Эрх чөлөөний хүчит тунхаг эргэж ирнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд үдлээд мордохдоо онгоцоо хөөрч амжаагүй шахам байхад Ц.Элбэгдоржид захиа татлан түүнийг эрх чөлөөний хүчит тунхаг юм хэмээн магтсан. Хагас цаг уулзсан харийн хүнд ийм сэтгэгдэл төрүүлсэн манай Ерөнхий сайд хагас сонгуулийн хугацаандаа ихийг хийж ард түмэндээ ч халуун дурсамж үлдээв.

Элбэгдорж хүү гарч ирэхээр Монголын мал өсч гучин сая гардаг гэж малчид амны бэлгэтэй үг хэлэлцэв. Элбэгдоржийн үед анх удаа улсын төсөв ашигтай гарч тэрбум тэрбум төгрөг дансанд үлдэхийг үзлээ гэж нягтлан бодогчид сүүрс алдав. Элбэгээ сайдын үед бид авлигын хэрэгтнийг илрүүлж чадлаа гэж хүчнийхэн, хуульчид ам бардам хэлж байна. Элбэгдорж л биднийгээ ойлгодог хэмээн хэвлэлүүд цензургүйгээр мэдээллээ цацав.

Зөөлөн болохоор нь зөөлчилөөд байгаа юм уу гэлтэй ард иргэд Ц.Элбэгдоржийн үед их жагслаа. Зөөлөндөө зөөлөн юм шиг атлаа Ц.Элбэгдорж хачин их хатуу гар гаргасаар томоохон зарим сонирхогчдод тогтвортой байдлын гэрээ-г нь мутарлаж өгсөнгүй. Тогтвортой байдлын гэрээ зурахгүйгээр иргэдийнхээ дуу хоолойг эхлээд сонсохыг тэр хичээв. Тогтвортой байдлын гэрээний цаана тоосонд дарагдан хоосон хоцорч буй уугуул нутгаа өмгөөлөгчдийг тэр сайтар сонсов. Эцсийн дүнд Засгийн газраас Ашигт Малтмалын тухай хууль болон Татварын багц хууль өргөн барьж, лиценз зөвшөөрлийг цэгцлэх бодлого тууштай баримталж эхлэв. Магадгүй, Ц.Элбэгдоржийн засгийн газрыг огцроход хамгийн их баярласан хүмүүс нь лицензийн наймаачид байсан биз. Айванхоу Майнз компаний нэгэн дэд захирал гадаадын хэвлэлд саяхан ярилцлага өгч шинэ Засгийн газар гарч ирвэл байдал дээрдэж тогтвортой байдлын гэрээг зурах сайн талтай гэж найдаж байгаагаа хэлээд авчээ. Энэ үйл явдал бас нэгийг өгүүлээд байх шиг.

Коммунизмын үед үүссэн их өрийг Н.Энхбаярын үед дарсан гэх авч Орост төлөх мөнгөнийхөө ихэнхийг экс Ерөнхий сайд Н.Энхбаяр Айванхоу Майнз компаниас авсан байсан аж. Ц.Элбэгдорж 2005 оныг өргүй угтахаар шийдэж Айванхоу Майнзад бүх мөнгийг нь буцаан төлснөөр Засгийн газар энэ компанийн өмнө ямар нэгэн өр, нээнтэг-гүй болсон юм. Ц.Элбэгдорж бас олон бусад хүний өмнө нээнтэг-гүй байв. Тэр нэг ч албан тушаалтны суудлыг мөнгөөр үнэлж байсангүй, худалдсангүй. Төрийн албыг түрээсийн хэлбэрт оруулсангүй. Ингэснээрээ хамгийн нээнтэггүй, хамгийн сонирхлын зөрчилгүй Ерөнхий сайд байж чадлаа. Нээнтэгний хүчээр тогтвортой байдаг байсан түрээсийн Засгийн газрын тогтолцоог тэр ажил хэрэгч, жирийн, ардчилсан тогтвортой байдлаар солив. Харилцан нээнтэг-тэй байж сурсан, түүнийхээ хүчээр бие биенээсээ хүссэн шийдвэрээ гаргуулж сурсан улстөрчдөд, тийм намынханд Ц.Элбэгдоржийн арга барил таалагддаггүй байв. Тиймээс ч Ц.Элбэгдорж янз бүрийн сонирхлуудын дайралтад байнга өртөж зарим хэвлэлийн нэрлэснээр улс төрийн хар шуурга-тай олонтаа учирч байв.

