цагийн эрдэмтэд, хуврагууд энэ чиглэлээр хүч хавсран хамтарч ажиллахыг онцлон сануулахын сацуу та бүхнийхээ энэхүү ажлыг Төрийн тэргүүний хувьд бүх талаар дэмжих болно гэдгээ илэрхийлье.
Үндэсний хэмжээний ач холбогдолтой, томоохон судалгаа төслүүдийг ивээлдээ авах, санхүүгийн эх сурвалж олоход нь дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж ажиллахыг хичээх болно.
Хүний хөгжлийг нийгмийн хөгжлийн гол шалгуур болгож байгаа өнөө үед Бурханы шашины үүрэг роль, ач холбогдол нөлөөлөл хумигдах ёсгүй, харин ч чухалчлагдаж байна гэсэн олон орны төр, шашины зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдтэй би санал нэг байдаг юм.
Орчин үед дэлхийн олон орны хүмүүс тэр дундаа хамгийн хөгжингүй улсын хамгийн боловсролтой оюунлаг иргэдийн дунд Бурханы шашины ариун сургаалыг ихэд сонирхон шимтэн судалж, сүслэн дагах нь илт мэдрэгдэж байна. Учир нь Бурхан багшийн сургаал нь бүхэлдээ хүний тухай, хүний хөгжлийн тухай онол сургаал бөгөөд хүн өөрийн явдал мөрөө, үйл хэргээ, дотоод сэтгэлээ ариусгахуйн соёл дадал, хүн өөрийгөө байнга хөгжүүлж, хатуужуулж, амарлиулахүйн арга барил болсон далай их ухаан билээ.
Бурхан багшийн сургаалын эл гүн агуулгыг эдүгээ цагт шашинжуулж бус харин иргэншүүлэн тайлж, иргэний боловсрол, сургалтын тогтолцоонд гүн шингээж, хүн төрөлхтний оюуны их ололтыг эзэмшсэн язгуурын монгол суртахуунт иргэдийг төлөвшүүлэх нь үндэстний оршин тогтнохуйн чухал асуудал болоод байна.
Тийм ч учраас Ерөнхийлөгч би бодлого-үйл ажиллагааны хөтөлбөртөө Иргэний боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг өөрийн ивээл анхааралд авахаар тусгасан билээ. Энэ хөтөлбөрийг боловсруулахад эрдэмт лам хувраг, сүм хийдийн удирдлага Та бүхэн идэвхи санаачилгатай оролцож, улмаар хэрэгжүүлж биелүүлэхийн төлөө бие сэтгэлээ зориулж ажиллаарай хэмээн уриалж байна.
Бурханы шашиныг төрөөс дэмжих бодлогын хүрээнд бид шашин соёлын түүх дурсгалт нэн чухал газрыг сэргээн засварлах, шинээр бүтээх ажилд анхаарал тавих ёстой. Ингэхдээ шашин соёлын бодитой бүтээл, үндэсний бахархал болох зүйлдээ анхаарахыг ч умартаж үл болно. Бодгаяа, Лүмбини дэх Монгол сүмийн ажлыг эрчимжүүлж, Улаанбаатарт Бурханы шашины урлаг соёл, судалгаа сургалт, үзмэр түүх, үйлдвэрлэл урлан, сурталчилгаа үйлчилгээ, амралт жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг судлан эхлүүлж болох юм.
Үндэсний соёл шашины үйл хэрэгт үнэнхүү сэтгэл зүтгэлээ зориулж буй лам хуврагуудын хөдөлмөрийг төрөөс үнэлэх, сайшаах, алдаршуулахыг дэмжих болно.
Үнэхээр нийтийн тусын тулд үйлчилж, сүсэгтэн олны эрэлт хэрэгцээг хангаж, нийгэмд ариусал, гэгээрэл, боловсрол, хүмүүжлийн бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон сүм хийдийг газрын болон орлогын татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудалд Засгийн газар, УИХ-ын анхаарлыг хандуулж, шийдвэрлүүлэхийн төлөө байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна.
Хэдхэн хоногийн өмнө би зарлиг гаргаж Ерөнхийлөгчийн дэргэдэх шашины асуудал эрхэлсэн зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Шашины талаар баримтлах бодлого, хийх ажлыг энэ зөвлөлөөр нарийвчлан хэлэлцэнэ. Та бүхнийг ч энэ ажилд өргөнөөр идэвхтэй оролцуулна. Санал бодлыг сонсоно, хийж буй, мөн хийх гэж байгаа ажлын тухай хэлэлцэнэ. Зөвлөмж, чиглэл өгнө. Ингэж хоёр талаасаа санаачилга гарган, хамтран ажиллаж нийтэд тустай, хожмоо дуурсагдах сайн үйл бүтээхийг хичээцгээе.
