Засгийн газрын тамгаа хүлээн авлаа

Шинэ Ерөнхий сайд чуулганы танхимын арын жижиг хаалгаар гарч одлоо. Тэнд хамгаалалтын газрын дарга угтан илтгэл өгч хамгаалалтын ажилтнуудаа танилцуулж хамгаалтад авна гэж тамга шилжүүлэх ёслолын дэгт заажээ. Дараа нь Ерөнхий сайд Төрийн туганд хүндэтгэл үзүүлж Соёмбо танхимд ирлээ. Энэ танхимд сэтгүүлчид орсон. Тэнд хуучин Ерөнхий сайд Засгийн газрын кабинеттайгаа эгнэн зогсож хүлээж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг дагуулан орж ирсэн юм. Ингээд М.Энхболд хуучин Ерөнхий сайдаас Засгийн газрын тамга хүлээн авлаа. Дэгд зааснаар шинэ хуучин Ерөнхий сайд бие биедээ хандаж үг хэлнэ гэсэн ч тэд хэлцгээсэнгүй. Шинэ Ерөнхий сайд Засгийн газрын тамганаас адис аваад цааш нь дамжуулсан. Тэнд нам гүм байсан бөгөөд харин зураглаачид сайдаа наашаа хэмээн чанга дуугаар дуудаж байв. Зургаа сайхан гаргах гэсэндээ тэгсэн хэрэг л дээ. Ерөнхий сайдууд танхимдаа ажлаа хүлээлцсэний дараа шинэ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхав. Мөн энэ үеэр Ц.Элбэгдорж кабинетынхаа сайдуудад дурсамж гардуулав. Дурсамжид Монгол төрийн түүхэнд анх удаа хамтран ажилласан тул энэхүү дурсамжийг гардуулав гэж бичжээ. Сайдууд Ц.Элбэгдоржид Хамтарсан Засгийн газарт Ерөнхий сайдаар ажиллаж байсныг дурсаж энэ дурсамжийг гардуулав гэсэн бичиг бүхий дурсамжийг өгсөн. Огцорсон сайдууд цайгаа уусан шиг дурсамж зургаа харцгаан энгүүн хөөрөлдөж байлаа.

С.ЦОГЗОЛ
(өдрийн сонин 2006-01-26 022)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button