Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайдын хэлсэн үг

Монголчууд Та бид эв нэгдэлтэй байж, уужуу тайвуу ухаанаар алив бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ийм ч учраас бид Їндэсний Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулах санал, санаачлагыг гаргаж, түүнийг УИХ-д суудалтай намууд дэмжин, мөн УИХ-ын гишүүд цаашид хамтарч ажиллахаа илэрхийлж байгаад талархлаа илэрхийлье. Энэ бол Монгол орныхоо ирээдүйн төлөө, ард түмний сайн сайхан амьдралын төлөө сонгогчдынхоо итгэлийг дааж, хариуцлага хүлээх чадвартай байгаагийн бас нэгэн баталгаа гэж ойлгож байна.

Ойрын хугацаанд Їндэсний Эв нэгдлийн Засгийн газрыг байгуулах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх болно. Шинэ Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, улс орны өмнө тулгамдаж буй асуудал, ард олны төлөө шийдвэрлэвэл зохих хариугаа хүлээн байгаа олон чухал асуудлыг шуурхай шийдэх шийдвэртэй алхмуудыг хийх болно. Цалин тэтгэвэр, үнийн өсөлтийн асуудал, хөдөөгийн иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, залуучууд, оюутнуудын нийгмийн асуудал гэх зэрэг олон зүйлийг нэн яаралтай шийдвэрлэж бодит ажил болгох шаардлагатай байна.
Шинээр байгуулагдах Засгийн газар Монгол Улсын бүх шатны төрийн захиргааны байгууллагад өндөр шаардлага тавьж, хууль ёсыг сахин ажиллахыг урьд урьдаас илүү их шаардан ажиллах болно. Ингэснээр төр, засгийн бүх шатны байгууллагад хүнд суртал, хээл хахууль, авилгалгүй орчныг бүрдүүлэх цогц бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх юм.

Улс оронд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүх талын таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг хувь хүнд, нийгэмд чиглэсэн, үр дүнг нь иргэд шууд мэдрэх байдлаар зохион байгуулж ажиллана.
Шинэ Засгийн газар Їндэсний хөгжлийн бодлогыг боловсруулж, батлах ёстой. Монгол орны ойрын болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, улс төрийн аль ч хүчин түүнийг дагаж мөрдөж байхуйц Їндэсний хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах нь улс орны болон ард түмний эрх ашигт нийцнэ.

Шинэ Засгийн газар бусад улс орнуудын Засгийн газруудтай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, энэ жил тохиох Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг эх орондоо ёслол төгөлдөр тэмдэглэн, дэлхий нийтэд Монголыг сурталчилсан томоохон арга хэмжээ болгон зохион байгуулна.

Засгийн газрын хэрэгжүүлэх алхам бүр бодитой үр дүнд хүрч, үр дүн нь ард түмний амьдралд тодорхой хэмжээгээр мэдрэгдэж байх болно гэдгийг хэлье.
Эв нэгдлийн Засгийн газар Ерөнхийлөгч, УИХ-тай нягт уялдаатай ажиллаж, улс орны өмнө тулгамдсан шинэ шинэ зорилтуудыг дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2006 оны 1-р сарын 25

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button