Уламжлалт шашинаар дамжиж ирсэн байгаль хамгаалах өв соёл, заншил уламжлалыг нийтэд ойлгуулан мөрдүүлж хэвшүүлэх нь байгаль орчны тогтвортой хөгжлийн орчин үеийн үзэл баримтлалтай холбогдсон нэн чухал зорилт болж байгаа билээ. Ийм ч учраас өнгөрсөн оны ҮI сард би Дэлхийн шашин, соёлын өв уламжлалыг хамгаалах холбоотой хамтран ажилладгийн хувьд Байгаль экологи ба хөгжил сэдэвт Зүүн хойд Азийн бүсийн буддистуудын олон улсын бага хурлыг санаачлан, өөрийн ивээл дор зохион байгуулж, тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж ярилцсаныг та бүхэн мэднэ.
Гэхдээ хэлж яриад өнгөрөх биш хийх, үйлдэх, бүтээх, бий болгох нь чухал байна. Манай иргэдийн зонхилох олонхийн итгэл үнэмшлийн үндэс болж байгаа Бурханы шашины сургаальд тулгуурлан байгаль орчныг хамгаалах бүх нийтийн хөдөлгөөнийг буддист санваартан та бүхэн манлайлан удирдаач хэмээн дахин сануулж байна. Ийм л эрүүл саруул санаачилга, үр дүнтэй хөдөлгөөнийг төр тал бүрээс нь дэмжиж, хамтран ажиллаж байх учиртай.
Хүн шашин шүтэх эрхээ чөлөөтэй эдэлж буй өнөө үед Бурханы шашины үүрэг ач холбогдоол улам бүр өсөж байгаа нь шашиныг баригч, номыг номлогч Та бүхнээс илүү их зүйл шаардаж байгааг хэлье. Юуны өмнө сахил санваараа эрхэмлэж, номын утгад шамдан шашинаа ариунаар авч явах, нийгэмдээ ач тустай үйлийг арвинаар бүтээхийг цаг үе, нийгэм хүлээж байна. Энэ бол бурханы шашины өмнө сэргэн мандах, шинэчлэгдэн хөгжих дүүрэн боломжийг олгож буй төдийгүй бас үүний тулд зайлшгүй давж гарах хатуу сорилтыг тулгаж байгаа хэрэг юм.
Өнөөдөр манай хүмүүст сэтгэлийн тэнхээ, ариусал, нигүүсэл, энэрэхүйн сэтгэл үүсгэх үзэл номлол, үйлдэл үлгэрлэл, үнэт зүйлс нэн чухал байгаа билээ. Үүнийг Бурхан багшийн сургаалаас, буяныг хотол чуулган болгогч лам хуврагийн үг хэл, үйлдэл явдлаас хүмүүс олж харахыг эрмэлзэж байна.
Шавь хувцсанд биеэ ороовч энэрэх сэтгэл үгүй бол та хуврагийн тоонд багтахгүй. Номын олон сургаал айлдаад явдал үйл нь түүндээ нийлэхгүй бол та хуврагийн тоонд багтахгүй хэмээн алдарт Дармапада-д сургасныг шашныг баригч та бүхэн шинэ цагийн хуврагуудад цаг ямагт сануулж байвал зохилтойг хэлье. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэг шүү дээ. Хуврагийн хувцас өмсч, санваартны үйлийг эрхэмлэх нь бусдаас хүндлэл, дээдлэлийг горилж, эрх ямба эд өргөлийг хүсэхэд биш харин дээдийн номд шамдаж, дулбаа ёсыг эрхэмлэж, бусдын төлөө хариу үл нэхэх тусыг үйлдэхэд бие сэтгэлээ эргэлтгүй зориулах нэгэн насны андгай билээ.
Лам хуврагууд хүрээ хийддээ санваар ёсоо чанд баримтлахын сацуу хийд орон, гороо хүрээнээсээ гарч, сүсэгтэн олны дотор ёс суртахууны ариун нандин чанарыг номлож, саар муу сэтгэлийн гэм бүхий нэг боловч хүнийг сайн үйл, шударгуу явдалд урвуулан, зөв замд хөтлөх нь эдийн өглөгөөс илүү буянт сайн үйлс болохсон билээ.
Зарим Бурханы шашинтай улс оронд тодорхой хугацаагаар цэргийн албанд зүтгэж юуны түрүүн биеийн хатуу хүтүүг давах чадвар суудагтай адил тодорхой хугацаанд бадар барьж, буян үйлдэж, сэтгэлийн хатуу хүтүүг давах эрдэмд сургадаг уламжлал нь цаана гүн утга агуулгатай гэж судлаачид тэмдэглэсэн байдгийг энд зориуд сануулая.
Азийн орнуудын бурханы шашны сүм хийдүүд нийгмийн эмзэг хэсэгт туслах, байгаль орчныг хамгаалах талаар үлгэр жишээ болохуйц буяны үйлсийг онцгой анхаардгийг Та бүхэн мэднэ. Ийм буянт үйлсийг манай сүм хийдүүд улам дэлгэр, нэн шаргуу өрнүүлээсэй хэмээн би хүсэж байна. Бурханы шашинтан бид христийн шашинтнуудын сэтгэлийн эрдмээ нийгмийн үйл ажиллагаатай холбож чаддаг дадлага чадварыг тэднээс суралцууштай гэсэн Далай ламын сануулга айлтгалыг Та бүхэн болгоож байдаг буй за.
