Цаг цагаараа цахилдаг…

харин манайх өнөөдөр ингэж ярих эрх чөлөөтэй болгож өгсөн, хүмүүст өмчийг нь өгсөн, малыг нь орон сууцыг нь хувьчилсан. Гэтэл та нар бидний ийм их буяныг мартаад ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөөд байнаа гэсэн гоморхол. Ялангуяа ийм гоморхол Ц.Элбэгдоржийн кабинетыг унагах үед хүчтэй сонсогдлоо. Хүн өнгөрсөн үеэрээ бахархаж амьдрах сайхан.
Ирээдүйгүй болсон хүн өнгөрснөөрөө амьдардаг гэж үг бас бий. Тиймээс,өнгөрч одсон тэр Чингис, Сүхбаатар, Бодоо, Данзан, Чойбалсан, Гүррагчаа Зориг нар яахав тэрүүгээрээ үлддэг юм байгаа биз. Энэ хүмүүсийн нэрийг барьж хашгичаад, гоморхоод байгаа хүмүүс харин өөрсдөө өнөөдөр юу хийгээд, ямар гавьяа байгуулаад байгаа, сайн хүний нэрийг барьсанаар юугаа нуух гээд байгаа, тэдний нэрийг ашиглах эрх бий юу, үгүй юу гэх зэргийг тунгаах иаг нь болсон юм бишүү гэсэн асуулт яах аргагүй ургаж байна.

МАХН
МАХН яах аргагүй сайнтай муутай ч Монгол улсыг өдий зэрэгт хүргэсэн нь үнэн. 400 мянга хүрэхгүй хүн амтай сөнөх гэж байгаа улсыг өнгөрсөн зууны турш дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, өөрсдөө хөл дээрээ тогтох гэж зүтгэсэн нь яах аргагүй үнэн. 100 мянган хүнийг хэлмэгдүүлж, буудан хороосон нь ч бас үнэн. Энэ намын залгамж халааг авсан өнөөгийн улс төрчид харин юу хийж бүтээв ээ? Өнөөдөр тус намын тэргүүн эгнээнд явдаг 35-50 насны залуусын аж амьдрал, амьжиргаа нь энгийн иргэдийнхээс хэр хол тасарсаныг л үзье.
Намынхаа шатсан тугийг барьж УИХ-ын чуулганы танхимаар гүйгээд байсан сайд л гэхэд зургаахан жилийн өмнө УИХ-ын тамгын газарт ажилтан хийж, охиныхоо сургалтын төлбөрийг яаж олох вэ гэдэгт санаа зовж явдаг нэгэн байжээ. Өнгөрсөн хугацаанд бизнес хийсэнгүй, үнэт цаас валютын арилжаа наймаанд оролцсонгүй. Гэтэл 100 сая төгрөгний үнэтэй машин хөлөглөдөг болчихож. Тэр машин нь албаных байж болно. Гэтэл хөгшдийнхөө сарын тэтгэврийг 50 мянгад хүргэж дийлэхгүй байхад жийп барих эрх Хүрэлсүх сайдад бий юу? Уг нь өөрийгөө Д.Сүхбаатар Ю.Цэдэнбал нарын адил цогтой халуун эх оронч гэж бодоод явдаг бололтой. Ямар ч хамаатан садан, ураг төрлийн холбоогүй ч тэдний хийсэн бүтээсэн зүйл бүрийг нь өөртөө хамааруулж явдаг нь гайхалтай. МАХН бас нэг залуу сайд У.Хүрэлсүхийг бодвол улс төрд орохоосоо өмнө бизнес хийж явсан нөхөр. Ашиглалтанд орох хүртлээ хоёр сая долларын хөрөнгөө тонуулсан Чингис зочид буудлыг маш хямдхан үнээр зээлийн нөхцөл тавин байж авсан. Мөн сүүлийн таван жилд хуримтлуулсан хөрөнгөөрөө нэг байтугай нэг хэсэг обьектыг хөнгөхөн худалдаад авчих хөрөнгөтэй болчихсон суугаа нөхдүүд ч цөөнгүй бий. Тэд 2004 оны сонгуульд оролцохдоо өөрсдийгөө Дамдины Сүхбаатарын намын гишүүн хэмээн нэрийг нь барьж, олон нийтийн толгойг эргүүлэн
ялалт байгуулсан. Гэвч өнөөдөр тэд их жанжиныхаа нэрийг дуурсгачихаар зүйл юу ч хийсэнгүй. Харин баяжицгаая гэж уриалж байсан Ардчиллынхны шүтээн Данзанг санагдуулахаар олон зүйлийг амжуулжээ. Энэ жагсаалтанд У.Хүрэлсүх, Сү.Батболд, и.Мөнх-Оргил, Ц.Цэнгэл, Т.Бадамжунай, мэдээж М.Энхболд гээд өнгө зүс нь сайжирч усан мяраалга суусан олон залуу нөхдийг нэрлэж болно.

Ардчилсан нам
Энэ намынхны хүчээр бид үгээ чөлөөтэй хэлэх эрх чөлөөтэй болсон нь үнэн. Гэтэл хоосон ходоодтой хүмүүс хүссэн зүйлсээ чалчсаар байгаад сэтгэл мэдрэлийн өвчин тусна гэдгийг тэд бодолцсонгүй. Буянт хувьсгалчдын бодолцоод байгаа ганц зүйл нь өөрсдийнх нь албан тушаал, эд хөрөнгө. Та нар 16 жилийн өмнөх зургуудыг өнөө үеийнхтэй нь харьцуулаад үзээрэй. Хүн хөгширч овор сууж болно. Гэтэл манай ардчилагч нарын өнгө төрх хичнээн их өөрчлөгдөж, чарлаа бор банди нар дээдсийн хүрээний шар ямбатнууд болж хувирсаныг та анзаарах болно. Тэд төрийн гадна байхдаа нэгддэг. Эрхэнд гарахаараа талцан хуваагддаг. Шалтгаан нь албан тушаалын төлөөх амбицаас төрсөн тэмцэл. Учир нь тэд төр барилцах явдал амьдралыг нь хэрхэн эрс дээшлүүлдгийг мэдэрсэн хүмүүс. Анхны
зорилгоо тас мартаад тэс өөрөөр төлөвшсөн хүмүүс өнөөгийн Ардчилсан намыг тэргүүлцгээх болжээ. Бид ардчиллыг эхлүүлсэн, хөгжүүлсэн, тийм ч учир өнөөгийн манаач нар гэж хэлэх эрхтэй хүн тун ховор байгаа юм. Төрийн эрхийг атгалцаж л байвал үзэл бодол, сэтгэл зүрхээ чөтгөрт ч болов худалдаж, өчигдөрхөн хэзээ ч эвлэршгүй дайсан гэж нэрлэж байсан хүмүүстэйгээ хамтрахад бэлэн байдгийг сүүлийн үеийн үйл явдлууд тод томруун харуулж байна. Иймэрхүү нөхцөл байдалд бид хуучин түүхээ сөхөж, өвөг дээдсийн хийж бүтээсэн гавьяа сайн үйлсийг өөрсөддөө хамааруулан нялзаахын оронд бид чинь хэн билээ, юу бодож юу хийж байгаа билээ гэдгээ тунгааж өнөөдрөөрөө амьдарвал яасан юм бэ?

С.Наранбаатар
Инфо 2006.01.26,

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button