Рашамон буюу ёс суртахууны хаалган дээрх улс төрийн сүүдэр ший

Аймшигтай бөгөөд гутамшигт энэ түүхийг бичсэн нь МАХН, АН
Гол дүрд М.Энхболд, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж Оролцон тоглосон 76
Түмнийг цочроосон нэгэн дуулиант хэргийн шүүх хурал саяхан болов. Үнэндээ шүүх хурал ч биш, учрыг олж ядах хэрнээ олны өмнө бүхнийг мэдэж, бурхны хуулийг хэрэгжүүлэгч царай гаргах хэдэн хүний сүр ихтэй ч ач холбогдол багатай жүжиг болсон юм. Хэд хоногийн өмнө уулын замд гарсан хүн амины хэрэг ихэд учир битүүлэг, гайхам түүхтэй гэж бодсон учир уг шүүх ********ыг бүгд л чих тавин анхаарч байсан билээ. Бүсгүйчүүд хараад тансаг сайханд нь атаархаж эрчүүд шунан тэмүүлэх язууртан бүсгүй эхлээд мэдүүллээ… Нөхөр нь ууланд ганцааранг нь орхих зуур дээрэмчин ирж хүчирхийлсэн, гэтэл хязгааргүй үнэнч, амьдралынхаа туршид дээдлэн хүндэлж ирсэн эр нөхөр нь ойлгоогүй, эцэст нь уур хилэндээ автан дээрэмчинтэй тулалдаж нас нөгчсөн тухай ховор нандин энгэсгэн дээгүүрээ нулимс урсган өгүүлэх түүнийг хараад хурсан олон сэтгэл шимшрэн өрөвдөв. Сул дорой бүсгүй хүнээс гарамгүй зориг гарган амиа хорлох гэсэн боловч бүтээгүй тухайгаа ярихад нь ард олон түүнийг буруутгах биш хайрлан хамгаалах нь ёс суртахуунтай хэрэг болно гэцгээж байсан юм. Учир нь тэр хэнээс ч урваагүйгээр барахгүй ариун ёс журамдаа үнэнч байсан. Дараа нь өөрийгөө хэдэн үеийн баатарлаг удамтай, сайн эр хэмээн танилцуулсан сүрлэг эр өчлөө… Жириин олны хувьд бол сайн эр, баяд ноёдын хувьд бол дээрэмчин гэгдэх тэр сайхан залууг мөрөөрөөрөө явж байтал, харваас нөхөртөө хайргүй, хүчээр богтлогдсон бололтой сайхан бүсгүй ханд хаяад байсан, өөрт нь ч
таалагдсан болохоор нь учир ургуулжээ. Гэтэл нөхөр нь мэдээд түүнтэй тулалдах болсон, мэдээж манай сайн эр жаахан хашраагаад одоо боль гэтэл өнөөх нь хэрээ мэдэхгүй тэмцсээр өөрийн хүслээр хорвоог орхисон гэж хөмсөгөө зангидан өндөр дуугаар хэллээ.
Ямагт ард олонд хүндлэгдэж, тэдний төлөө тэмцэж ирсэн болохоор ямар ч хариуцлагыг дангаараа үүрэхэд бэлэн гэж тэр хэлэв. Дараахан нь өөрийг нь уруу татсан бүсгүй ч буруутай гэлээ. Эцэст нь үгүй болсон нөхөр гол буруутан болохыг ч хоёул баталлаа. Түүнээс хэзээд айж эмээж ирсэн олон түмэн ч дуугүй л толгой бөхийлгөв. Эрхэм дээд шүүгчид шударга үнэн шийдвэрээ гаргаж чадахгүй хоорондоо ард түмэн үл ойлгох мэргэн үг удтал хаялцсаны эцэст өөд болсон нөхрийн сүнстэй бөөгийн туслалцаатайгаар ярилцаж, үнэнийг тогтоохоор болов. Сүнс өөрийгөө худал хэлэмгүй эрхэм дээд язгууртан болохыг онилоод болсон явдлыг өгүүллээ… Дээрэмчин хэдий хүчтэй ч түүнээс илүү эрдэм чадалтайгаараа нөхөр тулаанд ялсан байжээ. Гэвч хайртай эхнэр нь дээрэмчинтэй нөхцсөн болохыг мэдээд тэрээр дээрэмчинг амь хэлтрүүлж, ёс журмаа зөрчсөн эхнэртээ аз жаргал хүсээд өөрийгөө хөнөөхөөс аргагүй байжээ. Ариун журамтай гэж бодож байсан бүсгүй, баатар эрийн төрхтэй шилийн сайн эр аль аль нь шударга бус явдалтай болохыг язгууртны сүнс илчлэв. Хүмүүс түүнийг бишрэн хүндэтгэв. Тэрээр ёс суртахууны төлөө үнэнхүү баатарлагаар өөрийгөө золиосолсон гэж тэд итгэж байлаа. Гэтэл ууланд яг үнэндээ юу болсныг мэдэх хүн байжээ… Эхнэр ариун явдалтай байгаагүй, нөхөр, дээрэмчин хоёр эр хүмүүс шиг тулалдаагүй, тэдний хэн нь ч ёс журамтай байгаагүй, хэн нь ч үнэнийг хэлээгүйг хүмүүс мэдлээ. Эрхэм дээд шүүгчид ч бас үнэнийг тогтоох чадалгүй дүр эсгэгчид болохыг ойлгов. Хүмүүст хэргийн эзэд болон дээдсүүдийг хүндлэх сэтгэл огт үлдсэнгүй. Тэд итгэл найдвараа алдаж ёс суртахуун хэнд, хэзээ, хаана байсныг ч санахаа больцгоов.

А.Бат

Инфо 2006.01.26,

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button