Засгийн газрыг нь огцруулахаар бусдыгаа манлайлан гарын үсэг зурсан Ч.Улаан сайдад Ц.Элбэгдорж баярлалаа гэж хэлэх нь тэр. Өөртэй нь хамт хамтарсан Засгийн газарт ажилласанд тэр гэнэ. Өөртэй нь хамт ажиллахдаа ард түмнээ гэсэн сэтгэл богино хугацаанд ч атугаа гаргасанд тэр гэнэ. Түүнтэй хамт ажиллах гэдэг нэг ёсондоо өөрөөрөө байна гэсэн үг гэж түүний ойрын нэгэн албат хэлж байсныг санаж байна. Хүнийг байгаагаар нь байлгаж, асуудлыг байгаагаар нь харж, шийдлийг бусадтай хэлэлцэж хайдаг Ерөнхий сайд тийм ч олон төрөхгүй болов уу. Тийм ч учраас түүн шиг хүн дэлхийд олон хэрэгтэй байна гэж Ж.Буш хэлсэн болов уу.

Авлига гэгч эх адаг нь олдохгүй, эдгэрэх найдваргүй нийгмийн өвчин байлаа. Ц.Элбэгдорж энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар газрын зураг гаргаж өглөө. Өчигдөр М.Энхболдод хүлээлгэж өгсөн хориод хавтасны нэгэнд Авлигатай тэмцэх 10 алхам гэсэн баримт бичиг ч бас бий. Авлигалтай тэмцэж байгаа хүчний байгууллагуудад улс төрийн дарамт үзүүлэхгүй байхыг тэр үе үеийн Ерөнхий сайдуудад үлгэрлээд явлаа. Үүний үр дүнд авлигын аалзны торны зах зухыг хуулийн байгууллага илчилж чадаж байна. С.Зоригийн хэргийг илрүүлэхэд гадаадын мэргэжилтэнг тэр мэргэжил, чадварыг нь заан урьсан. Ингэснээр энэ хэрэг илрэх найдварыг бидэнд төрүүлсэн.

Ц.Элбэгдоржийг орлохоор яаран ирсэн шинэ Ерөнхий сайд түүний сандал дээрх орон зайг ямар ч байсан эзлээд авлаа. Харин түүний улс төрчийн, эх орончийн, ардчилагчийн, уран илтгэгчийн орон зайг дүүргэх эсэх нь тодорхойгүй байна. Дахин хэзээ Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө Германы канцлер торгон цэргийн парад жагсаахыг, дахин хэзээ Монгол Улсын Ерөнхий сайдад АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн гараар захидал бичихийг бид өнөөдөр урьдчилан хэлэх аргагүй.
Монгол төрийн түүхэн дэх анхны Хамтарсан Засгийн газрын тэргүүний ард олондоо авлигатай тэмцэгч гэгдсэн, олон улсад эрх чөлөөний хүчит тунхаг хэмээгдсэн орон зайг нь дараа дараагийн Ерөнхий сайдууд эзэлж эс чадвал Ц.Элбэгдоржийн орон зай Монголын төрд үгүйлэгдсээр байх нь гарцаагүй.

Эрх чөлөөний хүчит тунхаг эргэж ирнэ…

Б.БУД
(өдрийн сонин 2006-01-26 022)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button