Сүүдрийн Засгийн газрын тэргүүнд Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлжээ

Үүнтэй холбогдуулан тус Засгийн газарт оролцохгүйгээр хүчтэй сөрөг хүчин болгохоо албан ёсоор мэдэгдээд байгаа АН, ИЗН амласан ёсоороо сүүдрийн Засгийн газар байгуулах ажилдаа шуудран оров бололтой. Үүний жишээнд өчигдөр ИЗН-аас УИХ дахь АН-ын гишүүдийн зөвлөлийн зохицуулагч Батж.Батбаяр, С.Ламбаа нарт хүргүүлсэн бичиг орж байна. Уг албан бичигт Сүүдрийн Засгийн газрыг хамтран байгуулах талаар гаргасан манай намын санал болон үүний дагуу АН-ын ҮЗХ-ноос гаргасан шийдвэрийг тус тус үндэслэн ийм Засгийн газрыг байгуулах хариуцлагатай ажлыг яаралтай шийдэж энэ ажлыг юуны түрүүнд сүүдрийн Засгийн газрын тэргүүнийг томилохоос эхлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ дагуу манай нам сүүдрийн Засгийн газрын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Тиймээс энэ асуудлыг УИХ дахь АН, ИЗН-ын гишүүдийн хамтарсан хурлаар яаралтай авч хэлэлцэхийг санал болгож байна гэжээ. Ингэхдээ дээрх асуудлыг МАХН-аас эмхлэн байгуулж буй эрх баригч Засгийн газрын тэргүүнийг томилох цаг үетэй зэрэгцүүлэн авч үзэх нь улс төрийн чухал ач холбогдолтой гэжээ.

ИЗН-аас АН-д гаргасан дээрх саналтай холбогдуулан өчигдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй уулзлаа.
-Сүүдрийн Засгийн газар байгуулна гэж яг юу хийж, яаж ажиллахыг хэлээд байна вэ?
-Энэ бол парламент дахь сөрөг хүчин өөрийнхөө улс төрийн үйл ажиллагааг зохион байгуулж буй нэг л хэлбэр юм. Бидний хэлж дадсанаар бол менежментийн асуудал юм. Тиймээс зарим хүний хэлж ойлгоод байгаа шиг хоёр Засгийн газар бий болж буй явдал ерөөс биш. Сүүдрийн Засгийн гишүүдтэй байна гэдэг нь нөгөө Засгийн газрынхаа гишүүдийг амлаж авч байна гэсэн үг. Хэрвээ намайг сүүдрийн Засгийн газрын тэргүүнээр томиллоо гэхэд би Ерөнхий сайд М.Энхболдыг амлаж авч байна гэсэн үг. Энэ нь эрх баригч Засгийн газрын Сангийн сайдыг сөрөг хүчнээс амлаж авсан хүн тэр сайдын үйл ажиллагааг хянаж, алдаа дутагдлыг нь шүүмжилнэ гэсэн үг.

-Шинээр байгуулагдах Засгийн газрын талаар таны саналыг сонсъё.
-Одоо байгуулагдах Засгийн газар аль болох цомхон, чадварлаг, ажил хэрэгч байдлаар зохион байгуулагдах ёстой гэж үзэж байна. Энэ талаар Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй би санал нэг байгаа. Нэлээд судалгаа хийж гаргасан юм шиг байна лээ. Гэхдээ энэ бол Засгийн газрыг эмхлэн байгуулж буй олонхийн шийдвэрээр хэрэгжих ажил. Бид бол сөрөг хүчнээрээ л байна.

Б.БОЛД
(өдрийн сонин 2006-01-26 022)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button