Дээрхийн гэгээн Далай лам саяхан ирүүлсэн сар шинийн мэндчилгээндээ эртний Энэтхэгийн их бандида Цогт Шантидевагийн зохиосон Бодисадын явдалд орохуй хэмээх гайхамшигт бүтээлийн Х бүлэг Бодисадын ерөөл-өөс нэгэн бадагийг ишлэн илгээснийг та бүхний сонорт хүргэе. Үүнд
Агуу огторгуй хэзээ хүртэл орших
Амьтан тэр хүртэл ажрах агаад,
Алин тэр хэдүй хүртэл би оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай хэмээжээ.
Энэ бол энэрэхүй нигүүлсэхүйн далай их сэтгэлийн эзэн Далай ламын хүн бүрт хандан илгээж буй их ухаан хэмээн сэтгэж би Та бүхэнд үүнийг зориуд сонордуулж буй.
Номын садан, буяны хөтөч эрхэм хуврагууд аа,
Угтан золгох жил маань эзэн амьтны эерүү шинжээр нь бэлгэдвэл хүмүн, амьтанд ээлтэй сайхан жил болно хэмээн хөгшид буурлууд хэлцэж байна.
Эрт, эдүгээгийн зурхайн зурлагаас ирэх жилийн өнгийг шинжсэн эрдэмтэд мэргэд өгүүлэхдээ нохой жилд цэцэг ногоо дэлгэрч, үр жимс арвижна. Адгуус малд элдэв гарз хохирол бага. Амьтан нугууд хотлоороо амгалан, жаргалантай, … номоор явагчид аюул үл болох… ялангуяа мэргэд амгалантай хэмээсэн бэлгэтэй сайхан олон зүйлийг дурджээ. Гагцхүү бэлгэ ерөөлд найдаад зүгээр суух биш зүтгэл чармайлтаар дэмжвэл сайн үйл дэлгэрэх нь магад.
Энэхүү гал нохой жилд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буй нь монгол хүн бүр өвөр зуураа эвийг хичээж, сэтгэл зүтгэлээ нэгтгэн нэгэн зорилгод шамдахыг биднээс шаардаж байна. Тиймийн тул 800 жилийн ойн бүтээлч ажилд бүхнийг уриалан дагуулж, бие, хэл сэтгэл, билиг оюуны зүтгэлээрээ төр, шашины тусад бодитой үйл бүтээхийг та бүхнээр уламжлан бурханы шашины лам хувраг, сүсэгтэн олондоо уриалж байна.
Түүхийн товчооноос сөхөж үзэхэд жаран жарны гал нохой жилд шашин соёлын гайхамшигт бүтээлүүд цогцлон бүтэж байсан байх юм. IX жарны гал нохой жилд дэлхийн гайхамшгийн нэг Таж-Махал сүндэрлэн боссон бол Х жаранд Автай сайн хаан Эрдэнэ зуу хийдийг үүсгэн байгуулж, ХI жаранд Эрдэнэ толгойд Заяын хийд, ХII жаранд Түгээмэл амаржуулагч хэмээх Ховдын шар сүм байгуулагдсан байна.
Эртний ерөөл бэлгэт энэ сайхан уламжлалыг залган шашин соёлын бүтээн байгуулалт өрнөнө хэмээн би итгэж байна.
Шашиныг баригч, санваартан мэргэд ээ,
Ургах жилийн шинийн нэгний өглөө Улсын Ерөнхийлөгч би уламжлал ёсоор Бурхан шашинтны төв – Гандантэгчинлэн хийдэд очиж, элэг нэгт монголчуудынхаа эв эе, хишиг буян, хийморь лундааг монголын их шүтээнд даатгаж мандал өргөх Төрийн хүндэтгэлт ёсолгоог үйлдэх болно. Үүний сацуу энэ жилийн цагаан сараар Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын айлдсан Жанловцогзол ерөөлийн номыг Бурханы шашины бүх хийд орнууд шинийн арван таван хүртэл уншиж урихыг та бүхэнд хандан уриалж байна. Хүмүний сэтгэл хямарч, хэлний гэм ихдэх үед энэ номыг буман удаа уншвал эв найрамдалтай сайхан цаг ирэх учиртай хэмээн их Богд айлдсан гэдэг. Эв эе гэдэг дандаа сайн сайхан бүхнийг авчирдаг билээ. Ард түмнийхээ сэтгэл, урмыг бодож уриалахын учир энэ юм.
Бүтээлийн уламжлал буяны адислалтай барагдашгүй хэмээх гал нохой жилдээ бууршгүй буяны үрийг тарьж, сааршгүй сайн үйлийн эхийг талбиж, шашин номоо бататгаж, лагшин амар, сэтгэл амгалан байхын бэлгэ ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Та бүхэн сүм дуганаа ариутган, шүтээн сахиусаа баясган, тахил идээгээ адислан, түмэн олондоо буяны ерөөл хуран сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2006 оны нэгдүгээр сарын 25