АН-ын сайдууд урвасан уу?

Г.Батхүү, Б.Мөнхтуяа нарын 15 гишүүн Ардчилсан нам шинэ Засгийн газарт орж ажиллах хэрэгтэй хэмээн үзэж байгаа бөгөөд үүнийгээ УИХ дахь хоёр гол хүч хариуцлагаа хамтарч хүлээх хэрэгтэй гэдгээр тайлбарлаж байгаа аж. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийг хоёр хувааж орхиод байгаа эдгээр 15 гишүүн Хоёр намын дарга асуудлаа эргэж хараач. Хамтарч суугаад яриач гэсэн уриалга гаргаж байгаа гэнэ. Салж сарнихдаа Ардчилсан намтай хамтарч ажиллах итгэл алга болсон гэх мэтээр ярьцгааж байсан МАХН-ыхан одоо болохоор Ардчилсан намтай заавал зөвшилцөх учиртай хэмээн ярьж эхэлсэн нь өөр ч учир шалтгаантай байж мэдэх нь. Ардчилсан хүчний Ерөнхий сайд толгойлсон Засгийн газрыг унагахад ашигласан М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Л.Гүндалай нарыгаа Н.Багабандийн хүн гэж үзээд Ардчилсан намын бусад гишүүдийг элсүүлэх замаар хамтрагчдаа шахах бодлого барьж байна гэсэн таамаг ч явж байна. Ийнхүү намынхаа байр суурийг ганхуулж эхэлсэн нөхдөдөө санаа зовсон зарим гишүүд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж байр сууриа дахин илэрхийлэх хэрэгтэй хэмээн хүсэх болжээ. Ц.Элбэгдоржид ойр эх сурвалжууд харин Ерөнхий сайд Ц.Элбэгдорж намынхаа байр суурийг хатуу баримталсан хэвээр байгаа гэв. Ц.Элбэгдорж Ардчилсан намын сайдуудаа урвана гэж үзэхгүй байгаа бололтой.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2006-01-26 022)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button